Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/0139

 

“БЗДЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НЗД-д холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч                    Ц.Цогт         

            Танхимын тэргүүн                 Ч.Тунгалаг                                           

           Шүүгчид:                                    Х.Батсүрэн

                                                               Д.Мөнхтуяа

            Илтгэгч шүүгч:                        П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:          Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 359 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 433 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 255 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, В.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Ц, Б.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн Д.Б, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 3539 мкв газар эзэмших эрхийг “БЗДЭ” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг НЗД-д даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: “БЗДЭ” ХХК-ийн эмнэлгийн зориулалтаар эзэмшиж байсан газраас 3739 мкв газрыг Д.Б, Д.Б нарт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчээс “...эмнэлгийн газрыг бидэнд мэдэгдэлгүйгээр зөвхөн нэг хувьцаа эзэмшигч Г.Д-ийн хүсэлтийг үндэслэн  түүний хүүд шилжүүлэн хууль зөрчсөн, тухайн газар дээр манай өмчлөлийн нэг давхар, 246 мкв хэмжээтэй, агуулахын барилга байхад өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэж, хариуцагчаас “тус компанийн Ерөнхий захирлаас хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт болон нотариатаар батлуулсан гэрээг үндэслэн маргаан бүхий газрыг шилжүүлсэн, хууль зөрчөөгүй” гэж тус тус маргаж байна.

4.Анхан шатны шүүх: “...газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргагч болон шилжүүлэн авагч этгээдүүдийн хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан, үүнийг нотариатч гэрчилсэн байгаа нөхцөлд тухайн гэрээ бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндсөн эсэхийг шалгах үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй, “БЗДЭ” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Г.Д- хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй,  компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Г.Д-аас хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ тус компанийн эзэмшил газрын эрхийг иргэн Д.Б-т шилжүүлэхээр талуудын хооронд байгуулсан гэрээ болон холбогдох бусад нотлох баримтуудыг ирүүлснийг үндэслэн хариуцагчаас А/840 дүгээр захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... Газрын тухай хуульд Засаг дарга нь талуудын хүсэлтүүд, түүнд хавсаргасан баримт, шилжүүлж авч байгаа этгээд нь газар эзэмших эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн нотолгоог хянаж, шийдвэрлэхээр зохицуулснаас үзвэл тухайн газрыг эзэмшиж байсан зориулалтаар нь шилжүүлэн авч, эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр байна. Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэхээр гаргасан Г.Д-ийн хүсэлтэд эмнэлгийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг эмнэлгийн ажилчдын орон сууц барих зориулалтаар Д.Бт шилжүүлэх талаар дурдсаныг хүлээн авч, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр зориулалтыг өөрчилж шилжүүлсэн нь хууль бус болсон, тухайн газар дээр тус компанийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж байхад шилжүүлэн авч байгаа этгээд нь эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг хянах үүргээ биелүүлэлгүй газар эзэмших эрхийг шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

6.Гуравдагч этгээд нарын өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.1.Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргахад тавигдах шаардлагад газрыг өмнөх зориулалтын дагуу дараагийн эзэмшигч эзэмшиж, ашиглах ёстой талаар хууль зүйн шаардлага тогтоогоогүй бөгөөд тухай газар эзэмших тухай хүсэлтэд зориулалтыг хэрхэн тодорхойлох зохицуулалт байхгүй.

6.2.Маргаж байгаа А/840 дүгээр захирамж нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “БЗДЭ” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр гарсан бөгөөд гүйцэтгэх удирдлага солигдсон явдал нь дээрх хэлцэл, түүний үр дүнд гарсан захирамжийг мэдсэн байх нөхцөлийг өөрчлөхгүй. Иймээс нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбартаа: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй. Д.Б нь эмнэлгийн зориулалтаар уг газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй эсэхийг захиргаанаас тусгайлан шалгах эсхүл Г.Д- нь газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ гаргахдаа мөн газар эзэмших зориулалтыг өөрчлөх хүсэлтээ захиргаанд илэрхийлэх шаардлагатай байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

9.Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар “БЗДЭ” ХХК нь 9874 мкв газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшиж байсан, үүнээс маргаан бүхий захирамжуудаар 3539 мкв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар иргэн Д.Б, Д.Б нарт тус тус шилжүүлсэн, захиргааны байгууллагаас ийнхүү шилжүүлэхдээ газар шилжүүлэх тухай “БЗДЭ” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Д, түүний хүү Д.Б нарын хооронд байгуулсан гэрээ, түүнийг нотариатаар батлуулсан үйл баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байна.

10.Гэвч энэ шийдвэр нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж ... болно”, 38.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”; 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж заасныг тус тус зөрчжээ.

11.Маргаан бүхий 3539 мкв газар дээр 264 мкв талбайтай, нэг давхар, угаалга, агуулахын зориулалттай  барилга байрлаж байх бөгөөд өмчлөгч нь “БЗДЭ” ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Гэтэл энэхүү барилгыг шилжүүлэн өгч байгаа эсэх, өмчлөлийн асуудлыг хэрхэх талаар захиргааны байгууллагаас тодруулаагүй, шалгаагүй буруутай байна.

12.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших ашиглах эрхтэй” гэж зааснаар “БЗДЭ” ХХК нь газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмших, ашиглах эрхтэй, түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд мөн зориулалтаар эзэмших, ашиглах үүрэгтэй атал газрын зориулалт өөрчлөн эзэмших эрх үүсгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, эмнэлгийн зориулалтаар газар эзэмшигч болон орон сууц, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшигч нарын эдлэх эрх, хүлээх үүрэг нь тус тусдаа, харилцан адилгүй тул “өмнөх эзэмшигчийн эрх үүргийн бүрэн хүлээх” хуулийн шаардлагыг хангахгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд маргаан бүхий захирамж нь газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа биш, харин шинээр газар эзэмших эрх үүсгэж байгаатай агуулгын хувьд адилхан шийдвэр болжээ. Хэрэв уг газарт шинээр, өөр зориулалтаар газар эзэмшүүлэх бол Газрын тухай хуулийн 21 дүгээр 21.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсэх зохицуулалттай байна.

13.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын 2.4-д “газар эзэмшигч газраа бүхэлд нь шилжүүлж байгаа тохиолдолд газрын зориулалт хэмжээг, газрын зарим хэсгийг шилжүүлж байгаа тохиолдолд газрын зориулалтыг өөрчлөхгүй” гэж заасныг зөрчиж, захиргааны байгууллага нь газрын зориулалт өөрчилж, маргаан бүхий захирамжийг гаргасан буруутай байна.

14.Иймээс давж заалдах шатны шүүхийн “...тухайн газрыг эзэмшиж байсан зориулалтаар нь шилжүүлэн авч, эрх үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх” тухай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, гуравдагч этгээдийн “шүүхээс газрын зориулалтыг өөрчлөн шилжүүлсэн гэх хуульд заагаагүй дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй юм.

15.Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын 4.1-д зааснаар газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын зориулалт өөрчлөгдсөн, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд газар ашиглалтын зориулалт тусгагдсан байдал, үүргийн бүсчлэл өөрчлөгдсөн, хүсэлт гаргагч аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн тохиолдолд газрын зориулалт өөрчилж болохоор зохицуулсан, энэ хэргийн тухайд дээрх нөхцөл байдал бий болоогүй байсан тул маргаан бүхий захирамжууд хууль зөрчсөн байна. 

16.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6.5-д “гүйцэтгэх захирал  Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх гэрээ байгуулах зэргээр эмнэлгийг төлөөлж үйл ажиллагаа явуулах”, 16.7.2-т “гүйцэтгэх захирал эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх” гэж тус тус заасан, тухайн тохиолдолд эрх шилжүүлж байгаа гэх “БЗДЭ” ХХК-ийн Ерөнхий захиралд Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл олгосон, багаар асуудлыг шийдвэрлэсэн баримт нотолгоо байгаагүй, байгууллагын тамга дарагдаагүй байхад захиргааны байгууллага шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

17.Иймд анхан шатны шүүхийн “БЗДЭ” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Г.Д хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй” гэх дүгнэлт буруу бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар зохицуулсан урьдчилсан шалгуурыг захиргааны байгууллагаас шалгах байсан, өөрөөр хэлбэл, “хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр газар эзэмших эрхээ шилжүүлэх” урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх, эмнэлгийн зориулалттай газрыг бусдад шилжүүлэх эрх хэнд, ямар хуулиар олгогдсон, ямар үндэслэлээр, ямар дарааллаар явагдах болохыг захиргааны байгууллага шалгах үүрэгтэй байсан.

18.Түүнчлэн анхан шатны шүүхийн “...Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, үүнийг нотариатч гэрчилсэн байгаа нөхцөлд тухайн гэрээ бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндсөн эсэхийг шалгах үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй” гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгч хуулийн этгээд газар эзэмшигч болохын хувьд үүргээ хэрхэн биелүүлсэн, газрын зориулалтыг өөрчлөх хангалттай үндэслэл бүрдсэн эсэх үйл баримтыг орхигдуулсан, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хувийн өмчит компанийн үйл ажиллагаатай адилтган үзсэн алдаатай дүгнэлт болжээ.

19.Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хэдийгээр иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдаж байгаа боловч тухайн гэрээгээр зохицуулах харилцаа нь Иргэний хуулиар биш, Газрын тухай хуулиар зохицуулагдаж, эрх үүрэг нь тодорхойлогдож, захиргааны байгууллага зөвшөөрснөөр хэрэгждэг гэрээ тул анхан шатны шүүхийн “...гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан Компанийн тухай хуулийн хүрээнд хийгдсэн” гэх дүгнэлт үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

20.Гуравдагч этгээдийн “гүйцэтгэх удирдлага солигдсон явдал нь захирамжийг мэдсэн байх нөхцөлийг өөрчлөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэл гаргасан” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллагаас маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд гардуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

21.НЗД-д 3539 мкв газар эзэмших эрхийг “БЗДЭ” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь тусдаа бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж, эрх зүйн үр дагавар шууд учруулахгүй, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор дагалдан үүсэх үр дагавар тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнээс үүсэх үр дагаврыг тодруулалгүйгээр, адил төрлийн асуудлаар захиргааны хэрэг үүсгэсэн байгаа нь буруу болохыг тэмдэглэв.

22.Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 433 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ЦОГТ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                Х.БАТСҮРЭН

                                                                                  Д.МӨНХТУЯА

              П.СОЁЛ-ЭРДЭНЭ