Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0013

 

Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ж.Сарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Б.Батлхагва, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Сарангэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батлхагвад холбогдох

Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 11,254,132 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн мянга нэг зуун гучин хоёр/  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Батлхагвад 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкны 5890238862 тоот дансанд 7,000,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түүний охин Халиунаагийн ХААН банкны 5890448246 тоот дансанд 860,000 төгрөг, нийт 7,860,000 төгрөг хийж, тус мөнгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Б.Батлхагва нь төсөл хэрэгжүүлэх гэсэн юм банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүй гэсэн тул дэмжиж мөнгө зээлсэн. ...2015 оны намар Б.Батлхагватай уулзаж тооцоо хийхэд надад 680,600 төгрөг өгсөн гэх боловч миний тооцооноос 10,000 төгрөгийн зөрүүтэй байна. Дээрх мөнгийг дараах  байдлаар буцааж өгсөн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 46,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 250,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 115,000 төгрөгийг бэлнээр авсан. 2013 оны 10 дугаар сард 59,800 төгрөгийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн авсан, нийтдээ 670,800 төгрөг өгсөн. Хонины гэдэс 10,000 төгрөгөөр авч өгснийг зөвшөөрч байгаа тул түүнээс авсан бүгд мөнгө 680,800 төгрөг болж байна. Банкны зээлэнд 215,000 төгрөгийг төлсөн. Тэр мөнгө нь дээрх тооцоонд орсон байгаа.

Б.Батлхагвын надад 5.000.000 /таван сая/ төгрөг өгсөн гэх баримт хуурамч болох нь тогтоогдсон. Би тийм бэлэн мөнгө аваагүй. Мөн бэлнээр 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 115,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг аваагүй. 2008 онд авсан түлээний авдар, хөнжил зэргийн мөнгийг тухайн үед нь өгсөн, медаль угааж 100,000 төгрөгийн зүйл авахуулаагүй. Намайг Б.Батлхагва түлхүүр авч гэрт ороод баримт бичиг хулгайлж аваад өөрчилсөн гэж ярьж байна. Надад тэгэх шаардлага байхгүй. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, алданги, нийт 11,254,132 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ шаардлага хангахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, одоо зөвхөн үндсэн зээл 7,860,000 төгрөгөөс 680,800 төгрөгийг Б.Батлхагва төлсөн тул үлдэх 7,179,200 төгрөгийг гаргуулж авна гэжээ.

Хариуцагч Б.Батлхагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 3 дугааар сарын 12-ны өдөр өөрийн дансаар 7,000,000 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охиныхоо дансаар 860,000 төгрөг, нийт 7,860,000 төгрөгийг авсан нь үнэн. Ж.Сарангэрэл зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг ч бид зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд намайг хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зур гэхэд нь мөнгө зээлж авсан учраас зурсан. ...Ж.Сарангэрэл мөнгө зээлчхээд байнгын дарамттай байсан болохоор зээлийг хурдан хугацаанд төлж дуусгасан ба дараах байдлаар зээлийг эргэн төлсөн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөгийн үнэтэй хивс, дрож, хулдаас зэргийг авахуулсан. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 46,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 250,000 төгрөгийг ажил дээрээс бэлнээр ирж авч байсан. 2013 оны 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд Ж.Сарангэрэлийн ХААН банкинд төлөх зээлэнд 395,000 төгрөгийг эдийн засагч Нарангэрэл гэх хүнд өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 115,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2013 оны 10 дугаар сард 59,800 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн, 2014 оны зун хонины гэдэс 10,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Мөн 2008 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гадаад хүн манай гэрт амьдрахаар болсон гэж хэлээд авсан модон түлээний авдар 60,000 төгрөг, хөнжил 30,000 төгрөг, Ж.Сарангэрлийн найз залуу болох Цогоод бензиний үнэ 20,000 төгрөг, 2013 ны 1 дүгээр сарын 03-ны өдөр медаль угаая гээд 100,000 төгрөгийн архи, вино, хоол, хүнс авахуулсан эдгээр мөнгийг зээлсэн мөнгөндөө суутгахаар тохирсон тул хасч тооцсон бөгөөд миний тооцоогоор 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэхэд нийт 7,300,600 төгрөгийг Ж.Сарангэрэлд өгсөн байна. Үүнээс хойш Ж.Сарангэрэл нь нэг удаа ч надаас мөнгө нэхэж байгаагүй бөгөөд одоо авсан мөнгөө аваагүй гэж байна. Би 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр банкнаас 12,000,000 төгрөгийн зээл авахад Ж.Сарангэрэл ирээд 5,000,000 төгрөг авсан, би баталгаажуулж гарын үсэг зуруулж авсан боловч гарын үсэг нь хуурамч гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Манай ажлын өрөөний түлхүүрийн 1 хувь нь Ж.Сарангэрэлд байдаг болохоор 5,000,000 төгрөг авсан тухай гарын үсэг зурсан баримтаа солиод авчихсан юм болов уу гэж бодож байна. 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надаас бэлнээр авсан 115,000 төгрөгийг аваагүй, банкинд хийсэн гэж байгаа боловч банкны зээлэнд өгсөн мөнгийг би Нарангэрэл гэх эдийн засагчид өгсөн. 5,000,000 төгрөгийн баримт эргэлзээтэй байгаа учир 4,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байсан ч эвлэрэх боломжгүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Батлхагваас үлдэгдэл зээлийн төлбөр 7,064,200 /долоон сая жаран дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115,000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батлхагваас улсын тэмдэгтийн хураамж 127,977 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сарангэрэлд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Батлхагва давж заалдах гомдолдоо: “Миний хувьд Ж.Сарангэрэлээс 2013 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 7,860,000 төгрөгийг авсан бөгөөд зээлсэн мөнгөө буцаагаад Сарангэрэлд өгсөн. Шүүх хурал болгон дээр өөр өөр юм ярина. Сарангэрэл 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг миний ажил дээр ирээд бэлнээр авсан. Энэ цаг хугацаанаас өмнө 4, 5 удаа цувуулж нийт 884,600 төгрөг аваад бидний тооцоо дууссан учир Сарангэрэл надаас огт мөнгө нэхэж байгаагүй. Гэтэл 2016 оны 6 сард нэхсэн нэхэмжлэл шүүхэд ирүүлэхэд би маш их гайхсан. Сарангэрэлд мөнгө буцааж өгөхдөө бэлнээр гэр дээрээс тооцоо хийж өгч байсан байдлыг Сарангэрэл өөрт ашигтайгаар эргүүлж намайг болон шүүхийг залилан мэхэлж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж дүгнэсэнд гомдолтой байна. Сарангэрэл гэртээ хивс, хулдаас гэх мэт гэр ахуйн зүйл, хонины гэдэс, түлээний авдар, хөнжил зэргийг авахуулж, ажил дээр ирж тавилга зарсан мөнгийг бүгдийг авч байснаа хүлээн зөвшөөрч байсан боловч 700,000 төгрөгийг авч байгаагүй гэж худал тайлбар өгч байсныг шүүх үнэлж дүгнээгүйд гомдолтой байна. Мөн ажил дээр архи, дарс хүмүүстэй ууснаа хүлээгээд байхад үнэн зөвөөр шийдвэрлэж өгсөнгүй. Манай ажлын түлхүүрийг зээл өгсөн өдрөө аваад одоо болтол өгөөгүй. Би нэг жилийн дараа цоожоо сольсон. Ажил руу чөлөөтэй орж гарч байсан болохоор албаны ширээнээс гэрээг авч зассан байсан, мөн бүх ажлын багаж хулгайд алдагдсан. Би маш их эрсдэл хүлээж мөнгөөр шатсан ч ажил ихтэй зарга хийж явах завгүйг далимдуулж, санаанд багтамгүй худлаа хэлж гүтгэж, хүн дарамталж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн  шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Сарангэрэл нь хариуцагч Б.Батлхагваас зээлийн гэрээний төлбөрт 11,254,132 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,179,200 төгрөг болгосныг хариуцагч  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг”  бөгөөд зохигч нь зээлийн гэрээний үндсэн дээр 7,860,000 төгрөг хүлээлгэн өгч, хүлээн авсан талаар маргаангүй байна. Харин зээлийн эргэн төлөлтийн талаар маргаж, нэхэмжлэгч “ ...Батлхагва авсан зээлээсээ 680,800 төгрөгийг төлж, үлдсэнийг нь төлөөгүй” гэж, хариуцагч  “...зээлээ  төлсөн” гэсэн тайлбар гаргажээ.

Хариуцагч Б.Батлхагва зээлийн төлбөрт 5,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримтад зурсан гарын үсэг нь Ж.Сарангэрэлийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зээлээс үлдсэн хэсгийг төлснөө баримтаар  нотлоогүй  тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж , Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Б.Батлхагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                   ШҮҮГЧИД                            Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Т.ГАНБАТ