Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1397

 

2020.07.30                                  2020/ШЦТ/1397

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Мөнхбадрал,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч М.Цэрэнбат, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн 2006 00552 0881 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Н, 1971 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, “Амгалан амаржих” газарт хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч ажилтай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 166-20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Нийслэлийн Амгалан амаржих газарт” иргэн Г.Бямбасүрэнгийн төрөлтийн удирдахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрөхийн хүндрэл үүсч улмаар нярай эмчлэгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эндсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тусламж үйлчилгээг үзүүлээгүй гэж хэлэхгүй. Тусламж үйлчилгээг зохих ёсоор стандартын дагуу үзүүлсэн. Хохирогч Бямбасүрэнгийн нэг дутагдалтай тал нь юу байсан бэ гэхээр бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй, өвчнөө нууж ирсэн. Энэ нь эмчилгээний тактикт маш муугаар нөлөөлдөг. Тэмбүү гэдэг өвчин нь гэдсэн дотроо ураг нас бардаг. Хохирогч 8 сартай өвдсөн байсан. Хэрвээ эмчилгээний түүх эсвэл хохирогч өөрөө өвчний талаар хэлсэн бол төрөлт удирдах арга барил нь өөр байх байсан гэж би бодож байна. Гэхдээ би нэгэнт нярай хүнд бүтэлттэй төрөөд нас барсан учраас өөртэй нь тохиролцоод нэхэмжилсэн хохирол 8 сая төгрөгийг барагдуулсан. Тухайн үеийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэв.

Хохирогч Г.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Анх үзүүлэхэд жирэмсний хожуу үеийн хордлоготой байна, даралт хаван ихтэй байна, яаралтай төрүүлнэ гэж хэлсэн. Би ксерво хагалгаагаар төрнө гэж хэлсэн боловч өөрөөр маань төрүүлнэ гээд төрүүлсэн. Сүүлд би гэрийнхэнтэйгээ уулзахад Н эмч хэлэхдээ дүлж чадахгүй байхаар нь хүүхдийг нь вакумаар татаж авсан. Тэр үед би багажаа алдаад толгойг нь гэмтээсэн гэж хэлсэн гэсэн..." гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10/,

Хохирогч Г.Бямбасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ ”Миний бие шүүгдэгч Б.Нт ямар нэгэн гомдол саналгүй, учир шүүх хуралд оролцохгүй болохоо мэдэгдэж байна. Мөн шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Миний хохирлын мөнгөн дүн болох 8 сая төгрөгийг барагдуулсан болно” гэжээ.

Гэрч Н.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүэхдээ: “...11 дүгээр сарын 26-ны өдөр бид нар хүнээр дамжуулж утсаа яриулсан бөгөөд та нар яасан их ар талтай юм гээд Бямбасүрэнг загнасан гэж Бямбасүрэн сүүлд хэлсэн. Бид хэд тухайн үед нь залгахад Н эмч утсаа авахгүй байсан. Манай ээж Н эмч рүү мессеж бичээд би нар хүүхдээ ксерво хагалгаагаар төрүүлмээр байна. Хүнээр яриулсанд уучлаарай гэж мессеж бичсэн байсан. Тэгсэн ч гэсэн утсаа аваагүй бөгөөд 11 дүгээр сарын 27-ны 21 цагийн орчимд Бямбасүрэнг төрөх орон дээр гарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хэд хүлээгээд байж байтал дүлж чадахгүй байна, дүлэхгүй байна гэнэ гээд байсан бөгөөд бид нар яаралтай арга хэмжээ авч өгөхгүй юм уу гэж доор байдаг жижүүрийнх нь хүмүүст хэлэхэд та нар санаа зоволтгүй. Хэрэв янз бүрийн хүндрэл гарвал ксерво хагалгаа хийгээд яаралтай арга хэмжээ авчихна. Н эмч хамгийн сайн эмч гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Ё.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний мэдэхээр 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н эмч жижүүртэй байсан бөгөөд Г.Бямбасүрэнгийн хувьд өөрөө өвдөөгүй байхад төрөлтийг эрчимжүүлсэн нь Н эмчийн алдаа болсон. Мөн бүтэлт үүсч байхад яаралтай хагалгаагаар шийдээгүй нь Н эмчийн алдаа болж байгаа юм. Гол нь өөрөөр нь төрүүлнэ /төрөх замаар гэх/ хэт туйлширснаас болсон гэж үзэж байгаа юм. Тухайн үед төрөлтийг Н эмч удирдаж төрүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Гэрч Н.Төгсбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019.11.27-ны өдөр би жижүүртэй байж байхад 11.50 цагийн орчимд хүн үзүүлье гэхээр нь үзэхэд Г.Бямбасүрэн гэх эмэгтэй байсан бөгөөд өглөө 08.40 цагаас хойш доошоо нороод байгаа гэж хэлсэн. Тэгээд ахлах жижүүр эмч Нийг дуудаж хамтарч үзсэн бөгөөд үзлэгийн үед ус бага зэрэг шүүрч байсан, ургийн талаас хэвийн байсан учир төрөх өрөөнд шилжүүлье гэж шийдвэр гаргаад шилжүүлсэн...Хэвийн төрөлтийн хувьд бол өөрсдөө шийдвэрээ гаргаад төрүүлэх боломжтой. Тухайн үед бол ахлах жижүүр эмчид мэдэгдсэний дагуу Н эмч өөрөө төрөлтийг удирдаж төрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 142/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед үзэхэд даралт хэвийн, хавантай байсан бөгөөд жирэмсний хожуу үеийн хордлогын хөнгөн хэлбэр байна гэж үзээд маргааш ирж хэвт, ксеров хагалгаагаар хийж болно, үзэж байж шийднэ гэж хэлэхэд Бямбасүрэн өөрөө хэлэхдээ би өөрөөрөө төрмөөр байна гэж хэлж байсан...Бямбасүрэнгийн хувьд 35-39 долоо хоногтой, төрөх болсон байсан бөгөөд 14.50 цагт би Бямбасүрэнг үзэхэд савны амсар 3 см нээлттэй, ургийн жинг ЭХО-д харахад 2 кг 900 грамм байсан бөгөөд ураг орчмын шингэн харьсгүй учраас сэдээлт хийж төрүүлье гээд 2.5 едниц оксдоциноор эрчимжүүлэхээр болж тариа хийсэн...Бямбасүрэнг 21.30 цагийн орчимд байх төрөхийн орон дээр гаргасан бөгөөд Бямбасүрэн дүлэлт өгч хүүхдийн толгой цухуйхад Бямбасүрэн дүлж чадахгүй байсан учир вакум таталт хийхээр болж жижиг аягаар соруулсан. Вакум таталт хийж байхад вакум 2 удаа мултарсан бөгөөд эхийн дүлэлтээр болон хэвлий, умайн ёроол хэсэгт тулж хүүхдийг гаргасан. Тэгээд хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаад 11 сарын 29-ний өдөр нас барсан...Г.Бямбасүрэн нь тэмбүү өвчнөөр өвчилсөн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй, жирэмсний эмгэгийн тасагт ч гэсэн хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Гэрч Г.Бадралмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би өдрийн ээлжинд гарч байсан бөгөөд 10 цаг 30 минутанд Ганбаатарын Бямбасүрэн нь 38 долл хоногтой, жирэмсний хожуу үеийн хөнгөн хордлого, жирэмсний ужиг дурьдатгалтай, үндсэн зовиур нь толгой өвдөнө, хааяа хэвлийн доогуур хатуурч өвдөнө, хавагнана, сүүлийн 5 сараас хойш артерийн даралт ихсэж байгаа гэсэн өгүүлэмжтэй байсан. Тухайн үед Бямбасүрэнг хүлээж аваад даралтыг үзэхэд баруун талд 140/90, зүүн талд 138/90, захад хавантай байсан учир жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт шилжүүлье, хожууу хордлогын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийе гээд КТГ, цус, шээс, хоногийн шээсэнд уураг үзье, биохими үзье гээд эмчилгээнд нь даралт бууруулах, уураг дэмжих эмчилгээ авч, жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт шилжүүлсэн. Тэрнээс хойш юу болсныг бол би мэдэхгүй, тухайн үед биеийн байдал нь дунд гэж эрэмбэлэгдсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Б.Санчиндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 03 дугаар сард Бмябасүрэн жирэмсэн болж түүнээс хойш Өрхийн эмнэлгийн хяналтанд ороод байнга үзүүлдэг байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Н эмчид үзүүлээд 11 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэгт хэвтэж 11 сарын 27-ны өдөр төрсөн. Төрснөөсөө хойш манай хүүхдийн бие муу байсан бөгөөд ер нь сэтгэл зүйн бэртгэлтэй байгаарай, тархинд нь цус харвасан байгаа, бүтэлттэй төрсөн гэж хэлж байсан. Тэгээд манай хүүхэд 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Манай эхнэрийг төрөхөд Н эмч төрөлт удирдаж төрүүлсэн бөгөөд манай хүүхэд нас барсны маргааш өдөр нь Н эмч орж ирээд би хуулийн өмнө хариуцлага хүлээнэ, надаас болж ийм зүйл боллоо гэж хэлж байсан. Би тухайн үед эхнэрийг сахиж байсан учраас тэгж хэлэхийг нь сонссон. Н эмч уучлаарай, миний буруу, би их гэмшиж байна, хариуцлага хүлээнэ ээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 158/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №269 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.2.3.6 Нийслэлийн Амгалан амаржих газрын төрөлт удирдсан эмч ургийн толгойн хазгай тавилт оношлоогүй, төрөлт буруу удирдаж хугацаа алдсанаас, ургийн бүтэлт, төрөхийн гэмтэл үүсч нас баржээ. 2019.11.27-ны өдрийн 08 цаг 40 минутанд ургийн хальс цагаас өмнө дээрээс шүүрснийг оношлосон даруйд ЭХО-д харж ургийн толгойн тавилт болон ургийн жижиг хэсгүүд, ураг орчмын шингэнийг үнэлэх шаардлагатай байсан. Ургийн усны хэмжээ бага, толгой буруу тавилт, том ураг байсан нь ксеров мэс заслаар төрүүлэх заалттай байжээ.

4. Г.Бямбасүрэнгийн аарцгийн хэмжээсүүд хэвийн байх ба аарцгийн хэмжээнээс хамаарч ксеров мэс заслын заалтгүй байна.

5. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Бямбасүрэнгийн төрөлтийн 1, 2-р үе эхэлсэн байсан тул зайлшгүй төрүүлэх шаардлагатай байжээ.

7. Г.Бямбасүрэнгийн төрөлтийн явцад ургийн толгойд вакум таталт хийснээс тархины хатуу бүрхүүл дор цус харвалт гэмтэл учирсан байна. Уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

8. Г.Бямбасүрэнгийн биед ямар нэгэн гэмтэл болон эрүүл мэндэд хохирол учраагүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 19-30/,

Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бямбасүрэн надад анх хэлэхдээ даралт ихсээл байна гэж хэлж байсан бөгөөд жирэмсний хожуу үеийн хордлогын хөнгөн хэлбэр гэж үзээд 2019 оны 211 дүгээр сарын сарын 25-ны өдөр Бямбасүрэнг жирэмсний эмгэгийг эмчлэх тасагт хэвтүүлсэн. Бямбасүрэнгийн хувьд 35-39 долоо хоногтой, төрөх болсон байсан бөгөөд 14.50 цагт би Бямбасүрэнг үзэхэд савны амсар 3 см нээлттэй, ургийн жинг ЭХО-д харахад 2 кг 900 грамм байсан бөгөөд ураг орчмын шингэн харьсгүй учраас сэдээлт хийж төрүүлье гээд 2.5 едниц оксдоциноор эрчимжүүлэхээр болж тариа хийсэн. Бямбасүрэн дүлж чадахгүй, дүлэхгүй байсан, мөн ургийн толгой гарах хэсэгт цухуйсан байсан учир вакум таталт хийхээр болж жижиг аягаар вакум таталт хийсэн. Вакум таталт хийж байхад вакум 2 удаа мултарсан бөгөөд эхийн дүлэлтээр болон хэвлий, умайн ёроол хэсэгт тулж хүүхдийг гаргасан. Ксеров хагалгааны заалттай юм байна гэж би хэлээгүй, би үзээд чи жижиг биетэй юм байна, хүүхэд чинь том байвал ксеров хагалгаагаар төрж болно гэж хэлсэн. Тэгэхэд Бямбасүрэн өөрөөрөө төрмөөр байна гэж хэлж байсан. Тэгээд 11 сарын 27-ны өдөр үзэхэд өөрөөрөө төрөх боломжтой байсан учраас өөрөөр нь төрүүлэхээр болсон. Хэрэв төрөлийн явцад янз бүрийн эрсдэл гарвал ксеров хагалгаа хийнэ гэдгийг нь хэлсэн. Бямбасүрэнгийн хувьд ус шүүрч гарч байсан учир сэдээлт өгч төрүүлэхээр шийдсэн. Вакумын аяга жижигдээд мултарсан гэж үзэж байгаа, аяга нь таарахгүй тохиолдолд мултрах тохиолдол байдаг. Стандартад зааснаар вакумын аяга 3 удаа мултарвал түүнийг дахиж тавьдаггүй. Би ар гэрийнхэнд нь багажаа алдаад толгойг нь гэмтээсэн  гэж бол хэлээгүй, вакум таталт хийж байхад мултарсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 152-154/,

нярайн түүх /хх-ийн 90/, Эмгэг судлалын шинжилгээний протокол /хх-ийн 36-37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 159/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 160/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Нийслэлийн Амгалан амаржих газарт” иргэн Г.Бямбасүрэнгийн төрөлтийн удирдахдаа эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төрөхийн хүндрэл үүсч улмаар нярай эмчлэгдэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эндсэн болох нь

Хохирогч Г.Бямбасүрэнгийн: "... Би ксерво хагалгаагаар төрнө гэж хэлсэн боловч өөрөөр маань төрүүлнэ гээд төрүүлсэн. Сүүлд би гэрийнхэнтэйгээ уулзахад Н эмч хэлэхдээ дүлж чадахгүй байхаар нь хүүхдийг нь вакумаар татаж авсан. Тэр үед би багажаа алдаад толгойг нь гэмтээсэн гэж хэлсэн гэсэн..." гэсэн мэдүүлэг,

Гэрч Ё.Ганболдын: “...Миний мэдэхээр 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н эмч жижүүртэй байсан бөгөөд Г.Бямбасүрэнгийн хувьд өөрөө өвдөөгүй байхад төрөлтийг эрчимжүүлсэн нь Н эмчийн алдаа болсон. Мөн бүтэлт үүсч байхад яаралтай хагалгаагаар шийдээгүй нь Н эмчийн алдаа болж байгаа юм. Гол нь өөрөөр нь төрүүлнэ /төрөх замаар гэх/ хэт туйлширснаас болсон гэж үзэж байгаа юм. Тухайн үед төрөлтийг Н эмч удирдаж төрүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Нт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэж, мөн хуульд заасны дагуу эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б.Нт эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нийн эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хохирол төлбөрт 8.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР