Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2023/00098

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00431 дүгээр шийдвэртэй,  нэхэмжлэгч ****************-т оршин суух С.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэг (эрхлэгч З.А)-т холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгчид Я.Сьезд, Х.Зулхаш, нарийн бичгийн даргаар Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч С.А нь 2012 онд Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгт багшаар томилогдон ажиллаж байгаад 2014-2016 оны хооронд Р сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажилласан. Үүний дараа буюу 2016 оноос эхлэн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгт багшаар томилогдон ажиллаж ирсэн ба ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Р сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар захирамжаар С.А-ийг Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд түр томилсон ба З.Аг тухайн цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд томилсон.

1.2. Гэвч З.А нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөөгүй ба хууль бусаар тухайн албыг хашиж байгаа. З.А нь Р сумын Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШШ2023/00068 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба З.А нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх эрхгүй юм.

1.3. Мөн С.А-ийг ажлаас чөлөөлөхдөө багшийн албан тушаалаас чөлөөлсөн боловч С.А нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн Б/06 дугаар тушаалаар цэцэрлэгийн арга зүйчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа юм. Ажил олгогчийн зүгээс С.А-тэй арга зүйчийн албан тушаалд томилогдсоны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь тус цэцэрлэгийн багшийн албан тушаалыг хашиж байсан үед байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн арга зүйчээр ажиллаж байгаа С.А-д сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

1.4. Тус цэцэрлэгийн эрхлэгч З.Агаас С.А-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ...” гэснийг зөрчсөн байх ба С.А-д сахилгын шийтгэл оногдуулахдаа ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа явуулж тайлбар аваагүй болно.

1.5. Нэхэмжлэгч С.А-ийн хүүхэдтэй зүй бусаар харьцсан асуудал нь 2022 оны 9 дүгээр сард болсон ба үүнийг эрхлэгч З.А нь тухайн үед мэдэж байсан, мөн хүүхдийн эцэг эхээс тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй юм. С.А-ийн хүүхэдтэй зүй бусаар харьцсан асуудлыг эрхлэгч З.А мэдэж байсан ч түүний мэдлэг, ур чадварыг нь үнэлж арга зүйчийн албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна...” гэж нэхэмжлэгч С.А-ийн хүүхэдтэй зүй бусаар харьцсан асуудал нь дээр дурдсанчлан 2022 оны 9 дүгээр сард болсон ба ажил олгогчийн зүгээс мэдэж байсан ч гэсэн дээрх асуудалд тухайн үед ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн хэмээн үзэж байна.

1.7. Гомдол гаргагч С.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар хариуцагч З.А нь нэхэмжлэгч С.Атэй эвлэрч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг болон 123.2-т заасныг зөрчсөн тул ажил эгүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн боловч тус хуралдаан дууссаны дараа хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар холбогдоход эвлэрэхээс татгалзсанаа илэрхийлсэн байна.

1.8. Иймд Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч С.А тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар гэр цэцэрлэгийн багшаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгт арга зүйчээр томилогдон ажиллаж байгаа. С.А-ийг цэцэрлэгийн бүлгийн багшаас арга зүйчийн албан тушаалд 3 сарын хугацаагаар өөрийн зөвшөөрлөөр сэлгэн ажиллуулсан. Уг сэлгэн ажиллуулах хугацаа дууссаны дараа бүлгийн багшийн ажлыг үргэлжлүүлэн хаших ёстой гэдгийг тэмдэглэн хэлье.

2.2. Нэхэмжлэгч С.А нь тус цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байхад буюу 2022 оны 9 дүгээр сарын үеэр 2 настай Б.Т гэдэг хүүхдийг зодсон гэх асуудал гаргажээ. Багш С.А-ийн Б.Т гэдэг хүүхдийг зодсон гэх асуудлыг тухайн үед би мэдээгүй ба тус цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан Р.А надад 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.А 2 настай хүүхэд зодсон бичлэг танилцуулсан.

2.3. Миний бие багш С.А-д Р.Аийн өргөдөл, СД дискийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, “Таны хүүхэд зодсон асуудлыг аймгийн Цагдаагийн газраар шалгуулна” гэсэн. Би уг бичлэгийг үзээд С.А нь хүүхэд зодсон асуудал илэрхий байсан учраас тэр даруй тус аймгийн Цагдаагийн газарт тус цэцэрлэгийн бүлгийн багш С.А нь цэцэрлэгт ирсэн 2 настай хүүхдийг зодсон асуудлыг шалгаж өгөхийг хүсэж албан бичгээр хүсэлт явуулсан. Түүнчлэн аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 04 тоотоор мэдэгдсэн.

2.4. Ингээд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас С.А-ийн хүүхэд зодсон асуудлыг шалгаж Зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан тухай тус цэцэрлэгт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн.

2.5. Тус цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, ажилтан С.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хүүхэдтэй зохисгүй харьцсан, бага зэрэг ч гар хүрч зодсон тохиолдолд уг зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан тул ажил олгогчоос 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр С.А-д сонсох ажиллагаа явуулж, улмаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингээд ажил олгогчоос С.А-ийн 2 настай хүүхдийг зодсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон тул 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

2.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зохицуулсан байна.

Нэхэмжлэгч С.А нь 2 настай хүүхдийг 2023 оны 09 дүгээр сард зодсон ба уг зөрчлийг гаргаснаас хойш 6 сар өнгөрөөгүй, уг зөрчлийг ажил олгогчид Р.А 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-ыг зөрчөөгүй болохыг нотолж байна.

2.7. Иймд С.А-ийн тус шүүхэд гаргасан Р сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Б/06 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00431 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-ыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Аийг тус цэцэрлэгийн арга зүйчийн орон тоонд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгээс 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх С.А-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.

4.2. С.А нь тус хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байхад буюу 2022 оны 9 дүгээр сарын үед 2 настай хүүхэд болох Бахытын Тилекбердийг зодсон асуудал гаргасан байна. С.А-ийн Б.Тйг зодсон гэх асуудлыг цэцэрлэгийн эрхлэгч Б.Айбарша би тухайн үед мэдээгүй байсан. Харин тус цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байсан Р.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүлгийн багш С.А-ийн 2 настай хүүхэд зодсон асуудалд арга хэмжээ авч өгөхийг хүсэж өргөдөл гарган өргөдөлдөө СД дискийн бичлэгийг хавсаргасан байсан.

Ингээд би С.А-д “Таныг хүүхэд зодсон тухай ажилтнаас миний нэр дээр мэдээлэл ирсэн. Уг асуудлыг аймгийн Цагдаагийн газраар шалгуулна” гэж хэлсэн. Тус хүүхдийн цэцэрлэгээс аймгийн Цагдаагийн газарт албан бичиг явуулж С.А-ийн бага насны хүүхэд зодсон асуудлыг шалгаж өгөхийг хүссэн. Түүнчлэн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан бичиг явуулсан. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүлгийн багш С.А-д Зөрчлийн тухай хуулиар 300,000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан тухай тус цэцэрлэгт мэдэгдсэн болно.

4.3. Тус Хүүхдийн цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам болон С.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудаар цэцэрлэгийн ажилтан хүүхэдтэй зохисгүй харьцсан, бага зэрэг ч гар хүрч зодсон тохиолдолд уг зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тухай зохицуулсан юм. Ажил олгогчоос тухайн үед С.А-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан юм. Уг хөдөлмөрийн дотоод журам, ажилтан С.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй үйлчилж байгаа. Ингээд тус Хүүхдийн цэцэрлэгийн хамт олны хурлыг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийж С.А-ийн зөрчлийн тухай хамт олонд танилцуулсан. Тухайн үед С.А-д туслах багшийн ажлыг хийхийг санал болгож байсан боловч тэрээр уг саналыг хүлээн аваагүй. Ингээд ажил олгогчоос С.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг тус Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчлийг гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж хуульчилсан байдаг. Тус Хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш С.А нь 2 настай Тилекбердийг 2022 оны 09 дүгээр сарын үед зодсон, түүний гаргасан зөрчлийг ажил олгогч 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр илрүүлсэн тул ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ажил олгогч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.А-ийг бүлгийн багшаас арга зүйчийн ажилд 3 сарын хугацаагаар түр сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан. Гэтэл С.А-ийн бүлгийн багшийн үндсэн орон тоо нь хэвээрээ, өөр ажилд түр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр буцаад бүлгийн багшийн ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой байсан. Гэтэл С.А нь бүлгийн багшаар ажиллаж байх үед хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шударга ёсны зарчмаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан юм.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 130\ШШ2023\00431 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, С.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б\06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахыг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж шаалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө багшийн албан тушаалаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймгийн Р сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилсон байна. Хариуцагчийн зүгээс С.Айгеримийг тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд томилсны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь тус цэцэрлэгийн багшийн албан тушаалыг хашиж байсан үед байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн арга зүйчээр ажиллаж байгаа С.А-д сахилгын шийтгэл ногдуулсан.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8 дахь хэсэгт “өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл арга зүйч багшаар ажиллаж байх үед хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэж байгаа. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/430 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар цэцэрлэгийн арга зүйч албан тушаалтны үлгэрчилсэн тодорхойлолтыг баталсан. Тус тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан нөхцөл нь арга зүйч багшаар ажиллаж байгаа чиг үүрэгт хамааралгүй.

5.3. Хариуцагч сахилгын шитгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох тайлбарыг аваагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийн хүүхдүүдэд зүй бусаар харьцсан асуудал нь 2022 оны 9 дүгээр сард болсон. Хариуцагч тухайн үед энэхүү зөрчлийг мэдэж байсан.

5.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан нөхцөл байдлыг хариуцагч зөрчсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-ийн Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан “тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, сахилгын шийтгэл буруу оногдуулсан тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэж эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, С.А-ийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

9. Баян-Өлгий аймгийн Р сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, 123.3, 123.4 дэх заалт, Цэцэрлэгийн дотоод журмын есдүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.3.5 дахь заалт, С.Атэй байгуулсан гэрээний гуравдугаар зүйлийн 3.2, 3.2.1, дөрөвдүгээр зүйлийн 4.2, 4.7, 4.15 дахь заалт, аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 97 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн арга зүйч С.А нь бүлгийн багшаар ажиллаж байхдаа ажлын  байранд хүүхдийн эрх чөлөөнд халдаж, зодсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул С.Атэй байгуулсан гэрээний гуравдугаар зүйлийн 3.2, 3.2.1, дөрөвдүгээр зүйлийн 4.2, 4.7, 4.15 дахь хэсэгт заасныг үндэслэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу цуцлах, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хавтаст хэргийн 6 дахь тал/

Ажил олгогч Р сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.5, 123.3, 123.3, 123.4 дэх заалт, Цэцэрлэгийн дотоод журмын есдүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.3.5 дахь заалт, С.Атэй байгуулсан гэрээний гуравдугаар зүйлийн 3.2, 3.2.1, дөрөвдүгээр зүйлийн 4.2, 4.7, 4.15 дахь заалт, аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 97 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг тус тус үндэслэн С.А нь бүлгийн багшаар ажиллаж байхдаа ажлын байранд хүүхдийн эрх чөлөөнд халдаж, зодсон зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3 дахь зохицуулалтад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

10. Ажил олгогчийн ажилтан С.Атэй байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар хөдөлмөрийн гэрээний 4.15-т “хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, гэмтэл учруулсан, хавчин шахаж хүч хэрэглэсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон;”-ыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор гэрээний талууд тохиролцжээ. Хөдөлмөрийн гэрээний 4.15-т зааснаас үзэхэд ажилтан (1) хүүхдийг сэтгэл санааны болон бие махбодийн дарамтад байлгасан, (2) гэмтэл учруулсан, (3) хавчин шахаж хүч хэрэглэсэн гэсэн 3 үйлдлийн аль нэгийг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд дээрх сахилгын ноцтой зөрчлийн гаргасанд тооцохоор байна. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №0175548 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар С.А-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тодорхой хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч С.А нь 2022 оны 9 дүгээр сард 2 настай хүүхэд Д.Тилекбергений бие махбодод гэмтэл учруулахгүйгээр халдсан болох нь хөдөлбөргүй нотлогджээ. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч С.А нь 2022 оны 9 дүгээр сард ангийн хүүхэд болох Б.Тйн хацарт алгадсан үйлдлийн улмаас хүүхдийн биед хохирол учраагүй тул хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

11. Ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч З.А нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр багш  Р.Аийн гаргасан өргөдлийн дагуу С.А нь тус цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 9 дүгээр сард ангийн хүүхдийг алгадаж зодсон тухай мэдээд, энэ асуудлыг шалгуулахаар Р сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай Хүсэлт уламжлах тухай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад, мөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай хүсэлт уламжлах тухай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт тус тус хандсанаар С.А нь Баян-Өлгий аймгийн Р сумын 1 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 9 дүгээр сард ангийн хүүхэд болох Б.Тйн хацарт алгадсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 30/2860 дугаар албан бичиг, С.А-д холбогдох Зөрчлийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалаар нотлогджээ.

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас зөрчлийг тогтоосны дараа ажил олгогч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, сахилгын шийтгэл оногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ...сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж зааснаас үзэхэд ажилтны гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогдсоноос хойш нэг сарын дотор түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

12. Ажилтан С.А-ийн холбогдсон зөрчлийг ажил олгогч шууд илрүүлэх, улмаар хариуцлага тооцох боломжгүй, түүний холбогдсон зөрчил нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар Цагдаагийн газарт харьяалуулсан зөрчлийн хэргийн шинжтэй байх тул түүнийг уг зөрчлийг эрх бүхий байгууллагаас шалгаж, шийтгэл оногдуулсны дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн. Учир нь зөрчлийг ажил олгогчийн хүсэлтээр эрх бүхий албан тушаалтан шалгаж, улмаар шийтгэл оногдуулах хүртэл хуульд заасан тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд энэ хугацааг өнгөрөөж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас гарсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор ажилтан С.А-д шийтгэл оногдуулсан ажил олгогчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

13. Харин ажилтан С.А нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын   шийдвэрээр  тогтоогдсон, ажил олгогч түүнд хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. Ажилтны тухайн үед эрхэлж байсан ажлын байрны онцлог, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй нь холбогдуулан тэрээр хүүхэд зодсон гэх асуудлаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл хүлээсэн нь түүнд уг асуудлаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахад саад болохгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.7, 4.15-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон байна.

 

14. Нэхэмжлэгч С.А-ийг цэцэрлэгийн бүлгийн багшаас арга зүйчийн орон тоонд түр сэлгэн ажиллуулсан байдал нь түүний өмнө хашиж байсан үндсэн ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахад саад болохгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнийг өөр албан тушаалд хуульд заасан хугацаагаар түр сэлгэн ажиллуулсан нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

15. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, 123.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.А-ийн “Баян-Өлгий аймгийн Р сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2022/000431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай  хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.А-ийн Баян-Өлгий аймгийн Р сумын хүүхдийн 01 дүгээр цэцэрлэгт холбогдуулан гаргасан “тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, тус цэцэрлэгийн арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ