Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01406

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 19 210/МА2023/01406

 

 

*** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02258 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *** банк ХХК

Хариуцагч: *.*

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4,320,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадамсэрээжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *** банк ХХК нь *.* тай 2018 оны 11 дугаар сарын 23-ны өдөр 312900149709 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, бэлэн гүйлгээ 36 хувийн, бэлэн бус гүйлгээ 24 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай кредит картын зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 9,804,528 төгрөг, хүүнээс 1,897,524 төгрөг, бэлэн ба бэлэн бус гүйлгээний шимтгэл 403,219 төгрөг, нийт 12,105,270 төгрөг төлсөн.

1.2 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлжих эрхтэй кредит картын бэлэн гүйлгээний дүн 620,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 948,838 төгрөг, хуримтлагдсан хүү 2,054,319 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 610,643 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 төгрөг, нийт 4,284,800 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Хүүг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцсон.

1.3 Карт нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2 жилийн хугацаатай олгогдсон. Уг хугацаа дууссанаар зээлдэгч банкинд хаалгах хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд хаагдах бөгөөд *.* энэ талаар ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй тул сунгагдаж ирсэн.

Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөр 620,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 948,838 төгрөг, хуримтлагдсан хүү 2,054,319, хугацаа хэтэрсэн шимтгэл 610,643 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 4,320,300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *.* аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,568,838 төгрөг, хүү 2,054,319 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 3,709,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610,643 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч *.* аас улсын тэмдэгтийн хураамжид 74,305 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 84,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хавтаст хэрэгт авагдсан *** банк ХХК, *.* нарын хооронд оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан кредит картын гэрээнд торгуулийн хүү гэсэн нэршил байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл гаргахдаа гаргасан механик алдаа.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нар нь зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *** банк ХХК нь хариуцагч *.* ад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 620,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 948,838 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 2,054,319, хугацаа хэтэрсэн шимтгэлд 610,643 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамжид 51,000 төгрөг, нотариатын зардалд 35,500 төгрөг, нийт 4,320,300 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч тайлбар гаргаагүй.

3. *** банк ХХК болон *.* нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 312900149709 дугаартай Кредит карт эзэмших гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 5,000,000 төгрөгийн зээлийн эрхийг хариуцагч нь 2 жилийн хугацаатай, бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь байхаар зээлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх 16-18/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

5. Кредит картын зээл, хүү тооцооллын хүснэгтээс үзвэл хариуцагч *.* нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 11,363,366 төгрөгийн зээлийг бэлэн болон бэлэн бусаар зээлсэн, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болоход үндсэн зээлийн төлбөрт 1,568,838 төгрөг, хүүгийн төлбөрт 2,054,319 төгрөг, шимтгэл хураамжид 51,000 төгрөг тус тус төлөөгүй болох нь тогтоогдсон. /хх 20/

Иймд анхан шатны шүүх зээлдэгч *.* аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,568,838 төгрөг, хүүгийн төлбөрт 2,054,319 төгрөг тус тус гаргуулан *** банк ХХК-д олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

6. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Гэрээний 2.6.1-т хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхөөр тохиролцсоныг нэхэмжлэгч торгууль гэж тодорхойлсон нь дээрх хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 610,643 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх шимтгэл хураамж 51,000 төгрөг, нотариатын зардалд 35,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүх шийдлийг хэвээр үлдээв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/02258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН