Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/шш2021/0359

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Д.Б, Д.БЧ

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн Д.Бт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн Д.БЧт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, уг захирамжид хамаарах 3539 м2 газар эзэмших эрхийг “Э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, У.Т, Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө, гуравдагч этгээд Д.БЧ, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, У.Т, Ц.Мнараас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Эт” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар 9874 м.кв газар эзэмших эрхтэй байсан ба 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар тус эмнэлгийн газрын 19-ний өдрийн1003 дугаар захирамжаар тус эмнэлгийн газрыг хуваан 1386 м.кв хэсгийг “Г” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, үлдэх хэсгийг 4903 м.кв, 3539 м.кв хэмжээгээр хоёр нэгж талбарт хуваан "Э” ХХК-ийн нэр дээр үлдээсэн байсан. “Г” ХХК-д газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн талаар 2019 оны 9 дүгээр сард Нийслэлийн газрын албаны архиваас хуулбарлан авсан хувийн хэргээс бид мэдсэн бөгөөд тухайн үед гарган өгсөн хувийн хэргийн бичиг баримтаас одоо маргаж байгаа 3539 м.кв нэгж талбар нь “Э” ХХК-ийн эзэмшилд хэвээр байсан болно. Улмаар “Г" ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлснийг хүчингүй болгуулахаар “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бид Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлж байна. Ийнхүү маргаж байх хугацаанд зөвхөн нэг хувьцаа эзэмшигч болох Б.Дийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга дахин тус эмнэлгийн газрын зарим хэсгийг буюу дээр дурдсан 3539 м.кв газар эзэмших эрхийг Б.Дийн хүү Д.Бт, Д.Бээс дахин Б.Дийн охин Д.БЧт шилжүүлэн өгсөн болохыг мэдлээ. Хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т нар энэхүү маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхээр маргасан боловч шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 6743 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх захирамждаа “...Нэхэмжлэгч Ш.Д, У.Т нар нь “Э" ХХК-ийг төлөөлөн тус шүүхэд нэхэмжлэл гаргахаар бол компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас, эсхүл компанийн төлөөлөн эрх бүхий этгээдээс итгэмжлэл авсны үндсэн дээр тус шүүхэд хандах боломжтой байна” гэж дүгнэсний дагуу “Э” ХХК-аас энэхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна.

Дээр дурдсан 3539 м.кв газарт “Э” ХХК-ийн өмчлөлийн Ү-22******* дугаар бүхий нэг давхар, 264 м.кв талбай бүхий гараж, угаалга, агуулахын барилга байдаг бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид болох бидэнд мэдэгдэлгүй, газар эзэмших эрхийг шилжүүлсэн Б.Д, Д.Б Д.БЧнарын үйл ажиллагаа, үүнийг үндэслэн шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг мөн ноцтой зөрчсөн байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална”, 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасны дагуу газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлсэн нь үл хөдлөх өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Компанийн дүрмийн 10.4-д гүйцэтгэх удирдлага болох ерөнхий захирлын бүрэн эрхийг заасан бөгөөд ерөнхий захирал Б.Д нь дүрмийн 10.4, 10.5, 10.4.8-д заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, энэ асуудлаар бие даан газрын алба Засаг даргад хүсэлт гаргах эрхгүй байна. Ерөнхий захирал нь хувьцаа эзэмшигчид /ТУЗ/-ийн зөвшөөрөлгүйгээр компанийн мэдлийн газрын зарим хэсгийг өөрийн хүү болох Д.Б, охин Д.БЧт шилжүүлж, хувьцаа ашиг хонжоо олжээ гэж үзэхээр байгаа төдийгүй энэхүү ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажжээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн Д.Б/РД:.../-т, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн Д.БЧ/РД:.../-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тус 3539 м.кв газар эзэмших эрхийг “Э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргал даалгаж шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э ХХК нь өөрийнхөө эзэмшил газрын тодорхой хэсгийг хууль бусаар бусдад шилжсэн газар эзэмших эрхтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э ХХК Нийслэлийн Засаг даргын 2015 оны А276 дугаартай захирамжаар 9871 га газар эзэмшдэг байсан. Үүний дараа 2017 онд газрыг гурав хуваасан. Үүнд 4903, 3539, 1386 гэж хуваасан. 1386 га талбайд Гүн тулга ХХК-нд шилжсэн. Үлдсэн 4903, 3539 хоёр нэгж талбарын хувьд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3539 талбайтай газар нь тухайн үед ерөнхий захирлаар ажиллаж байсан н.Дийн хүү Д.Бт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А1337 дугаартай захирамжаар уг 3207 га газар нь Д.БЧт шилжсэн байдаг. Энэхүү газрын эрхийг тухайн үед компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан н.Д нь өөрт хуулиар дүрмээр олгогдсон эрхийг хэтрүүлэн хэрэглэж их хэмжээний хөрөнгийг бусад хувьцаа эзэмшигчдээс нууж байгаад өөрийнхөө хүүхдүүд рүү үнэ төлбөргүй шилжүүлсэн гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Үүнийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан гэж харж байгаа. Тухайн эрх шилжүүлэх гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, тамга тэмдэггүй гэрээ хийгдсэн байдаг. Маргаан бүхий газар дээр Ү22******* бүртгэлийн дугаартай  264 метр кв граш, угаалга, агуулгын зориулалтаар ашиглагдаж байгаа барилга байдаг. Энэ барилга өнөөдөр Баянзүрх эмнэлгийн нэр байдаг боловч тухайн эд хөрөнгийн өмчлөгч этгээдүүдээс тодорхой зөвшөөрөл авахгүйгээр энэхүү газрыг шилжүүлсэн байгаа. Баянзүрх эмнэлгийн үл хөдлөх хөрөнгө эдлэх эрхийг хөндөж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална гэж байгаа. Мөн хуулийн 4.1.7 дахь хэсэгт газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан. Хэрэв Д.Б, Д.БЧийн нэр дээр эзэмших эрх нь баталгаажаад шилжээд явах тохиолдолд Э үл хөдлөх эд хөрөнгийг яах вэ гэдэг асуудал цаашид өмчлөх боломжгүй ийм үр дагавар үүсэж байгаа.. Бид нар хуулийн этгээд болох Э ХХК-иар нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Иймд Д.Бт газрын эрхийг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын А840, Д.БЧгазрын эрхийг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын А1337 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Тухайн 3539 м.кв газрыг буцааж Баянзүрх эмнэлгийн нэр дээр шилжүүлж өгнө үү. Анх Э хувьчлагдаад газрын эрхийг баталгаажуулж эмнэлгийн зориулалтаар ашиглуулна гэж хувьчилсан байдаг. Энэхүү зорилгыг зөрчиж Д.Б, Д.БЧнар газрыг эзэмшээд байна. Маргаан бүхий газрын буцааж авснаараа эмнэлгийн өргөтгөлийг барих, цаашид эмнэлгийн үйлчилгээг хөгжүүлэх, өргөжүүлэх талаар зориулагдах юм...” гэв.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гийн өмгөөлөгч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг бүрдэл хэсгийг тодорхой хуульчилсан байна. Газар эзэмших эрх хоёр хүнд шилжсэн. Д.Бээс, Д.БЧт шилжсэн эрхэд Д.Бт холбогдох эрхийг шүүх дүгнэлт өгөөд зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох боломжтой. Хохирол төлбөрийг төлж барагдуулахаар иргэний журмаар нэхэмжлээд явах боломжтой гэж байх боловч тийм зүйл байхгүй. Би “Э” ХХК-ийн хараат бус ТУЗ-ын гишүүн байгаа. Хувьцаа эзэмшигчдийн маргаанд миний бие хамаагүй. н.Д гэдэг хүн иргэний шүүх дээр тухайн эмнэлэг бүгд минийх гээд маргаад явж байгаа. Нотариатаар гэрчлүүлсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна. 11 дүгээр сарын 27-ны өдөр н.Д гэдэг хүн үзээд манай газар хоёр хуваагдсан талаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/1003 дугаар захирамжаар 3539 м.кв болон 4903 м.кв талбай бүхий 2 нэгж талбарыг “Э” ХХК-д эзэмшүүлсэн ба 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжаар “Э” ХХК болон “М” ХХК-ийн 3739 м.кв газрыг иргэн Д.Бт шилжүүлэн “газар эзэмших гэрээ” байгуулж гэрчилгээ олгосон байна.

Иргэн Д.Бт “Газар эзэмших эрх”-ийн гэрчилгээг шилжүүлэхдээ “Э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Дийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/220 дугаар албан хүсэлт, 2018 оны 4 дүгээр сөрын 23-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” нотариатаар батлуулсан гэрээ, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 20-05/1197 дугаар албан татвар төлсөн албан бичиг, тодорхойлолт болон холбогдох бусад баримтуудыг тус тус үндэслэн "Газар эзэмших эрх”-ийг шилжүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжаар иргэн Д.Бийн эзэмшил газрыг 522 м.кв-аар багасган иргэн Д.БЧт 3207 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамж нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын албан хүсэлт, “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” нотариатаар гэрчлүүлсэн гэрээ болон холбогдох бусад баримтуудыг тус тус үндэслэн гарсан.

Дээрх захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.БЧ, Д.Б нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан.

Иймд уг хэргийн нэхэмжлэгч нь “Э” ХХК бөгөөд нэхэмжлэл гаргасан төлөөлөгч нар нь тус хуулийн 17.2 дугаар зүйл заасны дагуу захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд юм.

Иймд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөөлөгч нар нь маргаан бүхий захиргааны актыг мэдсэн байх цаг хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацаанд хамаарахгүй болно.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д болон 60.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан гомдол гаргах хугацааг захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор байхаар тодорхой заасан байдаг.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа А/840 дугаар захирамж нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Э” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр гарсан байдаг.

Иймд нэхэмжлэгч нь уг захирамжийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мэдсэн байх бөгөөд гүйцэтгэх удирдлага солигдсон явдал нь дээрх хэлцэл, түүний үр дүнд гарсан захирамжийг мэдсэн байх нөхцөлийг өөрчлөхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн Нийслэлийн Засан даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаар захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан журмын дагуу өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн Д.БЧт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч уг захирамж нь нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндөж байгаа талаар тодорхой бөгөөд уг захирамж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй болно.

Учир нь дээрх захирамжаар иргэн Д.Бээс Д.БЧт газар эзэмших эрх шилжсэн бөгөөд уг нэхэмжлэгчтэй холбоотой ямар нэгэн эрхийг нь зөрчсөн үйлдэл огт байхгүй болно. Иргэн Д.Бт газар эзэмших эрх шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 захирамж хуулийн хүчин төгөлдөр, нэхэмжлэгч уг захирамжид гомдол гаргах хугацааг өнгөрсөн байгаа болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 54.2-т зааснаар “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Э” ХХК нэхэмжлэгч байгаа. Э гэдэг бол Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, хэн төлөөлөх нь тодорхой аж ахуйн нэгж байгууллага байгаа. Нэхэмжлэгч нар маргаан бүхий захирамжтай холбоотойгоор нэхэмжлэл гарган Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар процесс ажиллагааг зөв явуулсан эсэх талаар асуудал. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол хувьцаа эзэмшигч нарын шаардлага биш. Хувьцаа эзэмшигч нарын маргааныг шүүх шийдвэрлээд шүүгч хүчингүй болгосноор бид нар дахин гаргаж байна гэсэн зүйл биш. Хоёр өөр хуулийн этгээдээс нэг захиргааны актад маргаж байсан үйл баримт. Э ХХК энэ хэргийн нэхэмжлэгч байгаа. Нэхэмжлэгч гэдэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй этгээдийг хэлнэ гэж заасан. Э ХХК нь газар шилжсэн талаар хэзээ мэдсэн бэ гэдэг асуудал байна. Учир нь Газрын тухай хуульд зааснаар өөрийнх  нь эрх ашиг зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор эрх ашиг нь хөндөгдөж байгаа асуудлаар нэхэмжлэл, дээд шатны байгууллагад гомдол гаргана гэж заасан. “Бид 2019 онд мэдсэн. Тухайн үед Нийслэлийн архиваас хуулбарласан” гэдэг. “Бид” гэдэг үг хэлж байгаа нь миний ойлгож байгаагаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдсэн юм шиг байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий захиргааны актыг хэзээ мэдсэн гэдэг нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтад хамааралтай. Хэзээ мэдсэн байж болох талаар тодруулахад 2020 оны 01 дүгээр сард гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Д гэдэг хүн шилжүүлсэн учраас тухайн гарсан өдрөөс мэдсэн гэж хэдэг. Санхүү эрхэлсэн захирал мэдүүлэг өгөхдөө “газрын төлбөрийн асуудал надаар дамжин гардаг талаар хэлдэг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд газрын төлбөр нь багасаж ирсэн. Энэ талаар н.Энхтайван гэдэг хүн мэдэж байсан. Нэхэмжлэгч нар мэдсэн гэдэг нь маргаан бүхий захиргааны акт 9 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий А840 дугаартай захирамжийг хуулийн этгээд мэдсэн байна. Хуулийн этгээд мэдсэн учраас нэхэмжлэл гаргах хугацаа бол 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор гаргах байсан. Үүнийг хэтрүүлэн хуулийн этгээд гомдол гаргаж байгаа. 2020 онд гүйцэтгэх захирал солигдож байгаа. Гүйцэтгэх захирал солигдонгуутаа “би үүнийг мэдсэн” гэж нэхэмжлэл гаргадаг. Тухайн гүйцэтгэх захирал гэдэг бол тухайн хуулийн этгээдийн өмнө хийж байсан захиргааны актад үл хамаарах асуудал. Энэ хүмүүс Э ХХК-ийн нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байгаа.

Дараагийн асуудал нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл байгаа. Ерөнхий захирлаар ажиллаж байсан н.Д гэдэг хүн бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэхгүй, төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн. Тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэдэг зүйл ярьж байна. Өнөөдөр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой захиргааны хууль бус эсвэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа актын хууль зүйн үндэслэл дээр маргаж байгаа асуудал. Нийслэлийн Засаг даргын захирамж өөрөө ямар хууль тогтоомжийг зөрчиж гарсан талаарх асуудлыг тавих ёстой. Нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг ямар хууль тогтоомжоор зөрчсөн талаар нэг ч зүйл байхгүй. Мөн төлөөлөх эрхийн асуудал ярьж байна. Иргэн тамга тэмдэггүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэлдэг. Хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг асуудлыг бид энд дүгнэхгүй. Өөрөө хэлбэл иргэн хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэдэг асуудлыг шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Үүнтэй холбоотой маргаан байхгүй. Гэрээг гэрчилсэн нотариат өөрөө тайлбараа хэлсэн. Үүнд гүйцэтгэх захирал нь өөрөө дүрмээ авч орж ирээд газрын эрхээ шилжүүлье гэсэн. Газар эзэмших эрх нь компанийн нэр дээр байсан. Удирдлага нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн этгээд байсан. Тийм учраас газар эзэмших эрхийн гэрээг гэрчилсэн гэж хэлдэг. Тэгэхээр хууль бус, хуурамчаар хийсэн гэрээний асуудал яригдахгүй. Бусад хувьцаа эзэмшигчид мэдэгдэхгүйгээр гүйцэтгэх захирал эрх хэмжээгээр шийдвэрлэгдсэн зүйлийг өнөөдөр энд ярихгүй. Тухайн хэм хэмжээ нь иргэний хэрэг байгаа. Захиргааны актын хууль зүйн үндэслэл дээр хүчин төгөлдөр тул хүчингүй болгуулах зүйл байхгүй байна. Энэ нь зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А840 дугаартай захирамжийн хувьд тайлбарласан. Э ХХК хоёр этгээдэд шилжүүлсэн зүйл шиг нэхэмжлэлийн шаардлага хэлээд байна. Тийм зүй болоогүй. Өөрөөр хэлбэл 2018 онд газар эзэмших эрхийг иргэн Д.Б гэдэг хувь хүнд шилжсэн. Үүнтэй холбоотой асуудалд захирамж хуулийн дагуу гараад үүний дараа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр А337 дугаартай захирамжаар Д.БЧД.Бээс шилжсэн байдаг. Иргэн Д.Б хууль ёсны эзэмшиж байгаа газраа иргэн Д.БЧт шилжүүлсэн нь нэхэмжлэгч Э ХХК-ийн ямар эрхийг зөрчиж байна вэ. Иргэний эрх зүйн харилцаа, хуулийн этгээдийн харилцаа, захиргааны үйл ажиллагааг салгамаар байна. Мөн нэхэмжлэлийг хэн гаргаж байгаа талаар тодорхойлох ёстой. Бичсэнийг нь харахаар компани дүрмээ зөрчсөн гэж хэлдэг.

Хүчин төгөлдөр бус хэлцлийн асуудал нь Захиргааны хэрэг шүүхийн үйл ажиллагаа биш. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хоёр захиргааны акттай холбоотой. Батчимэгт шилжсэн захиргааны акт ямар захиргааны актыг зөрчиж байна вэ. Тэгэхлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Туулаас олгосон итгэмжлэлийн дагуу тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Д.Г, У.Т, Ц.Мнараас шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн Д.Бт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн Д.БЧт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, уг захирамжид хамаарах 3539 м2 газар эзэмших эрхийг “Э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...тус компани 9874 м2 газар эзэмших эрхтэй байсан, хувьцаа эзэмшигч Б.Д нь уг газрыг 3 хувааж бусдад шилжүүлэхдээ бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй,...Г ХХК-д шилжүүлсэн асуудлаар маргах явцад 2 хэсэг газрыг нь өөрийнхөө хүүхдүүд болох Д.Б, Д.БЧт нарт үнэ төлбөргүйгээр дамжуулан эзэмшүүлснийг мэдлээ...уг газар дээр байрлах гарааж нь компанийн өмч,...газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагч “...тус компанийн Ерөнхий захирал Б.Даас хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн “Э” ХХК-ийн эзэмшил газрын тодорхой хэсгийг Д.Бт, мөн холбогдох баримтуудыг үндэслэн Д.БЧт шилжүүлж захирамж гаргасан, уг захирамжууд хууль зөрчөөгүй...” гэж, гуравдагч этгээд нараас “...нэхэмжлэгч нь “Э” ХХК бөгөөд Э ХХК болон Д.Бийн хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэж А/840 дүгээр захирамж гарсан тул нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тухайн захиргааны актыг мэдсэн, Гүйцэтгэх удирдлага солигдсон нь тухайн захирамжийг мэдсэн байх нөхцлийг өөрчлөхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн..., хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосон Иргэний шүүхийн шийдвэр байхгүй...,Д.Бээс Д.БЧт газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй...тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарлан маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар тус компанийн газрыг 2 хэсэгт хувааж 1386 м2 газрыг “Г” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, үлдэх хэсгийг 4903 м2, 3539 м2 гэсэн 2 тусдаа нэгж талбарт хуваан “Э” ХХК-ийн эзэмшилд үлдээсэн, уг захирамж үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн Д.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар “М” ХХК-ийн /захирал Д.Б/ эзэмшиж байсан 200 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн дагуу “Э” ХХК-ийн эзэмшиж байсан 9874 м2 газартай нийлүүлж нэмэгдүүлж авахаар Г.Д, Д.Б нар хүсэлт гаргасныг  үндэслэн “Э” ХХК-д нийт 10074 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар 9874 м2 газрыг “Э” ХХК-д нийт 10074 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар 3739 м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай “М” ХХК болон “Э” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/276 дугаар захирамж болон 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжуудын эдгээр байгууллагуудад холбогдох заалтуудыг хүчингүй болсонд тооцсон байна.

Хариуцагчаас уг захирамжийг гаргахдаа, Э ХХК-ийн Ерөнхий захирал Б.Дийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01/220 дугаар бүхий “...А/1003 дугаар захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Д.Бт шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт, иргэн Д.Бээс мөн өдөр ижил агуулга бүхий хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргаж, уг хүсэлтдээ тус тусын газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, холбогдох бусад баримтууд болон мөн өдрийн огноотой “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хавсаргасан, уг гэрээнд 3539 м2 газрын эрхээ Э ХХК нь иргэн Д.Бт шилжүүлэх, эрх шилжүүлэгчээр Э ХХК-ийн Ерөнхий захирал Б.Д, шилжүүлэн авагч иргэн Д.Б нар тус тус гарын үсэг зурсан, харин “Э” ХХК-ийн тамга дарагдаагүй үйл баримтууд тогтоогдов.

Нэхэмжлэгчээс “...Г.Д болон Д.Б нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг захиргааны хэргийн шүүхээс шууд тогтоох үндэслэлтэй, учир нь уг гэрээг бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, өөрийнхөө хүүд компанийн газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн, сонирхлын зөрчилтэй, хууль зөрчиж хийсэн хэлцэл...байхад хариуцагч уг гэрээг үндэслэн эрхийг шилжүүлсэн нь хууль бус...” гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан тухайн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, өөрөөр хэлбэл нотариатын баталгаатай байсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатаар батлуулсан гэрээ”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргагч болон шилжүүлэн авагч этгээдүүдийн хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан, үүнийг нотариатч гэрчилсэн байгаа нөхцөлд тухайн гэрээ бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндсөн эсэхийг шалгах үүргийг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй, нөгөө талаар хүсэлт гаргагч “Э” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Г.Д хүсэлт гаргасан нь хуулийн дээрхи заалтуудыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, шүүхэд гэрчээр дуудагдсан Баянзүрх дүүргийн 184 дүгээр тойргийн нотариатч В.Б*******мэдүүлэхдээ “...уг гэрээг би гэрчилсэн, гэрээний талууд биечлэн ирж уг гэрээг байгуулсан, би гарын үсгээ зурж баталгаажуулсан нь үнэн” гэж мэдүүлсэн, мөн гэрч Г.Д шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ “...компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулсны үндсэн дээр хүсэлт гаргаж, гэрээ хийн газрын эрхийг шилжүүлсэн, одоо энэ талаар Иргэний хэргийн шүүхэд маргаан үүссэн байгаа...” гэж мэдүүлснээс үзэхэд тухайн гэрээ хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан болох нь тогтоогдож байна.

Нөгөө талаар, Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж зааснаар нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй, харин Компанийн тухай хуулийн хүрээнд хийгдсэн, хувийн эрх зүйн шинжтэй гэрээний маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан, тухайлбал “Б.Д болон Д.Б нарын хооронд байгуулсан гэрээ хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус гэрээ болохыг захиргааны хэргийн шүүхээс шууд тогтоох үндэслэлтэй, Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан...” гэх тайлбар хуульд нийцэхгүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн хуулийн 86 дугаар зүйлд “Хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэл гаргах эрх”, 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 86.2-т “Компани болон түүний энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учирсан хохирлыг энэ хуулийн 84.10-т заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заасан.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Э” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Г.Дийг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Компанийн захирлаар томилсныг бүртгэсэн, мөн тус компанийн дүрмийн “Гүйцэтгэх удирдлага” хэсгийн 10.8-д “Гүйцэтгэх захирал нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 10.8.1-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж энэ дүрмийн 10.4-т зааснаар ажлаа тайлагнан дүгнүүлэх, 10.8.6-д “Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ, хэлцэл хийх, компанийг төлөөлж, түүний бодлого, үйл ажиллагааны талаар бусад байгууллагатай шууд харилцах” гэх зэргээр түүний эрх, үүргийг тодорхой тогтоож өгчээ.

Үүнээс үзвэл “Э” ХХК-ийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Г.Даас хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ тус компанийн эзэмшил газрын эрхийг иргэн Д.Бт шилжүүлэхээр талуудын хооронд байгуулсан гэрээ болон холбогдох бусад нотлох баримтуудыг ирүүлснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн засаг даргаас А/840 дүгээр захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь хариуцагчийн гаргасан захиргааны акт нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус зааснаар хариуцагчийн эрх хэмжээнд болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр байна.

Хоёр. Нийслэлийн засаг даргын, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн иргэн Д.БЧт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн засаг даргын, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж заасныг тус тус үндэслэн үндэслэн Д.Бийн эзэмших эрх бүхий газрыг иргэн Д.БЧт шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч уг захирамжийг гаргахдаа Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дугаар зүйл, мөн иргэн Д.Б, Д.БЧнарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ” болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрээ, кадастрын зураг, Улаанбаатар хотын үйлдвэрийн болон зарим суурьшлын бүс газруудын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаар захирамж, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд татвар төлсөн баримт, фото зураг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэсэн байна.

Нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Э ХХК-ийн газар нь компанийн эзэмшлээс гараад иргэн Д.БЧт очоод байна, бид газрын эрхээ буцааж сэргээлгэх шаардлага гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжтай адил үндэслэлээр энэ захирамж хууль бус...” гэж маргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Д.Б Д.БЧнар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх” гэрээ байгуулснаар Нийслэлийн газрын албанд хандаж уг гэрээ болон холбогдох бусад нотлох баримтууд, тухайлбал иргэн Д.Б, Д.БЧнарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ” болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, газар эзэмших эрхийн гэрээ, кадастрын зураг, Улаанбаатар хотын үйлдвэрийн болон зарим суурьшлын бүс газруудын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дугаар захирамж, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд татвар төлсөн баримт, фото зураг зэрэг баримтуудыг хавсарган хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн засаг даргын, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийг гаргасан болох нь тогтоогдов.

Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байх бөгөөд Засаг даргаас мөн хуулийн 38.3-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж мөн хуулийн 38.4-т зааснаар шийдвэр гаргасан нь зөв байна.

Хариуцагч захиргааны байгууллагаас Талуудын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэсэн, тухайн гэрээний зүйл нь хэдийгээр “Э” ХХК-иас иргэн Д.Бт эрх шилжсэн газар мөн боловч уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа нөхцөлд уг гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэхээр захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан, мөн өмнө дурдсанчлан Захиргааны хэргийн шүүх тухайн гэрээний талаар дүгнэлт өгөх боломжгүй.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Харин “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь тус компанийн Гүйцэтгэх удирдлагын байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” хууль зөрчсөн эсэх асуудлаар болон Гүйцэтгэх удирдлагын хууль зөрчсөн эсэх асуудлаар Иргэний хэргийн шүүхэд маргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг Удирдлага болгон ТОГТООХ нь:

1.           Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус баримлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, У.Т, Ц.Мнараас гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн Д.Бт, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжийн Д.БЧт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус захирамжид хамаарах 3539 м2 газар эзэмших эрхийг “Э” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН