Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01242

 

 

2023 06 23 210/МА2023/01242 

Ө.Г гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Г гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н, Ш нд холбогдох, 2020 оны 09 сарын 22-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2020 оны 09 сарын 22-ны өдрийн *** тоот шийдвэрээр иргэн Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг төлбөр авагч А ХХК, төлбөр төлөгч А.Л ХХК байдаг бөгөөд 218,461,016 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах тухай гүйцэтгэх баримт бичиг юм. Одоогийн байдлаар энэхүү төлөх ёстой төлбөрөөс 119,334,000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед төлбөр төлөгч А.Л ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ө.Г ажиллаж байсан. 2016 оны эдийн засгийн хямралаас шалтгаалан түүнээс хойш үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд ашигтай ажиллаж байгаагүй. 2022 оны 07 сарын 27-ны өдрийн *** дугаар Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр А.Л ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Ө.Г чөлөөлөгдөж, Д.П тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр миний бие төлбөр төлөгчийн хувьд төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш болсон тул гадаадад зорчих эрхээ сэргээлгэхээр 2023 оны 01 сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Шийдвэр гүйцэтгэх албаны даргад хүсэлт гаргасан. Гэтэл 2023 оны 01 сарын 20-ны өдрийн *** тоот албан бичгээр Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэснийг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн албан бичигт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүй, төлбөрөөс зайлсхийх зорилгоор эрх, үүргээ бусдад шилжүүлсэн, төлбөр төлөгч А.Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр иргэн Ө.Г бүртгэлтэй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Ө.Г нь төлбөр төлөгч биш тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 сарын 22-ны өдрийн *** тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас татгалзаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч Н хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 сарын 28-ны өдрийн 1274 шүүгчийн захирамжаар А.Л ХХК-аас 218,464,016 төгрөг гаргуулж, А ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, компанийн дансанд байсан мөнгийг татан авснаар тус төлбөрийн 114,000,000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл төлбөр өнөөдрийг хүртэл хийгдээгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй. А.Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г ойр ойрхон гадаадад зорчих эрхээ түр хугацаагаар сэргээлгэж зорчиж ирсэн. Тэрээр өөрийн эрхээ эдлэхийн тулд компанийн гүйцэтгэх удирдлагыг дотооддоо сольж, Д.П гэх хүнийг томилж, манайд гүйцэтгэх удирдлагаа солиулах хүсэлт гарган улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Энэ үндэслэлээр өөрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгох хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрээр төлөгдөх өрнөөс сар бүр 3,000,000 төгрөгөөр төлж, одоо 4 дэх сардаа төлөлтөө хийгээд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хуулийн дагуу явагдаж байна. Манай байгууллага гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоолыг хүчингүй болгох эрх бүхий байгууллага биш. Манайх хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Ш хариу тайлбартаа: ...А.Л ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг үндэслэн түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар хариуцагч Ш нд холбогдох Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 сарын 22-ны өдрийн *** тогтоолыг хүчингүй болгож, Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэгч Ө.Г гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас татгалзсаныг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а.Анхан шатны шүүхээс Ө.Г г төлбөр төлөгч А.Л ХХК- ийн хувьцааг эзэмшдэг, Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдэг үндэслэлээр төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авах хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон байхад хариуцагч талаас эдгээр үндэслэлүүдээс зөвхөн 59.1.3-т заасан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэжээ. Ө.Г нь эх орондоо тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. *** тоот хаягт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ажил хэрэг, бизнесийн харилцаатай гадаад орнууд руу явж, ирж байдаг ба оргон зайлах шаардлага байхгүй нь түүний ажлын явцаас харагдана.

5.б.Ө.Г нь төлбөр төлөгч иргэн биш юм. А.Л ХХК үйл ажиллагаа явуулахгүй, алдагдалтай байсан хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирал гэх нэрийн дор явж байгаад 2022 оны 07 сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. А.Л ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, орлогын эх үүсвэртэй болох зорилгоор хүнд даацын машин механизмтай ажиллаж чадах, шаардлага хангасан боловсон хүчнийг сонгон ажиллуулж эхэлсэн нь шүүхийн шийдвэрийн дагуу А.Л ХХК төлбөрөө төлж байгаатай шууд холбоотой юм. Мөн энэ компанийн гүйцэтгэх захирал Д.П ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гарсан. Гэтэл шүүхийн шийдвэрт ...А.Л ХХК төлбөр төлөгч компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч компанийн хувьцаа эзэмшигч тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ... гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийг хязгаарлах шийдвэр гаргаж буй эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж хуулийн үндэслэлгүй гаргасан. Төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч байх нь төлбөртэй холбоотой үүргийг хүлээх үндэслэл болохгүй байна.

5.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн төлбөр төлөгч иргэн, төлбөр төлөгч хуулийн этгээдэд авах арга хэмжээ юм. Мөн хуулийн 59.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьд энэхүү арга хэмжээг удирдах албан тушаалтанд авч хэрэгжүүлэхээр заасан бөгөөд төлбөр төлөгч "А.Л ХХК-ийн хувьд Ө.Г нь удирдах албан тушаал хашдаггүй болох нь 2022 оны 07 сарын 27-ны өдрийн *** дугаар шийдвэрээр нотлогддог. Ө.Г г төлбөр төлөгч иргэн биш гэдэгт талууд маргадаггүй бөгөөд шүүхээс төлбөр төлөгч биш этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан нь хууль бус юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компани болон хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг хуульчилсан бөгөөд 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Гэтэл шүүх Ө.Г г хувьцаа эзэмшигч тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ө.Г ямар ч тохиолдолд "А.Л ХХК-ийн үүргийг хүлээхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Н , Ш нд холбогдуулан 2020 оны 09 сарын 22-ны өдрийн *** дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 40, 45/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас татгалзсан байна.

 

3.   Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 сарын 28-ны өдрийн 1274 дугаар захирамжаар хариуцагч А.Л ХХК-аас 218,448,514 төгрөг болон 1,250,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хх 47-49/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2013 оны 08 сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2020 оны 09 сарын 22-ны өдөр А.Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлжээ. /хх 51, 62/

Уг тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар Ө.Г гомдол гаргаагүй байна.

 

4.   А.Л ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Ө.Г г гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, Д.П ыг гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх 66/

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...Төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон тул гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шалтгаан арилсан, улмаар зорчих эрхийг сэргээх үндэслэлтэй... гэж тайлбарласан бол хариуцагч тал ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж маргасан байна.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал:

5.а.Шүүгчийн захирамж гарснаас хойш төлбөр төлөгч А.Л ХХК 7 жил, 4 сар орчим хугацаанд захирамжид заасан төлбөрийг төлж барагдуулаагүй явдал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасан төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэсэн үндэслэлд хамаарах тул хариуцагч байгууллагаас 2020 оны 09 сарын 22-ны өдөр төлбөр төлөгч компанийн захирал Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг буруутгахгүй.

5.б.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц уг эрхийг сэргээх зохицуулалтгүй байна.

5.в.Өмнө дурдсанчлан, хариуцагч байгууллагын 2020 оны 09 сарын 22-ны өдрийн тогтоолоор Ө.Г гийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна.

 

6.   Иймд төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон нь гадаадад зорчих эрхийг сэргээх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын тогтоолоор төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй, гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байх тул нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7.   Нэхэмжлэгч Ө.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр гадаадад зорчих эрхээ түр сэргээлгэх боломжтой.

 

8.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч анхан шатны шүүх маргаанд хамаарах эрх зүйн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01686 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...59 дүгээр зүйлийн 59.1, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т... гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.2-т... гэснийг ...7.1.4-т... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.НЯМБАЗАР