Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0298

 
     

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Г.Г нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТАЗСЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ““М” ХХК-ийн эзэмшлийн ХV-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Заамар сумын Засаг дарга Б.Самбуугийн хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 1-д “...Дээр тогтоосон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь Х\/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авснаасаа хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2018 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөн боловсруулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн “М” ХХК-ийн эзэмшлийн Х\/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэснийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.3-д заасан төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна" гэж дүгнэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үүргийнхээ дагуу “М” ААТҮГ нь Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад 2016 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 321а тоот албан бичигт хавсарган ТАЗСЗД Д.Б-д эөвшилцөн батлуулахаар хүргүүлсэн боловч дээрх албан бичгийг огт үнэлээгүй /буруу үнэлсэн/. Тухайн үеийн Засаг дарга Д.Б нь “Улсын Их хурлын сонгуультай холбоотой завгүй байна’ гэдэг шалтгаанаар зөвшилцөж, хянаж үзэж батлахаас татгалзсан. Улмаар тус оны 10 дугаар сард биечлэн уулзаж хүсэлт тавихад “Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор дараагийн Засаг даргад ханд. Миний хувьд хүлээж авч хянаж батлах боломжгүй гэж хариу өгснийг мөн адил үнэлээгүй.

Гэтэл Д.Б нь шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө “2012 оны 12 сараас 2016 оны 12 дугаар сарын 01 хүртэл Заамар сумын Засаг даргаар ажилласан...Хашаат овоот даваат нэртэй газарт орших Х\/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг надад өгөөгүй...” гэж худал мэдүүлснийг үнэлсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох хангалттай ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа дараахь нөхцөл байдал, нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, дутуу үнэлсэн гэж үзэж байна Үүнд:

“М” ААТҮГ-ын харьяа “З” алтны үйлдвэрийн захирал М.Ү, Байгаль орчны мэргэжилтэн Ш.Э нарын 2016 оны 10 дугаар сард биечлэн очиж уулзсан уулзалтыг тухайн этгээдүүдээс асууж, мэдүүлэг авч хэрэг шийдвэрлэхэд анхаарч үзэлгүйгээр зөвхөн нэг тал /хариуцагч/ болох Засаг дарга Д.Б-г гэрчээр оролцуулсан явдал, түүний /гэрчийн/ мэдүүлгийн үнэн, худал эсэхийг тогтоогоогүй.

“М” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл “Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг", 38.1.8-д ‘байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх" үүргийн дагуу тус сумын нутагт нөхөх олговроор олгогдсон 4 талбай тус бүрт 500 000 төгрөг буюу нийт 2 000 000 төгрөгийг байршуулсан нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Заамар сумын байгаль хамгаалах санд шилжүүлсэн баримт болон шүүхээс явуулсан үзлэгийн явцад Заамар сумын Төрийн сангийн хэлтсээс гаргаж өгсөн лавлагаагаар одоог хүртэл тус санд байршиж байгаа мөнгөн хөрөнгийн талаар үнэлгээ дүгнэлт өгөөгүй.

Б.Сг Заамар сумын Засаг даргаар томилогдсоны дараа буюу 2017 оны эхээр манай харьяа “З” алтны үйлдвэрийн захирал М.Ү, Байгаль орчны мэргэжилтэн Ш.Э нар биечлэн уулзаж шинээр сумын Засаг даргаар томилогдсонд нь баяр хүргэхийн зэрэгцээ 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг дахин танилцуулан, зөвшилцөж баталж өгөхийг хүссэн. Тухайн үед сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Т.М нь 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнүүдэд гарын үсэг зурсан байсан бөгөөд сумын Засаг дарга Б.С нь сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч н.А-ыг дуудан уулзаж ярилцсаны дараагаар төлөвлөгөөнүүдийг батлах боломжгүй гэдэг хариуг амаар өгчээ. Үүнээс хойш “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн Байгаль орчны мэргэжилтэн Ш.Э нь 2016, 2017 оны төлөвлөгөөнүүдийг батлуулахаар хэд хэдэн удаа Заамар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Засаг даргатай уулзсан боловч батлаагүй болно.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг огт хэрэгсээгүй бөгөөд энэ талаар Ш.Э, Т.М нарыг гэрчээр дуудан асууж нотлох баримт болгон үнэлэх ёстой байсан боловч дээрх ажиллагааг огт хийгээгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг бид бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид хуульд заасан үүргийнхээ дагуу 2016-2018 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнүүдийг сумын Засаг даргад хүргүүлж байсан бөгөөд сумын Засаг дарга Д.Б, Б.С ар нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хянан үзэж, баталж өгөх боломжтой мэт хариуг аман байдлаар өгдөг байсан боловч өөрсдөө ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулдаг байсан.

Харин хамгийн сүүлд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар Засаг дарга Б.С нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/307 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ “...танай байгууллагын ирүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлах боломжтой байна” гэдэг хууль тогтоомжид заагаагүй огт үндэслэлгүй хариуг өгсөн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 2-т “Хариуцагчийн “М" ХХК-ийн эзэмшлийн ХV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй, тодруулбал, нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан журмаар Заамар сумын Засаг даргатай зөвшилцөн тухайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулаагүй байх тул нэхэмжлэгчийн ХV-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг Заамар сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.” хэмээх дүгнэлтийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Зөвшилцөх” гэдэг ойлголтыг буруу ойлгон тайлбарласан гэж бид үзэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 1996 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолд “Хоёр Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан “зөвшилцөх" тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай." гэж заасныг үндэслэвэл тус тогтоолын нэгдүгээр зүйлийн 1-д "... гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцох" гэж ойлгохоор байна.

Бидний хувьд 2018 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төсөлд санал авч, батлуулахаар анх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тухайн албан бичигт Заамар сумын Засаг дарга огт хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төсөлд саналаа ирүүлээгүй гэсэн үг.

Бид 2018 онд албан ёсоор 3 удаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төслийг хүргүүлсэн бөгөөд Заамар сумын Засаг дарга хожуу боловч саналаа бичгээр ирүүлснийг бид албан ёсоор зөвшилцсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүх Заамар сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох бичиг баримтууд, тэдгээрийн бүртгэлд үзлэг хийхэд манай сүүлд хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/1096, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2/1202 тоот албан бичгүүд, 2018, 2019 онуудын Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Гэтэл үзлэгээр Заамар сумын Засаг даргын Тамгын газрын баримт бичгүүд дотроос манай хүргүүлсэн 2018, 2019 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний төсөл гарч ирсэн. Хамгийн сүүлд хүргүүлсэн дээрх албан бичгүүд /2018, 2019 төлөвлөгөөний төсөл/ бүртгэгдээгүй байгаа юм чинь 2016, 2017 оны албан бичгүүд /2016, 2017 оны төлөвлөгөөний төсөл/ бас л бүртгэгдээгүй байх нь тодорхой гэж бид дүгнэж байна.

ТАЗСЗД Б.С-гийн “Тусгай зөвшөөрөлд хамрагдах газар нь малчид оршин суудаг учраас эсэргүүцэл гомдол ихээр ирдэг, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газарт авсан" гэх тайлбар нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүлээн авч, хянан зөвшилцөх улмаар түүнийг батлахаас татгалзах үндэслэл болохгүй. Учир нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийг хянан хэлэлцэх үед шүүхийн даалгавраар Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 7/440 дүгээр албан бичигт “...Кадастрын мэдээллийн санд Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. ...Тус газарт Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлт орон нутгаас ирж байгаагүй байна тодорхойлсон болно.

Иймд дээр дурдсан үндэслэл, тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс ““М” ХХК-ийн эзэмшлийн XV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ТАЗСЗД Б.Самбуугийн хүлээн авч батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компаниас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа ТАЗСЗДд хандсан боловч баталж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. ...Уг эс үйлдэл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох манай компанийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг хаасан ба сумын Засаг даргыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж үзэж байна” гэж тайлбарлан маргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ.”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг хуульчилжээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор боловсруулсан төлөвлөгөө, түүнд орсон өөрчлөлтийг холбогдох Засаг дарга нь хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан батлах тухай зохицуулсан байна.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч нь XV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авснаасаа хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайн 2016, 2017, 2018 онуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөж боловсруулаагүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь хэдийгээр “...Манай компаниас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа ТАЗСЗДд хандсан” гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 321а дугаар албан бичигт хавсаргасан хүргүүлсэн гэдгийг нэхэмжлэгч “М” ХХК-аас ирүүлсэн 321а дугаар албан бичгээр хандсан[1] гэх албан бичгээс өөр эргэлзээгүй нотлох баримт байхгүйгээс гадна, нэхэмжлэгчийн дээрх тайлбар гэрч Д.Б, Г.Г нарын мэдүүлэг болон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын байранд хийсэн үзлэг зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр XV-020580 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл авснаасаа хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу 30 хоногийн дотор хариуцагчтай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх тухайн үйл баримттай холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан журмын дагуу үнэлжээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс 2016, 2017 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргатай зөвшилцөж боловсруулах, батлуулах хуульд заасан үүргээ биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд “...сумын Засаг даргатай харилцан тохиролцож гаргаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нэхэмжлэгч батлуулах хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

                      ШҮҮГЧ                                                                                   Ц.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 103 дугаар тал