Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0660/З |
Дугаар | 001/ХТ2022/0006 |
Огноо | 2022-01-17 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/0006
З.Б-гийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газар, тус газрын улсын байцаагч Э.Э-т холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 610 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005671 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар “БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн үйлчилгээний хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн” гэх зөрчил тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн, жолооч З.Базаррагчаас 2,000,000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 26,000,000 төгрөгийг хураах шийтгэл оногдуулсан байна.
3.Гомдол гаргагчаас “...хувь хүмүүс харилцан тохиролцож, хэлцлийн үндсэн дээр тээвэрлэлт хийсэн нь иргэд хоорондын харилцаа байхад зөрчлийн хэрэг үүсгэсэн, иргэнд хамааралгүй аж ахуй нэгжид хамаарах зохицуулалтаар хариуцлага хүлээлгэсэн, үнэ өссөн нь надаас шалтгаалаагүй, тухайн тээврийн хэрэгслээр хэдэн удаа, ямар тээвэр хийснийг шалган тогтоогоогүй, бүх мөнгийг хууль бусаар олсон орлого гэж хураасан” гэж, хариуцагчаас “...цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан үед тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн, ердийн үед 2,000,000 төгрөгийн тээврийн хөлсийг 26,000,000 төгрөг хүртэл өсгөх хэлцэлд оролцож, худалдааны хууль бус аргаар хэрэглэгчийг хохироосон” гэж маргажээ.
4.Анхан шатны шүүх: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан З.Б-аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч П.Н-Э, улсын байцаагч Э.Э нарын 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0005671 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
6.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Гомдол гаргагч буюу жолооч З.Б-д холбогдуулан Зөрчлийн хэргийг нээгээгүй, Зөрчлийн хэргийг нээхдээ тээврийн хэрэгсэлд холбогдуулан нээсэх байх бөгөөд жолооч нарыг тээврийн хэрэгслийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. 37-81 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч З.Б-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн.
6.2.Мөн 37-81 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдуулан холбогдогчоор Г.Т, З.Б нараас мэдүүлэг авсан 2 холбогдогчтой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэжээ. Холбогдогчоор тогтоосон гэх Г.Т, З.Бнарт ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаа талаар хэлж тайлбарласан нэг ч зүйл асуулт хариулт байдаггүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх л асуусан байдаг гэтэл хуульд заасан эрх үүргийн нь дагуу ямар зөрчилд холбогдсон, мөн хохирогчийн гомдол саналыг танилцуулсан гэх зүйл, зөрчлийн хэрэг материалд авагдаагүй, хохирогч тогтоосон буюу тэмдэглэл байдаггүй. Энэ хэрэг материалд хохирогч гэсэн хүн, хуулийн этгээд тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийн хэрэг мөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ гэж үзэж байна.
6.3.Зөрчлийн хэрэгт ямар ч хохирогч тогтоогдоогүй ялангуяа худалдан авагч нар З.Базаррагчаагийн тээвэрлэсэн ногоо өндөр үнэтэй байна гэдэг талаар ямар ч гомдол гаргаагүй, мөн тээврийн хөлс төлсөн барааны эзэд ч тээврийн хөлс өндөр үнэтэй болсон талаар гомдол гаргаагүй. Тээвэрлэлтийн хөлс үнэтэй болсноос ногооны үнэ өссөн талаар ямар нэгэн гомдол санал гараагүй нотлох баримт байхгүй, энэ талаар шалган тогтоогоогүй.
6.4.Удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар жолооч нарыг үгсэн хуйвалдаж, хясан боогдуулах замаар тээврийн үнийг зохиомлоор өсгөсөн үйлдэл тогтоогоогүй.
6.5.Өөрөөр хэлбэл, 800-1000 машин улс хоорондын импортын барааны тээвэрлэлт хийж байхад цар тахлын хязгаарлалтын улмаас БНХАУ талаас өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслэлийн тоог хязгаарласан нь хэн нэгэнд давуу байдал үүгэх зорилгогүй, энэ байдал нь жолооч нараас шалтгаалаагүй, өдөрт хилээр нэвтрүүлэх ачааны тээврийн хэрэгслэлийн тоог хязгаарласанд “Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн жолооч З.Базаррагчаагийн үйлдэл” байхгүй байхад өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
6.6.Мөн тээвэрлэгч буюу жолооч нар нь тээвэрлэлтийн тусгай горим шаардагдах нарийн ногоо, жимс, жимсгэнэ импортлогчийг хясан боогдуулах замаар тээвэрлэлтийн үйлчилгээний үнийг өсгөсөн буюу өрсөлдөөнийг хязгаарласан аливаа үйл ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй.
6.7.Зөрчлийн хэрэг нээх үндэслэлд дурдсанчлан импортын бараа бүтээгдэхүүний тээврийн үнэ огцом өссөн, энэ нь импортын нарийн ногоо, жимс жимсгэний нийлүүлэлт багасахад, үнэ өсөхөд нөлөөлсөн байх ч энэ асуудалд улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, жолооч нарыг буруутгаж хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Жолооч нар нь тээвэрлэлтийн үнийг тогтоох эрх бүхий этгээд биш бөгөөд тодорхой гэрээ, шийдвэрийн дагуу хөнгөлөлт, урамшуулал авах байдлаар тээвэрлэлтийн үнийг өсгөхгүй гэсэн үүрэг хүлээсэн этгээд биш билээ.
6.8.Мөн үнийн өсөлтөөс нь хамаарч тээвэрлэлтийн үйлчилгээг хууль бус ажиллагаа гэж үзэх боломжгүй бөгөөд тээврийн үйлчилгээний зардлыг бүхэлд нь хууль бусаар олсон орлого гэж үзэх үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүх Өрсөлдөөний тухай болон Зөрчлийн тухай хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
8.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно” гэж тус тус заажээ.
9.Тухайн тохиолдолд, гомдол гаргагч З.Б /жолооч/ нь БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнийг тээвэрлэхдээ тээврийн хөлсийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшилсан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх хуулийн дээрх үндэслэлд хамаарч байна.
10.Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “...цар тахлын хязгаарлалтын улмаас БНХАУ-ын талаас өдөрт хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог хязгаарласан, жолооч нараас шалтгаалаагүй” гэж маргах боловч коронавируст халдварын цар тахлын үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласан нөхцөл байдал нь тээврийн үйлчилгээний үнэ өсөх шууд шалтгаан, үндэслэл биш буюу ачаа бараа тээвэрлэх тээвэрлэлтийн зам, автобензиний үнэ өөрчлөгдөөгүй зэргээр үнэ нэмэх бодит шалтгаан үүсээгүй байхад тээврийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлсэн нь хэрэглэгчид хэт өндөр үнэ төлөх нөхцлийг бий болгосон худалдааны хууль бус арга хэрэглэсэн гэж үзнэ.
11. Тодруулбал, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авто зам болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалт тогтоосон үед З.Базаррагчаа нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхдээ энгийн үед хоёр саяаас хоёр сая таван зуун мянган төгрөгийн үнэтэй тээврийн хөлсийг хорин саяаас хорин таван сая төгрөг хүртэл өсгөн, тээврийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчил үйлдсэн байна.
12.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа, ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг ойлгоно” гэж зааснаар хувь хүний зах зээлд явуулж буй аливаа үйл ажиллагаа нь өрсөлдөөний хууль тогтоомжоор зохицуулагдах бөгөөд өрсөлдөөний хязгаарлагдмал нөхцөл байдалд буюу энэ тохиолдолд цар тахлын үеийг ашиглан үнийн хөөрөгдөл үүсгэж хэрэглэгчийг хохироосон байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “иргэд хоорондын харилцаа байсан, аж ахуй нэгжид хамаарах заалтаар хариуцлага хүлээлгэсэн” гэх гомдол үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 610 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн өмгөөлөгч Ю.С хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН