Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0362

 

 

“Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О, хариуцагч татварын улсын байцаагч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.О, Д.С нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 33.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Т Э” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Отгонбаяр, Д.Сэлэнгэ нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг илт буруу үнэлсэн, нотлох баримтыг үнэлэхдээ нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн нь гомдол гаргах үндэслэл болж байна.

Шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт “хариуцагчийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасныг үндэслэн төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 18 181 818.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй байна" гэж үнэлсэн ба энэхүү үнэлэлтийнхээ хүрээнд нэхэмжлэгчийг "... татварын хуурамч буюу хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна" хэмээн дүгнэсэн нь хэт өрөөсгөл, нэг талыг барьсан, эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа компанийн эрх ашиг зөрчигдөж байгааг бодитоор харж, үнэлж чадаагүйгээс хууль бус шийдвэр гаргахад хүрсэн гэж үзэж байна.

Хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол"-ыг нэхэмжлэгч, хариуцагч талаас гаргах өгсөн ба үүнд прокурорын тогтоол үйлдэхдээ "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн" гэх хийсвэр дүгнэлтээр хариуцагчийн тайлбарыг үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор үнэлэх зарчимыг зөрчсөн, захиргааны хэргийн шүүхийн нотлох үүрэгтэй байсаар атал зохих нотлох ажиллагааг хийгээгүй хэрнээ хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийн хуулбарыг гарган өгсөн ба үүнд "Э Т Э” ХХК-ийн захирал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үг үсэг, агуулга нэг ч байхгүй ба харин ч татварын албанаас олгосон, бүртгэлтэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт тооцон тайлагнасан талаар мэдүүлсэн байхад энэ баримтыг үнэлээгүй, хэрхэн үнэлсэн талаараа шийдвэртээ дүгнэлт хийж тусгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхээ илэрхийлсэн баримт эрүүгийн хэрэгт байгаа эсэх талаар нотлох ажиллагаа хийгээгүй буюу эрүүгийн хэрэгт үзлэг хийгээгүй хэрнээ хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачилалын 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэв нэхэмжлэгч “Э Т Э” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаангүйгээр төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан бол дээрх хуулийн болон аргачиллаар тогтоосон зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй байна.

Гэтэл "Э Т Э” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын 10079521, 10079522, 10079523 дугаартай падаануудыг үндэслэсэн, падуунууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт "... падаангүй ... бол албан татварыг хасч тооцохгүй", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачиллын 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтын “падаангүй ... бол албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

Нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь падаанаар нотлогдсон, тухайн падаан нь хуурамч, хий бичилттэй эсэхийг өөрөө шалган тогтоох боломжгүй, татварын албанаас олгосон, бүртгэлтэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн байхад нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байх ба татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг худалдан авалтад давхардуулан буюу 2 дахин татвар ногдуулж байгаа шударга бус хэрэг юм.

Энэхүү 2 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э Т Э” ХХК-аас “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Сэлэнгэ, Т.Отгонбаяр нар нь “Э Т Э” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 181818182.20 төгрөгийн бараа материал худалдсан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Худалдан авалт” хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр татварын улсын байцаагчийн 230013886 дугаар акт үйлдэж, 18181818.30 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг актыг нэхэмжлэгч “Э Т Э” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “...нэмэгдсэн өртгийн албан татварын 3 ширхэг падаан бичүүлэн авч 2012 оны 04 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа үнэн зөвөөр тусган тайлагнасан. “Д” ХХК-аас бичиж олгосон 3 падааныг эх хувиар нь гаргуулан авсан. Энэ талаараа улсын байцаагч нарт тайлбарлан хэлсээр байтал төлөх ёстой татварыг буруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж, хариуцагч нараас “...2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10079522 дугаартай падаанаар 56704545.50 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10079521 дугаартай падаанаар 59074972.70 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10079523 дугаартай падаанаар 66038664 төгрөгийн бараа, материал худалдан авсан гэх боловч “Д” ХХК нь хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар авч компанийн санхүү, татварын тайланд тусгаж, татварын албанд тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон, ... акт хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөнөөр хийгдсэн нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Э Т Э” ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10079522 дугаартай падаанаар 56704545.50 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10079521 дугаартай падаанаар 59074972.70 төгрөгийн, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10079523 дугаартай падаанаар 66038664 төгрөгийн үнэ бүхий бараа, материал худалдан авсан гэж 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасч тайлагнасан байх боловч дээрх падаанд тусгагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэнийг нотлох зарлагын баримт, кассын зарлагын ордероос өөр санхүүгийн анхан шатны баримтгүй бөгөөд нэхэмжлэгч нь “Д” ХХК-аас бараа, материал худалдан аваагүй атлаа 3 ширхэг хий бичилттэй, хууль бус падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 230026 дугаар дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал болон нягтлан бодогч нараас “татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч”, хохирол нөхөн төлөхөө илэрхийлснээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, тэдгээрт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Үүнээс үзвэл “нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 2 дугаар сарын тайлангаар тодорхойлогдсон 181818182.20 төгрөгийн бараа материал худалдсан авсан мэтээр төлбөр зохих татвараа бууруулсан” гэсэн үндэслэлээр нөхөн татвар ногдуулсан татварын улсын байцаагчийн акт нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-д заасантай нийцсэн байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Э Т Э” ХХК нь “Д” ХХК-аас худалдан авалт хийсэн гэх боловч уг гүйлгээ нь “Э Т Э” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэмэгдсэн өртгийн албан татварыг нэг худалдан авалтад давхардуулан буюу 2 дахин татвар ногдуулж байгаа нь шударга бус” тухай гомдол үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0185 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 33 дугаар зүйлийн 33.2.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Т Э” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Отгонбаяр, Д.Сэлэнгэ нарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 230013886 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                                                    Д.БААТАРХҮҮ