Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 59

 

Ж.Б, Ж.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар магадлалтай, Б.Б, Ж.Б нарт холбогдох 1931000020106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Монгол овогт Ж.Б,

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Баяуд овогт Б.Б нар нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ж.Б нарыг бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Б нараас 5.900.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Мт 1.400.000 төгрөг, Н.От 3.000.000 төгрөг, С.Хд 1.500.000 төгрөг тус тус олгуулах, хохирогч Ш.Мийн 600.000 төгрөг, хохирогч М.Мы 1.500.000 төгрөг, хохирогч Н.Оийн 2.000.000 төгрөг, хохирогч С.Хгийн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б, Б.Б нар гаргасан гомдолдоо: “...Иргэд хоорондын аман хэлцэл болон бичгийн хэлбэрээр хийсэн гэрээ байсаар байтал бусдыг залилан мэхэлсэн гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Бид үндсэн зээлээ төлж явж байгаад нөхөр маань ажилгүй болсон тул зээлээ төлж чадахаа больсон. Бид 1-15 насны 5 хүүхэдтэй, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа билээ. Тэр хүмүүсийн мөнгөний хүүг нь төлөөд явъя, хойшлуулж өгнө үү гэсэн боловч танил талаа ашиглан цагдаагийн газарт өргөдөл өгсөн. Үүнийг хуулийн дагуу үнэн зөвөөр хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хандармаа хэлсэн саналдаа: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь тухайн гэмт хэргийг үйлдсэнд тооцох үндэслэл болохгүй. Тухайн үед шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэдний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу аман хэлцлээр удаа дараа мөнгө авч байсан. Мөн зээлсэн мөнгөний хүүг төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээс харагддаг. Шүүгдэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна, тэдний үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, мөрдөн байцаалтаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нар нь давж заалдах шатны шүүхэд болон хяналтын журмаар гаргасан гомдолдоо гэм буруу дээр маргаж, аман хэлцэл байгуулсан, гэмт хэрэг үйлдээгүй гэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б, Ж.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Н.Оээс 5.000.000 төгрөг, мөн 2018 оны 03 дугаар сард иргэн М.Маас 1.500.000 төгрөг, мөн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ш.Мээс 2.000.000 төгрөг тус тус залилан авсан,

шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд иргэн С.Хгаас 1.700.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогдож, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

1.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ж.Б нарын үйлдсэн гэх гэмт хэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /тогтоолын 7 дугаар тал/ дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн, нотлох баримтын эх сурвалж болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын гаргасан тогтоолуудыг дурдсан байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход шууд хамааралтай, ач холбогдолтой эсэх, тэдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хэрхэн нотолж буй агуулга, шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд энэхүү зөрчил нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /тогтоолын 7 дугаар тал/ шүүгдэгч Б.Б, Ж.Б нарыг “…үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж дурдсан боловч тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх шаардлагыг хангасан эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй бол дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй.

Гэтэл шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх боловч шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандаж өөрсдийн гэм буруугийн талаар маргаж байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт хохирол төлөх үүрэг хүлээлгэхдээ хохирогч С.Хгийн 1.500.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны дотор, хохирогч Ш.Мийн 1.400.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны дотор, хохирогч Н.Оийн хохирлыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны дотор тус тус төлж барагдуулах тухай өөр өөр ялгамжтай хугацаа тогтоосон нь хууль хэрэглээний хувьд буруу шийдэл болсныг дурдах нь зүйтэй.

3.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Бын гомдлоор хэргийг хянан шийдвэрлэхдээ магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар хэзээ, хаана, ямар гэмт хэргийг хэрхэн үйлдэж, хэнд ямар хэмжээний хохирол учруулсан талаар огт дурдахгүйгээр, мөн шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдол, өмгөөлөгчийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд хариу няцаалт хийхгүйгээр “шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон” гэх хэт ерөнхий дүгнэлт хийж, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан тэнсэх журмыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх талаар буруу жижиг тогтоосон байна.

Иймд энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн хэрэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй тул шүүгдэгч Б.Б, Ж.Б нарын гэм буруу нотлогдсон эсэх, тэдгээрийн үйлдэл Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 53 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт холбогдох 1931000020106 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                   

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН