Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0990/З |
Дугаар | 221/МА2019/0285 |
Огноо | 2019-05-22 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2019/0285
|
|
|
“Н а” ХХК, “Д” ХХК,
“Н-А” ХХК, “Т м” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Н а” ХХК, “Д” ХХК, “Н-А” ХХК, “Т м” ХХК-иудын нэхэмжлэлийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Н а” ХХК, “Н-А” ХХК, “Д” ХХК, “Т м” ХХК-уудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Газар ашиглах гэрээг байгуулж чадаагүй байхад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг нэхэмжлэгч компаниудын хувьд бүрэн хүлээн зөвшөөрч байна.
Гэрчилгээг олгосон өдрөөс эхлэн газрыг ашиглах боломжтой байсан гэж дүгнэснийг нэхэмжлэгч нараас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж тус тус заасны дагуу газрыг “зөвхөн гэрээний үндсэн дээр” ашиглах эрхтэй байна. Гэрчилгээний үндсэн дээр газрыг ашиглах боломжтой байсан гэх шүүхийн дүгнэлт нь хуульд нийцээгүй.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмыг хариуцагч баримтлаагүй. Мөн шүүх анхаарч үзсэнгүй.
Гэрээ байгуулаагүй байхад газар ашигласан тохиолдолд газрын төлбөрөө төлөөгүй, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч компаниудын оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардлыг салхинд хийсгэж, газар ашиглах эрхийг цуцлах эрсдэлтэй байсан. Гэтэл хуулиар тогтоосон журмыг баримталж, гэрээ байгуулж, газрын төлбөрөө зохих ёсоор төлсний дараа газраа ашиглая гэж үзсэн компаниудын эрхийг ийнхүү цуцалж байгаа нь төрийн захиргааны албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэр бүхий 4 компаниас “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... бид гэрээ байгуулагдаагүйтэй холбоотойгоор газраа ашиглаж, газрын төлбөрөө төлж чадаагүй” хэмээн тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх “...Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-д “...гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй” болохыг тодорхой заасан. ...шүүхийн хийсэн үзлэгээр нэхэмжлэгч 4 компани нь маргаан бүхий газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, тэмдэгжүүлж, хашаалаагүй, атар байдалтай байгаа болох нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 1-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад газар ашиглах тухай хүсэлт гаргах” 36 дугаар зүйлийн 1-д “төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн газар ашиглуулах шийдвэр гаргах” гэж тус тус заасны дагуу газар ашиглагчийн эрх, үүрэг нь эрх бүхий этгээдийн шийдвэр гарснаар үүсэхээр байна.
Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч 4 компанид Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-381 дүгээр тушаалын хавсралтад зааснаар “Н а” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын “Баруундэлгэрийн ам” нэртэй газарт 3.0 га газрыг 5 жилийн хугацаатай, “Т м” ХХК-д “Хүрэлтогоотын ам” нэртэй газарт 2.0 га газрыг 5 жилийн хугацаатай, “Н-А” ХХК-д “Түргэний ам” нэртэй газарт 5.0 га газрыг 5 жилийн хугацаатай, “Д” ХХК-д “Баруундэлгэрийн ам” нэртэй газарт 3.0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх тус тус олгож, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Н а” ХХК-д 2014/126, “Д” ХХК-д 2014/128, “Н-А” ХХК 2014/127, “Т м” ХХК-д 2014/140 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулиар тогтоосон журмыг баримталж, гэрээ байгуулж, газрын төлбөрөө зохих ёсоор төлсний дараа газраа ашиглая гэж үзсэн...”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч компаниуд нь маргаан бүхий газартаа 2 жил зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбаруудаар тогтоогдож байна.
Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу газар ашиглах эрх олгосон эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь сум, дүүргийн Засаг даргын үүрэг боловч тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй юм.
Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулиар тогтоосон журмыг баримталж, гэрээ байгуулж, газрын төлбөрөө зохих ёсоор төлсний дараа газраа ашиглая гэж үзсэн компаниудын эрхийг ийнхүү цуцалж байгаа нь төрийн захиргааны албан тушаалтны буруутай үйл ажиллагаа” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээр дурдсанчлан анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ