Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00099

 

З.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00378 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************-т оршин суух, З.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Ж газар /дарга Н.С/, хамтран хариуцагч “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /дарга Н.Б/-д тус тус холбогдох,

 

Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг, “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Жанерке, нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:

1.1. З.М миний бие 2004 оны 10 дугаар сард "Т” өрхийн эрүүл мэндийн төвд анх ажилд орсон. 2013 оноос “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр Баян-Өлгий аймгийн “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоогдож тус төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байсан.

1.2. Намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн.

1.3. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага бөгөөд аймгийн Засаг дарга, аймгийн Ж газрын дарга нар нь өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг. “Т” өрхийн эрүүл мэндийн төв нь 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хувь нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж 18 гишүүнтэй болж, эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулахаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Нөхөрлөлийн хөрөнгийн 33,37 хувийн хувьцааг З.М би эзэмшдэг.

1.4. Нөхөрлөлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмд зааснаар өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх асуудлыг нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар, олонхын саналаар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу намайг Т" өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон. “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.13-д “Нөхөрлөлийн болон өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг үүсгэн байгуулагч нар тогтоолоор батална” гэж заасан. Аймгийн Ж газрын даргад өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох, чөлөөлөх, нөхөрлөлийн гишүүдийн хурлын тогтоолыг баталгаажуулах эрх хуулиар олгогдоогүй байна. Аймгийн Ж газрын дарга С.А намайг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Т өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэжээ.

1.5. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүн бус хүмүүс хуралдаж “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай" 01 дугаартай тогтоол гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Т БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Х.Е-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр томилсон.

1.6. Миний бие “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй. Өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан. Намайг “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсний дараа өрхийн эмчээр томилсон тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Намайг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/05 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1.7. Иймд Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг, Баян-Өлгий аймгийн “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, З.М намайг урьд эрхэлж байсан “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү

 

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газрын тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид Ж.Сунхар, Х.Тамара, К.Зоя, Х.Алия нарын нэр бүхий 9 хүнээс тус эмнэлгийн дарга З.М нь Нөхөрлөлийн тухай хуульд “нөхөрлөлд шинээр гишүүн орох, эсхүл нөхөрлөлөөс гарах, чөлөөлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулах ба энэ тухай хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан /эсхүл зуруулсан/, баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгч ашигласан, түүнчлэн санаатайгаар хуурамч тушаал гаргах замаар бусдын нэр дээр цалин гаргуулж авсан, мөн байгууллагад хандивласан мөнгийг завшсан тухай асуудлыг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандаж гомдол, мэдээлэл гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М-ийн хууль бус үйлдлүүд нь нотлох баримтаар хөтөлшгүй тогтоогдсон тул аймгийн Прокурорын газраас түүнийг эрүүгийн 1913002250283 дугаар хэрэгт холбогдуулан шалгаж байсан.

2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/42 дугаар прокурорын тогтоол болон Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ЦХШЗ/01 дугаар захирамжаар эрүүгийн 1913002250283 дугаартай хэргийн яллагдагч З.Мийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.3. “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хурал хийж “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.М-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь хүний их эмч Х.Е-ийг тус төвийн даргаар томилж шийдвэрлэсэн.

2.4. Өрхийн эрүүл мэндийн төвийн Дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолыг Засгийн газрын 2017 оны 7 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Мөн MNS 5292:2017 "Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа стандартын 6.1 дэх заалтад өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм”-ийг мөрдөж ажиллана гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дүгээр тушаал гарч, тус тушаалын 2.3.3 дахь заалтад “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ” гэж, 2.3.4 дэх заалтад “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хурлаар төвийн дарга З.М-ийг чөлөөлж, их эмч Х.Е-ийг тус төвийн даргаар томилж шийдвэрлэсэн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг гаргасан.

2.5. Ж газрын зүгээс “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг баталгаажуулах Ж газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг гаргасан. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг зарцуулах, гүйлгээ хийхэд нэгдүгээр гарын үсгийг баталгаажуулахад заавал удирдах дээд байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажуулалт хийлгэхийг шаарддаг тул аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Т” өрхийн эрүүл мэндийн төвөөс гадна 3 өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилсон бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн тогтоолыг Ж газрын даргын тушаалаар баталгаажуулж өгч байна.

2.6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

3. Хамтран хариуцагч “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн тайлбар, татгалзал:

3.1. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүд нь хуралдаад, шийдвэр гаргаад З.М-ийг тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.3.4 дэх заалтыг баримталсан.

3.2. Ингэж шийдвэр гаргах үндэслэл нь нэхэмжлэгч З.М нь нийтдээ 3 төрлийн алдаа дутагдал гаргасан. Нэгдүгээрт, өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Болатбек гэдэг хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон болгоод цалинг нь гаргуулж аваад өөртөө давуу байдал бий болгосон. Хоёрдугаарт, “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийг гишүүнчлэлээс нь чөлөөлж, гишүүнчлэлд элсүүлэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна, нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зураад, нотлох баримтууд хуурамч гэдгийг мэдсээр байж улсын бүртгэлд бүртгүүлсэн алдаа гаргасан байна. Гуравдугаарт, хандиваар орж ирсэн мөнгийг хувьдаа завшсан байна.

3.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 830 дугаартай тогтоолоор З.М-ийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн юм байна. Энэхүү шийтгэх тогтоол 3 шатын шүүхээр яваад эцэслэн шийдвэрлэгдсэн.

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж заавал биелүүлэх үүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

3.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00378 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч З.М-ийн Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг, Т өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Т өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ” гэснийг зөрчсөн.

5.2. Нэхэмжлэгч З.М би 2004 оны 10 дугаар сард “Т” өрхийн эрүүл мэндийн төвд анх ажилд томилогдож, 2013 оноос эхлэн “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01-р сарын 15-ны өдрийн “З.М-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/05 дугаартай тушаалаар “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас хууль бус чөлөөлсөн үйлдэлд гомдолтой байна.

5.3. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01-р сарын 15-ны өдрийн “З.М-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/05 дугаартай тушаалыг гаргахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

5.4. “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаан өөрөө хүчин төгөлдөр бус, хууль бус аргаар хуралдсан хуралдаан юм. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуралдааныг Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд зарлан хуралдуулах, мөн Нөхөрлөлийн хуралдааныг удирдах эрх бүхий этгээд буюу бүх гишүүдийн хурлаас томилсон этгээд (Нөхөрлөлийн гишүүн) удирдах журамтай юм. Энэ нь Нөхөрлөлийн дүрэмд мөн заагдсан байдаг. Гэтэл тухайн өдрийн хуралдааныг даргалж.удирдсан гэх Н.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн юм. Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлөгдсөн” учраас Бахытхан нь хууль бус ёсоор “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүнээс гарснаар тооцогдох журамтай.

5.5. Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээлгэдэг” хамтын удирдлагын байгууллага бөгөөд З.М би Нөхөрлөлийн хөрөнгийн 33,37%-ийн хувьцааг эзэмшдэг учраас саналын давуу эрхтэй гишүүн болно.

5.6. Нөхөрлөлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн Газрын 2015 оны 364 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Өрхийн Эрүүл Мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэмд зааснаар өрхийн Эрүүл мэндийн төвийн даргыг томилж, чөлөөлөх бүрэн эрх зөвхөн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байна. Харин Нөхөрлөлийн даргыг томилж чөлөөлөх, эсвэл Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас гарсан шийдвэрийг албажуулах, түүнийг баталгаажуулах эрхийг бусад этгээдэд, тухайлбал Баян-Өлгий аймгийн ЭМТ-ын даргад олгоогүй байна. Баян-Өлгий аймгийн ЭМТ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын “Тогтоол баталгаажуулах тушаал хүчингүй болгох тухай” Б/05 дугаартай тушаалаар З.М намайг “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөх эрхийн акт гаргаж байгаа нь албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлсэн, урвуулан ашигласан үйлдэл гэж харж байна.

5.7. З.М миний бие “Т” өрхийн эрүүл мэндийн даргын албан тушаал эрхэлж байсан хугацаанд Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, ажлыг хэвийн гүйцэтгэж байхад шалтгаангүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

5.8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00378 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газрын дарга Н.С давж заалдах шатын шүүхэд гаргасан тайлбарт:

6.1. З.М-ээс Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдуулан “Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан юм.  Хариуцагч Ж газар нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг үүгээр мэдэгдэж байна.

6.2. З.М-ийн ажиллаж байсан байгууллага нь болох “Т” өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж заасны дагуу Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу байгуулагдсан нөхөрлөлийн статустай байгууллага юм. Ж газар нь Өрхийн эрүүл мэндийн төвтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилладаг бөгөөд тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн засаглал болон хүний нөөцтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхгүй юм.

6.3. Иймд З.М-ийн Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдуулан гаргасан “Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.М-ийн Баян-Өлгий аймгийн Ж газар /дарга Н.С/, хамтран хариуцагч “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /дарга Н.Б/-т тус тус холбогдуулан гаргасан гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзээд, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч З.М нь Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг, мөн “Т” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Т өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

9. Баян-Өлгий аймгийн Ж газрын  2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 593 дугаар албан бичгээр “...З.М-ийн Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдуулан гаргасан Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай Тогтоол баталгаажуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт “давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн “тус газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Ж газар нь өөртөө холбогдуулан гаргасан З.М-ийн “Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай Тогтоол баталгаажуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” агуулгатай хүсэлт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж, Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Гэрээнд нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд олгохоор зааж болно” гэж,  21.6 дахь хэсэгт “6.Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” гэж заасантай бүрэн нийцсэн буюу өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болох  нөхөрлөлийн удирдах, төлөөлөх бүрэн эрх бүхий гишүүнийг сонгосон нөхөрлөлийн бүх гишүүдийн шийдвэрийг төрийн байгууллага болох хариуцагч Ж газрын дарга тушаал гаргаж баталгаажуулах хууль зүйн үндэслэлгүй, энэ нь түүний бүрэн эрхэд хамаарахгүй тул хариуцагч Ж газрын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

 

10. Шүүхийн шийдвэрийн хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /дарга Н.Б/-д холбогдох тус нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийн тус хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан боловч тус нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.6 дахь хэсэгт нийцээгүй тул уг тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

11. Хамтран хариуцагч “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолоор Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр тушаалын 2.3.4 дэх заалт, “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, тус нөхөрлөлийн удирдах, төлөөлөх бүрэн эрхтэй гишүүн буюу “Т” өрхийн эмнэлгийн дарга З.М-ийг даргын /удирдах, төлөөлөх бүрэн эрхтэй гишүүн/ үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Еийг “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилж, З.М-ийг тус төвд өрхийн эмчээр томилон ажиллуулахыг “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга /Х.Е/-д санал болгож, Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг зохих хууль, журмын дагуу хүлээлцүүлэхийг нөхөрлөлийн гишүүд /Ө.Айшуах, сувилагч К.Зоя, Х.Алия/ нарт үүрэг болгож, тус тогтоолыг зохих журмын дагуу аймгийн Ж газарт хүргүүлэн баталгаажуулалт хийлгэхийг нөхөрлөлийн гишүүн /Х.Алия/-д даалгаж, уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нөхөрлөлийн гишүүн /К.Зоя/-д үүрэг болгосон байна.

 

12. “Т өрхийн эрүүл мэндийн төв” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дээрх тогтоол нь Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно” гэж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай А/04 дүгээр тушаалын 2.3.3-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ”, 2.3.4-т “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны хийгээд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэгдсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

13. Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч З.М  нь “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон бөгөөд шүүхээс шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймээс энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

 

14. Нэхэмжлэгч “Т” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмчээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй, өөрт ногдсон ажлыг чанартай гүйцэтгэж байсан, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн” гэх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул түүнд уг асуудалд холбогдуулан, нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаас нөхөрлөлийг удирдах, төлөөлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн, өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, эмчийн ажилд авч ажиллуулахыг шинээр сонгогдсон эрүүл мэндийн төвийн даргад санал болгож шийдвэрлэсэн нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

15. Нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн, мөн түүнчлэн “Т” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолын 5 дахь заалтаар “Тус тогтоолыг зохих журмын дагуу аймгийн Ж газарт хүргүүлэн баталгаажуулалт хийлгэхийг нөхөрлөлийн гишүүн /Х.А /-д даалгасугай” гэх заалт нь Эрүүл мэндийн тухай болон Нөхөрлөлийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудад нийцээгүй байх тул тогтоолын уг хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

16. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын захим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газрын өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00378 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.6 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч З.М-ийн Баян-Өлгий аймгийн Ж газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай “Тогтоол баталгаажуулах, тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газар хүлээ зөвшөөрснийг баталж, хэргээс хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Т” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг томилох тухай” тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.М-ийн давж заалдах гомдлын хариуцагч Баян-Өлгий аймгийн Ж газарт холбогдох хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ