Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00799

 

Ч.Баттогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэр,        

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Баттогтохын нэхэмжлэлтэй

Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цогт-Очирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2013 оны 01 дүгээр сард аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст нярвын ажилд орсон. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сар хүртэл тухайн ажилд ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажлын ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Манай байгууллага Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагын бүх ажилчдад 45 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл зөвхөн надад хамааралтай биш. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар намайг бүтцийн өөрчлөлтөд оруулж, ажлаас чөлөөлөгдлөө гэж тэтгэмж олгох тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.

Миний ажиллаж байсан нярвын орон тоо хэвээр байгаа бөгөөд тухайн орон тоонд өөр хүнийг авч ажиллуулж байна. Миний орон тоо хасагдсан бол 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч чөлөөлөх ёстой байх. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 тоот тушаалаар тэтгэмж олгоод ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь асруулагчдын зуны нөхцөлд ашигладаг 3, ахмадын сувиллын 2 гэрийг асруулагчдын байрны дэргэд хурааж хамгаалалтын горим алдагдсанаас цас бороонд норж, дээвэр, туурга, гэрийн мод, шал хөгзөрч, зарим нь дахин ашиглагдах боломжгүй болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйл, 132.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эд хөрөнгийн тооллого хийж, хөрөнгө нэгтгэх явцад складны дээврийн дусаал гоождог хэсгийг засах талаар үүрэг чиглэл өгсөн боловч биелүүлээгүй. Нярваар ажиллах 3 жилийн хугацаанд няравын тайланг нэг ч удаа бие даан гаргаж үзээгүй, олон дахин шаардуулж, шахуулж байж нягтлан бодогч үлдэгдлийг нь шахаж нярвын тайлан гаргадаг зэрэг зөрчил гаргаж байсан. Бүтцийн өөрчлөлтөөр 2 хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж үйл ажиллагааны хүрээ өргөжиж, нярвын хийх ажлын чиглэл, ачаалал ихэссэн. Урьд нь ажил үүрэг гүйцэтгэж байсан явцаас харахад Ч.Баттогтохыг ажлын ачаалал дааж, хурдан шуурхай ажиллах, тайлан тооцоог цаг хугацаанд нь гаргах чадваргүй гэж үзсэн. Ч.Баттогтох нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байсан.

Ч.Баттогтохыг мэргэжил, ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй гэж үзэн нярвын үүрэгт ажилд дахин томилохоос татгалзсан. Ч.Баттогтох нь намайг ажилд томилогдох үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан болно.

Иймд хуулийн хүрээнд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар олгосон. Ч.Баттогтохын нэхэмжлэлийг хангах боломжгүй гэжээ. 

 

Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтохыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу нярвын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баттогтох нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70 200 төгрөг гаргуулж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

2016 оны 8 дугаар сард аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж улмаар татан буугдсан 2 хэлтсийн 85 ажилтныг чөлөөлж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн сангийн хамт шилжүүлсэн 2 хэлтсийн даргын тушаал гарсан байдаг. Иймд 33 ажлын байр хасагдаж, цөөрсөн 52 ажлын байрны 85 ажилтнуудыг томилон ажиллуулах боломжгүй тул цалингийн сан нь шилжиж ирсэн тул бүх ажилтнуудад 45 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах, 2 хэлтсийн хөрөнгийн тооллого хийх, хөрөнгө нэгтгэх, хаалтын баланс гаргах, ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж ажил байдалтай болон хувийн хэрэгтэй танилцах, 33 ажилтны тэтгэмж, тэтгэлгийг холбогдох яам, газруудад тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь ажлаас чөлөөлөгдөж буй ажилтнуудын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт хийсэн үйл ажиллагаа юм.

Аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шинээр байгуулагдсан. Энэ хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 2016 оны Б/21 тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн 52 байхаар тогтоосон төдийгүй үйлчилгээний ажилтан нийт 4 байхаар заасан тул байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүрэг, ажлын ачаалал зэргийг харгалзан дараах ажлын байр байгууллагын бүтцэд зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж нярав 1, угтах үйлчилгээний ажилтан 1, жолооч 1, үйлчлэгч 1 байхаар тус тус тогтоосон.

Иймд Хөдөлмөрийн хэлтэс ба Халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан 2 няравын нэг болох Ч.Баттогтохын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан болно.

Улмаар Ч.Баттогтоход өгсөн мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болоход Ч.Баттогтохтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсныг баталгаажуулж, түүнд хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгох тухай Б/55 тоот шийдвэрийг гаргасан. Тус тушаалын үндэслэх хэсэгт ажилтны хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр дуусгавар болгож, тэтгэмж олгож байгааг тодорхой заасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дахь заалтад “...Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргана” гэж заажээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.Баттогтоход өгсөн мэдэгдэл болон Б/55 тоот тушаалын үндэслэх хэсгээс ажил олгогч ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгосон болохыг тодорхойлох бүрэн боломжтой байх тул энэ тушаалыг ажил олгогчийн зүгээс ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл шүүхээс зөвхөн Б/55 тоот тушаалын тэргүүн хэсэгт бичигдсэн гарчигт дүгнэлт хийж, тушаалын гол зохицуулалтыг илэрхийлэх үндэслэх хэсэгт дүгнэлт хийлгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

...Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс татан буугдсанаар тус байгууллагад ажиллаж байсан бүх ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь орон тоо цөөрсөн ажлын байруудад ажилтныг шалгаруулахдаа төрийн албан хаагчийн баталгааны тухай Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн юм.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны орон тоо цөөрсөн нөхцөлд тухайн ажлын байранд ажиллах ажилтныг сонгон шалгаруулах үндэслэл, журмыг тогтоогоогүй байх ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь төрийн захиргааны байгууллага болохын хувьд төрийн албаны суурь харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл, заалтыг хэрэглэсэн болно. Энэхүү зохицуулалт нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай тусгай зохицуулалт агуулаагүй харин ерөнхий байдлаар төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчилсан байх тул төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ч дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна. Ч.Баттогтоход тэтгэмж олгох тухай Б/55 тоот тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тодорхой заасны зэрэгцээ Ч.Баттогтох нь албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж ирсэн болохыг холбогдох баримтуудын хамт шүүхэд хүргүүлсэн атал шүүхээс ямар шалгуураар Ч.Баттогтохын хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон нь тодорхойгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Баттогтох хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбартаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан бөгөөд татан буугдсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн эд хөрөнгө, өр, авлагыг тооцож, нэгтгэх ажил зохион байгуулагдахад Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн няравын ажилд зөрчил дутагдал илэрсэн байдлыг заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б\21 дүгээр тушаалаар  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын орон тооны дээд хязгаарыг тогтоожээ \хх-ийн 33-34 дүгээр тал\. Уг тушаалд зааснаар шинээр байгуулагдаж буй аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцэд няравын орон тоо байхгүй, харин үйлчилгээний ажилтан 4 гэж заасан  байна.  Хөдөлмөр, халамжийн газар энэ 4 орон тооны нэгд нь нярав ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

 

Хоёр хэлтэс нэгдэж, нэг газар болсонтой холбогдуулан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад мэдэгдэл хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагджээ \хх-ийн 35 дугаар тал\. Ажил олгогч ийнхүү мэдэгдэл гардуулснаас хойш 44 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б\55 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Ч.Баттогтоход ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг олгож, ээлжийн амралтын болон холбогдох тооцоо хийхийг заажээ. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг үндэслэл болгосон байна \хх-ийн 2 дугаар тал\.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ч.Баттогтохын нэхэмжлэлийн агуулгыг анхаарч, шаардлагыг нь зөв тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, нийгмийн үйлчилгээний газрын няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон боловч тэрээр шинээр байгуулагдсан  Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын няраваар ажиллаж байгаагүй, харин татан буугдсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст няраваар ажиллаж байгаад орон тооны цомхтголд орсон байна. Энэ тохиолдолд түүний шаардлагыг эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох бус харин шинэ ажил албан тушаалд томилуулах гэж ойлгоно.  

 

Хэрвээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан   “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлийг зөрчиж, орон тоо, бүтцийн өөрчлөлт ороогүй байхад ажилтныг ажлаас халсан, эсхүл энэ зүйлийн 40.5.-д зааснаар  хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй бол ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцласан ажиллагааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, ажилтныг ажилд эгүүлэн тогтоох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Харин нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан хэлтэс татан буугдсан үйл баримтыг үгүйсгээгүй, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны талаар маргаагүй, мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан үйл баримтыг үгүйсгээгүй, харин нийт ажилтанд бус зөвхөн өөрт нь тухайлсан мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарласан тохиолдолд ажил олгогч шинээр байгуулагдсан газрын няравын ажилд нэхэмжлэгчийг сонгон авч ажиллуулаагүй үйл баримтын үндэслэл, шалтгаан яригдана.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн газар нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа энэ асуудлаар тодорхой тайлбарласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баттогтохын няраваар ажиллаж байсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдсан, татан буугдаж буй хэлтсийн ажилтнуудад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар мэдэгдэл гардуулсан, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт няравын орон тоо байхгүй нөхцөлд үйлчилгээний ажилтны нэг орон тоонд нярав ажиллуулах, энэ ажилд хэнийг  ажиллуулах зэрэг асуудлыг ажил олгогч бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаагүй байх тул хариуцагч төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 85 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох няравын ажилд  эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Ч.Баттогтохын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

              ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН