Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 35

 

Б.Б-, Бат.Д-, Баяр.Д-,

Ш.Г-, А.А-, М.М-, О.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Л.Очбаяр, шүүгдэгч Баяр.Д-, М.М- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч А.Бүдханд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1127 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 1187 дугаар магадлалтай, Б.Б-, Бат.Д-, Баяр.Д-, Ш.Г-, А.А-, М.М-, О.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Л.Очбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ****, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Б-,

2. Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б-ы Д-,

3. Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Ш-н Г-,

4. Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Р овогт А-ийн А-,

5. Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт М-н М-,

6. Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зочигч тээвэрлэх ажил эрхэлдэг, ***, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт О-н А-,

7. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ***, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан хязгаарлалт тогтоож байсан, Х овогт Б-ы Д-.

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Баяр.Д-ий авч ирүүлэхээр захиалсны дагуу түүнд худалдаалах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас авсан Анданте гэх нэртэй эмийг 2015 оны 08 дугаар сарын 17,  09 дүгээр сарын 03, 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус бүр18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон,

мөн 2016 оны 0З дугаар сарын 06-ны өдөр Анданте гэх нэртэй 34 таблет 238 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баяр.Д-д худалдахыг завдсан,

мөн 2015 оны 05, 08, 09 дүгээр саруудад тус бүр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18 таблет болох 126 капсулыг зохих зөвшөөрөлгүйгээр Баяр.Д-д худалдсан,

Баяр.Д- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Б.Б-д захиж түүнээс худалдаж авах зорилгоор Оросын Холбооны Улсын Боорз хотын эмийн сангаас Анданте гэх нэртэй эмийг авахуулж 2015 оны 08 дугаар сарын 17, 09 дүгээр сарын 30, 11 дүгээр сарын 03-ны өдөр тус бүр 18 таблет болох 126 капсулыг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 34 таблет болох 238 капсулыг тус тус Дорнод аймгийн Эрээн цав шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон,

мөн 2016 оны 02 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 1 капсулыг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй эмнээс 3 капсулыг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Х-д худалдсан,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 4 нутаг дэвсгэрт нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтан метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 1.13 грамм жинтэй Мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Ш.Г- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 07 дугаар сарын эхээр 84 капсул, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 52 капсул Анданте гэх нэртэй эмийг Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус зохих зөвшөөрөлгүйгээр А.А-д худалдсан, 2016 оны 09 дүгээр сарын эхээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 4 капсул эмийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр М.Х-д худалдсан,

А.А- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 10 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.У-т худалдсан, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 2 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Н.Ч-, О.Э- нарт худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 3 капсул эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Т.Т-д худалдсан,

М.М-нь үргэлжилсэн үйлдлээр буюу О.А-аар Анданте гэх нэртэй 49 таблет болох 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж, өөртөө авч бусдад худалдах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон, мөн 20187 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Анданте гэх нэртэй 20 таблет буюу 140 ширхэг эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Баяр.Д-, О.Э- нарт худалдсан,

О.А- нь Анданте гэх нэртэй 49 таблет 343 ширхэг эмийг Монгол улсын хилээр нэвтрүүлж М.М-од өгөх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалгах нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон,

Бат.Д- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай гялгар уутны хамт 0.13 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Баяр.Д-д хууль бусаар худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г хууль бусаар эм худалдахыг завдсан, эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

шүүгдэгч Баяр.Д-ийг эмийг импортолсон, худалдсан, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Ш.Г-г эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, худалдсан,

шүүгдэгч А.А-г эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

шүүгдэгч М.М-ыг эм импортлох, худалдах, үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

шүүгдэгч О.А-ыг эм импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан,

шүүгдэгч Бат.Д-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-г 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Баяр.Д-ийг мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Г-г 1 жил 6 сар, А.А-г 1 жил 03 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар М.М-ыг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.А-ыг 1 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бат.Д-ийг 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бат.Д-д ял оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бат.Д-д 1 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг Баяр.Д-д 2 жил 6 сар, Б.Б-д 2 жил, Бат.Д-д 3 жил хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Г-, А.А- нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.М- нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгч М.М-од холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 жил 7 сарын хорих шийтгэсүгэй ...” гэж өөрчилж,

шүүгдэгч Бат.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаас шүүгдэгч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Б-гийн “... Хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү ...”, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын “... Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.А- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...2018.11.21-ний өдөр ОХУ-с ирэхдээ М- гэдэг залуу илгээмж ирсэн байгаа та аваад ирээч гэж гуйсны дагуу авахад өвлийн цэрэг малгайд хийсэн 49 ширхэг таблет Анданте гэдэг нэртэй эм байсан. Тухайн үед тэр эмийг Монгол улсад хориглосон эм гэдгийг мэдээгүй. Хүнд итгэдэг, муу санадаггүй зангаасаа болж бусдад ашиглуулж өдий 46 насандаа амьдралдаа анх удаа том алдаа гаргаж үүнийхээ гор шийтгэлийг амсаж энд хоригдож байгаа 4 сарын хугацаандаа гэм буруугаа маш их ухамсарлаж гэмшиж байна. Энэ шийтгэл дээр бүр хатуу шийтгэл болж хайрт ээж минь нас барж надад маш хүнд цохилт боллоо. Анх удаа хууль бус зүйл хийгээд түүнийхээ хариуцлагыг ухамсарлаж, гэм буруугаа хүлээгээгүйн улмаас эрх чөлөөгөө хязгаарлуулан суух  ямар хэцүү болохыг гүнээ ойлгон гэмшиж байна. Энд хоригдсоноор миний ар гэрийн байдал дордож байна. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 8 хувийн зээлтэй байранд амьдардаг. Эхнэр бага насны хүүхдээ харж гэртээ суудаг, 2 охин Улаанбаатар хотод оюутан, байр хөлсөлж суудаг. Би улс хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэх ажил хийж, гэр бүлээ тэжээдэг хүн нь байсан. Манай гэр бүлийн хувьд орлогын өөр эх үүсвэр байхгүй. Одоо ар гэр маань эдийн засгийн хувьд дордож 2 хүүхдийн маань сурч боловсрох эрх нь хангагдахгүйд хүрч байна. Түрээсийн байр сургалтын төлбөрт нь төсөвлөсөн мөнгийг ээжийнхээ өвчтэй байх хугацаанд асрах эм тарианд нь зарцуулсан байсан бөгөөд намар би банкнаас зээл авч төлөхөөр тогтсон байсан юм. Гэртээ ганцаараа ажил хийдэг банкнаас зээл авах эрхтэй хүн. Мөн миний аав 70 настай, 1 бөөртэй, зүрх нь өвддөг бие муутай асаргаанд байдаг хүн юм.

Иймээс та бүхнээс Монголын эгэл жирийн нэгэн гэр бүлийн аз жаргалтай амьдрал, цаашдын хувь заяа, үр хүүхдийн минь сурч боловсроход дэмжих, энэ бүх хувийн байдлыг минь харгалзан үзэж надад оноосон 1 жил хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгөхийг эрхэм шүүгч, прокурор та бүхнээс гуйж, хүсэж байна. та бүхний итгэлийг алдахгүй цаашид хийж буй үйлдэлдээ хянамгай хандаж ажиллаж амьдрах болно” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдолдоо “...өмгөөлөгчийн зүгээс хэрэг шийдвэрлэсний дараа хавтаст хэргийн материалтай танилцаад гэрчээр О.А-ийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гүйцэтгэх ажиллагааны материал зэрэг нотлох баримтуудаар ялтан О.А-ийн үйлдсэн үйлдэлд зүйлчилсэн зүйл ангитай маргах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд ялтан О.А- нь тухайн үед өмгөөлөгчийн зааж, зөвлөсний дагуу уг хэргийг гэмт хэрэг биш, ...хэрэгсэхгүй болно гэж ойлгож, өөрийн хийсэн үйлдлээ ойлгож байгаа ч гэм буруугүй гэж шүүх хуралдаанд оролцсон нь шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулах гол үндэслэл болсон.

Өмгөөлөгчийн зүгээс Цагдан хорих 0409 дүгээр ангид О.А-тай уулзаж үйлдсэн үйлдэл хэргийн зүйлчлэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар тайлбарлан ойлгуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэм буруутай үйлдэл хийсэн болохоо ойлгож ухаарсан.

Ялтан О.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаж байгаа мөн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл хангагдсан байна.

Иймд ялтан О.А-т шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Л.Очбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалын тодорхойлох хэсэгт М.М-од холбогдох хэсгийг ... дүгнэхдээ хэрэгт авагдсан баримт, хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцсон талаарх нөхцөл байдлыг бүрэн дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тохирох шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч М.М- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн үеэсээ л үнэн зөв тайлбар мэдүүлэг өгч, өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиснээ илэрхийлж ирсэн. Мөн түүний хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцсон зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоож биечлэн эдлүүлэхгүйгээр буюу хорих ялтай дүйцэхүйц хэмжээгээр торгох ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тавдугаар бүлэгт Эрүүгийн хариуцлага, түүний төрлийг зохицуулж өгсөн. 5.2 дугаар зүйлд ялын төрлийг хуульчилсан байна.

Тус бүлгээс харахад торгох ялыг хорих ялаас их, хорих ялыг торгох ялаас бага гэсэн байдлаар төрөлжүүлэн хуульчлаагүй бөгөөд гагцхүү тоон хэмжээгээр ялын хэмжээг тодорхойлон зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч М.М-од оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон шийтгэл нь 400 хоногийн хорих ял буюу 1 жил 35 хоногийн ялтай тэнцэхээр байна.

Иймд шүүгдэгч О.А-аас бага ял оногдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй, анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг хорих ялаар солих хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн 15 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг нь 1 хоногийн хорих ялтай тэнцүү бөгөөд ялын хэмжээ, үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд учруулах нөлөөлөл, нийгэмшүүлэх нөлөөлөл нь ижил гэж үзэн хууль тогтоогчийн зүгээс тодорхойлсон гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгосон, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр зохицуулсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг үндэслэл болгосон атлаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн үндэслэл, урьдчилсан нөхцөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т хамаарахгүй байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрх хэмжээний хүрээнд өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэж байхад давж заалдах шатны шүүхээс буруутган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Баяр.Д-, М.М- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “Шүүгдэгч Баяр.Д-, М.М- нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: М.М-той холбогдон гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалын М.М-од холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн Л.Очбаяр өмгөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал, ялын биелэгдэх нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан үндэслэл журмын дагуу ял шийтгэлийг оногдуулсан. Бая.Д-ий хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн гол үндсэн шинж нь хэрэглэхийг хориглосон эм гэж байгаа юм. Тухайн эмний нэршил нь манай улсын хэмжээнд эмийн жагсаалтад байх эсэхийг хүний эмний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргасан боловч энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан тухайн бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны акт болох нь тодорхой хууль зүйн асуудал эрхэлсэн төв байгууллагаар батлагдсан тохиолдолд захиргааны акт болно гэсэн хэм хэмжээ байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хориглосон акт нь өөрөө нийтээр дагаж мөрдөх захиргааны акт болоогүй. Өөрөөр хэлбэл хүний эмний салбар зөвлөлийн шийдвэр нь хууль зүйн яаманд зохих ёсоор бүртгэгдээгүй учир хууль зүйн үндэслэлийн хувьд хориглосон гэж үзэх шийдвэрийг нийтээр дагаж мөрдөх захиргааны акт, хэм хэмжээ гэж харахад хууль зүйн хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт худалдах, импортлох үйлдлийг яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан. Гэтэл импортлох үйлдэл нь хувь хүний хувьд биш, Гаалийн тухай хууль, Гадаад худалдааны тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар хуулийн этгээд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны өмнөөс явуулах, дотоод, гадаад худалдааны нийлбэрийг ойлгодог. Импортолсон гэж үзэж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, ямар үйлдэлд нь гэм буруутайд тооцох зэрэг нөхцөл байдалд эргэлзээ бүхий байдал үүссэн. НҮБ-ийн сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад тухайн эмний нэршил байхгүй.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон гэдэг нь сэтгэцэд нөлөөлөхийг шаардахгүй боловч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хориглох уу, хүний эмийн зөвлөлийн гаргасан шийдвэрээр хориглох уу гэдэг нь эргэлзээтэй бөгөөд тухайн хоёр шийдвэр нь хууль зүйн яаманд албан ёсоор бүртгэгдсэн тохиолдолд бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны акт болох тухай Захиргааны хуулийн хэм хэмжээг зайлшгүй хэрэглэх ёстой байсан болов уу. Хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцож байгаа учир хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч А.Бүдханд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд нь шүүх тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх М.М-од холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Уг гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон О.А-т 1 жилийн хорих ял оногдуулсан. М.М-од оногдуулсан ял шийтгэл нь энэ хуулийн заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна. Тухайн эмийг Оросын холбооны улсад жоргүйгээр олгогддог бөгөөд манай улсын хувьд 2014 онд гаргасан Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар сэтгэцэд нөлөөт эм мөн гэж жагсаалтад хамааруулсан учир уг эмийг импортлох, худалдах, үйлдвэрлэх тохиолдолд заавал тусгай зөвшөөрөл авч байж хуулийн этгээд бол үйл ажиллагаа явуулах ёстой байгаа. Хувь хүн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарах нь хууль бус үйлдэл мөн.

Шүүгдэгч нарын үйлдэл нь тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Л.Очбаяр нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б-, Бат.Д-, Баяр.Д-, Ш.Г-, А.А-, М.М-, О.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь хууль бусаар эм худалдахыг завдсан, эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, шүүгдэгч Баяр.Д- нь эмийг импортолсон, худалдсан, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Ш.Г- нь эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, худалдсан, шүүгдэгч А.А- нь эм худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан, шүүгдэгч Бат.Д- нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Баяр.Д-, Ш.Г-, А.А-, М.М-, О.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Баяр.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Бат.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулан шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-гийн хууль бусаар эм худалдахыг завдсан, эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг тус бүрд ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн өөрчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч М.М-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдлийн давтамж, гэм буруугийн хэр хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй учир давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байвал зохино.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А- болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан “...оногдуулсан ялыг тэнсэх”, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Л.Очбаярын “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1127 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 1187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Л.Очбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

 ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                          С.БАТДЭЛГЭР

                                                        Ч.ХОСБАЯР

         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН