Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 224/ма2023/00016

 

 

 

 

 

 

 

2023         08          28                                         224/МА2023/00016

 

Н.Бийн нэхэмжлэлтэй, Х Банк ХХК-ийн

Увс салбарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2023/00234 дүгээр шийдвэртэй,

Н.Б-ийн нэхэмжлэлтэй, Х банк ХХК-ийн Увс салбарт холбогдох, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т /цахимаар/, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт илүү төлсөн 2,433,369.23 төгрөгийг буцаан  гаргуулах.

2. Нэхэмжлэгч Н.Б-ийн шаардлагын үндэслэл:

  2.1. Миний бие болон эхнэр Г.О бид 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1660004114 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногийн 20.5%-ийн хүүтэйгээр хашаа байшин барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай зээл авсан.

 Миний бие 2016 оны 4 дүгээр сард ажлаас халагдаж зээлээ хугацаандаа төлж чадахгүй болсон тул аргагүйн эрхэнд төвийн халаалт, шугамд холбогдсон 92.16 м2 хувийн орон сууц, 267.8 м2 өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг Х банкинд худалдсанаар 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөр дуусаж, зээлийн үлдэгдэл 0 төгрөг болсон юм.

Гэвч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №25/1434 тоот 2,440,879.23 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл Х банк ХХК гаргаснаар бидний маргаан эхэлж, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 162 тоот /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр/-7 хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 08 тоот /Увс аймгийн Эрүү , Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал/ 10 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 001/ХТ2021/01533-тоот /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол/-5 хуудас шүүхийн шийдвэрээр бидний маргаан эцэслэн шийдэгдсэн.

Бид 2019 оны 3 дугаар сарын сүүлчээр амьдралын шаардлагаар Төрийн банк ХХК-д Засгийн Газрын хөнгөлөлттэй зээл /жилийн 3%-ийн хүүтэй 50 сая хүртэл, хугацаа 120 сар хүртэл хугацаатай зээл/-д хамрагдахаар хүсэлт гарган судлуулахад Монгол банкны лавлагаагаар та 2-ын нэр дээр Х банк ХХК-д муу ангилал бүхий 2,433,369.23 төгрөгийн өр төлбөр байна, үүнийг хаасны дараа биднийг цааш судлах боломжтой талаар хариу мэдэгдсэн. Тухайн үед Х банк ХХК бидний хоорондын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул бид Х банкинд хандан  Монгол банкны лавлагаа, мэдээллийн сангаас муу зээлдэгч гэсэн жагсаалтаас хасаж өгөх хүсэлт гаргасан боловч төлбөрийг барагдуулсан тохиолдолд хасагдах боломжтой гэсэн хариу өгсөн.

Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 50,000,000 төгрөгийн зээл гэдэг нь бизнес эрхлэгч бидэнд алдаж болохгүй боломж байсан тул аргагүйн эрхэнд хүргэн Ч.Батцэндээс 3,000,000 төгрөгийг зээлдэн авч 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүү 2,423,889.22 төгрөгийн торгууль 9,480.01 төгрөгийн нийт 2,433,369.23 төгрөгийн төлбөр төлж, Монгол банкны муу зээлдэгч ангиллаас гарч бид Төрийн банк ХХК-аас зээлээ авсан.

Хожим буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01533 дугаар /Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол/-5 хуудас бүхий тогтоол гарч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Н.Б миний бие Х банк ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх талаар 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 704,850 /Долоон зуун дөрвөн мянга найман зуун тавин төгрөг/-нд: 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 152/Ш32023/00469 тоот /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж/ 2 хуудас, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 152/ГХ2023/00055 тоот /Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас/ 1 хуудас гаргуулан Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ өгөөд байна. Мөн Х банкны нэхэмжилсэн хүүгийн төлбөр 2,423,899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,480.01 төгрөг, нэхэмжилсэн /Х банк 2019 оны 12 дугаар сарын 12-ны №25/1434 тоот нэхэмжлэх/-ийг 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон тул 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төлсөн хүү 2,423,889.22 төгрөг, торгууль 9,480.01 төгрөг, нийт 2,433,369.23 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 53,884 төгрөг, нийт 2,487,253.23 төгрөгийг Х банк ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 3. Хариуцагч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одончимэг, Х.Т нарын татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай.

3.1. Н.Б-ийн Х Банк ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах тайлбарыг өгч байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Х Банк ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 1660004114 дугаартай зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1,6-д заасан үндэслэл тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Тодруулбал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001 /ХТ2021 /01533 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иймд Н.Бийн Х Банк ХХК-д холбогдуулан гаргасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 58,884 төгрөг нийт 2,487,253.23 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2023/00234 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн тусгай ангийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Х банк ХХК-ийн Увс салбараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,433,369.23 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бт олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдсан гомдолдоо: “Нэхэмжлэгч нь Х банк ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 1660004114 дугаартай Зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн 2,433,369.23 төгрөгийг буцаан шаардсан.

 Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01533 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөрчиж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2023/00234 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Илтгэгч шүүгч хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан тул товч тайлбар хэлье.

 Урьд нь  нь энэ хэрэгт Х Банк ХХК-ийг төлөөлж оролцож байсан  зээлийн мэргэжилтэн С.Нарангэрэл нь нэхэмжлэлийн хувийг  гардан авч өгсөн хариу тайлбартаа:”Н.Б, н.О нарын авсан зээлтэй холбоотой өр төлбөрийг барагдуулах хугацаанд төлбөрт тооцож болох эд хөрөнгийг нь худалдан борлуулж барагдуулсан боловч хүүгийн төлбөр үлдсэн байсан. Эдгээр төлбөрийг төлөхийг шаардаж байсан” талаар тайлбарласан  байна.

 Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсон Х банкны захирал Н нь тус шүүх хуралдаанд хариуцагч талаас үлдэгдэл  төлбөрөө төлсөн гэх тайлбар гаргасан боловч энэ талаар Улсын дээд шүүхээс  дүгнэлт хийгээгүй тул энэ талаар  тодорхойгүй үлдсэн” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Б 2.433.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хийсэн гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 706.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 22-ний өдөр хийхэд зээлийн үлдэгдэл 2.433.000 төгрөгийн үлдэгдэл  байсныг мэдэж байсан. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэлтэй байсан гэдгээ жилийн өмнө мэдэж байсан” гэв.

8. Нэхэмжлэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүгийн төлбөрийн тухай асуудлыг хэлсэн. Энэ нь энэ удаагийн давж заалдах заалдах шатны шүүх хуралдаанд хамааралгүй гэж бодож байна. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөхийг хүссэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Яагаад гэвэл би төлөх ёсгүй мөнгийг төлсөн. Ийм учраас Х банкны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-гийн өгсөн тайлбарт хариу тайлбар хэлье. Надыг  706.000 төгрөгийг тухайн үед Н.Б төлсөн гэж хэлсэн. Тухайн үед би Амарсанаа ХХК-д ажиллаж байхад миний цалин Х банкны дансаар ордог байсан. Тухайн дансанд орсон цалингаас зээлийн төлбөрт суутгаж авсан тул би үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан ба  гурван шатны шүүх миний  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Хариуцагч Х банк ХХК-ийн Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2023/00234 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

             2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Х банк ХХК-ийн Увс салбарт холбогдуулан тус банкинд үндэслэлгүйгээр зээлийн төлбөрт шилжүүлсэн  2,433,369.23 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шаардлагын үндэслэлээ: “ бид 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөрийг бүрэн барагдуулсан байхад Х банк ХХК-ийн Увс салбар биднээс 2.440.879.23 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж бид банкинд төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон.

   Уг маргаан бүрэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын Дээд Шүүхэд хэрэг хянагдаж байх үед бид төрийн банкнаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авахаар  судлуулахад Монгол банкны лавлагаагаар та 2-ын нэр дээр Х банк ХХК-д муу ангилал бүхий 2,433,369.23 төгрөгийн өр төлбөр байна, үүнийг хаасны дараа цааш судлах боломжтой гэсэн хариу мэдэгдсэн. Бид Х банкинд хандан Монгол банкны лавлагаа, мэдээллийн сангаас муу зээлдэгч гэсэн жагсаалтаас Хаж өгөх хүсэлт гаргасан боловч төлбөрийг барагдуулсан тохиолдолд хасагдах боломжтой гэсэн хариу өгсөн тул бид аргагүйн эрхэнд бизнесээ явуулахын тулд уг төлбөрийг төлсөн.  

Уг төлбөрийг барагдуулсны дараа Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01533 дугаар тогтоол гарч, биднээс зээлийн төлбөр 2.440.879.23 төгрөг гаргуулах тухай Х банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бид Х банкинд зээлийн өр төлбөргүй болох нь эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Гэтэл Х банк биднээс үндэслэлгүй төлүүлсэн зээлийн төлбөрөө буцаан гаргаж өгөхгүй байна” гэж тайлбарласан байна.

            3. Хариуцагч  тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг  урьд нь шүүхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргажээ.

           4. Анхан шатны шүүх хариуцагч Х банк ХХК-ийн Увс салбарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

         4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж дүгнэв. 

          4.2. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Х банк ХХК-ийн Увс салбар нь  хариуцагч Н.Б, Д.О нарт холбогдуулан  2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу зээлийн хүүгийн төлбөр 2.423.899.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.480.01 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 2.440.879.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүх 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шийдвэрээр Х банк ХХК-ийн Увс салбарын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд  уг шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1533 дугаартай тогтоолоор тус тус хэвээр баталж шийдвэрлэсэн байна.  

          Дээрх шүүхийн шийдвэрүүдээр талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 10-ы өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу Н.Б нь Х банк ХХК-ийн Увс салбарт төлөх зээлийн төлбөргүй буюу гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон нь тогтоогджээ.  

         5. Нэхэмжлэгч Н.Б нь дээрхи зээлийн харилцаанаас үүссэн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу хяналтын шатны шүүхийн шийдвэр гараагүй байхад 2021 оны 03 дугаар сарын 19-ний  өдөр Х банк ХХК-ийн Увс салбарт зээлийн эргэн төлөлтөд  2.433.369.23 төгрөг шилжүүлсэн, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна /хх-ийн 097 дугаар тал/.

         Н.Б нь Х банк ХХК-ийн Увс салбараас авсан зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч нь 2.433.369.23 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэгчээр төлүүлснийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байвал уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн 2.433.369.23 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй,  хариуцагч буцаан төлөх үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х банк ХХК-ийн Увс салбараас 2.433.369.23 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуульд нийцсэн байна.    

          6. Хариуцагч Х банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээтэй холбоотой маргааныг  урьд нь шүүхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд нь зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн  маргааныг шийдвэрлэсэн байх ба харин нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний  өдөр Х банк ХХК-ийн Увс салбарт зээлийн төлбөр нэрээр үндэслэлгүй шилжүүлсэн 2.433.369.23 төгрөгийг буцаан гаргуулахтай холбоотой маргаан байх тул энэхүү маргааныг урьд нь шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан гэж үзэх үндэслэлгүй.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул  хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.884 / тавин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 152/ШШ2023/00234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53884 / тавин гурван мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН                                              

                   ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

                              ШҮҮГЧ                                       Н.МӨНХЖАРГАЛ