Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00798

 

Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэр,

        

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батлхагвад холбогдох,

 

Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 11 254 132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Сарангэрэл, хариуцагч Б.Батлхагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Б.Батлхагвад 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкны 5890238862 тоот дансанд 7 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний охин Халиунаагийн ХААН банкны 5890448246 тоот дансанд 860 000 төгрөг, нийт 7 860 000 төгрөг хийж, тус мөнгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Б.Батлхагва нь төсөл хэрэгжүүлэх гэсэн юм банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүй гэсэн тул дэмжиж мөнгө зээлсэн. ...түүнээс авсан бүгд мөнгө 680 800 төгрөг болж байна. Банкны зээлэнд 215 000 төгрөгийг төлсөн.

Б.Батлхагвын надад 5 000 000 төгрөг өгсөн гэх баримт хуурамч болох нь тогтоогдсон. Би тийм бэлэн мөнгө аваагүй. Мөн бэлнээр 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 300 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 115 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700 000 төгрөг аваагүй. 2008 онд авсан түлээний авдар, хөнжил зэргийн мөнгийг тухайн үед нь өгсөн, медаль угааж 100 000 төгрөгийн зүйл авахуулаагүй. Намайг Б.Батлхагва түлхүүр авч гэрт ороод баримт бичиг хулгайлж аваад өөрчилсөн гэж ярьж байна. Надад тэгэх шаардлага байхгүй.

Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, алданги, нийт 11 254 132 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ шаардлага хангахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, одоо зөвхөн үндсэн зээл 7 860 000 төгрөгөөс 680 800 төгрөгийг Б.Батлхагва төлсөн тул үлдэх 7 179 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 3 дугааар сарын 12-ны өдөр өөрийн дансаар 7 000 000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охиныхоо дансаар 860 000 төгрөг, нийт 7 860 000 төгрөгийг авсан нь үнэн. Ж.Сарангэрэл зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг ч бид зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд намайг хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зур гэхэд нь мөнгө зээлж авсан учраас зурсан.

...Ж.Сарангэрэл мөнгө зээлүүлчихээд байнгын дарамттай байсан болохоор зээлийг хурдан хугацаанд төлж дуусгасан.

Миний тооцоогоор 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэхэд нийт 7 300 600 төгрөгийг Ж.Сарангэрэлд өгсөн байна. Үүнээс хойш Ж.Сарангэрэл нь нэг удаа ч надаас мөнгө нэхэж байгаагүй бөгөөд одоо авсан мөнгөө аваагүй гэж байна. Би 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр банкнаас 12 000 000 төгрөгийн зээл авахад Ж.Сарангэрэл ирээд 5 000 000 төгрөг авсан, би баталгаажуулж гарын үсэг зуруулж авсан боловч гарын үсэг нь хуурамч гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Манай ажлын өрөөний түлхүүрийн 1 хувь нь Ж.Сарангэрэлд байдаг болохоор 5 000 000 төгрөг авсан тухай гарын үсэг зурсан баримтаа солиод авчихсан юм болов уу гэж бодож байна. 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надаас бэлнээр авсан 115 000 төгрөгийг аваагүй, банкинд хийсэн гэж байгаа боловч банкны зээлэнд өгсөн мөнгийг би Нарангэрэл гэх эдийн засагчид өгсөн. 5 000 000 төгрөгийн баримт эргэлзээтэй байгаа учир 4 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байсан ч эвлэрэх боломжгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Батлхагваас үлдэгдэл зээлийн төлбөр 7 064 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батлхагваас улсын тэмдэгтийн хураамж 127 977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж , Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Батлхагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэглэвэл зохих хэрэглээгүй, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа манай компани дээр 100 000 төгрөгийн архи дарс, хоол тамхи авахуулж, төлбөрийг надад өгөх ёстой мөнгөнөөсөө хасаарай гэж байснаа өөрөө зөвшөөрч тайлбарлаж байсныг анхан шатны шүүх анхаараагүй. Мөн тэрээр надаар гэртээ 300 000 төгрөгийн хивс, дрож авахуулснаа, миний гал тогооны тавилгаа зарсан мөнгийг авснаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрөөд тайлбарлаад байгааг шүүх мөн л хүлээн авч үнэлж дүгнэж шийдвэрлэсэнгүй. Анх шүүх хуралдаан болоход би оролцож чадаагүй шүүх хуралдаан дээр Сарангэрэл Батлхагваас юу ч аваагүй гэж хэлж тайлбарлаж байснаа дахин болсон анхан шатны шүүх хуралдаан дээр Сарангэрэл нь “би эдгээр зүйлүүдийг авч байсан, үгүй яахав хонины гэдэс авахуулсан болъё, Сэтгэмж компани дээр танхимын ажил явагдаад архи дарс авахуулсан болъё” гэх мэтээр тайлбарлаж байсныг шүүх анхаараагүй, үнэлж дүгнэсэнгүй.

Ер хэргийн оролцогч өөрөө хүлээн зөвшөөрч байгаагаас өөр нотолгоо гэж юу байдаг юм. Миний хувьд 7.0 сая төгрөг төлж ядаад байх мөнгө биш, гэхдээ арга зальтай хүнд төлсөн мөнгийг дахин дахин төлөх шийдвэр гарч байгаад маш их гомдолтой байна.

...Ж.Сарангэрэл намайг шүүхэд өгч байх үед миний толгойны арлуу банз гулсан ирж цохиод эмчилгээ хөөж явснаас болоод нотлох баримт цуглуулж явах зав ч гараагүй. Миний энэ аргагүй байдлыг овжин ашиглаж залилж байгаад нь үнэхээр гомдолтой байгаа тул дахин шалгаж өгнө үү.

Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл нь хариуцагч Б.Батлхагвад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 11 254 132 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 7 179 200 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Б.Батлхагва нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б.Батлхагва нь нэхэмжлэгчээс авсан зээлийг хүлээн зөвшөөрсөн боловч зээлийг эгүүлэн төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан шийдвэр, магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байх ба хяналтын шатны шүүх эдгээр дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэлийг заасан байх ба хариуцагчийн гомдлын агуулга эдгээр үндэслэлд хамаарахгүй байна. Хариуцагч гомдолдоо шүүх ямар хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой ямар хуулийг хэрэглээгүй болохыг заагаагүйгээс гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн зөрчсөн талаар тусгаагүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН