Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00092

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,     

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00457 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ****************-т үйл ажиллагаа явуулдаг, “А” ХХК (захирал Х.Д)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****************-т оршин суух М овогт Х.Н, Ш овогт Е.Ш нарт холбогдох,

 

“Худалдаж авсан барааны үнэ 1,263,080 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч “А” ХХК нь **********-т хүнсний барааны бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Х.Н, Е.Ш нар нь шинээр нээж үйл ажиллагаа явуулж байгаа “А” супермаркетад “А” ХХК-аас зээлээр бараа болон тамхи авдаг байсан. Хариуцагч Х.Н, Е.Ш нар нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1,263,080 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан боловч тухайн зээлээр худалдан авсан барааны үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.2. Хариуцагч нар тухайн үед бараа хүлээж авчхаад нэхэмжлэгчийг огт танихгүй, тухайн үед бараа авч байгаа гэх агуулгаар тайлбар бичиж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нэхэмжлэгч компанийн захирал хариуцагч Х.Н-тай удаа дараа ярихад өр төлбөрөө төлнө, хүлээж байгаарай гэж хэлж байсан.

1.3. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр тайлбар ирүүлэхдээ бид ямар нэгэн бараа зээлээр авч байгаагүй гэж тайлбар ирүүлсэн байна. Гэвч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 3 ширхэг зарлагын баримтад зурсан гарын үсгийг хариуцагч Е.Ш үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичээгүй байна.

1.4. Харин шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч нар нь нэхэмжлэгч компаниас ямар нэгэн бараа авч байгаагүй гэж үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч нарт утсаар залгахад өр төлбөрөө төлж өгөх талаар хэлдэг байсан бол сүүлдээ утсаа ч авахаа больсон тул холбогдох нотлох баримтуудыг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд тухайн үед бөөний үнээр төлсөн барааны үнийг л авах гэж байгаа болохоос алданги, зээлийн хүү зэргийг нэхэмжлээгүй болно.

1.5. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Х.Н, Е.Ш нараас зээлээр авсан барааны үнэ 1,263,080 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал:

2.1. Бид “А” ХХК-аас ямар нэгэн зээл авч байгаагүй болно. Зээл авсан талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тиймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00457 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Н, Е.Ш нараас бараан үнэ 1,263,080 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга наян) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,864 (гучин дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Н, Е.Ш нараас 34,864 (гучин дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Х.Н миний бие “А” ХХК-тай ямар нэгэн харилцаа холбоо үүсгээгүй, өмнө ч зээл авч байгаагүй, гэтэл хариуцагчаар татаж, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гарсанд гомдол гаргаж байна. Надад ямар нэгэн бараа хүлээлгэж өгч байгаагүй, зээл авсан талаар надтай холбогдолтой ямар нэгэн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй болно.

4.2. Е.Ш миний бие “А” ХХК-аас ямар нэгэн зээл авч байгаагүй, зээл авсан талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрт дурдагдсан болон хавтас хэрэгт авагдсан 3 ширхэг зарлагын баримтад зурсан гарын үсэг нь миний гарын үсэг биш. 5 удаагийн үйлдлээр бараа хүлээлгэж өгсөн гэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 3 ширхэг “Зарлагын баримтад” “К” гэж бичсэн нь надад болон миний ажиллуулж буй “А” дэлгүүрт хамаарахгүй болно.

4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00457 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шүүхэд гаргасан тайлбарт:

5.1.  Хариуцагч нарын зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцсан боловч тухайн нотлох баримтуудыг үгүйсгээгүй. Хариуцагч Е.Ш 2 удаа бараа хүлээж авсан. 3 удаа А супермаркетыг ажиллуулдаг ажилтан К гэх хүн бараа худалдаж авсан.

5.2. Энэхүү хэрэгтэй холбоотой Х.Д-г гэрчээр асуулгасан. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Д нь А супермаркетын худалдагчид бараагаа хүлээлгэж өгөөд, баримтад гарын үсэг зуруулж авдаг байсан гэж гэрчийн мэдүүлэг өгсөн.

5.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Харин хариуцагч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө А ХХК-ний захирал Х.Д гэх хүн удаа дараа Х.Н-д холбогдож хэлсэн боловч хариуцагчийн зүгээс төлбөрөө төлнө гэж хариу өгсөн боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул шүүхэд хандсан байна.

5.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00457 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

ХЯНАВАЛ:

 

            6. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр хариуцагч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

            8. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас барааны үнэ 1.263.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 4 ширхэг зарлагын баримтыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Х.Д-г оролцуулан түүнээс гэрчийн мэдүүлэг авчээ.

 

            9. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бичмэл баримтууд болон гэрчийн мэдүүлгээр “А” ХХК болон хариуцагч Х.Н, Е.Ш нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бараа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд худалдан авагч худалдаж авсан барааны үнээ төлөх үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

10. Иргэний хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжүүлдэг ба нэхэмжлэгч өөрийн шаардлага ба үндэслэлийг нотлох, хариуцагч тухайн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх талуудын үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хуульчилсан.

Гэтэл зохигчийн хэн алинд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх эрх, үүргийн талаар хангалттай тайлбарлаж, энэ талаар баримтжуулсан байхад хариуцагч Х.Н, Е.Ш нар нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх, өөрийн татгалзлын үндэс болж байгаа баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас худалдаж авсан барааны үнэ 1.263.080 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

 

11. Хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул тэдгээрийн гомдол гаргахдаа хуульд заасан хэмжээгээр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2023/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Н, Е.Ш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.864 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

 

 

            с