Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01307

 

2023 06 30 210/МА2023/01307

БНХАУ-ын иргэн CH-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01883 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CH-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э , Э ХХК нарт холбогдох, Э ХХК-ийн хувьцааны 15 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Э.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: БНХАУ-ын иргэн CH анх Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Э тэй 2011 оны 11 сарын 26-ны өдөр танилцсан бөгөөд тэр үедээ 15 хувийн хувьцааг худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу БНХАУ-ын иргэн CH болон Э ХХК-ийн захирал Д.Э нарын хооронд 2012 оны 04 сарын 26-ны өдрийн №*** тоот хувьцаа шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан гэрээний 1 дэх заалтад заасан 300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний буюу 1,890,000 юанийг хариуцагч Д.Э-ийн Голомт банкны *** тоот дансанд 2012 оны 05 сарын 08-ны өдөр шилжүүлж, мөн өдрөө хариуцагч Д.Э 1,890,000 юань хүлээн авсан талаараа тодорхойлолт гаргаж өгсөн. Гэтэл 2012 оны 05 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч CH-гийн төрсөн эх нь өвчний улмаас нас барсантай холбоотойгоор нэхэмжлэгч БНХАУ руу яаралтай буцах болсон. Иймд талууд 2012 оны 05 сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан 2012 оны 04 сарын 26-ны өдрийн №*** тоот хувьцаа шилжүүлэх гэрээний 3 дахь заалтын биелэлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Улмаар Э ХХК-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны уул уурхайн танхимд 2015 оны 11 сарын 12-ны өдрийн №*** тоот албан бичгээр Өнөөдрийн байдлаар 2012 оны хувьцаа шилжүүлэх *** тоот гэрээний дагуу Э ХХК-ийн эзэмшилд байдаг Хавцалын ордын 15 хувийн хувьцааг БНХАУ-ын иргэн И.Ц эзэмшдэг болно. Хавцалын ордын 70 хувийг ӨМӨЗО-ны Уул уурхайн танхимын эзэмшилд шилжүүлэх боломжтой гэсэн саналыг гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн арга саам хийж гэрээний хугацааг хойшлуулан өдийг хүрсэн. Энэ асуудлаар нэхэмжлэгчээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу 2020 оны 01 сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 сарын 11-ний өдрийн 2500 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд БНХАУ-ын иргэн CH-г Э ХХК-ийн хувьцааны 15 хувийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани нь *** суманд хайлуур жоншны ордыг нээн илрүүлж, хайгуул хийж, улмаар 2006 оны 12 сарын 15-ны өдөр *** сумын Х*** нэртэй газар *** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. 2012 оны эхээр БНХАУ-ын иргэн CH нь уг ордод хөрөнгө оруулалт хийж, компанийн хувьцаа эзэмшигч болохоор анх өөрөө санал тавьж байсан. Д.Э нь БНХАУ-ын иргэн CH-г өмнө таньдаггүй байсан. Ийнхүү талууд уулзаж, хоорондоо харилцан тохиролцож 2012 оны 04 сарын 26-ны өдрийн №*** тоот Хувьцаа шилжүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, гэрээний үнэн зөвийг нотариатаар батлуулсан. Уг гэрээгээр БНХАУ-ын иргэн CH нь 300,000 ам.доллароор Э ХХК-ийн 15 хувийг худалдан авч, компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болох зохицуулалттай болно. CH нь 300,000 ам.доллартой тэнцэх хэмжээний буюу 1,800,000 юанийг Э ХХК-д 2012 оны 05 сард шилжүүлсэн нь үнэн бөгөөд уг мөнгийг ордын бүтээн байгуулалтад зарцуулсан. Мөнгө хүлээн авсны дараа гэрээний 3-т зааснаар мөнгө шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад шинэчилсэн бүртгэл хийгдэх ёстой байсан. Гэтэл БНХАУ-ын иргэн CH нь өөрөө БНХАУ руу явах болсон тул бүртгэлийн ажлыг хойшлуулах санал гаргаж, 2012 оны 05 сарын 14-ний өдөр Нэмэлт гэрээ-г бичгээр байгуулан Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнээс хойш CH нь ордыг ашиглахад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна, нэмж хөрөнгө оруулалт ав]я гэдэг байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг өөрөө хойшлуулсаар байсан ба өнгөрсөн хугацаанд бүртгэлээ хийлгэе гэж нэг ч удаа санал, шаардлага гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа БНХАУ-ын иргэн CH-ийг Э ХХК-ийн 15 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох гэж тодорхойлсон буюу талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 04 сарын 26-ны өдрийн №*** тоот Хувьцаа шилжүүлэх гэрээ-ний дагуу шаардаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-ийн 100 хувь эзэмшдэг Э ХХК-ийн нийт энгийн хувьцааны 15 хувийн эзэмшигч нь БНХАУ-ийн иргэн CH /И.Ц/ болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан №*** тоот гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн хэдий ч гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа, шаардах эрх хэзээнээс үүсэх талаар буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь:

а/. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох зохицуулалттай болохоос бүх харилцаа, бүх гэрээнд гэрээний хугацаанаас шууд тоолдоггүй;

б/. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч тал хувьцааны үнийг төлөх, хариуцагч тал хувьцааны үнийг хүлээн авснаар хувьцаагаа шилжүүлж бүртгэл хийлгэх үүргийг тус тус хүлээж байгаа буюу өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхойгүй, үүргийн шинж чанараас шалтгаалан тодорхойлох боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй,

в/. Тодорхойгүй хугацаагаар хойшлуулна гэдэг нь хэзээ бол хэзээ шаардаж болно гэсэн үг биш бөгөөд шаардах эрхийн хугацаа хуулийн зохицуулалтаар хязгаарлагдах ёстой юм.

4.2. Нэхэмжлэгч буюу худалдан авагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэж, хувьцааны үнэ болох 300,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх 1,800,000 юанийг худалдагчид төлсөн ба үүн дээр хариуцагч талын зүгээс маргахгүй. Хэдийгээр гэрээнд төлбөр төлөгдсөнөөр нэхэмжлэгч нь Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоор тухайлан заасан ч компанийн хувьцаа эзэмшигчийн хувь эзэмшил, бүрэн эрх хуулийн этгээдийн дүрэмд тусгагдсанаар баталгаажих бөгөөд Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу компанийн үндсэн баримт бичиг болох дүрэмд БНХАУ-ын иргэн CH-г хувьцаа эзэмшигчээр тусгаж, дүрмийн шинэчилсэн найруулгыг зохих журмын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, дүрэм хүчин төгөлдөр болсноор БНХАУ-ын иргэн CH-г Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж үзэж, хувьцаа эзэмшигчийн эрх үүсэх хуулийн зохицуулалттай тул хариуцагч Э ХХК-ийн зүгээс уг бүртгэлийг хийлгэсэн тохиолдолд гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

4.3. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогсох бөгөөд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Иймд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн ээж нь нас барж Монгол улсаас явж, БНХАУ-д байсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох бөгөөд уг нөхцөл байдал байдал арилсан үе буюу Монгол улсад буцаж ирсэн үеэс хариуцагч нь бүртгэлийн ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой тул уг үеэс хөөн хэлэлцэх хугацаа үргэлжлэх буюу тэрээр хариуцагчаас хувьцаа шилжсэнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хэдийд ч шаардах эрхтэй байсан.

4.4. Мөн талууд 2012 оны 04 сарын 26-ны өдөр №*** тоот Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулснаас хойш 18 хоногийн дараа буюу 2012 оны 05 сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулахаас өмнө буюу 2012 оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн гэрээний 3 дугаар заалтын дагуу нэхэмжлэгчид хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нэмэлт гэрээний дагуу түр зогссон байна. Э ХХК-аас 2015 оны 11 сарын 12-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Уул уурхайн танхимд хүргүүлсэн санал бүхий *** дугаар албан бичигт 15 хувийн хувьцааг тус улсын иргэн CH эзэмшдэг талаар дурдсанаас үзэхэд тухайн үед БНХАУ-ын иргэн CH нь компанийн хувьцаа эзэмшигч болохоо баталгаажуулж, бусдад нотлох хүсэлтэй байгаа илэрхийлж байсан тул энэ үеэс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж шинээр тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 11 сарын 12-ны өдөр дуусгавар болж байгаа тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно.

4.5. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж компанийн 15 хувийн хувьцааны төлбөрийг шилжүүлсэн боловч компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй буюу түүний хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгааг хариуцагч нарын зүгээс ойлгож, ухамсарлаж байгаа ба нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CH нь өгсөн төлбөрөө буцаан шаардах тохиолдолд нээлттэй харилцан тохиролцож шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлж байгаа. Гэвч эсрэг тэсрэг байр суурьтай, хоорондын маргаантай 2 этгээд хамтарч цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, ирээдүйд компани, хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан үүсэх нөхцөл байдал бий болохыг шүүх анхаарч үзэх ёстой.

4.6. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CH нь Э ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдгээ мэдээгүй, 2019 оны 10 сарын 16-ны өдрийн *** дугаартай албан тоотоор бүртгэлгүй байгааг мэдсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 05 сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээнд бүртгүүлэх хугацаагаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа гэдгийг маш тодорхой дурдсан ба талууд энэ нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргадаггүй. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 11 сарын 12-ны өдрийн *** дугаартай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Уул уурхайн танхимд хандсан албан бичгийг хийлгүүлж авахдаа нэхэмжлэгч нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдгээ мэдэж байсан тул дээрх албан бичгийг бичүүлж авч байсан болно.

Дээрх байдлаар, анхан шатны шүүх материаллаг эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, зөв хэрэглээгүй, мөн хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг тогтоолгүй дүгнэлт хийсэн байх буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу төлбөр төлөгдсөн. Нэхэмжлэгч нь 2019 он хүртэл хөрөнгө оруулалт хийснийг талууд хүлээн зөвшөөрдөг ба 2012-2019 онуудын хөрөнгө оруулалтын баримт хэрэгт авагдсан. Харин эрх зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Гэтэл 2019 он хүртэл нэхэмжлэгчийг тус компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч гэж төөрөгдүүлж, хөрөнгө оруулалт хийлгэж байсан. Э ХХК-аас Өвөр Монголын уул уурхайн танхимд ...БНХАУ-ын иргэн CH нь манай компанийн хайлуур жоншны ордын 15 хувийг эзэмшдэг... гэх агуулгатай албан бичгийг хүргүүлсэн. Компанийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэх, хувьцааг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх асуудалд хувьцаа худалдан авч байгаа этгээд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч төлбөрөө шилжүүлснээр түүний эрх, үүрэг дуусгавар болдог. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл, компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар бүрдүүлнэ. Иймд компанийн хувьцаа шилжүүлэх эрх, үүрэг Э ХХК-д байгаа бөгөөд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй юм. Нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээд компанид оруулсан хөрөнгийг ногдол ашгийг авахаар шаардахад хариуцагч өгөөгүй. Ингээд нэхэмжлэгч улсын бүртгэлийн газарт хандахад түүнийг Э ХХК-ийн 15 хувийн хувьцаа эзэмшигч биш болохыг мэдэгдэхэд цагдаагийн байгууллага болон шүүхэд хандсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй ба нэхэмжлэгчийн нэр дээр компанийн хувьцааг бүртгүүлэхэд түүнээс шалтгаалсан зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн хугацааг гэрээний 7-д ...хавцлын хайлуур жоншны ордын нөөцийг олборлож, борлуулалтыг бүрэн гүйцэтгэж, компанийн нийт хөрөнгө, өмчийг шийдсэнээр дуусгавар болно гэж заасан. Ашигт малтмалын газраас ирүүлсэн баримтаар тус ордын нөөцийн олборлолт дуусаагүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа үнэт цаас биш юм. Үүнээс гадна хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанаас тооцоход нэхэмжлэгч хугацаандаа шаардлага гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр шаардах эрхгүй гэж маргаж буй хариуцагчийн татгалзлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн CH /Цаашид CH гэнэ/ нь хариуцагч Д.Э, Э ХХК, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан Э ХХК-ийн хувьцааны 15 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нэхэмжлэлийг анх гаргаж, /хх 1-2/

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Э ХХК-ийн хувьцааны 15 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг Э ХХК болон Д.Э д даалгах, Э ХХК-аас 2,225,226 төгрөг, Д.Э эс 16,332,290 төгрөгийг тус тус гаргуулах гэж өөрчлөн, нэмэгдүүлж, /хх 103-107/

улмаар, Э ХХК-аас 2,225,226 төгрөг, Д.Э эс 16,332,290 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагаасаа татгалзаж, /хх 157/

шүүх хуралдааны явцад нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, Э ХХК-ийн хувьцааны 15 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох шаардлагаа дэмжсэн байна. /хх 184-арын нүүр - 185/

 

3.   Хариуцагч Д.Э, Э ХХК нар дээрх шаардлагыг ...хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч тал үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 39-40, 129, 133, /

 

4.   Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Э болон CH нар 2012 оны 04 сарын 26-ны өдөр *** тоот Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр CH нь Э ХХК-ийн хувьцааны 15 хувийг 300,000 ам.доллароор худалдан авах нөхцөлийг тохиролцсон байна. /хх 5/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

5.   Дээрх гэрээний дагуу 2012 оны 05 сарын 08-ны өдөр CH 300,000 ам.доллар буюу 1,890,000 юанийг Д.Э-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн боловч Э ХХК-ийн хувьцааны 15 хувийг шилжүүлэн аваагүй үйл баримт хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 11, 12/

 

6.   Улмаар талууд 2012 оны 05 сарын 14-ний өдөр Нэмэлт гэрээ гэсэн баримт үйлдэж, уг баримтад ...Д.Э , И.Ц бид 2012.04.26-ны өдрийн *** тоот гэрээний 3 дахь заалтын 10 хоногт багтаан гүйцэтгэнэ гэснийг И.Ц Хятад руу 2012.05.15-ны өдөр явах болсон учир тодорхойгүй хугацаагаар хойшлуулав... гэсэн агуулгыг тусгаж, хэн алины гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх 7/

Иймд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

7.   Хариуцагч ...Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн тоолно... гэж, CH ...2012 оны 07 сарын 22-ны өдөр Монгол улсад буцаж орж ирсэн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно... гэж татгалзал, гомдлоо тайлбарлаж байна.

Магадлалын хянавал хэсгийн 6-д дурдагдсан Нэмэлт гэрээ гэсэн баримтад тодорхой хугацаа заагаагүй, мөн талуудын байгуулсан 2012 оны 04 сарын 26-ны өдрийн гэрээний 7-д гэрээний хүчинтэй хугацааг Хавцалын хайлуур жоншны ордын нөөцийг олборлон дуусгаж, борлуулалтыг бүрэн гүйцэтгэж, компанийн нийт эд хөрөнгө, өмчийг шийдсэнээр уг гэрээ дуусгавар болно гэж тодорхойлсон байх тул анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж нэхэмжлэгч CH-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

8.   Түүнчлэн, хэргийн 8-р талд авагдсан Э ХХК-аас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Уул уурхайн танхим-д гэж хаягласан 2015 оны 11 сарын 12-ны өдрийн *** тоот албан бичигт ...Өнөөдрийн байдлаар 2012 оны Хувьцаа шилжүүлэх *** тоот гэрээний дагуу Э ХХК-ийн эзэмшилд байдаг Хавцалын ордын 15 хувийг БНХАУ-ын иргэн И.Ц эзэмшдэг болно... гэж дурджээ. /хх 8/

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж зохицуулсан байх тул ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.   ...Нэхэмжлэгч улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг өөрөө хойшлуулсаар байсан ба өнгөрсөн хугацаанд бүртгэлээ хийлгэе гэж нэг ч удаа санал, шаардлага гаргаж байгаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6-д Э ХХК-ийн хувьцааг шилжүүлэх үүргийг А тал буюу Э ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Э хүлээсэн байх тул ...улсын бүртгэлд бүртгүүлээгүй... гэж нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

10.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч үндэслэх хэсэгт дүгнэх хуулийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан, мөн нэхэмжлэгч зарим хариуцагчаас, зарим шаардлагаас татгалзсан байхад тогтоох хэсэгт тусгаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/01883 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1,... гэснийг хасч,

тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас татгалзсаныг, мөн хариуцагч Д.Э, Э ХХК нарт холбогдуулан гаргасан хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах шаардлага болон Э ХХК-аас 2,225,226 төгрөг, Д.Э ээс 16,332,290 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалтыг нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтад ...хариуцагчаас... гэснийг ...хариуцагч нараас... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.НЯМБАЗАР