Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01332

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00997 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Б ТБАГУТҮГ,

Хариуцагч: В

Нэхэмжлэлийн шаардлага: хохиролд 2,769,165,248 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагч Б ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, хариуцагч вын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулга, хариуцагч вын өмгөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А ХХК нь Улаанбаатар хотоос зарласан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд * дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Мамба Дацан Хийдийн орчим ХЕТ2013-6 багцын В хэсгийн талбайд ерөнхий төлөвлөгөөний төсөл хэрэгжүүлэхээр Нийслэлийн Иргэдийн хурал болон вын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/337 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран батламж авсан.

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс * дүүрэг, 4 дүгээр хорооны **хотхоны 0 байрны 0 айлын оршин суугч нартай харилцан тохиролцож, Улаанбаатар хот, А ХХК, иргэн гэсэн гурван талт гэрээ байгуулсан.

1.2 Төслийг хэрэгжүүлэх үед барилгын гадна дэд бүтцийн ажлуудад манай компани санхүүжилтээ хүсч Гэр хорооллын хөгжлийн газар болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газруудад удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч бидний хүсэлтийг хангаагүй, санхүүжилт олгоогүй. Манай компани вын дэргэдэх гэр хорооллын дэд бүтцийн газраас санхүүжилтээ аваагүйн улмаас хохирч байсан тул орон сууцны барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгч, гурван талт гэрээгээ цуцалсан.

Уг ажлын хийж гүйцэтгэхэд 3 талт гэрээг баталгаажуулж нотариатчид 12,500,000 төгрөг, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, байрыг буулгах, талбай цэвэрлэх, хашаа барих зэрэгт 175,230,000 төгрөг, иргэдийн байрны түрээсийн нөхөн олговорт 511,200,000 төгрөг, лабораторын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, барилгын цахилгаан ТП-8, РП-1, уурын зуух барих инженер геологийн хөрсний шинжилгээний ажил хийж, инженер геологийн дүгнэлт гаргахад 17,700,000 төгрөг, газарт байрлах цахилгааны зөвшөөрөл болон ажлуудын хөлсөнд 7,501,000 төгрөг, цахилгааны түр тэжээл байрлуулах ажлыг хийлгүүлж, түүний хөлсөнд 80,250,000 төгрөг, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, ажлын хөлс 46,000,000 төгрөг, иргэдэд нөхөн олговор 560,000,000 төгрөг, мөн 2 барилга баригдаагүй, төслийг манай компани хэрэгжүүлэх үүрэггүй болсон тул иргэдэд гэрээний дагуу 725,500,000 төгрөг, Маймон соорс ХХК гадна цахилгаан хангамжийн сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулж төлбөрт 250.000.000 төгрөг, шүүхэд өгсөн баримтын нотариатын зардал 377,400 төгрөгийн тус тус зардал гарсан.

1.3 вын дэргэдэх Гэр хорооллын дэд бүтцийн газар 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3 талт гэрээг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр цуцалсан болохыг мэдэгдэж, барилга угсралтын ажлын иж бүрэн зурагнууд, 85 айлын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд, оршин суугч нартай хийсэн 2 талт болон 3 талт гэрээнээс жишиг болгож 26 гэрээнүүдийг авсан.

Шинжээчийн дүгнэлтээр иргэдэд олгосон, олгох нөхөн олговрыг нийт 1,789,984,550 төгрөг гэж тооцон, нийт хохирлыг 2,769,165,248 төгрөг гэсэн дүгнэлт гарсан.

Иймд шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 2,769,165,248 төгрөгийг гурван талт гэрээнд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б ТБАГУТҮГ-ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А ХХК нь **хотхон орчмын 7 барилгын 85 нэгж талбартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулан, 0.8 га газрыг чөлөөлсөн. Тус гэрээнд иргэдийг 2015 оны 3 дугаар улиралд орон сууцанд оруулахаар тусгасан боловч төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүртэл хугацаанд орон сууц баригдаагүй тул өнөөдрийг хүртэл 85 айл өрхийн 600 гаруй иргэдийн амьдрах нөхцөл хүндэрч, түрээсийн зардлаа шийдвэрлүүлж чадахгүй хохирсоор байна.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 4 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй. Газар чөлөөлсөн иргэд болон **хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо НҮТББ-ийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар манай байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй, биелүүлэх талаар аливаа арга хэмжээ аваагүй одоог хүрсэн.

Иймд төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай саналыг үндэслэн вын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар А ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

2.2 Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 3.7, 5.2-т заасныг зөрчсөн. А ХХК-д вын 2018 оны А/424 дүгээр захирамжийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/418 дугаар албан бичгээр хүргүүлсэн. А ХХК-ийн В ас төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас олгоно гэсэн албан ёсны гэрээ, бичиг баримт байхгүй тул нотлогдохгүй байна.

В ас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажпыг төсөл хэрэгжүүлэгчдийн барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэлийг харгалзан санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн.

2.3 вын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/620 дугаар захирамжаар * дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажилд шаардагдах 3,682,871,065 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. А ХХК нь 2014 онд 5 блок 750 айлын орон сууцны барилгын суурийн ажлыг эхлүүлээд барилгын ажил зогссон. Иймд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн төлөвлөлт, барилга угсралтын үйл ажиллагааг төслийн ажлын явцтай уялдуулах шаардлагатай тул А ХХК-ийн гурван талт гэрээ шинэчлэн байгуулах үйл ажиллагаа удаашралтай, барилга угсралтын ажил зогссон зэргээс шалтгаалан санхүүжилт олгогдохгүй хойшлогдож барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа байршлуудад эхний ээлжинд шийдвэрлэгдэж байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.21-д зааснаар Төслийн санхүүжилтийн 50-аас доошгүй хувийг төсөл хэрэгжүүлэгч бие даан санхүүжүүлэх тохиолдолд энэхүү журмын 4.19-д заагдсан ажлыг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй болно.

2.4 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, В , түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Түр суурьшуулах зардал төсөл хэрэгжүүлэгчийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг төдийгүй, түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тул А ХХК-ийн хариуцах ёстой зардал гэж үзэж байна.

2.5 Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.4, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулсан гурван талт гэрээний 6.3, 6.4-т зааснаар төсөл хэрэгжүүлэх явцад хийгдсэн ажлууд бодитой бөгөөд баримтаар нотлогдож дараагийн шалгарсан компани үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэхээс хамааран шинээр төсөл хэрэгжүүлэх эрх авсан этгээд гарсан зардлыг олгох ёстой.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөр нь журмын 4.17, 4.20, 4.22-т зааснаар нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэйгээс гадна төлбөр төлсөн тухай баримтууд эргэлзээтэй, үнэн зөв талаас үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн хийсэн гэх ажлуудыг одоо ашиглах боломжгүй, дахин ажлуудыг шинээр хийх шаардлагатай. З ХХК-ийн хийсэн гэх зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар баталгаажуулаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч вын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 А ХХК нь **хотхоны орчмын 7 барилгын 85 нэгж талбартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулан 0,8 га газрыг чөлөөлсөн байдаг ч 4 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй. Газар чөлөөлсөн иргэд болон **хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ийн тавьсан хүсэлт, шаардлагын дагуу төслийн ажлыг яаралтай эхлүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар холбогдох байгууллага удаа дараа анхааруулж, хугацаатай шаардлага хүргүүлж байсан боловч өгсөн үүргийг биелүүлээгүй ба зохих арга хэмжээ аваагүй.

Иймд Хяналтын хорооны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын газрыг дахин телөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай саналыг үндэслэн вын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дүгээр захирамжаар А ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

3.2 Тус компанийн нэхэмжлэлд дурдсанаар тухайн үеийн В ас төслийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй урт хугацааны зээл улсаас олгоно гэсэн албан ёсны гэрээ, бичиг баримт байхгүй. В ас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг төсөл хэрэгжүүлэгчдийн барилга угсралтын ажлын явц, гүйцэтгэлийг харгалзан санхүүжилтийг шийдвэрлэж ирсэн.

А ХХК-ийн нэхэмжилж буй зардлын тухайд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11-д заасны дагуу сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, В , Гэр хорооллын дэд бүтцийн газартай гурван талт гэрээ байгуулах, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Түр суурьшуулах зардал нь төсөл хэрэгжүүлэгчийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг төдийгүй, түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн тул А ХХК хариуцах ёстой.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

4.1 А ХХК өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай. А ХХК тодорхой хэмжээний зардал гаргасан боловч өөрөө буруутай, хариуцагч нэхэмжлэлийг барагдуулах боломжгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан В , Б ТБАГУТҮГ-аас 657,992,601 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,111,172,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төгрөгийг 14,074,245 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 3,447,913 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч Б ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 2.2.6-т заасан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах Хороо-ны 2014 оны 03, 24 дүгээр тогтоолын хавсралтаар хоёр болон гурван талт гэрээ-г тус тус баталж иргэд, төсөл хэрэгжүүлэгч нартай байгуулдаг. Иймд Гурван талт гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53.1, 54.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан гэрээ мөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу тус шүүхийн хэргийн харьяалал биш.

6.2 Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т хариуцагч нараас 657,992,601 төгрөг гаргуулахаар шийдсэн. Энэ нь төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдээс гарсан төслийн санхүүжилт бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам-ын 5.31-т Энэ журмын 5.2, 5.3-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй гэсэн заалттай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх талаарх асуудал яригдаж байгаагүй. Хотын захиргаа нь албан ёсоор төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан тохиолдолд гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл ямар байгууллага тухайн төслийг авсан нь мэдэгдэхгүй 9 жилийн хугацаа өнгөрч байна.

Хэргийн газрын үзлэгийг бодит нөхцөл байдалд очиж хийсэн бөгөөд 7 байшингийн 85 айлын орон сууц нь цэцэрлэгт хүрээлэн болсон. Тухайн хийсэн ажлуудыг баримтжуулаагүй гэх асуудал яригдсан учраас манай байгууллагын зүгээс барилгажилтын холбоо гэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг шинжээчийн дүгнэлтэд 2,700,000,000 төгрөгийн ажил, үйлчилгээ хийсэн нь үнэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т үнийн дүнг багасгаж, 670,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээнүүдийг шинжээчийн дүгнэлтээс ямар шалтгаанаар зөрүүтэй байгааг анхаарч үзэх ёстой.

7.2 Тухайн авсан мөнгө нь өр төлбөрөө барагдуулаад таарч байна. Нийслэл хотын захиргаанаас өгөхгүй гэх тайлбарыг гаргадаг боловч дараагийн төслийг ямар журмыг баримтлан төсөл хэрэгжүүлж буй албан газрууд 85 айлын 7 байшинг нурааж, нүүлгэсэн газрыг үнэ төлбөргүй эзэмших боломжгүй. Миний зүгээс хотын захиргааны байгууллагад хандаж, төслийг авч буй хүмүүстэй хамтарсан уулзалт хийж, харилцан тохиролцох тухай хүсэлтийг удаа дараа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч вын өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

8.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гурван талт гэрээний зохицуулалтаар анхан шатны шүүхээс хийсэн ажлын улмаас гарсан зардлыг дүгнэх ёстой. Гэтэл Майсон соорс ХХК нь арбитрын шийдвэр гарснаас хойш гараагүй зардлыг шүүхийн шийдвэрт хавсаргаж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.9-т нотариатын зардал болох 377,400 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөөгүй. Уг гэрээг В ганцаараа цуцалсан зүйл байхгүй. Мөн иргэдийн төлөөлөгч нар хуралдаж, шийдвэрлэсний дагуу В цуцалсан. Манай байгууллагын зүгээс захиргааны гэрээ гэж үзэж, анхан шатны шүүхэд 2 удаа хүсэлт гаргасан боловч хангаагүй байдаг.

8.2 Гэрээ ямар шалтгаанаар цуцлагдаж, төслийг хэрэгжүүлээгүй нь гэрээний нэг талын буруутай үйл ажиллагаанаас болж, төслийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтай гэж сонгон шалгаруулалтад оролцсон. Гэтэл төслийг хэрэгжүүлэх чадамжгүй болох нь нотлогдож, удаа дараа сануулж буцаан олгож байхад төслийг хэрэгжүүлэхгүй байсан учраас уг гэрээг цуцалсан. Буруутай этгээд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь ойлгомжгүй байна. 2014 онд төсөл сонгон шалгаруулалт болж, 2016 оноос хойш 2018 онд гэрээг цуцалсан. 2018 оноос хойш 380 айлын жил болгоны түрээсийн төлбөрийг вын тамгын газраас буюу улсын төсвийн хөрөнгөнөөс төлж барагдуулсан. Иймд тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ТБАГУТҮГ, В д холбогдуулан хохиролд 2,769,165,248 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. вын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/337 дугаар захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Нийслэлийн * дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Мамба дацан орчим-ын ХЕТ-2013-6 багцийн В хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хороолын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр А ХХК шалгарсныг батламжилж, улмаар 2014 онд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх газарт байрших **хотхоны 7 ширхэг хуучин барилгыг нурааж, газрыг чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон.

3.1 Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 тоот албан бичгээр эрх цуцлах мэдэгдлийг А ХХК-д хүргүүлж, вын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь оновчгүй болсон байна. Учир нь, мөн зүйлд зааснаар Иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэх бөгөөд тухайн төрлийн гэрээнд мөн хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаардаг.

4.1 Төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч нь вын 2014 оны А/337 дугаар захирамжийн дагуу * дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, харин вын зүгээс төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд шаардлагатай 3.682.871.065 төгрөгийг вын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/620 дугаар захирамжаар 2015 онд, 3,582,871,065 төгрөгийг мөн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/407 дугаар захирамжаар 2016 онд тус тус санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн боловч санхүүжилт хийгдээгүй /1хх 235-250, 2хх1-8/ үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4.2 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тул вын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна.

4.3 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлагдах хүртэлх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил болох барилгыг нурааж, чөлөөлөх ажлын хөлс 175,230,000 төгрөг, Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас техникийн үзлэг хийгдсэн зардал 7,501,600 төгрөг, геологийн дүгнэлт гаргасан зардал 17,700,000 төгрөг, цахилгааны түр тэжээл байрлуулахад төлсөн төлбөр 80,250,000 төгрөг, барилгын болон бусад гадна цахилгаан хангамжийн сүлжээний ажилд төлсөн төлбөр 121,933,601 төгрөг, нотариатын зардал 377,400 төгрөг, мөн захиалагч иргэдтэй байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 255,000,000 төгрөг буюу нийт 657,992,601 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байхаас Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг чанарын шаардлага хангахгүй гэх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

5. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад буюу гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болон цуцалсантай холбоотой хохирол шаардсан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны гэрээний шинжийг агуулаагүй байх тул хариуцагчийн ...шүүх хэргийн харьяалал зөрчсөн, ...иргэний хэргийн шүүхийн харьяалал биш гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн ...А ХХК тодорхой хэмжээний зардал гаргасан боловч өөрөө буруутай, хариуцагч нэхэмжлэлийг барагдуулах боломжгүй гэх дүгнэлтийг дүгнэхдээ хэрэгт авагдсан баримттай харьцуулан үзэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00997 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 189 дүгээр зүйлийн 189.5, 229 дүгээр зүйлийн 229.1-д гэснийг 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.6 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН