Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн  Улаангом сумын 4 дүгээр баг, 14-19 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО82081307, Б овогт Я.Т-ийн,

Хариуцагч: Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д  холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.814.105 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.Э, нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д авлага барагдуулагчаар ажиллаж байтал Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 94 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр намайг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон. Ингээд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Зүүнхангай суманд намайг түр хугацаагаар ажиллуулж байгаа. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халж 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх буюу 5 сар ажилгүй байсан хугацааны цалин 3.814.105 төгрөгийг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас нэхэмжилж байна. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авлага барагдуулагч Я.Т нь манай компанид мөрдөгддөг монтёрын цаг зэргийн тарифт цалингаар цалинжин ажиллаж байсан. Энэ журмын дагуу монтёрын 4-р зэргийн тарифт цалингаар үндсэн цалин тогтсон байсан. 4-р цаг зэргийн тарифт цалин 2195.37 төг/цаг юм. Энэ үндсэн цалин дээр бусад нэмэгдлүүд цалин бодогддог. Я.Т нь дээр заасан хугацаанд манай компанид ажиллаж байгаагүй тул цаг зэргийн тарифт цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны цалинг нь олгохыг зөвшөөрч байна. Тарифт цалингаар тооцвол нэхэмжлэлийн шаардлагаас 1.421.921 төгрөгийг төлөх боломжтой” гэв. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Т нь хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д  холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.814.105 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр Я.Т-ийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Я.Ттай тохиролцон түүнийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн Зүүнхангай сумын салбарт байцаагчийн ажилд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Я.Т нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “... ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж зохицуулсан байх ба Я.Т-ийн 01242155 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны бичилт хийгдсэн бөгөөд түүний дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцох гэсэн боловч нэхэмжлэгч нь “2017 оны 2 дугаар сард тус сарын цалин дээрээ нэмж 13 дахь сарын цалин авсан тул цалин нэмэгдэж бичигдсэн” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Я.Т-ийн дундаж цалин хөлсийг 2017 оны 1, 3, 4 дүгээр сарын дундаж цалингаас тооцсон болно.

 

Иймд дээрх журмыг баримтлан нэхэмжлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх нийт 4 сар 27 хоног /2017 оны 5 дугаар сарын 10-31-ний өдрийг хүртэл ажлын 16 хоног, 2017 оны 6-9 дүгээр сар, 2017 оны 10 дугаар сарын 01-17-ны өдрийг хүртэл ажлын 11 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин нийт 3.776.032 төгрөгийг /1 сарын дундаж цалин хөлс 718.450 төгрөг х 4 сар = 2.873.800 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 33.416 төгрөг х 27 хоног = 902.323 төгрөг/ хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Я.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.073 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч Я.Т-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээ буюу 3.776.032 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75.366 төгрөгийг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Я.Т-т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.776.032 /гурван сая долоон зуун далан зургаан мянга гучин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38.073 /гучин найман мянга далан гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч Я.Т-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д даалгасугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.975 /далан таван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 75.366 /далан таван мянга гурван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Т-т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ