Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 224/ма2023/00017

 

 

 

 

 

 

 

2023       09          12                                         224/МА2023/00018

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн

Засаг даргын Тамгын газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00281 дүгээр шийдвэртэй,

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, тус тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Увс аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/24 тоот тушаал гарсан. Миний бие энэхүү тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлээр Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Ш.Б-д өгсөн ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл хүчингүй гэснийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунтуяа, Ш.Б нар харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэсэн. Иймд дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгасан. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгосон боловч ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна.

Иймд  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

3.1. “Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо хасагдсан тул Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэрийн техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж ажлын байр хасагдсан ба 2023 оны Увс аймгийн засаг даргын Тамгын газрын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан. Иймд Ш.Бийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00281 дүгээр шийдвэрээр:

     - Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар Ш.Б-ийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00281 дүгээр шийдвэрийн эс зөвшөөрч гомдол гаргаж байна..

Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн 1 орон тоо хасагдсан. Иймд бүтэц орон тоо хасагдсан тул Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Ш.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалтад заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр төлөвлөж 2023.03.10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Ш.Бийг ажлаас чөлөөлсөн. Гэвч хүний нөөцийн мэргэжилтэн тухайн шийдвэрийг боловсруулахдаа бичвэр техникийн алдаа гаргаж хуулийн зүйл заалтыг хуучин хөдөлмөрийн хуулийн 40.1.2 болгон бичсэн байсан. Иймд алдаатай боловсруулагдсан уг тушаалыг хүчингүй болгож 2023.04.24-ний өдөр тушаалыг дахин боловсруулж шийдвэр гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх 2 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй 2 хэргийг тус тусад нь шийдвэрлэхээр шийдсэн бөгөөд шийдвэрийн талаар тайлбарлаагүй болно.

Үүсээд байгаа уг 2 хэрэг нь нэг үйл баримт үргэлжилсэн хугацаанд явагдсан Ш.Б-ийн хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол байх тул хэргийг нэгтгэн шийдвэрлэх саналыг анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчид гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Мөн Увс аймгийн ЗДТГ-ын даргын 2023.03.10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгосон боловч шүүх хүчингүй болгосон тушаалыг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Увс аймгийн ЗДТГ-ын даргын 2023.03.10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл бодит нөхцөл байдал дээр уг тушаал шүүх хянан хэлэлцэхээс өмнө хүчингүй болсон ба ЗДТГ-ын даргын 2023.04.28-ны өдрийн Б/40 дүгээр тушаал хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг 2 тушаал нь нэг үйл баримт үргэлжилсэн хугацаанд явагдаж байх тул уг хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Монгол улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн шийдвэр хэрэгжхүйц, үндэслэл бүхий, ойлгомжтой байна гэж заасан.

 Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг бүрэн хангах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан бөгөөд надад Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй заалт болох тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн.

Миний хөдөлмөрлөх эрхийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т зааснаар үндэслэлийг баримтлан ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн гурван талт хороонд хуулийн хугацаанд гомдлоо гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргасан бөгөөд шийдвэр нь Увс аймгийн ЗДТГ-т хүргэгдсэн.

 Хөдөлмөрийн гурван талт хорооны шийдвэрийн хүрээнд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч миний хөдөлмөрлөх эрхийг сэргээгүй учраас Хөдөлмөрийн хорооны шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Анх 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байтлаа дахин  2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаал гаргаж   Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна.

 Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаал гаргаж чөлөөлж байгаа нь гурван талт хорооны шийдвэрийн нэг хэсгийг биелүүлж харин ажилдаа эгүүлэн томилуулах хүсэлтийг хангахгүй хэвээр үлдээсэн юм.

Дахин хөдөлмөрийн харилцаа үүссэн учир би Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ Ш.Б нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүлээн аваад 3 талт хороонд хандсаны дараа Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалаараа өөрийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалаа хүчингүй болгож, Ш.Бийг мөн ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Ш.Б шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/24, Б/40 дүгээр тушаалуудыг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн байхад хэргийг нэгтгэж шийдэх ёстой.

Гэтэл Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаал болон 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дугаар тушаалуудад тус тусдаа иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн зүгээс Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалтай холбогдуулан иргэний хэргийг хянан хэлэлцээд Ш.Бийг Засаг даргын Тамгын газрын жолоочоор эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гаргасан. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд заасан заавал биелэгдэх шинжийг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа “миний гаргаж байгаа энэ шийдвэр нь 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны хоорондох процессыг шүүж байгаа” гэдэг байдлаар тайлбарласан. 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хоорондох асуудлыг шүүх шийдсэнээрээ Ш.Бийн шаардах эрхийг хангахгүй байгаа юм.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын  2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаал, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалуудыг нэгтгэж шийдвэрлэснээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж шийдвэрлэснээр Ш.Б-ийн хөдөлмөрлөх эрх нь сэргэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий 2 тушаалтай холбоотой 2 хэргийг нэгтгэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Г.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00281 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

  2. Нэхэмжлэгч Ш.Б Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт   холбогдуулан, тус газрын даргын  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн  ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бэ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ: “ Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо хасагдсан тул Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан.

Тушаалын төсөл боловсруулагдахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэрийн техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж ажлын байр хасагдсан ба 2023 оны Увс аймгийн засаг даргын Тамгын газрын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан. Иймд Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна ” гэж тайлбарлан   маргажээ.  

4. Анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00281 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан Ш.Бийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хариуцагч Г.Бэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрүүлэхээр буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

          5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

         5.1. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бэ 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар жолоочоор ажиллаж байсан Ш.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1.4, Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамж, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтуудыг тус тус баримтлан ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

         5.2. Ш.Б нь ажил олгогчийн дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд улмаар уг хороо 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр маргааныг хэлэлцэж, Ш.Бийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдоогүй гэх үндэслэлээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгохоор гомдол гаргагч Ш.Б, ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунтуяа нар харилцан тохиролцож шийдвэрлэсэн байна /хх-ийн 7-10 дугаар тал/.  

 5.3. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар  тушаалаар өөрийн урьд гаргасан нэхэмжлэгч Ш.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан  2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/40 дүгээр тушаалаар Ш.Б-ийг жолоочийн ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаалдаа Ш.Бийн  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор заасан / хх-ийн 06 дугаар тал/ үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

         6. Нэхэмжлэгч Ш.Б нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай нэхэмжлэл,

            мөн  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож,  жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай  нэхэмжлэлийг тус тусад нь гаргаж, шүүх уг нэхэмжлэлүүдэд тус тусад нь иргэний хэрэг үүсгэж, нэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тодруулбал: нэхэмжлэгч Ш.Бийн  “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох “ тухай ижил шаардлагатай хоёр нэхэмжлэл нэг шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын  тайлбараар тогтоогдсон байна.

          7. Хэрэгт тогтоогдсон  үйл баримтуудаас үзвэл хариуцагч  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Ш.Б-ийг жолоочийн ажлаас чөлөөлөхдөө түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор заасан байх тул ажилтан Ш.Бийн хөдөлмөрлөх эрх  2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс зөрчигдсөн гэж  үзэхээр байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т : “ нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно “ гэж заасан байна.

          Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  Ш.Б-ийн Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан  “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэг шаардлагатай хоёр  иргэний хэрэгт  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон ба уг иргэний хэргүүдийг нэгтгэж   нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь хэргийг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэв.

          Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч гаргасан “ нэхэмжлэгч Ш.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24, мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хангаагүй талаарх хууль зүйн үндэслэлээ тайлбарлахгүйгээр, уг хэргүүдийг нэгтгэх шаардлагагүй гэж үзсэн нь хуулийн шаардлагад нийцээгүйг дурдах нь зүйтэй.

          8.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

          9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт олгох  үндэслэлтэй байна .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00281 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АЛТАН

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.ЖАМБАЛСҮРЭН

                                       ШҮҮГЧ                             Н.МӨНХЖАРГАЛ