| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00034/И |
| Дугаар | 134/ШШ2016/00099 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 134/ШШ2016/00099
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Ч-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “М Говьсүмбэр аймгийн Холбооны газарт холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн “М ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалаар ахлах инженерийн үүрэгт ажлаас намайг чөлөөлсөн. Миний бие нь П.Э даргаас ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ тодруулахад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи уусан гэсэн хариу тайлбарыг гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын цагаар архи уусан зүйлгүй, үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж, урлаг, спортын 6 дугаар их наадмын 3 өдрийн бичлэгийг сидинд шарж буулгах ажлыг Д. студид зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн тул ажлаас үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна. Намайг энэ өдөр ажил дээрээ байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд “М” ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Д.Ч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд үндэслэл нь:
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ч нь “М ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Ч-ийг ажлын цагаар, ажлын байран дээр, албан томилолтоор явахдаа удаа дараа архи уусан тул түүнийг ажлаас халсан гэж маргажээ.
Говьсүмбэр аймгийн холбооны газар нь “М ХК-ийн салбар бөгөөд тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т “газар, хэлтсийн удирдлагууд нь хариуцсан зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааныхаа чиг үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана” гэж, холбооны газрын дарга болон “М ХК-ийн Гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “холбооны газрыг удирдана” гэж заасан ба Говьсүмбэр аймгийн холбооны газрын даргын үүрэг гүйцэтгэгч болон Д.Ч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, аймгийн холбооны газрын даргын тушаалаар Д.Чинзориг нь ажлаас халагдсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар компанийн салбар нь компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна гэсэн заалттай нийцэж байх тул иргэний хэргийн хариуцагчаар “М холбоо” ХК-ийн Говьсүмбэр аймгийн холбооны газрыг оролцуулсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэг нь ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж, зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай юм.
Гэтэл Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ч-ийг удаа дараа архи уусан, удирдлагын зүгээс шаардлага тавихаар үл тоомсорлосон шинжтэй ханддаг тул Говьсүмбэр аймгийн Холбооны газрын ахлах инженерийн ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, ноцтой зөрчил гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Д.У Ш.Г Т.Б нар нь тус шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг өгөхдөө “Д.Ч 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи уугаагүй, согтуу байгаагүй” гэж мэдүүлсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ч утсаар ярьсан бичлэгийг нотариатаар баталгаажуулж, нотлох баримтаар өгсөн боловч энэ баримт нь Д.Ч согтуу байсан гэдгийг нотолж чадахгүйгээс гадна утсаар ярьсан хүмүүс хэн гэдэг хүмүүс болох нь тодорхойгүй тул энэ баримтыг Д.Ч согтуу байсан гэх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг заасан байх ба нэхэмжлэгч нь энд заасан зөрчлүүдийн аль зөрчлийг гаргасан болох нь тодорхойгүй, ажлын цагаар болон удаа дараа архи уусан, удирдлагын тавьсан шаардлагыг үл тоомсорлож ханддаг гэсэн үндэслэлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Ч Говьсүмбэр Х газрын ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцоход /10-р сарын цалин 640 000 + 11-р сарын цалин 352 000 + 12-р сарын цалин 832 000 = 1 824 000 : 3 сар = 608 000 (1 сарын цалин). Ажилгүй байсан хугацаа болох 5 сар 18 хоногийн цалин нийт 3 549 022 төгрөгийг /608 000 х 5 сар=3 040 000 төгрөг, 18 хоног х 28 279=509 022 төгрөг, 3 040 000+509 022 = нийт 3 549 022 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс ”М ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Д.Ч ажилд нь эгүүлэн тогтоосон тул 02 тоот тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд дээрх шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болох учраас шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 71 734 төгрөг, нийт 141 934 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд болох шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэж, баримт 22-ыг үйлдэж баримтжуулсан ба тэрээр шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэдий ч түүнийг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломжоор хангахын тулд шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлосон. Тус шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар Говьсүмбэр аймгийн Х газарт мэдэгдэх хуудсаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Иймд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ч“МХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын Ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Холбооны газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 549 022 төгрөгийг гаргуулж, Д.Ч олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141 934 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ