Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01434

 

 2023 07 21 210/МА2023/01434

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01448 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, 53,381,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016-2020 оныг хүртэлх хугацаанд Э ХХК-тай нийт 7 удаагийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ***-р хороонд байрлах Э хорооллын *** тоот барилга болон сургуулийн дотоод ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамтран ажиллах гэрээнд зааснаар гүйцэтгэлийн баталгаанд тухайн гүйцэтгэлээр олгож байгаа төлбөрийн 10 хувийг захиалагч суутган авч, үлдэгдэл 90 хувийн төлбөрийг шилжүүлдэг. 7 гэрээнд гүйцэтгэх ажил буюу гэрээний гол нөхцөл, гүйцэтгэх үндэслэл, гүйцэтгэх ажил өөр өөр болохоос бусад гэрээний нөхцөл нь адилхан. Э ХХК-ийн сургуулийн барилгын доторх хана, өнгөлгөөний ажилд асуудал үүссэн учраас засах шаардлагыг манайд тавьсан, улмаар ажлын хэсэг томилж Э ХХК-ийн ажлын хэсэгтэй хамтран хуралдаж, Б ХХК өөрийн хөрөнгөөр 2022 оны 08 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан үйлдэж, уг ажлыг бүрэн гүйцэт дуусгасан. Э ХХК тухайн ажлыг хүлээж аваад өнөөдөр хүртэл үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулж байгаа. Тухайн үед улсын комисс сургуулийн барилгыг хүлээн авч акт үйлдсэн. Өнөөдрийг хүртэл барилгын дотор ханын гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Б ХХК гэрээгээ дүгнэх, ажлаа хүлээлцэж, үлдэгдэл барьцаа төлбөрөө авах саналыг Э ХХК-д удаа дараа тавьсан боловч ямар ч хариу ирүүлээгүй. Уг ажлын хүрээнд нийт 15 ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан үйлдсэн, тайланг Э ХХК өөрсдөө өгдөг, Б ХХК төсөвт өртгөө уг тайланд дурдаж, тамга дарж, гарын үсгээр баталгаажуулж захиалагчид өгдөг. Захиалагч 20 хоногийн хугацаанд тайланг шалгаж, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан 1 хувийг нь гүйцэтгэгчид олгодог. Хариуцагч нь Б ХХК-аас Э ХХК-д бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн задаргааг өгсөн, уг тайлангаар Э ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээж аваад ажил гүйцэтгэгчид гүйцэтгэлийн мөнгийг олгохдоо барьцаа төлбөрийг суутгаад, үлдэх төлбөрийг шилжүүлдэг, шилжүүлсэн мөнгөн дүнгээр баримт шивж байгаа. Талуудын хооронд чанарын доголдлын талаар маргаан гараагүй, доголдол гарсан тохиолдолд мэдэгдэх, гүйцэтгэгч доголдлыг арилгаагүй бол барьцаанд суутгасан 10 хувиас уг доголдлыг арилгах, барьцаа төлбөрийг Б ХХК-д олгохгүй байх нөхцөлтэй. Хариуцагч 6 гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 37,113,230 төгрөгийг төлөөгүй. Түүнчлэн, 2018 оны 11 сарын 13-ны өдрийн *** дугаар сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээгээр нийт 222,968,800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч 16,268,500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Э ХХК-аас нийт 53,381,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 үндсэн гэрээ, нэмэлт гэрээтэй холбогдсон шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд хэн, ямар зарчмаар ажиллах, ямар баримт бүрдүүлж гэрээ авах, ямар үе шаттай гэрээ дүгнэх асуудлууд тодорхой заагдсан. Тухайлбал, талууд гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу ажил хийгдсэн. Гэрээний 6.5-д заасны дагуу улсын комисс хүлээн авч, байр ашиглалтад орсон, сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх ажил явагдаж байгаа. Б ХХК өнөөдрийг хүртэл ажлыг эцэслэн дүгнээгүй, гэрээ дүгнэсний дараа энэ асуудлыг шийдэх ба гэрээний эцсийн үнийг хамтран шалгаж тогтоодог. Түүнчлэн, фасадны өнгө сэргээж будах буюу 2018 оны 06 сарын 28-ны өдөр байгуулагдсан *** дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг мөн эцэслэн дүгнээгүй. Гэрээнд заасан нөхцөл шаардлагыг огт биелүүлээгүй. Хоорондын байгуулсан гэрээнд захиалагч нар баталгаат хугацаа дууссаны дараа гүйцэтгэгчтэй хамтран буцах холбооны шалгалтыг хийж, актаар баталгаажуулах бөгөөд актыг үндэслэн үлдэгдэл 10 хувийн төлбөрийг олгоно. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт тус тус зааснаар гүйцэтгэгч нь ажлын доголдлыг өөрийн зардлаар хариуцан арилгах бөгөөд захиалагчтай хамтран үзлэг шалгалт хийх үүрэгтэй байдаг. 2019 оны 01 сарын 25-ны өдрийн ***, 2019 оны 09 сарын 12-ны өдрийн *** дугаартай нэмэлт гэрээний татгалзалд дурдсантай адилхан, гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Энэ нь Э хороолол төслийн 1, 2 -р ээлжтэй холбоотой. Сургууль дээр нийт 3 төрлийн гэрээ байгуулсан. 2018 оны 11 сарын 13-ны өдрийн *** дугаартай гэрээтэй нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, үлдэгдэл төлбөр төлөөгүй, баталгаат хугацааг 10 хувиар шууд тооцсон асуудлууд *** тоот гэрээний ажил, гэрээний үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс өнөөдөр хүндрэл үүссэн. Гэрээтэй холбоотой асуудлыг анх гэрээ байгуулахдаа бүгдийг нь хийж гүйцэтгэсэн. Ажлын доголдолтой холбогдуулан 2019 оны 12 сарын 26-ны өдөр уулзалт хийсэн, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Б ХХК-ийн захирал Ц.Б нь төрсөн ахын бие муу байгаа учраас тодорхой хэмжээний мөнгийг олгож өгнө үү гэсэн тул 2019 оны 12 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлбөрт тооцож олгосон. Б ХХК доголдлыг хамтран шалгаж албан бичгээр баталгаа гаргаж өгсөн. 2020-2022 он хүртэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас сургууль дээр ямар нэгэн засварын ажил хийгдээгүй. Гэрээний үнийн дүн тодорхойгүй байгаа. Хоорондын байгуулсан *** тоот гэрээний 3.1, 2.1, 2.2-т тус тус заасны дагуу тооцоо нийлээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй. Сургууль ашиглалтад орсон өдөр баталгаат хугацааг тоолж байгаа боловч 2019 оны 12 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б ХХК-аас ирүүлсэн албан бичиг ирүүлсэн байвал хоорондын байгуулсан гэрээний 6.2-т зааснаар захиалагч гэрээнд заасан чанарын баталгаат хугацаа дуусахаас өмнө зөрчил доголдол гарвал арилгах тухай мэдэгдлийг өгч, гүйцэтгэгч нь чанарын баталгаат хугацааг зөрчил доголдол арилгах хүртэл хугацаанд сунгана. Доголдлоо арилгаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Бид одоо хүртэл ажлыг эцэслэн дүгнэх шаардлагатай байгаа. Э ХХК нь гэрээнд зааснаар ажлаа хүлээлцэж эцэслэн дүгнэхэд татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-аас 37,847,354 төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 15,534,376 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,859 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 347,186 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15,534,376 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Шүүхээс ажил гүйцэтгэлийн нийт үнийн дүн болон НӨАТ шивэлтийн нотлох баримтыг үнэлэлгүй зөвхөн Ажил гүйцэтгэлийн тайланд үндэслэн шийдвэр гаргаж, 15,534,376 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хариуцагчийн хувьд уг нотлох баримтыг нууж, санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгөөгүй. Гэтэл уг ажлыг гүйцэтгээгүй гэж шүүхээс шийдвэрлэж, 16,268,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

4.2. Мөн талуудын хооронд нийт 8 ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад:

4.2.1. 2018 оны 6 сарын 20-ны өдрийн *** тоот Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар гүйцэтгэл болох 12,164,190 төгрөгийн 10 хувийн баталгаа болгох 1,216,418 төгрөгийг нотлох баримт байхгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хэдий Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан нотлох баримтаар авагдаагүй ч дансны хуулга болон НӨАТ шивэлтийн баримтаар нотлогдсон байхад уг баримтуудыг үнэлээгүй.

4.2.2. 2018 оны 10 сарын 15-ны өдрийн *** тоот Ц барилгын дээвэр, фасадны ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаа 436,312 төгрөгийн нэхэмжлэлийн хэсэгт шүүх дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна. Уг хэсэгт зохигчид маргаагүй байхад шүүхээс хэрэгсэхгүй болгосон.

4.2.3. 2018 оны 11 сарын 13-ны өдрийн *** тоот Сургуулийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар гүйцэтгэл болох 37,127,800 төгрөгийн 10 хувийн баталгаа болох 3,712,780 төгрөгийг нотлох баримт байхгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Хэдий Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгох тайлан нотлох баримтаар авагдаагүй ч дансны хуулга болон НӨАТ шивэлтийн баримтаар нотлогдсон байхад уг баримтуудыг үнэлээгүй.

4.2.4. 2019 оны 09 сарын 12-ны өдрийн *** тоот Сургуулийн барилгын хар замаск, будгийн ажлын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн баталгаа 614,780 төгрөгийн нэхэмжлэлийн хэсэгт шүүх дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна. Уг хэсэгт зохигчид маргаагүй байхад шүүхээс хэрэгсэхгүй болгосон.

4.3. 10,000,000 төгрөгийн тухайд Э ХХК-ийн Ерөнхий захирлын хувийн сууцны ажлыг гүйцэтгүүлж иргэн Ц.Б өгсөн ажлын хөлс гэж маргасан байхад үндэслэлгүй, яригдаагүй зүйлийг ярьсан мэтээр тайлбарлан, дүгнэлт өгч шийдвэрлэсэн.

Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу энэхүү хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Б ХХК-тай нийт 6 төрлийн гэрээ, 2 нэмэлт гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн. Сургуулийн барилгын дотоод заслын ажил болон нэмэлт блокийн ажлуудад маргаан үүссэн. Нэхэмжлэгчээс гэрээг дутуу үнэлсэн, ажлаа хүлээлгэн өгсөн тооцоо болон *** тоот гэрээний үүргийг тодорхойлохдоо 222,000,000 төгрөгийн гэрээ биш, нийт 169,000,000 төгрөгийн гэрээ хийгдсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Тухайн 5, 6-р тайлангийн гүйцэтгэл нь Э ХХК-ийн санхүүгийн тайлан, далд ажлын актууд, хийж байсан ажлуудын ямар ч баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй. Мөн шүүхэд ирүүлсэн баримтуудад Э ХХК-ийн инженер, төлөөлөгч нарын ямар ч гарын үсэг байхгүй. Анхан шатын шүүхийн хэлэлцүүлгийн явцад уг баримтуудын эх хувийг хараагүй гэж хэлэхэд нэхэмжлэгч тал манай компьютер дээр байдаг гэж хариулсан. Тухайн баримтуудад нэг талын хүсэл зоригоор гэрээний үнийн дүнг өсгөснийг шүүх хуралдааны явцад тогтоосон. Уг *** Г тоот гэрээний үнийн дүн 169,000,000 төгрөгөөс 163,000,000 төгрөгийг шилжүүлж, 16,000,000 үлдэгдэлтэй болсон. Гэтэл 2022 оны 12 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэргийн материалд авагдсан. Хэрэгт авагдсан Ц.Б 2020 оны 10 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг манай зүгээс 2 удаа шилжүүлсэн. Хоёр дахь 10,000,000 төгрөгийг Т.В-ийн данснаас Ц.Б-ын хаан банкны дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл 2020 оны 12 сарын 30-ны өдөр 1-р хавтаст хэргийн 45-48, 2-р хавтаст хэргийн 67, 68-р талд авагдсан 10,000,000 төгрөгийг хамт тооцсон. Уг мөнгийг шилжүүлэхдээ 2019 оны 12 сарын 23-ны өдөр 2-р хавтаст хэргийн 42-44-р талд талууд хурлын тэмдэглэл үйлдэж, Б ХХК нь сургуулийн барилгын ажилд нийт 7 төрлийн доголдол гаргаж, уг доголдлыг засахгүй байгаа талаарх асуудал үүссэн. Хоёрдугаар хавтаст хэргийн 45, 46-р талд Б ХХК-аас ажлаа доголдолтой хийсэн талаарх албан бичгийг гаргаж өгсөн. Хувийн шалтгааны улмаас 10,000,000 төгрөгийг өгөөч гэсэн тул уг мөнгийг манай байгууллагаас 2022 оны 12 сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Тухайн мөнгийг шилжүүлсэн баримт 1-р хавтаст хэргийн 247, 248-р талд Б ХХК-ийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн кассын орлогын баримт, бэлэн мөнгөний баримтаар тус тус нотлогддог. Уг баримтыг Ц.Б-ын дансанд орсонтой андуурч, хувийн төлбөрөө хассан гэж маргасан. Э ХХК сургуулийн барилгын ажлыг 2019 онд дуусгаж, Б ХХК-д дотоод заслын ажлуудыг хийж гүйцэтгэж өгөх байсан. Доголдол нь барилгын үйл ажиллагааг зогсоох хэмжээний биш, өнгө үзэмж, будаг зэргийн ажлууд байсан. Улсын комиссын актад Б ХХК нь ямар нэгэн байдлаар гарын үсэг зурдаггүй. Талуудын хооронд байгуулсан ажил хүлээлцэх гэрээний 1.4, 7.5-д зааснаар хамтарсан комиссын бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх эцсийн тооцоог эцэслэн нэгтгэх ажил үүргээ огт биелүүлээгүй. Анхан шатны шүүх дүгнээгүй байна гэх асуудал огт байхгүй. Мөн анхан шатны шүүх талуудын гаргасан баримтад үндэслэж, уг хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын тайлбарласнаар бидэнд мэдэгдээгүй, төлбөр дутуу байсан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх ойлголт огт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримт бичгээр бүрэн нотлогдож байна гэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5 дахь хэсгийн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Б ХХК *** тоот гэрээний ажлын төлбөр болох 169,572,500 төгрөгөөс Э ХХК нь 16,975,250 төгрөгийг гэрээнд заасны дагуу авч үлдсэн боловч 2019 оны 12 сарын 26-ны өдрийн гэрээт ажлын доголдлын талаарх уулзалтын дараа Б ХХК-ийн баталгаа гаргасан албан бичгийг 2019 оны 12 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг Б ХХК-д олгосныг шүүх үнэлж, үнэн зөв дүгнээгүй.

6.2. Шүүх *** тоот гэрээний нийт үнэ шилжүүлсэн төлбөрийг харьцуулан, нотлох баримтыг бүрэн судлалгүйгээр барьцаа мөнгийг буруу тооцож, үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлгүй, уг гэрээний дагуу 22,620,574 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.3. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээгээр харилцан тохиролцсон гэрээ дүгнэх журмыг үгүйсгэж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх зөвхөн төлбөрийн үлдэгдэлд анхаарлаа хандуулж нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан нь шударга ёс болон Иргэний хуулийн зарчимд үл нийцнэ.

Иймд анхан шатны шүүхээс 37,847,354 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан сургуулийн дотоод засвар үйлчилгээний ажлын хүрээнд нийт 6 удаагийн санхүүжилт олгох тайлан үйлдэгдсэн. Уг нөхцөл байдлаас харахад хавтаст хэрэгт эхний 4 тайлан авагдсан байдаг. Мөн 3-р тайлан 2-р хавтаст хэргийн 238-р тал, 1-р гүйцэтгэлийн тайлан 247-р талд тус тус авагдсан. Тухайн 3-р гүйцэтгэлийн тайлангаар уг хийж гүйцэтгэсэн ажил нийтдээ 176,416,000 төгрөг байсан гэдэг нь баримтад тусгагдсан. Тухайн баримтад гүйцэтгэлээс дутуу олгосон төлбөрүүд нь нийт 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй харагдана. Хавтаст хэргийн 247-р талд байгаа 4-р гүйцэтгэлийн тайланд нийт 222,968,800 төгрөгийн ажил хийгдсэн байна. Уг ажил гүйцэтгэлээс Б ХХК-д дутуу олгогдсон 16,957,250 төгрөгийг олгож, уг ажлын гүйцэтгэлийн баталгаанд 16,000,000 төгрөгийг олгоогүй. Тухайн ажлын дутуу гүйцэтгэлд 11,000,000 төгрөгийг олгоогүй гэх баримтууд авагдсан. Энэ баримтуудаас үзэхэд тухайн ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөр 222,000,000 төгрөг байсан гэдэг нь нотлогдож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 53,381,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...гүйцэтгэсэн ажлыг эцэслэн дүгнээгүй, гэрээний үнийг хамтран тогтоодог, зарим ажлын доголдлыг арилгаагүй... гэж маргажээ. /1хх 1-4, 104-106/

 

3.   Талууд 2016 оны 08 сарын 29-ний өдөр *** тоот Гадна фасадын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 06 сарын 20-ны өдөр *** тоот Фасадны өнгө сэргээж будах ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 09 сарын 14-ний өдөр ** тоот Сургуулийн барилгын өрлөг угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 10 сарын 15-ны өдөр *** тоот Ц-ийн барилгын дээвэр фасадны ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ, 2018 оны 11 сарын 13-ны өдөр *** тоот Сургуулийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 01 сарын 25-ны өдөр *** тоот Дэлгүүрийн дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 04 сарын 12-ны өдөр *** тоот Сургуулийн *** барилгын шилэн блок өрлөг болон дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 09 сарын 12-ны өдөр *** тоот Сургуулийн ангиудын хаалга суурилуулах ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /1хх 12-16, 30-33, 39-43, 47, 230-233, 75-78, 234-237, 224/ тус тус байгуулжээ.

Эдгээр гэрээгээр Болд хаус ХХК нь гадна барилгын гадна фасадны ажил, фасадны өнгө сэргээн будах, кант тавих ажил, сургуулийн өрлөг угсралтын ажил, дотор заслын ажил, шилэн блок өрлөг, дотор заслын ажил, хаалга суурилуулатын ажил, Ц-ийн дээвэр, фасадны ажил, дэлгүүрийн дотор заслын ажил зэргийг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэх, Э ХХК нь ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь тооцож олгох, ажлын хөлсний 5-10 хувийг гүйцэтгэлийн баталгаа болгон авч үлдэх, баталгаат хугацаа дууссаны дараа уг 5-10 хувийг олгох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Дээрх гэрээнүүдэд ажлын хөлсний нийт үнийн дүн шууд тусгагдаагүй, мөн зохигчид зарим гэрээний ажлын хөлсний талаар харилцан адилгүй тайлбар гаргаж байх тул хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгосон тайлан гэсэн баримтуудыг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

4.1.Өмнө дурдсанчлан талууд ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь тооцож олгохоор харилцан тохиролцсон;

4.2.Ажил гүйцэтгэлийн санхүүжилт олгосон тайлан-д гэрээний нийт ажлын хөлсний үнийн дүн, ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүн, захиалагчаас олгосон ажлын хөлсний үнийн дүн, суутган авч үлдсэн үнийн дүн, үлдэгдэл хөлсний үнийн дүн зэрэг тоо баримтууд тусгагдсан;

 

5.   Ийнхүү тооцоход:

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 59,296,100 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 5,929,610 төгрөг /1хх 244/

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 38,533,380 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 1,926,669 төгрөг; /1хх 35/

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 23,468,750 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 2,346,875 төгрөг; /1хх 44/

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 4,363,120 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 436,312 төгрөг; /1хх 242/

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 222,968,800 төгрөг, үлдэгдэл ажлын хөлс 11,706,074 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 16,957,250 төгрөг; /2хх 247/

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 9,727,756 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 972,775 төгрөг; /1хх 79/

*** тоот гэрээний хувьд гэрээний нийт үнэ 42,165,495 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа гэж авч үлдсэн 2,705,486 төгрөг /1хх 241/ буюу нийт 42,981,051 төгрөг гарч байна.

Давж заалдах шатны шүүхээс тамгагүй, гарын үсэггүй Ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн тайлан гэх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Түүнчлэн, *** тоот гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардсан 614,408 төгрөг нь баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

...*** тоот гэрээний дутуу авсан ажлын хөлс 20,670,030 төгрөг... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, ...*** тоот гэрээний нийт үнэ 169,572,500 төгрөг... гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол өмнө дурдсан 2-р хавтаст хэргийн 247-р талд авагдсан нотлох баримтаар тус тус няцаагдаж байна.

 

6.   Улсын комисс барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан, захиалагч компани ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийн тайланг үйлдэж, гүйцэтгэсэн ажлыг тухай бүр хүлээн авсан, гэрээнд заасан 3 жилийн баталгаат хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч Б ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. /1хх 147-149, 153-156, 160-162, 163-167/

 

7.   Хариуцагч компаниас 2019 оны 12 сарын 30-ны өдөр ажлын хөлс гэсэн утгатайгаар нэхэмжлэгч компанийн захирал Ц.Б шилжүүлсэн 10,000,000 төгрөг нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй хамааралгүй, хариуцагч компанийн захирал хувийн сууцандаа засвар хийлгэсний ажлын хөлс гэх нэхэмжлэгч Б ХХК-ийн тайлбар баримтаар нотлогдоогүй тул магадлалын хянавал хэсгийн 5-д дурдагдсан 42,981,051 төгрөгийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй. /2хх 68/

Иймд хариуцагч Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 32,981,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

8.   НӨАТ-ын баримт шивсэн үйл баримт нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг шууд нотлох баримт биш тул ...шүүх НӨАТ-ын баримтыг үнэлээгүй... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9.   Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж, 351.2 дахь хэсэгт захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж тус тус зохицуулжээ.

Иймд ...гүйцэтгэсэн ажлыг эцэслэн дүгнээгүй тул ажлын хөлсний үлдэгдлийг өгөх боломжгүй... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01448 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...37,847,354 /гучин долоон сая найман зуун дөчин долоон мянга гурван зуун тавин дөрөв/... гэснийг ...32,981,051... гэж, ...15,534,376... гэснийг ...20,400,679... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...347,186... гэснийг ...322,855... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б ХХК-аас 2023 оны 06 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 77,673 төгрөг, хариуцагч Э ХХК-аас 2023 оны 05 сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 347,187 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.НЯМБАЗАР