Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 205/МА2023/00030

 

Г.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 141/ШШ2023/00130 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.*******ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ******* сумын *******ын *******д холбогдох 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан *******ын *******ийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, *******ын *******ийн даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын *******д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан *******ын *******ийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, *******ын *******ийн даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Манай байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүх ажилчдын хурлаар зуны ээлжийн амралтыг баталгаажуулсан ба миний бие 7 дугаар сарын 01-ний өдрөөс амрах хүсэлтээ өгсөн. Тэгээд 7 дугаар сарын 01-нд амралтаа авсан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр утсаар ажлаа ирж хий, чамайг амраагаагүй байна гээд *******өөр удаа дараа дуудуулаад байхаар нь 17 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь чиний амралт болоогүй байхад чамайг хэн амраасан юм ажлаа хийгээч гэхээр нь чи миний амрах амрахгүйг мэддэг болоо юу гээд бид хоёр маргасан чинь соёлын ******* дотроос дарга гарч ирээд учир зүггүй нүүр лүү алгадаад байхаар нь хоёр гарын шуун дээрээс нь барьж аваад ажил руу түлхэж оруулаад хаалгыг нь дараад авсан. Энэ маргаанаас болж биед халдсан, хэл амаар доромжилсон гээд шууд цагдаад өгсөн байсан. Би Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулсан. Мөн 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажил тасалсан гэж ямар нэгэн тушаал шийдвэргүй цалин хассан байсан. 7 дугаар сарын 8-ны өдөр амралт эдлэх ёстой гэж цалин хасчхаад 8 дугаар сарын 12-нд орсон байхад 8 сарын 02-ны өдрөөс 12 хүртэлх цалинг бас хассан байсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалаар ямар шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд *******ын *******ийн даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээлжинд гарсан ба өглөө 10 цагт *******өөс жижүүрийн ажлыг хүлээж авсан. Байгууллагын дарга 13 цаг өнгөрөөд гарсан. Би 14-15 цагийн үед байгууллагад хүн байхгүй, бие эвгүй оригоод зүрх дэлсээд байсан тул Долоогонын ханд болон өвчин намдаах диклоденк 100-г уучхаад ******* хаалгаа түгжээд 2 давхарт гараад хэвтэж байтал хэсэг зүүрмэглэсэн байсан ба утас дугараад эрэгтэй хүн та ажил дээрээ байна уу, үүдээ онгойлго гэхээр нь хаалга онгойлгож өгөхөд сумын хурлын дарга хүүхэдтэйгээ бүжгийн дугуйлан орох юм уу гэж асуугаад дотогшоо орсон ба Бүжгийн дугуйлан орох орохгүйг ах нь мэдэхгүй гэхэд над руу бүүр дахин дахин миний нүд рүү хараад байсан. Би тухайн үед яагаад дахин дахин над руу нүд рүү хараад байгаа юм болоо гээд гайхаад өнгөрсөн. Тэгээд бүжгийн 2 багш ороод ирсэн. 15-19 цагийн хооронд бүжгийн дугуйлан хичээллэсэн. Байгууллагын 2 давхарт бүжгийн дугуйлан хичээллэж эхнэр нь хүүхдүүдэд голцуу бүжгийн хичээлээ заагаад ******* багш надтай хамт нэг давхарт ******* хаалган дээр тарах хүртэл байсан. Дугуйлан 18 цаг 40 минутад тарж багш нь хамгийн сүүлийн хүүхдүүд гарсны дараа 19 цагийн үед гарсан. Түүний дараа 20 цагийн үед цэцэрлэгийн хамт олон тайзан дээр зураг авахуулахаар ирсэн Тухайн үед 2 давхрын тайзны гэрэлтүүлгийн өрөөнөөс гэрлүүд тайз руу тавьж өгсөн. Зураг авалт дууссаны дараа цэцэрлэгийн галч тай гэрлийн өрөөнд хамт орж гэрлүүдийг унтраагаад бууж ирсэн. Бууж ирэхэд цэцэрлэгийн ажилчид бүгд тараад явсан байсан ба араас нь гараад явсан. Цэцэрлэгийн багш нар 40 гаран минут болсон ба хамгийн сүүлийн хүн буюу нь 20 цаг 30 минутын үед гарч явсан. Үүнээс хойш хоолоо идээд байгууллагаа нэг тойроод, байгууллагын гадна орчин, тойрныг шалгачихаад дотор орж паар болон дулааны шугамын заалтаа харсан. 21 цаг 50 минут болж байсан ба дахиад зүрх эегүй болоод байхаар нь 30 дуслаар долоогонын ханд, зилт 75 хоёрыг уугаад гутал, оймсоо тайлаад хэвтэх гэтэл утас дугараад хаалгаа онгойлго гэхээр нь хаалга тайлж өгөхөд 3 цагдаа байсан ба шууд орж ирээд миний өмнө яваад жижүүрийн өрөө рүү ороод, жижүүрийн өрөөний том төмөр сейфийг онгойлгож ухаад өө энд архины 2 шил байна гэхэд нь юуны архины шил байдаг юм гэсэн чинь энэ байна гээд зургийг нь дараад байсан. Мөн ундааны савтай шээс байсан ба тухайн цагдаа нар согтуурал шалгадаг багажаараа үзнэ. Та архи уусан байна гэхээр нь яахаараа би уусан байдгийн та нарыг харахад эрүүл хүн байгаа биз дээ хэн ч өвчин тусч болно. Би ий,м ийм эм дөнгөж сая уучихаад байж байна гээд зөндөө хэлсэн. Тэгэхэд эмээс болж согтуу гарна гэж юу байдаг юм та ийшээ үлээ гээд байхаар нь үлээсэн. Тэгтэл нөгөө цагдаа руугаа харуулаад за нөгөөдөх чинь гараад ирсэн гээд зургийг нь дараад байсан. Тухайн үед би долоогонын хандыг сая уусан энэ эм цэвэр спирт агуулсан гэж хэлж байсан. Би харваас эрүүл байгаа биз дээ та нар миний нүдийг улаан гэдгийг мэднэ, наадах чинь ганц ******* гэдэг хүний ажил биш ард нь бүхэл бүтэн 1 айлын амьдрал яригдана, та нар ямар зорилгоор ингээд байгаа юм. Хэний даалгавраар ингээд байгаа юм гээд би утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гэж хэлэхэд тухайн цагдаа нар шууд гараад яваад өгсөн ба тухайн үеийн нөхцөл байдлыг утсаараа бичсэн. Миний согтуу байсан үгүйг тэр бичлэг нотолно, тэр бичлэг нь миний утсан дээр байгаа. Тухайн өдрийн өглөөний 10 цагт ажлыг нь хүлээн авсан *******өөс тэр төмөр сейфт архи болон архины шил байсан уу гэхэд анзаараагүй гэдэг. Тэр хоёр шил болон шээс нь *******ийн том тортой хувцас, 2 том шилээпэн малгай, цагаан, хөх 2 том хүний монгол цамц, ковидын хамгаалалтын компензоны араас гарч ирсэн. Би сангийн багажаа тэр сейфний доод хаалгатай хэсэгт байдаг учраас дээд хаалгыг ашиглаж, онгойлгож үздэггүй. Тэр сейфний дээд талын хаалганд ******* хувцсаа хийдэг, Манайд аливаа нэгэн тоглолт, үйл ажиллагаа болсны дараа болон болох дундуур гадны хүмүүс болон дуучид, архи согтууруулах ундаа ихэнхдээ хэрэглэсэн байдаг ба тоглолтод орох уран бүтээлчдийн өрөө, хувцас солих өрөө, жижүүрийн өрөө, ачааны өрөө, оёдлын өрөө, хөгжмийн багшийн өрөө тэр ч бүү хэл үзэгчдийн суудлын дундаас хүртэл архи пивоны шил, лааз гарч байсан. Ер нь архи пивоны шил манай байгууллагын аль ч өрөөнөөс гарч магадгүй хүмүүс хаашаа ч хаяж, шидсэн байж магадгүй. Тэр өдөр намайг согтуу байна гэж үзээд Иргэдийн хурлын даргатай нийлж шалгуулсан байх. Долоогонын хандыг хэрэглэх болсон шалтгаан би 2015 оноос хойш хоолой сөөх, бачуурах, нүд улайж явж байгаад 2021 оноос амьсгал давчдах, чичрээд байдаг болсон. 2022 оны 09 сараас зүрх дэлсэх, зүрх чичрэх, амьсгал давчдах, даралт ихдэх, зүрхний пүүлс ихдэх болсон ба зүрхний асуудалтай гэдгээ мэдэхгүй удаасан байсан. Ингээд 9 сараас хойш эмчийн зааврын дагуу зүрхний панинген, пүүлс ихсэхэд уудаг долоолгын ханд, даралтад Амлодинк, цус шингэлэх Зилт 75 гэсэн эмнүүдийг хэрэглэж ирсэн. Долоогонын хандыг өдөрт 3-4 удаа буюу гайгүй байвал 3 удаа, ойр ойрхон зүрх дэлсээд байвал 4 удаа уух ба нэг удаа уухдаа 30 дуслаар хэрэглэж бай гэсэн. Тухайн долоогонын хандыг тогтмол цагт хэрэглэж байсан. Намайг архи дарс уугаагүй байхад ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Завхан аймгийн ******* сумын *******ын *******ийн даргын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа буюу *******ын *******ийн жижүүр, сантехникчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

...Манай байгууллага Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог зохион байгуулах журам-ын дагуу ажилтан албан хаагчдаа үзлэг оношилгоонд нэгдсэн журмаар хамруулах ажлыг дотооддоо зохион байгуулж жижүүр Г.*******, үйлчлэгч П.оо, хөгжмийн багш С. нар байгууллага дээрээ үлдэж бусад албан хаагчид үзлэгт хамрагдахаар явах болсон. Бид үзлэг оношилгоондоо яваад ирсэн. Гэтэл биднийг явсан өдөр Г.******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Энэ талаар би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдээд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г.*******т утсаар хэлж дуудахад ажил дээр ирээд Миний бие өвдөөд долоогоны ханд уучихсан байхад гэнэт цагдаа нар орж ирээд шалгасан, намайг үлээлгэнэ гэхээр нь би үлээхгүй гэсэн чинь үлээ гээд үлээхэд 1,14 бүхэл гарсан. Жижүүрийн өрөөнд байдаг саарал сэйфэн дотор 2 архины шил, ундааны саванд шээс байсныг гаргаж ирээд зургийг нь авсан гэж хэлсэн. Ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн. Тухайн өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. манай байгууллагад бүжгийн дугуйланд хүүхдээ авчирч өгөөд ороод гарахдаа Г.*******ыг энэ хүн чинь хэвийн биш байна шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд зүгээрээ, угаасаа нүүр, нүд нь улаан байдаг юм гэж хэлсэн. Би хот явахдаа Г.*******т гурван газар бичиг хүргэж өгөөрэй гээд үлдээгээд явсан. Тэгээд бичиг хүргэж явахдаа таксины жолоочтой архи уусан юм шиг байгаа юм. Г.******* тухайн оройноос хойш намайг янз бүрээр доромжлох болсон. Би ажлаас халах тушаал гаргахаасаа өмнө Ч.ыг дуудаж уулзан Г.*******ыг тэр өдөр ямар байсан талаар асуухад би түүнийг архи ууж байхыг яг хараагүй, гэхдээ архи нилээн үнэртэж байсан гэж хэлсэн. Мөн н., н. нараас та нар үнэнээр нь хэлж өгөөч та нарыг *******ын *******д зураг авахуулж байхад Г.******* ямар байсан бэ гэхэд тэр хоёр бид нар түүнтэй төрөл, хэлж чадахгүй, гэхдээ архи үнэртэж л байсан гэж хэлсэн. Би хүний ажил амьдрал шийдэх гэж байгаа учраас гурван хүнээс асууж тодруулж нягталж байж энэ тушаалыг гаргасан. Биднийг хот явж байх замд Г.******* байгууллага дээр цагдаагийн байгууллагаас шалгалт орж ирлээ гээд надтай хамт явсан жижүүр рүү яриад байсан. Таньдаг цагдаа байна уу яриад өгөөч гэж ярьж байсан. Үүнийг бид нартай хамт явж байсан дуучин н. ах мэдэж байгаа. Би тэр хүмүүсээс Г.*******ыг үнэхээр архи уусан байна уу гэж тодруулсан нь үнэн. Би гурвын гурван хүнээс энэ талаар асууж байж тушаал гаргасан. Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад мэдэгдэх хуудас ирсэн байгаа. Г.******* нь нэг бус удаа ажлын байр дээр архи уусан. Би энэ талаар нь түүний найз болон ахад нь ч хэлж, түүнийг битгий архи уулгаач гуйж байсан. Түүний байгууллага дээр дөрөв дэх удаагаа архи, согтууруулах ундаа уусан үед нь би энэхүү ажлаас халах арга хэмжээг авсан. Г.******* нь эрүүлдээ зүгээр байдаг бөгөөд архи уухаараа ажлын групп дээр миний талаар янз бүрийн зүйл бичдэг. Намайг 100 жилийн бэлэвсэн авгай гэдэг. Хуучин даргыг, энэ хүнийг чи авчирсан гэж түүнийг зодох дээрээ тулсан. Цагдаа дээр гомдол гаргасан байхад нь гуйж байгаад болиулсан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д, 158 дугаар зүйлийн 158.1.5-д, 158.2.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын *******д холбогдуулан гаргасан Завхан аймгийн ******* сумын *******ын *******ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан *******ын *******ийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, *******ын *******ийн даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.    Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

...Манай байгууллагын дарга М.******* нь 2021 оны 12 сард томилогдсоноосоо хойш 10 орон тоотой байгууллагад хөгжмийн багшийг халж, байгууллагын 10 хуруутай тэнцэх тооны ажилчдыг жил хүрэхгүй хугацаанд 7-8 удаа халах, сануулах, цалингын хувь бууруулах өөртэй нь зүй ёсны тайлбар тавьсан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж хэл амаар доромжилж ажлын байрны дарамтыг байнгын шинжтэй үзүүлж ирсэн. Жижүүрүүдийг 24, 48 түүнээс урт хугацаагаар гаргаж, дундын амралтгүй, 24 цаг бүтэн гараад буух гэж байхад шууд өөрийнх нь зөвшөөрөлгүй өнөөдөр чи дахин гар гэх мэт байдаг.

Энэ ажлаас халах шалтгааныг гаргах болсон үндэслэл нь анх нэг багшийг халахад нь өмөөрсөн, нярав мааг байнгын дарамтанд байлгасан гээд тухайн нярав нь Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгч даргыг шалгуулсан юм байна лээ. Тэр газрын хүн надаас мэдүүлэг авч сантехникт танд тус бүрийн үнэ 180000 төгрөгний 10 ширхэг паар 1,800,000 төгрөгийн сэлбэгийг авч өгсөн үү гэхэд тийм юм авч өгөөгүй, паараа сольж чадахгүй байна гэж үнэнээ хэлсний төлөө /би худлаа хэлж чаддаггүй хүн/ , чи энэ мөнгийг өөр юманд зарцуулсныг мэдсээр байж, санаатайгаар мэдүүлэг өгсөн, маа юу ч мэдэхгүй, чи л бүх юмыг нь зааж өгч, материалыг цуглуулж өгсөн гэж ор үндэсгүй гүтгэж тэрнээс хойш намайг байнгын ажлын байрны дарамт үзүүлж ирсэн.

1. Нэхэмжлэгч миний бие 2015 оноос хойш эрүүл мэндийн шалтгаантай болсон. Би байнга эмчийн хяналтад байдаг. Би 2022 оны 11 сарын 14-ны өдөр ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Тухайн үед даралт ихсэх, зүрх дэлсэх шинж тэмдгүүд илэрч байсан учраас эмчийн зааврын дагуу даралтны эм амлоденк-10, зүрхний эм панангин, зүрхний дэлсэлт пульс бууруулах эм долоогоны ханд, цус шингэлэх эм зилт-75, өвчин намдааж үрэвсэл дарах эм теклоденк ibuprofen-г тогтмол хэрэглэдэг байсан. Тухайн үед зүрх дэлсээд долоогоны ханд, зилт-75, өвчин намдаах эмээ дөнгөж уугаад байж байсан. 2022 оны 11 сарын 14-ны өдөр 21 цаг 40 минутын үед үл таних дугаараас миний утсанд дуудлага ирсэн. Утсаа автал Цагдаагийн ахмад Д.а байна үүдээ онгойлго гэсэн. Ингээд очоод соёлын *******ийн үүдийг нээтэл Д., цагдаа а, жолооч нар орж ирээд жижүүрийн өрөөний сейфийг шалгаж 2 архины шил, ундааны савтай шээшийг гаргаж зургийг нь авсан. Сейфнээс архины шил гарч байна тэгэхээр энэ хүнийг согтуурал шалгах багажаар шалга гэсэн. Тэгэхэд нь би зүрх, даралт, өвчин намдаах зэрэг эмийн бэлдмэлүүдээс согтуурлын зэрэг гардаг юм болов уу гэж хэлэхэд цагдаа а, цагдаагийн жолооч 2 нь эмийн бэлдмэлээс согтуурлын зэрэг гарахгүй ээ, та ажлын байран дээрээ эрүүл саруул байгаа учир энэ эмийн бэлдмэлүүдээс согтуурлын зэрэг гарахгүй ээ зүгээр гэж хэлэхээр нь би согтуурал шалгах багаж руу үлээсэн. Тухайн багажийг надад харуулалгүйгээр согтуурлын зэрэг тогтоогдож байна гээд хоорондоо яриад, зургийг нь дараад байсан. Гэтэл ахмад жижүүрийн ширээн дээр хавтастай бичиг цаас гаргаад юм бичээд байсан, юу бичсэнийг би мэдэхгүй, ингээд бичиж дуусаад, та ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа учир үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зур гэсэн. Тэгэхээр нь би ажлын байран дээрээ эрүүл саруул байгаа байж, яахаараа согтууруулах ундаа хэрэглэсэн, би согтуу гэж гарын үсэг зурах ёстой юм бэ? миний биеийн байдал тааруу байна, эм уусан гээд та нарт учирлаж хэллээ, та нар ямар хүний дуудлагаар ингэж шалгалт хийж байгаа юм бэ? гэж асуугаад утсаараа бичлэг хийж баримтжуулж авна гээд гар утсаа автал цагдаа нар жижүүрийн өрөөнөөс гараад явсан.

2. Тухайн үед би цагдаа нарт ч эм уусан тухайгаа хэлсэн. Цагдаагийн алба хаагч нарын ярьж буй зүйлүүд хоорондоо зөрүүтэй байна. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй.

Гэрч нь *******ын ******* рүү ороод буцаж гарч яваад согтуурал шалгах багажийг авчирч Г.******* миний согтуурлыг шалгасан гэдэг.

Харин гэрч Ц.а ...*******ын ******* рүү ороод жижүүрийн өрөө рүү ороход өрөөнөөс болон Г.*******аас архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Харин тамхи татсан бололтой, тамхи үнэртэж байсан. Г.*******ын гадна байдлыг харахад ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжгүй байсан. Г.*******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах гэхэд би архи уугаагүй, зүрхний эм уусан гэж хэлдэг, мөн согтуурал шалгах багажийг бид *******ын ******* рүү орохдоо авч орсон, мөн дуудлагын дагуу *******ын *******д очсон гэж мэдүүлсэн.

Гэрч нь тухайн өдөр албан байгууллагуудыг нэгдсэн байдлаар шалгахаар гарсан гэдэг боловч гэрч Ц.ын /дуудлагын дагуу соёлын *******д очсон/ мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. мөн Анхан шатны шүүх хурал дээр гэрч нь, өөрийн санаачлагаар очиж үзлэг шалгалт хийсэн гэдгээ хэлсэн. Тухайн өдөр *******ын *******ийн жижүүрийн өрөөний сейфийг мөн намайг л шалгасан болохоос байгууллагын хяналтын камер, галын аюулгүй байдлын, дохиоллын систем гэх мэт зүйлүүдийг огт шалгаагүй. Надаас энэ талаар юу ч асуугаагүй. Энэ өдөр цагдаагийн алба хаагч нарыг хэн нэгний даалгавраар ирсэн гэж бодож байна. *******ын ******* рүү ороод жижүүрийн өрөө рүү шууд орж сейфийг шалгаж архины шилнүүдийг гаргасан. Тэр сейфний дээд тавиурт жижүүр *******ийн хувцас байдаг учраас хүний хувцас, эд хөрөнгөтэй сейфийг нээж үзэх шаардлагагүй гэж бодоод нээж үзээд байдаггүй. Миний болон жижүүр , нарын хувцас өөр газар байдаг.

1. Би 2022 оны 11 сарын 14-ны өдөр архи уугаагүй, зүрхний хэм алдагдаж, зүрх дэлсдэг оноштой эмчлэгдэж байсан гэж нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Хариуцагч долоогонын ханд хэрэглэсэн хүнээс согтуурлын зэрэг гарах боломжгүй гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шинжээч долоогонын хандыг заавал хүнд уулгаж байж дүгнэлт гаргах боломжтой тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Ийм учир хэргийн оролцогч хүсэлт гаргасны дагуу туршилт хийсэн. Туршилт хийхэд миний бие болон Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч , түүний туслах, хариуцагч ******* болон хөндлөнгийн 2 гэрч байсан. Туршилтад хариуцагчийн хүсэлтээр хариуцагч М.******* бид 2 хамт орж 2,2 удаа долоогоны ханд гэх эмийн бэлдмэлийг хэрэглэж, согтуурал шалгах багаж руу тус тус 6 удаа үлээсэн. Туршилтын явцад долоогонын ханд хэрэглэсэн хүнээс согтуурлын зэрэг тогтоогдох эсэхийг шалгахад Г.******* миний согтуурлын зэрэг 1,49-5,07 хүртэлх хувиар маш өндөр гарч байсан. Үүнийг шүүгч өөрөө харсан үзсэн. Тухайн үед Шүүгч Б. нь туршилтад Г.*******аас маш өндөр согтуурлын зэрэг илэрлээ үүнийг бид бүгд харлаа гэж хэлж байсан мөртлөө анхан шатны шүүхийн шийдвэрт архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэдгийг нотлох боломжгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

2. Г.******* би анхан шатны шүүхэд нотлох баримтаар эрүүл мэндийн картууд, эмнэлгийн үзлэгийн карт, багийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт, цээжний рентгений зураг, зүрхний бичлэг, Завхан аймгийн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан талаарх шинжилгээний хариу, эмчийн дүгнэлт, эмчилгээний жор мөн 2022 оны 11 сарын 14-ны өдрийн утасны бичлэгийг өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, бодитойгоор харьцуулж үнэлэлгүй, шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Иймээс Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 сарын 04-ны өдрийн 141/ШШ2023/00130 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлэлгүй, шүүх хэт нэг талыг барьсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хэрэгт авагдсан үйл баримт болон гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. 2022 оны 11 сарын 14-ны өдөр Г.*******ыг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байхыг хэн нэгэн хараагүй буюу согтууруулах ундаа уусан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Нэхэмжлэгч архи уугаагүй, зүрхний хэм алдагддаг зүрх дэлсдэг оноштой эмчлэгдэж байсан гэж нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Тухайн оношийг бичиж өгсөн эмчээс хууль сануулж, гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгт Г.*******т 2 удаа эмчилгээ бичиж өгсөн гэж хэлдэг. Эмчийн бичиж өгсөн жорын дагуу Г.******* нь долоогоны хандыг байнга хэрэглэдэг.

Г.******* нь тухайн өдөр зүрх нь эвгүй болоод байхаар нь 30 дуслаар долоогоны ханд, зилт 75 гэх 2 эмийг уугаад хэвтэх гэтэл хаалга тогшихоор нь хаалга нээтэл 3 цагдаа байсан ба шууд орж ирээд жижүүрийн өрөө рүү нь орж өрөөний том төмөр сейфийг онгойлгож 2 архины шилийг гаргаж, зургийг нь дарсан. Ингээд согтуурал шалгадаг багажаараа шалгана гэхэд нь Г.******* нь ийм ийм эм дөнгөж сая уусан гэж хэлэхэд эмнээс болж согтуу гарна гэж юу байдаг юм үлээ гэхээр нь уг багаж руу нь үлээсэн. Гэтэл согтуурлын зэрэг гарсан. Г.******* нь долоогоны хандыг би сая дөнгөж уусан энэ эм цэвэр спирт агуулсан гэж хэлсэн байдаг. Тухайн үеийн нөхцөл байдлыг утсаараа бичсэн, уг бичлэгээ анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх уг бичлэг, мөн хариуцагчийн хүсэлтээр хийсэн туршилтыг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Цагдаа нар Г.*******ыг эм уусан даруйд согтуурлын хэмжээг нь шалгасан. Мөн хариуцагчийн хүсэлтээр Долоогоны ханд эмийг хэрэглэхэд амьсгал дахь спиртийн агууламжаар согтолтын зэрэг гардаг эсэх талаар туршилт хийхэд Долоогоны ханд эмийг 30 дуслаар уусан даруй согтолтын зэрэг гарах боловч тодорхой хугацааны дараа буюу 10-15 минутын дараа согтолтын зэрэг 0 хувьтай гарсан болох нь тогтоогдсон байдаг. Ийм учраас Г.******* нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн түүний өрөөний сейфээс 2 архины шил гаргасан, гэрч О.******* нь тэр өдөр 10 цагт ажлаа хүлээлгэж өгөөд, 13 цагийн үед сейфээс хувцасаа тэр үед архины шил хараагүй гэдэг. 13 цагаас 19 цагийн хооронд Г.******* нь ганцаараа 2 шил архи уух боломжгүй. Иймээс Г.*******ыг тухайн өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоох ямар ч боломжгүй байгаа юм.

Завхан аймгийн ******* сумын 2022 оны 08 сарын 19-ны өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухайд: Г.******* нь 2022 оны 05 сарын 30-ны өдрийн бүх ажилчдын хурлаар ажилчдын зуны ээлжийн амралтыг баталгаажуулахад 07 сарын 01-ны өдрөөс амрах хүсэлтээ өгч, 07 сарын 01-ны өдрөөс амарч эхэлсэн. Гэтэл 07 сарын 01-ны өдөр хүртэл ажил тасалсан гэж ямар нэгэн тушаал шийдвэргүй цалин хассан байсан. 07 сарын 08-ны өдрөөс амрах ёстой гэж цалин хасчихаад 8 сарын 12-ны өдөр ажилд орсон байхад 08 сарын 02-ны өдрөөс 08 сарын 12-ны өдрийг хүртэлх цалинг бас ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр хассан.

Завхан аймгийн ******* сумын *******ын *******ийн даргын 2022 оны 12 сарын 21-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухайд: Уг тушаалын агуулгад нэхэмжлэгчид ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчид ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй бөгөөд ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулснаас хамаарч үр дагавар үүснэ. Мөн уг тушаалд хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн гэх боловч тэр дотоод журам нь хэрэгт авагдаагүй Хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлаагүй, зөвхөн *******ын тухай хуулийн заалтыг л баримталсан байдаг. *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д соёлын ажилтан нь мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх хүлээнэ гэж заасан ба уг хуулийн заалт нь соёлын ажилтан ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах заалт байна. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь соёлын ажилтан биш юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж уг хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймээс Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 сарын 04-ны өдрийн 141/ШШ2023/00130 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

...Г.*******ын хэлж байгаагаар би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* сумын *******ын *******ийн даргын ажлаа хүлээж авсан нь үнэн. Ажлаа аваад удаагүй байхад хөгжмийн багш маань дарга болох гэдэг хүний шавь нь. гэдэг хүнтэй асар их хэл амны хэрүүл тэмцэлтэй байсан юм байна лээ. дарга ажлаа өгөхдөө шавиа даргаар нь тавина гэж хэлсэн юм байна лээ. Би төрийн албан хаагчийн удирдах албан тушаалтны шалгалтаа өгөөд энэ ажлаа авсан. Намайг ажлаа хүлээж авсан өдрөөс хойш Г.******* манлайлаад ажил хийхгүй, хөгжмийн багш оройн цагаар хөгжим тоглохгүй гээд ажлаа хаяад яваад байсан болохоор би ямар ч аргагүй байдалд ороод хөгжмийн багшийг ажлаас нь халсан. Би дөнгөж ажилд ороод яаж 5.000.000 төгрөгийг үрэх вэ, би ажлаа аваад эмэгтэй хүн урчаас орох хаалганы хүлээх танхимын засъя яаж ,засах вэ гэхэд за даргаа 5.000.000 төгрөг халаалтын мөнгө гээд татагдах гээд байна, үүнийг яаж авч үлдэх вэ гэсэн. Тэгэхээр нь би өмнө удирдах албан тушаал эрхэлж байгаагүй дуучин хүн байсан учраас яаж авч үлдэхийг нь би мэдэхгүй яаж авч үлдэх арга байна вэ гэсэн чинь угтах хаалга болгож хийе гээд Г.******* ажил хийдэг компаниар хийлгэе чинь 1.800.000 төгрөгөөр хийнэ гэсэн, тэгсэн өөрсдөө хийхээр болоод 1.800.000 төгрөгөөр хийлгэсэн. Тэр асуудал дээр нягтланг Авлигатай тэнцэх газрын хүн дуудаж уулзахаар нь би наад ажлыг чинь хийе гэсэн юм чинь юу л байна би өөрөө үүрье, зориулалтыг нь өөр зүйлд зарцуулсан ч гэсэн түүнээс идсэн зүйл байхгүй, та бүхэн шалга гэж хэлээд шалгуулсан. Г.******* хууль сайн мэддэг, хамт олны хурал дээр хамт олныг турхирсан үйлдэл гаргадаг. Намайг бэлэвсэн, 100 жилээ янхан хүүхнээр хийлгэхгүй гэдэг. Хамт олноороо хуралдсан хурал дээр Г.******* би 7 дугаар сарын 01-ний өдрөөс амармаар байна гэхээр нь би за Г.*******аа хамт олноороо хэлэлцэж байж амралыг чинь дөхүүлж байж ярина, эхний ээлжид уа, , а 3-г амраана гээд амраасан. Тэгсэн Г.******* 6дугаар сарын 29-нд жижүүрт гарчхаад алга болсон. Тэгсэн 7 дугар сарын 4-нд орлогч дарга дуудаад танайх 4 жижүүрээ ажилд туслуулмаар байна, 7 сарын 5, 6-нд сумын баяр болно гэж хэлсэн. Тэгэхээр нь *******д би Г.*******ыг амар гэж хэлээгүй, Г.*******ыг дуудаач яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж хэлсэн чинь 11 цагийн үед ярихдаа хөдөө гэртээ морь сойж байна гэсэн гэж хэлсэн. Тэгсэн дараахан буюу 15 цагийн үед ******* руу ярихдаа ярихдаа /******* утсаа чанга дээр нь тавьсан байсан/ согтуу чи муу энэ бэлэвсэн авгайн .. долоо гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь аваад чи ямар индээтэй юм ярьдаг юм бэ, архи уучхаад юу яриад байгаа юм бэ, архи уугаагүй л юм бол ирээд уулзчих гэж хэлээд удаагүй байж байтал Г.******* бас нэг өөр жижүүртэй шатны дор барьцалдаад уначихсан байсан. Тэр үед надтай хамт хөтлөгч хийх гэж байсан гэдэг хүү байсан тэгээд би тэр хүүгээр тэр хоёрыг салгуулсан. Тэгсэн Г.******* согтуу байж ажил руу орно гээд дайраад байхаар нь чи согтуу байна, ажил дээр болон ажлын бус цагаар согтуу байж болохгүй, чи ажил руу орохгүй гэж хэлсэн. Би өмнө нь Г.*******т чи ажлын байран дээр архи битгий уу гэж хэлсэн байсан. Би Г.*******ын төрсөн ах гэдэг хүний ажил дээр нь ч хүртэл очиж Г.******* архи уугаад, хурал бүрд хүмүүсийг турхираад байх юм аа та дүүдээ хэлж өгөөч гэж хэлж байсан. Мөн хамт олны хурал дээр ч Г.******* архи уулаа, битгий архи уугаач гэж хэлж байсан. Г.******* манай ажлын хүнтэй хамт архи уучхаад намайг муулаад байхаар нь нөгөөх нь та яах гэсэн юм бэ, ганц бие хүүхнийг хүүхэдтэйгээ ирж амьдарч байхад яагаад ажлыг нь хийлгэхгүй ийм асуудал гаргаад байдаг юм бэ гэж хэлсэн чинь номын сангийн ширээг авч шидээд хугалсан. Би тэр бүрийг нь мэдээгүй юм шиг л өнгөрч байсан. Г.*******т олон удаа архи уулаа гэж сануулж байсан. ******* мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлсэн байсан. Г.*******ыг согтуу ажил руу орно гээд байхаар нь за чи тэгвэл наанаа сууж бай би цагдаа дуудна гээд цагдаа руу залгаж байсан чинь Г.******* миний гарын шууна дээрээс нь атгаж бариад гарын судсыг гэмтээсэн. Тэгээд Г.******* намайг гэмтээсэн болон ажилтыг маань доромжилсон хэргээр би гомдол гаргаад шийтгэл авсан. Г.******* 2022 оны 7, 8 сар миний амралтыг өгөөгүй гэж байна. Гэтэл энэ хугацаанд Г.******* 18, 19 бараг 20 хоног амарсан. Тэгээд 2022 оны 8 сарын 9-нд ажилдаа орох байсан чинь 8 сарын 12-нд ирсэн. Тэгээд би 2022 оны 8 сарын 19-ний өдрийн хурлаар би сахилгын шийтгэл авч байгаа талаараа хэлсэн. 9 сард Г.******* 10 удаа гарах байснаас 2 удаагийн гаралт дээр хүүгээ гаргасан. 10 сард 16 гарах байснаас 10 гараад бусад үед нь бас л гараагүй. Би намаржин Г.*******ыг аргалсан. Тэгээд 11 дүгээр сарын 2-ны өдөр ихэр зүрхэнд амьдрал бэлгэлье гэж тоглолт хамгийн сүүлд болсон. Манайх 4 жижүүртэй учраас Г.******* 12 удаа гарчхаад тэр үед тоглолт болоод шээс тавьсан юм шиг зүйл яриад байгаа. Түүний дараа манайхан эрт илрүүлэгд явах гэсэн чинь манай нэг жижүүр Г.*******аа чи энэ намаржин л чөлөө зөвшөөрөл авч ажил хийсэнгүй, чи ажлаа хараад үлд бид нар явъя гэдэг саналыг хэлсэн чинь хамт олон мөн л Г.*******ыг үл гээд Г.******* үлдсэн. Шалгалт хийхэд согтуу байсан гэх тэр өдөр нь бид нар 12 цагийн үед хөдлөх гэсэн чинь ******* би гадуур хувцсаа ажлаас аваад ирье гээд авсан тэгээд бид нар явсан. Тэр үед би Г.*******ыг тараах ёстой зүйлийг тараачих гэж хэлсэн. Би нарыг яваад удаагүй байхад Г.******* ажлын групп чатад дарга яг гарахдаа хүн дутсан юм байлгүй намайг явах уу гэж шаасан, какака, нөхөөс биш сайн бод нөхөөсөнд ганц нэг хүн авч явсан байх чаваас даа гэж бичсэн байсан. Тухайн өдөр энэ мэт намайг өдөржин доромжилсон. Энэ талаарх баримтыг би гаргаж өгөх гэсэн боловч нотлох баримтын шаардлага хангаж аваагүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр миний хажууд явж байсан ******* замдаа яанаа нөгөө Г.******* чинь уучихсан байж байгаад үлээлгээд гарчихлаа тандаг хүн цагдаад байна уу гэнээ гээд чатыг нь уншаад явж байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 07-нд цагдаагийн газраас надад хяналтын камераа янзал, галын дохиоллоо янзал, шалгалтаар танай байгууллагын ажилтан архи ууссан байсан гэдэг албан тоотыг өгсөн. Тэгээд би 12 дугаар сарын 8-ний өдөр Г.*******ыг дуудаад чи намайг явах бүрд л ийм асуудал гаргах юм гэж хэлээд мэдэгдлийн дагуу арга хэмжээ авсан. эмнэлэг талаар ярьж байна. Би эрт илрүүлэгд яваагүй үлдсэн 4 хүнээ аваад эмнэлэг явсан. Тэр үед Г.*******ыг шалгуулаад гараад ирэхээр нь уа гэдэг үйлчлэгч та зүрх зүрх л гээд байдаг таны зүрх ганцаараа эрүүл байна гээд тоглоом хийж байсан. Тухайн үед Г.*******ыг гэдэг эмнэлэгт үзүүлэхэд зүрхний асуудал гараагүй. Би гэдэг эмнэлгийг мэдэхгүй, тухайн эмнэлэгт надад тандаг нэг ч ажилтан байхгүй. Би сая шүүх дээр ирэхдээ хаана байдгийг нь мэдэхгүй нэлээн олон хүнээс асууж ирсэн. Г.******* ямар ч асуудалгүйгээр хүнийг гүтгэж чаддаг хүн. Анхан шатны шүүхэд 11 гэрч асуулгахад 9 гэрч нь Г.*******ыг архи уусан байсан гэдгийг нотолдог. Г.******* Идэр багийн эмчид үзүүлэхэд долоогонын ханд уу гэсэн гэж байна. Гэтэл тэр Идэр багийн эмч гээд байгаа аа гэдэг эмч ******* сумын рентгенд ажилладаг хүн. Энэ хүний хадам ах ийн хүү оо гэдэг хүний эхнэр. аа гэдэг хүн анх үзэхдээ долоогонын хандыг 20-30 дуслаар уу гэж бичиж өгчхөөд дараа нь дахиад үзэхдээ долоогонын ханд уу гэж бичиж өгөөгүй байдаг. аа гэдэг хүн 2022 оны 9 сар 10 сард Идэр багийн эмч байгаагүй. Тэр үед Идэр багийн эмчээр гэдэг хүн ажиллаж байсан. Одоо тэр хүн гадаадад сурдаг. Би тэр хүнээс чи хэдээс хэдэн сарын хооронд юу бичиж өгч байсан талаар асуухад бүгдийг нь бичиж өгсөн. Г.******* шүүхийн өмнө худлаа гэж хэлж байна. Хэрэгт авагдсан СД бичлэгийг би үзүүлэхийг хүсэж байна. Тэр бичлэг дээрээ цагдаа нар явсны дараа 9 цаг 50 минут болж байна, цагдаа ирлээ, ийм 2 архины шил гарч ирлээ, үүнийг нь би хаялаа гэж бичлэг хийчхээд таслаад дараа нь хүүхдээ авчраад суулгачихсан долоогонын хандыг биччихсэн энэ миний ууж байсан долоогоно гээд бичлэг хийсэн байгаа. Тухайн үед гэдэг цагдаа шалгалтаар орж ирээд таны уусан гэх долоогонын ханд хаана байна вэ гэж асуусан чинь ах нь гэртээ харьж хоолоо идчихээд долоогоноо ууссан гэж хэлсэн байдаг. Анхан шатны шүүхээс хууль сануулж байж гэрчийн мэдүүлэг авсан төрийн албан хаагч нарын мэдүүлэг хэрэгт байгаа. Г.******* хууль шүүхийн өмнө худлаа нотлох баримт бүрдүүлэх гэмт хэрэг үйлдсэн. Би наашаа ирэх гэж 9 настай хүүхдээ үлдээгээд ирсэн. Энэ мэт Г.******* намайг сэтгэл санааны дарамт учруулж байна. Г.*******ыг зөвхөн надтай ингэж харьцдаг юм уу гэхээр үгүй. 2020, 2021 онд сахилгын шийтгэл авсан талаарх баримтууд хэрэг авагдсан байгаа. Тэгээд 2022 онд надтай ийм асуудал гаргаж байгаа нь үнэхээр өөрийгөө архинд мэдүүлсэн, өөрийгөө барьж чаддаггүй,өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй нь харагдаж байна. Би Г.*******ыг өмнө нь 3, 4 удаа архи уухад нь зүгээр өнгөрөөж байсан. Хамгийн сүүлд би ажлаас халах сахилгын шийтгэл авахдаа манай байгууллага дээр зураг авна гэж байсан цэцэрлэгийн даргатай очиж уулзахад багш мөн дарга нь байсан. Тэгсэн манайх бүгд очсон Г.*******аас архи үнэртэж байсан, яг уусныг нь хараагүй, би төрөл юм чинь гэрчийн мэдүүлэг өгөхгүй гэж татгалзсан. Тэгээд гэдэг хүн Г.*******тай хамгийн сүүлд хамт байсан гэж хэлэхээр нь жижүүрээр нь дуудуулаад би Г.*******т арга хэмжээ авч байгаа учраас тухайн үед ямар байсныг нь тодруулахгүй бол болохгүй, тухайн үед яг ямар байсан бэ гэхэд би хамт архи уугаагүй, уух үед нь хамт байгаагүй, гэхдээ Г.*******аас архи үнэртэж байсан гэж хэлсэн. Мөн олон гэрч асуусны дараа би ажлаас халах тушаалыг гаргасан. Г.******* өөрийгөө сайн ажилтан байсан учраас намайг шагнасан гэж байна. Гэтэл би ажлаа авсны дараа соёлын ажилтны өдрөөр би Г.*******ыг өөрөө тодорхойлж *******ын яамны жуух бичгээр шагнуулж байсан. Тухайн үед манай сумын *******ын *******ийн ой болж байсан. Ингэхдээ цаашид сайдаж хамтарч ажиллая гэж бодож өөрийн гараар тодорхойлж байсан. Би нэг л зүйлийг гайхаж байна. Намайг эмнэлэг рүү ярьсан гэж бодлоо гэхэд түүнийг Г.******* яаж мэдсэн байх вэ, Г.*******ыг үнэхээр ингэж худлаа ярьж болохгүй байх гэж бодож гайхаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.*******аас хариуцагч Завхан аймгийн ******* сумын *******ын *******д холбогдуулан тус *******ийн даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан *******ын *******ийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх талаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Г.*******ыг Завхан аймгийн ******* сумын *******ын *******ийн жижүүр, сантехникчийн ажлаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Байгууллагын дотоод журам, хэм хэмжээний 7.4.11, 7.4.12, 10.2.12 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.8, 6.5.14 дэх хэсэг заалтуудыг үндэслэн байгууллагын ээлжийн жижүүрт гарч байх хугацаандаа архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Тушаалын үндэслэлээ нь ...Г.******* нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Ажил олгогч нь Г.*******ыг тус байгууллагын жижүүр, сантехникчийн ажилд ажиллуулахаар 2022 оны 03 дугаар сарын 21-ны өдөр харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Тус гэрээний 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах зөрчлүүдийг нэрлэн заажээ.

Гэрээний 6.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь холбогдох хөндлөнгийн гэрч болон бусад нөхцөлүүдээр нотлогдон тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг, ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тусгасныг нэхэмжлэгч Г.******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Г., Д., , Ц.а, О.*******, Д., Д. нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Ажил олгогчийн зүгээс Г.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.******* нь ажлын байранд архи болон согтууруулах ундаа уугаагүй, эмчилгээний зориулалтаар долоолгоны ханд уусан гэж тайлбарласан байгаа боловч нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа шүүхэд нотолж чадаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ хэрэгт авагдсан баримтуудаар няцааж, үгүйсгэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийн шаардлага шүүхэд нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, маргаантай харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын анхан шатны шүүх, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, бодитойгоор харьцуулж үнэлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 141/ШШ2023/00130 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР