Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00096

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,       

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ***********-т оршин суух А.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах, Баян-Өлгий аймаг дахь Л газар (дарга, дэд хурандаа Н.Б)-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ********* дугаартай шийдвэр (албан бичиг) болон Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн *********дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, өөрт ногдох хөрөнгийг гаргуулан шийдвэрлүүлж байсан. Шүүхээс надад ногдуулан шийдвэрлэсэн миний өмчлөлийн Ж сумын *** дугаар багт 400 м.кв газрын урьд талын нийтийн эзэмшлийн талбайд нэвтрэх хэсгийг З.Еад хууль бусаар эзэмшүүлж миний эрхийг зөрчсөн явдалд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж эрх ашгийг маань хамгаалан үлдээсэн.

1.2. Энэхүү өмчлөл бүхий газрын урьд талын чөлөөтэй газрыг эзэмшиж авахаар холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн байхад хууль бусаар татгалзсан Сумын засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл З.Е /түүний ах З.А/ маргаан бүхий газарт баригдсан 68,8 м.кв байшинд шүүхээс хүчингүй болгосон газрын гэрчилгээг ашиглан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ” авч, тухайн хөрөнгийг төрсөн ах нь болох З.А-гийн нэр дээр шилжүүлж өгч байсан. Миний бие 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргахад хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Х.Имашхан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ***** дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон.

1.3. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Л газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Аын ********* дугаартай шийдвэр гаргаж З.А-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олго гэсэн албан бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна. Б.Аын энэхүү албан бичиг хууль бус бөгөөд шүүхээс З.А-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олго гэсэн шийдвэр гараагүй байхад шүүхийн шийдвэрийг зөрчиж гүйцэтгэн, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна. Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Х.Имашхан нь тухайн хууль бус эд хөрөнгөд Зулхарнайн Айболатад дахин хууль бусаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ***** дугаартай, улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ олгосон ба үүний улмаас миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

1.4. Шийдвэр гүйцэтгэгч Б.А-ын хууль бус албан бичгийн дагуу олгосон энэхүү гэрчилгээг дахин хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогоор тус хэрэг эцэслэгдэн хянан шийдвэрлэгдээгүй байгаа.

1.5. Тодруулбал, Баян-Өлгий аймаг дахь Л газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А-ын ********* дугаартай албан бичигт улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахыг дэмжсэн байх ба үүнд хоёр зүйлийг үндэслэсэн байна. Тухайн албан бичигт З.А-ын хүсэлт болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэж З.А-д улсын бүртгэлийн гэрчилгээ олгож болно гэсэн байна. Төрийн байгууллагад гаргасан аливаа хүсэлт, өргөдөл огноотой байх ёстой. Гэтэл З.А-ын гаргасан гэх хүсэлтэд ямар ч огноо байхгүй. Миний зүгээс Баян-Өлгий аймаг дахь Л газрын Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.А-ын ********* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсний дараа тухайн хүсэлтийг З.А гаргасан болгоод гаргаж ирсэн гэж үзэж байна.

1.6. Нэхэмжлэгч З.А-ын хүсэлт албан бичиг гарахаас өмнө гарсан уу, эсхүл би шүүхэд хандсаны дараа гарсан уу гэдэг нь тодорхой бус байх тул хариуцагч нар шаардлага хангахгүй хүсэлтийг үндэслээд шийдвэр гаргасан байна гэж үзэж байна. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гэдэг боловч тухайн шүүхийн шийдвэрт З.А-д гэрчилгээ гарга гэсэн агуулгатай нэг ч үг байхгүй. Тиймээс ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Аын албан бичиг, шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр байна гэж үзэж байна.

1.7. Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн ***************** тогтоол мөн адил хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг гүйцэтгэх ёстой болохоос биш өөрсдөө санаачлаад ийм үйл ажиллагаа хийх ёсгүй. Тиймээс ахлах шийдвэр гүйцэтгэгч болон 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажил, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. Энэ нь хууль зөрчсөн үйл ажиллагаа гэдгийг жирийн хүн би мэдэж байхад хуулийн байгууллагад ажилладаг хүмүүс мэдэхгүй байна гэж байхгүй. Эдгээр хууль бус албан бичиг, шийдвэр, тогтоолуудад үндэслээд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр З.А нь хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байна.

1.8. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж хариу мэдэгдсэн ба дараагийн өдөрт нь З.А хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан байна. Тухайн мэдэгдэл хүргүүлсэн хуудаст газар эзэмших эрхийг хүчингүй болсон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр З.А-гийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурааж авсан гэсэн боловч 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахиад хууль бус үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Тиймээс би энэ талаар тодруулахаар Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А-тэй уулзаж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрчилгээг хурааж авсан байна, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрчилгээ Төрийн банкны барьцаанд байгаа, ийм байхад яагаад дунд нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ийм гэрчилгээ гаргасан бэ гэж асуухад, энэ асуудлыг хариуцаж байгаа улсын бүртгэгч мэдэх тул ямар нэгэн асуудал гарвал тэр хүмүүс нь хуулийн дагуу хариуцлага хүлээнэ, би зүгээр тамга дарж, гарын үсэг зураад өгсөн гэсэн тодорхой бус хариу өгсөн.

1.9. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрчилгээ хууль бус гарсан гэж үзээд хүчингүй болгуулахаар улсын бүртгэлийн байцаагч А.Ед хандахад тухайн гэрчилгээ Төрийн банкны зээлийн барьцаанд байгаа учраас хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгснөөр би уг гэрчилгээ банкны барьцаанд байгаа гэдгийг мэдсэн. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудсан. Үүний дагуу очиход З.А аль хэдийн очсон байсан ба М.Б надад ...та шүүхийн шийдвэрээр авсан хөрөнгүүдээ одоо хүлээгээд авч болно... гэсэн. Тэгэхэд би ганцаараа очиж чадаагүй, учир нь би очих болгонд З.А өөрийн төрсөн дүү З.Етай хамт намайг хэл амаар доромжилж, зоддог, тиймээс би шүүхийн шийдвэрийн дагуу авсан үл хөдлөх хөрөнгөө одоо хүртэл эзэмшиж чадахгүй байна, та цуг очооч ээ гэсэн. Тэгээд бид очиход З.А М.Бт хандаад 68.8 м.кв үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаад өгөөч ээ гэхэд М.Б шүүхийн шийдвэрт танд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх тухай үг байхгүй учраас танд гэрчилгээ гаргаж өгч чадахгүй, би зөвхөн хуулийн дагуу шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг гүйцэтгэнэ гэж хариу өгч байсан.

1.10. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг шийдвэрлэж, энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж дуусаад 2 жил өнгөрсний дараа хариуцагч нарын зүгээс хууль бусаар дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад, З.А-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай шүүхийн шийдвэр гараагүй байхад З.А тухайн хууль бус гэрчилгээг гаргаж авахад үндэслэл болгон эрх сэргээлгэх тогтоолыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гаргасанд гомдолтой байна.

1.11. Шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгөөс зуны байшинг З.А-д олгож шийдвэртээ тусгасан болохоос биш түүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг даалгасан агуулгатай ямар нэгэн үг шийдвэртээ тусгаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байхад Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, тойргийн шийдвэр гүйцэтгэгч нар гүйцэтгэх хуудасгүйгээр маргаан бүхий шийдвэрүүдийг гаргаж, эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

11.12. Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ гэж заасан. З.А нь улсын бүртгэгчийн түүний үл хөдлөх хөрөнгийг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа бол дээд шатны захиргааны байгууллага улмаар захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой байсан. Гэтэл З.А Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэрт хүсэлт гаргаж, улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч өөрт олгогдсон эрх хэмжээнээс хэтрүүлж, захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнээс ч хэтрүүлж З.А газрын нэгж талбарын дугааргүйгээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах боломжийг бүрдүүлсэн. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрт заагдаагүй ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийсэн, хуульд заасан үндэслэлээс давуулан бусдад давуу байдал олгосон асуудал болно.

1.13. Нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэгч нарын хууль бусаар эрх хэмжээгээ хэтрүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5-т зааснаар тухайн маргааныг шийдвэрлэсэн шүүхэд гаргасан болно.

1.14. Мөн Баян-Өлгий аймаг дахь Л газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Аын ********* дугаартай шийдвэрийг шүүх дэх захиргааны маргаантай танилцах үед мэдэнгүүтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу яаралтай дээд шатны албан тушаалтан буюу Баян-Өлгий аймаг дахь Л газрын тасгийн даргад гомдол гаргасан боловч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1352 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон хариуг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.15. Иймд Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ********* дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 241 дүгээр шийдвэрт тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Ж сумын *** дугаар багт байрлалтай 68.8 м.кв талбайтай зуны байрыг төлбөр төлөгч З.А-д олгож, бусад хөрөнгийг А.Ад олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрүүдийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдээд, 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Бт хуваарилагдсан.

2.2. Бидний зүгээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудын эрх тэгш байдлыг ханган ажиллах үүрэгтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцсон З.А-д шүүхийн шийдвэрээр олгосон үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохоос биш З.А-д давуу байдал олгосон тохиолдол байхгүй. Шүүхийн шийдвэрт тухайн үл хөдлөх хөрөнгийг З.А-д олгож шийдвэрлэсэн тул би зөвхөн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэж үзэж байна

2.3. Тухайн үед З.А 68.8 м.кв талбайтай зуны байшинд гэрчилгээ гаргуулахыг хүссэн хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Хүсэлтэд огноо нь байхгүй ч гэсэн З.А манай байгууллагад хүсэлт гаргасан ба тухайн хүсэлтийг нь ханган шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байдаг. Тиймээс З.А-гийн хөрөнгийн эрхийг сэргээсэн тухай тогтоол гаргасан.

2.4. Улсын бүртгэлийн байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн тохиолдолд хөрөнгийн эрх сэргээсэн тухай эрхийн акт гаргуулж авч ирэхийг З.Ааас шаардсаны дагуу З.А манай байгууллагад хүсэлт гаргаад, тухайн тогтоолыг гаргасан ба энэхүү тогтоолыг гаргаснаар З.А-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох боломжийг бүрдүүлээд өгсөн. 68.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан нүүлгэх тухай шүүхээс шийдвэр гараагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Бидний зүгээс хууль бусаар аль нэг талд давуу байдал олгосон зүйл байхгүй.

2.5. Шүүхээс гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг хуваарилж шийдвэр гаргадаг. Харин үүний дараа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтуудыг талууд өөрсдөө бүрдүүлэх ёстой. З.А-д шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийг олгож шийдвэрлэсэн боловч З.А өөрийн хөрөнгөдөө гэрчилгээ гаргуулж авч чадаагүй байсан учраас Улсын бүртгэлийн хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу манай байгууллагад хандсан.

2.6. Тийм учраас миний зүгээс маргаан бүхий албан бичгийг бичиж өгсөн. Нэхэмжлэгч А.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-гийн гомдлыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ********* дугаартай шийдвэр (албан бичиг) болон Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн *********дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаар магадлалаар иргэн З.А, А.А нарын гэр бүлийн дундын хөрөнгөөс Ж сумын *** дугаар багт байрлах зуны байшин буюу 16.836.673 төгрөгийг үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг З.А-д үлдээж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан З.А, А.А нарын хөрөнгийг хуваарилан өгч 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 08/332 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дуусгавар болсон байна. Ийнхүү гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр З.А тус газарт гаргасан хүсэлтэд “Шүүхийн шийдвэрт надад олгосон хөрөнгөд үл хөдлөх гэрчилгээ авахаар Улсын бүртгэлийн хэлтэст хандахад намайг 50,000 төгрөгөөр торгож гэрчилгээ авахаар бол шийдвэр гүйцэтгэх газраас хуульд зааснаар тогтоол ирүүлж гэрчилгээ гаргах учиртай юм байна 2 сар гаруй гэрчилгээ хөөцөлдөж гаргуулж чадаагүй хүсэлтийг минь хангаж өгөхийг хүсье" гэх амаар болон бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэж улсын бүртгэлийн хэлтэст тогтоолыг хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэн З.А-гийн нэр дээр ***** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ олгосон байна.

4.2. Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан тогтоол албан бичгээс болж нэг нэгэн хохироогүй гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр тус газраас иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор З.А-гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохоос эд хөрөнгөд ямар нэгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй болно. Шүүхийн шийдвэрээр З.А-д ногдсон зуны байрны 68.8 м.кв талбайтай гэдгийг З.А болон А.А нар нотолж байгаа.

4.3. Тус газраас шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтийг хангасан болохоос хэн нэгний эрх ашгийг хөндөх, давуу байдал олгосон асуудал гараагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд адил тэгш эрхтэйгээр оролцох юм. Гэтэл шүүх нэг талыг баримтлан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна. Гомдлын агуулгаас харахад шүүхийн шийдвэр болон хүсэлтийг баримталснаа дурдсан байна. Шүүхийн шийдвэр гараад 3-4 жил болж байгаа. Мөн тухайн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах талаар дурдаагүй

5.2. Хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гаргах эрхтэй байгууллага биш юм. Хариуцагч байгууллагын энэ үйл ажиллагаанаас болж эрүүл мэнд, эд хөрөнгийн асар их хохирол амсаж байгаа. Гэрт очихоор З.А надад шүүхийн шийдвэрээр гэрчилгээгээ гаргуулан авсан байгаа гэж намайг доромжилж гэрт оруулдаггүй. Өөрийн хуваарьт хөрөнгийг одоо хүртэл хэрэглэж чадахгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Л газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, М.Б нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлагдахгүйгээр, анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд зааснаар хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж, маргааны агуулгыг үндэслэлтэй тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн дүгнэлт хийсэн учраас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлыг хангасан байна.

 

7. Шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх, шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд бодитой дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлууд хангагддаг.

 

8. Нэхэмжлэгч А.А Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ********* дугаартай шийдвэр (албан бичиг) болон Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн *********дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан судалбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан байхад Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч үүнийг зөрчиж ********* дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан энэ хуулийн 6.2.6 зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 01 дугаартай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.6, 12.2.5, 12.2.7 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу тухайн тогтоолд хөрөнгийн эрх сэргээх хууль зүйн үндэслэлээ бичээгүй, тогтоол гаргах асуудлын агуулгыг зөв тодорхойлоогүй, мөн тогтоолд гомдол гаргах журам, хугацааг тусгаж өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан энэ хуулийн 6.2.6 зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх тул Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ********* дугаартай шийдвэр (албан бичиг), тус газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 01 дугаартай тогтоолыг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан тогтоол, албан бичгээс шалтгаалж нэг нэгэн хохироогүй, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор З.А-гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болохоос эд хөрөнгөд ямар нэгэн шийдвэр, гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтийг хангасан болохоос хэн нэгний эрх ашгийг хөндөх, давуу байдал олгосон асуудал гараагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараах үйл ажиллагаа хамаарна”, 44.2.1-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх;” гэж тус тус хуульчилсан. Баян-Өлгий аймаг дахь Л газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ********* дугаартай шийдвэр (албан бичиг) болон Баян-Өлгий аймаг дахь Л газрын 7 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн *********дугаартай Хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоол нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00037 дугаар магадлалд шийдвэрлэсэн тухайлсан асуудлын хүрээнд бус /уг шүүхийн шийдвэрүүдээр З.А-д тодорхой хөрөнгийг үлдээж шийдвэрлэсэн болохоос түүнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах асуудлыг тухайлан шийдвэрлээгүй/, харин мөн чанараараа иргэн З.А-гийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан, тухайн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд үл хамаарах арга хэмжээ байх тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй.

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ