Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 51

 

Б.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1397 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1282 дугаар магадлалтай, Б.Н-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-н Н-.

Б.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “***” газарт иргэн Г.Б-гийн төрөлтийг удирдахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрөхийн хүндрэл үүсч улмаар нярай эмчлэгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Н-т эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх эсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-ийн эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, хохирогчийн хохирол төлбөрт 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Н-т холбогдох хэргийн дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Бат-Ерөөлт нар хамтран гаргасан гомдолдоо “...Хэргийг мөрдөн шалгах явцад шинжээчийн 269 дугаартай дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлтээр төрөлтийг удирдахыг зохицуулсан ямар стандарт, удирдамжийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн, уг зөрчил нь хор уршигтай шалтгаант холбоотой эсэхийг бүрэн дүүрэн эргэлзээгүй тогтоогоогүй, шүүх зөв үнэлж чадаагүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Тухайлбал 269 дугаартай дүгнэлтийн 1, 2, 3, 6 дугаартай хэсэгт: “...ургийн усны хэмжээ бага, толгой буруу тавилт, том ураг байсан нь кесеров мэс заслаар төрүүлэх заалттай байжээ...” гэсэн атлаа уг дүгнэлтийн 4 дэх хэсэгт “аарцгийн хэмжээнээс хамаарч кесеров мэс заслын заалтгүй байна” гэж кесеров мэс засал хийх асуудлаар 2 өөр утга бүхий дүгнэлт гаргасан. ...Кесеров хагалгаа хийх харьцангуй ба үнэмлэхүй заалт гэж стандарт заасан байдаг ба ямар, ямар шинжээр аль заалт нь байсан эсэхийг тогтоогоогүй, шинжээчийн дутуу, бүрэн гүйцэд биш дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй шийдвэр болохыг харуулж байна. Тус дүгнэлтийн 7 дахь хэсэгт “...төрлөгийн явцад ургийн толгойд вакум таталт хийснээс тархины хатуу бүрхүүл дор цус харвалт гэмтэл учирсан байна” гэжээ. Үүнийг эмчийн ямар буруутай ажиллагаатай холбоотой эсэх, эсхүл вакум таталт хийх шаардлага үүссэн үед уг ажилбарыг хийсэн нь зөв эсэх, эсхүл вакум таталт хийх шаардлага үүссэн үед уг ажилбарыг хийсэн нь зөв эсэх зэрэг асуудлыг тогтоогоогүй байхад эмчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан нотолбол зохих байдлыг бүрэн, эргэлзээгүй нотлоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна.

Вакум таталт хийх ажилбарыг “Жирэмслэлт, төрөлтийг удирдах арга зүй” удирдамжид вакум татал хийх заалт, түүнээс гарах эрсдэл гэх мэт анагаах ухааны асуудлыг тусгасан байдаг. Гэтэл шинжээч нар дүгнэлт гаргахдаа уг удирдамжийн болон вакум таталт хийх тухай ямар заалтыг хэрхэн зөрчиж ажилласныг тогтоогоогүй бөгөөд прокурор хэрэгт уг удирдамжийг Р-30 дугаарт “Вакум таталт хийх заалт болон вакум таталт амжилтгүй болох тохиолдол” зэргийг тусгасан байдаг. Энэ эрсдэл нь эмчээс биш ургийн болон эхийн анатоми-физиологийн онцлогоос хамаарах тухай ойлголт юм.

Шинжээч эмч Б.Ариунзул мэдүүлэхдээ “аарцгийн нарийн хэсэг рүү ураг орж ирсэн үед вакум таталт хийж төрүүлж болно” гэж мэдүүлсэн нь вакум таталт хийснийг зөв гэсэн утгатай ойлгогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэй, эргэлзээгүй тогтоохын тулд Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүд судлалын нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулах шаардлагатай төдийгүй жирэмслэлт, төрөлттэй холбоотой стандарт, удирдамжийг цуглуулж, үнэлж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ. 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “...Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнссэн нь буруу гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хоёрдмол утгатай магадлал гарсан. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл вакуум таталт хийсэн асуудлыг зөв, буруу эсэх асуудлыг тогтоох шаардлагатай. Энэ талаар тодорхой хэм, хэмжээний акт буюу стандартыг цуглуулах шаардлага байгаа. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын хувьд шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжээч томилох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан боломж байгаа гэж дүгнэж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Н-ийн гэм бурууг хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээрх зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр заалтыг хэрэглэсэн, мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан үндэслэлийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүх хангаж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар болон логик дүгнэлтэд түшиглэн сэргээн тогтоох учиртай.

Түүнчлэн шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоох шаардлагыг хангах хүрээнд хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан ач холбогдол бүхий хүсэлтийг зохих журмын дагуу хангаж шийдвэрлэх, мөн зайлшгүй тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг тогтоох үүднээс шинжээч оролцуулах, нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт зэргийг хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал хангагдах болно.      

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганбат, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан “...нотолбол зохих байдлыг бүрэн, эргэлзээгүй нотлоогүй тул хэргийг прокурорт буцаах” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1397 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1282 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Бат-Ерөөлт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                                         Б.БАТЦЭРЭН

    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН