Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01388

 

 2023 07 17 210/МА2023/01388

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01376 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, *** тоот 62,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч компанитай 2019 оны 04 сарын 11-ний өдөр ***-р дугаартай ***хороонд баригдах Н ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд орон сууц барих хотхоны газрыг үнэ төлбөргүй шийдэж өгсөн. Гэрээгээр талууд ***хороо, *** тоот 62,6 м.кв 3 өрөө орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт үнийг 71,990,000 төгрөгөөр тохиролцсон. 2019 оны 04 сарын 19-ний өдөр 30 хувь буюу 21,597,000 төгрөгийг бэлнээр төлж, 2020 оны 07 сарын 02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож Тоёота Сай маркийн *** улсын дугаартай автомашин шилжүүлэн өгч, үнийн зөрүү болох 7,097,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 18-ны өдөр төлж хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 140,000 төгрөг, нийт 43,194,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний 3.1-д гүйцэтгэгч гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна гэж заасан боловч уг гэрээний үүрэг зөрчигдөж, орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөлгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу үнийн дүнгийн 60 хувийг хуваарийн дагуу төлснөөр үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үлдэгдэл төлбөр 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөхөөр хүлээж байсан. Гэтэл гүйцэтгэгч Т ХХК-аас 2022 оны 05 сарын 07-ны өдөр орон сууцны үнийг м.кв тус бүрд 300,000 төгрөгөөр нэмснийг мэдэгдсэн. Мөн тус компани нь гэрээний 1.1-д заасан орон сууцны м.кв-ыг гэрээнд заасан хэмжээнээс 8 м.кв-аар үндэслэлгүйгээр нэмж 70,08 м.кв-аар тооцож, орон сууцны үлдэгдэл үнийг нэмэгдүүлж төл гэж тулгасан тул мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайг 62,63 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Орон сууцны м.кв-ын үнийн нэмэгдэл болон нэмэгдүүлсэн 8 м.кв-ыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 1.1-д заасан үнэ болон 62,6 м.кв талбайгаар тооцож үлдэгдэл төлбөрийг төлнө. Гэтэл Т ХХК орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг хүлээлгэн өгөхгүйгээр орон сууцны үнийг 1 м.кв тутамд 300,000 төгрөг нэмж төлөхгүй бол гэрээг цуцална гэж мэдэгдсэн. Улсын комисс эцэслэн хүлээж аваагүй. 2022 оны 06 сарын 15-ны үед ванн, душ хийгдээгүй дутуу байсан үед дангаар гэрээ цуцлах гээд бусдад шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэрээний 7.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Гүйцэтгэгч тал 2020 оны 3-р улиралд багтаан барьж, байнгын ашиглалтад оруулах байсан. Уг гэрээний заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 718 хоног байна. Хоног тутамд 0,1 хувийн алданги болох 43,194 төгрөг, нийт 31,013,292 төгрөгийн алданги гаргуулна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Талууд орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан төлбөр төлөх, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага биелэгдэх боломжгүй. Татгалзсантай холбогдуулан маргаантай орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Нэхэмжлэгч нь тус гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь тус гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч буй явдал юм. Хэн аль нь тус гэрээнээс татгалзсанд маргадаггүй тул тус гэрээ нь хүчин төгөлдөр байх боломжгүй гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э-тай 2019 оны 04 сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах *** тоот гэрээ байгуулсан ба уг гэрээ нь Н албатай 2019 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах *** дүгээр гэрээний зүйл заалттай салшгүй холбоотой байгуулагдсан гэрээ бөгөөд *** дүгээр гэрээний 2.1-т заасан орон сууцны м.кв-ийн үнэ болох 1,150,000 төгрөг, 3.1-т заасан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болох 2020 оны 3-р улиралд, 2.4-т заасан гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх зэрэг заалтууд нь хариуцагч Б.Э-тай байгуулсан *** тоот гэрээнд шууд бичигдсэн. Барилгын захиалагч Н алба нь *** дүгээр гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл сонирхлыг илт тулгаж, гүйцэтгэгч талын эрх ашгийг илт хохироосон "гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх заалтыг хүчээр тулгасан болно. Барилгыг барьж гүйцэтгэх хугацаанд Ковид-19 тахал гарч хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өсөж, олдоц муудаж, тээврийн болон ажиллах хүчний зардал илт өссөнөөс шалтгаалж гэрээний үнэ болох 1,150,000 төгрөгийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл захиалагч Б.Э нь гэрээний үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 3 өрөө орон сууцны м.кв анх гэрээнд тусгагдсан 62,6 м.кв-аас өөрчлөгдөж, 65,89 м.кв болсныг Б.Э хүлээн зөвшөөрөөгүй. Барилгын ажлын зургийг захиалагч байгууллага болох Н албанаас батлуулж, гаргаж өгсөн ба орон сууцны м.кв-ийн хэмжээг зургийг зохиогч "Г ХХК тодорхойлсон. Манай компани барилгын орон сууцны м.кв-ийн хэмжээг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ нэмэгдэж байгаа шалтгааныг хариуцагч Б.Э-д олон удаа тайлбарлаж, албан ёсоор мэдэгдэл хүргүүлж байсан. Б.Э нь Ковид-19 цар тахлаас шалтгаалсан барилгын бараа материалын үнийн өсөлт, үнэ өссөнөөс шалтгаалсан гэрээний өөрчлөлтийг болон орон сууцны м.кв-ын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, гүйцэтгэгч талын эрх ашгийг илт хохироож байгаа тул бид түүнтэй байгуулсан 2019 оны 04 сарын 11-ний өдрийн *** дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг хариуцагчид буцаан олгуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч компанитай байгуулсан 2019 оны 04 сарын 11-ний өдрийн *** дугаартай гэрээний дагуу орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт үнийг 71,990,000 төгрөгөөр тохиролцож, 2019 оны 04 сарын 19-ний өдөр 3 хувь буюу 21,597,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2020 оны 07 сарын 02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож Тоёота Сай маркийн *** улсын дугаартай автомашин шилжүүлэн өгч, үнийн зөрүү болох 7,097,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 18-ны өдөр төлж, мөн өдөр хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 140,000 төгрөг нэмэгдүүлэн 7,237,000 төгрөг, нийт 43,334,000 төгрөгийг Т ХХК-д төлсөн. Гэрээний 3.1-д "Гүйцэтгэгч гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна" гэж заасан боловч зөрчигдөж орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөлгүй 2 жилийн хугацааг өнгөрөөсөн. Т ХХК-аас 2022 оны 05 сарын 07-ны өдөр буюу ашиглалтад оруулахаар тохиролцсон хугацаанаас бүтэн 2 жилийн дараа орон сууцны үнийг м.кв тус бүрд 300,000 төгрөгөөр нэмснийг мэдэгдсэн. Мөн тус компани гэрээний 1.1-д заасан орон сууцны м.кв-ыг гэрээнд заасан хэмжээнээс 8 м.кв-аар үндэслэлгүйгээр /тагтны хэмжээг ашигтай талбайд оруулж тооцон/ нэмж 70,08 м.кв-аар тооцож орон сууцны үлдэгдэл үнийг нэмэгдүүлж төл гэж тулгасан тул миний бие мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайг 62,63 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Миний бие орон сууцны м.кв-ын үнийн нэмэгдэл болон нэмэгдүүлсэн 8 м.кв-ыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасан 1.1-д заасан үнэ болон 62,6 талбайгаар тооцож үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр байсан. Т ХХК орон сууцыг захиалгын гэрээний дагуу 2020 оны 3-р улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан бөгөөд 2022 оны 06 сарын 15-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулж, түлхүүр гардуулснаар миний бие төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл Т ХХК нь орон сууцны үнийг 1 м.кв тутамд 300,000 төгрөг нэмж төл, мөн орон сууцны талбайг 70,08 м.кв-аар тооцож үнийг төл, төлөхгүй бол гэрээг цуцална гэж байнга дарамталж, мөн гэрээний үүргээ зөрчиж миний орон сууцыг бусдад шилжүүлж эд хөрөнгийн болон сэтгэл санааны маш их хохирол учруулж байна. 2019 оны 04 сарын 11-ний өдөр *** дугаартай гэрээний үүргээ миний бие зохих ёсоор гүйцэтгэж байсан тул хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Т ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: 2022 оны 06 сарын 30-ны өдөр Т ХХК-ийн *** хороонд барьсан Т хотхоны *** тоот 3 өрөө байрыг м.кв-г нь 2,800,000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулсан өдрөө 60,000,000 төгрөг төлж, 2022 оны 08 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 96,112,000 төгрөгийг сар бүр 2,670,000 төгрөг төлөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу сар бүрийн төлөлтийг хийж, өөрийн худалдан авсан байрандаа амьдарч байна. Одоогоор өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, өнөөдрийн байдлаар үнийг бүрэн төлж дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-д холбогдох ***хороо, *** тоот 62,6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-аас 43,194,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 972,817 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 734,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 734,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

7.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 23, 25 дахь хэсгийн дүгнэлт нь хууль хэрэглээний дараах алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Б.Э миний бие Т ХХК-тай 2019 оны 04 сарын 11-ны өдөр *** дугаартай гэрээ байгуулсан. Хариуцагч Т ХХК-ийн зүгээс Б.Э-тай байгуулсан гэрээг цуцалсан гэж тайлбарлаж, гэрээ цуцалсан талаар мэдэгдлийг хүргүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч "Т ХХК-ийн 2022 оны 05 сарын 07-ны өдрийн 22/03 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...төлбөрийн чадваргүйд тооцож, гэрээг 2022 оны 05 сарын 15-ны өдрөөр дуусгавар болгон цуцлах болохыг үүгээр мэдэгдье гэх албан бичиг ирүүлсэн. Уг албан тоотод гэрээ цуцлах үндэслэлийг орон сууцны м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн тул үлдэгдэл төлбөр болон нэмэгдэл төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөрийн чадваргүйд тооцож гэрээг цуцална гэх агуулгатай байсан. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан, захиалагч төлбөрийн чадваргүй болсон зэрэг бодит нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Гэрээний 6.7-д зааснаар гүйцэтгэгч Т ХХК нь гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй, 9.1-д аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар тохирсон бөгөөд гэрээний үнэд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцоонд хүрээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч миний бие гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх нөхцөл тогтоогдоогүйгээс гадна, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хугацаа сунгах талаар ямар нэг нэмэлт, өөрчлөлт ороогүй, гэрээний үйлчлэх хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон бусад хүндэтгэн үзэх нөхцөл үүсээгүй, цар тахлын улмаас барилгын материалын үнэ өссөн явдалд нэхэмжлэгчийн буруу тогтоогдохгүй байгаа зэргээс үзэхэд гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагчийн гэрээг цуцалсан гэх үндэслэл нь хууль болон гэрээнд нийцэхгүй байх тул гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр юм.

7.2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт 26-д Захиалагч Н- нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 сарын 04-ний өдрийн *** дугаар хамтран ажиллах гэрээ, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 08 сарын 11-ний өдрийн *** тоот гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба захиалагч Б.Э-ын гүйцэтгэгч Т ХХК-тай 2019 оны 04 сарын 11-ний өдөр ***хороонд баригдах Т орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээтэй салшгүй холбоотой гэж үзэхээр байна гэжээ. 2019 оны 03 сарын 04-ний өдрийн *** дугаар хамтран ажиллах гэрээний 1.1,1.2 дахь заалтыг утга агуулгаар нь үзэхэд захиалагч буюу Н 4,060 м.кв эзэмшил газар дээр Т ХХК 60 айлын 3 блок бүхий барилгын 1, 2-р блокийн 2-16 давхрын нийт 9,060 м.кв талбай бүхий орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөх, газрын алба баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг батлуулан 180 айлын орон сууцны барилгыг барих боломжийг олгох үүрэг тус тус хүлээж байна. Хавтаст хэрэг авагдсан баримтуудаар Н- нь гэрээний үүргээ биелүүлж, баригдах барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг авч барилга баригдах талбайг бэлэн болгосон, Т ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлснээр барилгын ажил эхэлсэн нь тогтоогдож байна. Гэтэл зөвхөн аж ахуй байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Т ХХК нь Нийслэлийн газрын албыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс түүний үүргийг өмнөөс нь гүйцэтгэснээ нотлоогүй болно.

7.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй бидэнд хамааралгүй гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хариуцагчийн илт худал тайлбарт үндэслэсэн, нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан судлалгүй, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай хангалттай танилцаагүй хэргийг шийдвэрлэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Анхан шатны шүүх өөрийн гаргасан үндэслэлийн 26-д заасан дүгнэлтээ үгүйсгэж ...нэхэмжлэгч Б.Э нь газар зохион байгуулалтын, Геодизи зураг зүйн газарт архивын эрхлэгч ажилтай гэх тайлбар байх ба Н ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхээ баримтаар нотолж чадаагүй... гэж дүгнэсэн. Б.Э-ыг газар зохион байгуулалтын, Геодизи зураг зүйн газарт архивын ажилтан гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч талууд энэ талаар маргаагүй болно. Миний бие Т ХХК-ийн 1 м.кв талбайн хэмжээ тутамд 300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн учраас тохиролцоонд хүрч чадаагүй тул гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй болно

7.4. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд Т ХХК нь гэрээг цуцлах, татгалзах үндэслэл байсан бол Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт зааснаар нөгөө талдаа мэдэгдэж, гэрээнээс татгалзах хугацааг санал гаргаагүй тал тогтоох зэрэг хуульд заасан дээрх үндэслэл, журмын дагуу татгалзах зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйл, 221 дүгээр зүйлд зааснаар цаг хугацааны хувьд Ковид-19 өвчний улмаас улсын хилээр барилгын материал орж ирэхгүй болсон нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг өсгөх байдалд хүргэсэн, үүний улмаас Т ХХК нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрээний харилцаа бүрэн өөрчлөгдөөгүй тул гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй юм. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоорондоо уялдаа холбоогүй байхад гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлага болох 43,194,000 төгрөгийг гэрээнээс татгалзсаны үр дагавар болох эсэх, гэрээнээс татгалзаж, өгсөн, авснаа буцаахад нэхэмжлэгчээс ямар үр дагавар гаргуулах зэрэг тодорхойгүй нөхцөл байдлууд байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон. Мөн анхан шатны шүүх хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэрийн тогтоох хэсэгт ...хариуцагч Т ХХК-аас 43,194,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай гэж заасан нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан шаардлагаас өөрөөр шийдвэрлэсэн юм.

7.5.Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхээс орон сууц захиалгын гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээг хамааралтай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Манай компани Н-тай гэрээ байгуулсан. Н газрыг хугацаандаа шийдвэрлэж өгөөгүй ба холбогдох зөвшөөрлийг гаргаагүй, гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй. Ганцхан газрын гэрчилгээг үндэслэж шүүх шийдвэр гаргаагүй. Техникийн нөхцөлийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хашаан дотор бохирын шугам явж байсан. Энэ эзэмшлийн газар дээр бохирын шугамын ажлыг дайруулж өнгөрүүлэхийн тулд Буян-Ухаа олон улсын нисэх буудлаас зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Энэ зөвшөөрлийг Н хугацаанд нь авч өгөөгүй. 2020 онд гэрээ байгуулж, манай компани өөрийн зардлаар тус ажлыг гүйцэтгэж, бохирын шугам холбох зөвшөөрөл авч байсан. Эдгээр нөхцөл байдал бий болсны дараагаар Ковид-19 цар тахлын үе үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн талаар Барилга хөгжлийн төвөөс дүгнэлт гаргуулсан. Барилга ашиглалтад орсны дараагаар барилгыг бүтнээр нь үнэлгээний компаниар үнэлүүлсэн нотлох баримтыг хэрэгт өгсөн. Үнэлгээний дүгнэлт орон сууцны метр квадрат 1,150,000 төгрөг байсан нь 932,000 төгрөгөөр нэмэгдсэн. Манай компани 932,000 төгрөгөөр нэмээд хэрэггүй, иргэд 932,000 төгрөг төлөхөд хүндрэлтэй тул 300,000 төгрөгөөр нэмэхээр шийдвэр гаргасан. Энэ талаар захиалагч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Барилгын үнэ өссөнтэй холбоотойгоор 300,000 төгрөг нэмж байгаа, энэ мөнгийг хэрхэн яаж төлөх боломжтой талаар компанитай ирж уулзах, уулзахгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, 300,000 төгрөгийг нэмж төлөх боломжгүй гэж үзэж, гэрээг цуцлах талаар албан тоотоор мэдэгдсэн. Захиалагч энэ нөхцөл байдлуудыг зөвшөөрөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай эвлэрэх талаар удаа дараа хэлэлцсэн. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжтой. Манай компани гэрээ цуцалсан учраас төлөгдсөн мөнгийг буцааж өгөх талаар мэдэгдэхэд захиалагч мөнгөө авахгүй, байраа авна гэж маргадаг. Нэхэмжлэгчийг газар зохион байгуулалтын, Геодизи зураг зүйн газарт ажилладаг талаар хариуцагч тал маргаагүй. Учир нь энэ орон сууцыг Н ажилчдыг хөнгөлөлттэй үнээр олгох зорилготой. Харин нэхэмжлэгч газар зохион байгуулалтын, Геодизи зураг зүйн газарт ажилладаг тул энэ хөнгөлөлтөд хамаарахгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж, дүгнэсэн. Хариуцагч талаас төлбөр төлөхийг шаардсан 3 удаагийн мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч тал мэдэгдэл хүлээн авсан талаар маргадаггүй. Хариуцагчийн зүгээс төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, 3 удаа төлбөр төлөх талаар мэдэгдэхэд төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч талаас захиалагчтай байгуулсан гэрээнээс ямар нэгэн ашиг орлого олоогүй, нэмэлт зардал гаргаагүй. Н-тай метр квадратын хэмжээгээ тохирсон. Иймд хариуцагчийг орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй гэж буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан *** тоот 62,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 170-171/

Нэхэмжлэгчийн тодорхойлсон Орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, гэрээний дагуу үлдэгдэл 30 хувь болох 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцоо дуусгахыг даалгах, орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох гэх шаардлага, хариуцагчийн тодорхойлсон Орон сууц захиалан бариулах *** тоот гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлөгдсөн 43,194,000 төгрөгийг буцаан олгох гэх сөрөг шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага, бие даасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага биш байна. /1хх 141, 170-171/

Учир нь шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн дүгнэлт өгч, маргааны үр дагаврыг шийдвэрлэх юм.

 

3.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О нь хариуцагч талын байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /1хх 152/

 

4.   Талууд 2019 оны 04 сарын 11-ний өдөр *** тоот УБ хотын *** хороонд баригдах Н ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь *** тоот 62,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, Б.Э нь гэрээ байгуулсан өдөр 21,597,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр 21,597,000 төгрөг, байр ашиглалтад орж түлхүүр гардуулснаар 28,796,000 төгрөг, нийт 71,990,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 7-11/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5.   Нэхэмжлэгч нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр 21,597,000 төгрөг, 2020 оны 07 сарын 02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож *** улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашин, 2020 оны 08 сарын 18-ны өдөр 7,097,000 төгрөг, нийт 43,194,000 төгрөгийг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөөгүй болох нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх 12, 13-14/

 

6.   Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.

Хэрэгт авагдсан 2021 оны 03 сарын 01-ний өдрийн *** дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 03 сарын 19-ний өдрийн *** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2023 оны 02 сарын 03-ны өдрийн *** дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2020 оны 08 сарын 11-ний өдрийн *** дугаартай Барилгын цэвэр, бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ зэрэг баримтаар гэрээний хугацаа хэтэрсэн явдалд хариуцагч Т ХХК-ийг гэм буруутай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. /1хх 223, 233-234, 2хх 135, 209-211/

Учир нь, Н болон Т ХХК-ийн хооронд 2019 оны 03 сарын 04-ний өдөр байгуулагдсан *** тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-ний 5.1-д барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл, дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах, 5.2-т барилга баригдах талбайг барилга угсралтын ажилд бэлэн болгох үүргийг захиалагч буюу Н хүлээхээр тусгасан, захиалагч уг үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна. /1хх 174-176, 223, 233-234/

Н болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтээс Б.Э- болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилт шалтгаалах тул ...анхан шатны шүүх хамааралгүй гэрээг дүгнэж шийдвэр гаргасан... гэх агуулгатай нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гэрээний хугацааг хэтрүүлсэн явдалд хариуцагч гэм буруугүй тул алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

7.   Ажил гүйцэтгэгчийн гэм буруугаас шалтгаалаагүй барилгын ажил хойшилсон хугацаанд барилгын материалын үнэ өссөн болох нь хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвөөс гаргасан Барилгын материалын дундаж үнийн судалгаа, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас гаргасан Орон сууцны барилгын нэгж талбайн үнийн өсөлт тодорхойлсон үнэлгээ зэрэг баримтаар нотлогдож байна. /1хх 118-121, 2хх 146-163/

Иймд хариуцагч компани Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасны дагуу ...Ковид цар тахлын хүчин зүйлийн нөлөөгөөр барилгын бүхий л материал, ажиллах хүчний зардал, тээврийн зардал өссөнөөс шалтгаалж 2022 оны 1-р улирлын байдлаар орон сууцны м.кв-ын үнэ 750,000 төгрөгөөс дээш үнийн өсөлттэй байгаа... үндэслэлээр 1 м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцох, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг захиалагч буюу нэхэмжлэгчээс шаардсаныг буруутгах үндэслэлгүй. /1хх 17/

Т ХХК-ийн 2022 оны 05 сарын 07-ны өдрийн 22/03 тоот Захиалагч Б.Э танаа гэх албан бичгийн хуулбарыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг хуулбар баримттай хариуцагч тал маргаагүй болно.

 

8.   Дээрх өөрчлөгдсөн нөхцөл байдлыг нэхэмжлэгч Б.Э зөвшөөрөөгүй тул хариуцагч Т ХХК 2019 оны 04 сарын 11-ний өдрийн *** тоот УБ хотын *** хороонд баригдах Н ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ-нээс татгалзсан нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. /1хх 17/

Гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтад заасны дагуу шийдвэрлэх тул гэрээний үнэд төлөгдсөн 43,194,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9.   Түүнчлэн, маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд А.О нь хариуцагчтай байгуулсан 2022 оны 06 сарын 30-ны өдрийн *** тоот *** хороонд баригдах Т орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ-ний үндсэн дээр худалдан авч, гэрээний үнэд 196,112,000 төгрөгийг төлж, эзэмшил, ашиглалтдаа авсан байх тул нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. /1хх 51-57, 43-50/

 

10.   Анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг бие даасан шаардлага мэтээр шийдвэрлэсэн, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01376 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т ХХК-д холбогдох, *** тоот 62,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-аас 43,194,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн нийт 973,117 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 734,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлөгдсөн 589,901 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д, 734,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч Т ХХК-д тус тус буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Э-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн ***0,917 төгрөгөөс 3***,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 447,701 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 Д.НЯМБАЗАР