Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01607

 

2023 08 16 210/МА2023/01607

 

У ХНН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02641 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч У ХНН-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С ХХК-д холбогдох,

385,250,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

гэрээний 1.6.7.b заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, алданги 67,254,090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Д.М, О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус нийгэмлэг нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын хүрээнд УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон Дархан2-Шарын гол хоорондын замын 11-р км-ийн зохицуулалттай гарам, Дархан2 өртөөний Эрэл ХК-ийн хамгаалалтгүй авто гарам, Дархан2 өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын байгууламжийг шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр УБ-Дархан чиглэлийн авто замын ажлын Багц 5-д шалгарсан С ХХК-тай 2021 оны 08 сарын 30-ны өдөр 1,986,909,208 төгрөгийн үнийн дүн бүхий *** тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч тал гэрээний 1.6.1а-д гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг /596,072,762.40 төгрөг/ гэрээ байгуулсан өдрөөс ажлын 14 хоногт шилжүүлнэ" гэж заасны дагуу 2021 оны 09 сарын 20-ны өдрийн дотор шилжүүлэх ёстой байтал төлбөрийг 2021 оны 09 сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын гүйцэтгэлийг захиалагч болон зөвлөх компаниар баталгаажуулан 2021 оны 12 сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээний 1.6.1б-д заасны дагуу 2022 оны 01 сарын 14-ний өдрийн дотор төлөх ёстой боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Ажлыг хүлээлгэж өгснөөс хойш нийт 1,264,623,436.60 төгрөгийг нэхэмжилсэн боловч хугацаандаа төлөлгүй, 2022 оны 10 сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. 2022 оны 10 сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Захиалагч С ХХК манай нийгэмлэгийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг тухай бүр нь Е банкнаас авсан гэдгийг Зам, тээвэр хөгжлийн яамны *** тоот албан бичиг болон Зөвлөх А ХХК хариу албан бичгээр ирүүлсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч тал болох С ХХК нь 2022 оны 11 сарын 22-ны өдөр 64,522,056.60 төгрөг, 2022 оны 11 сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөг, нийт 564,522,056.60 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаад байна. Хугацаандаа төлөөгүй 1,064,522,057 төгрөгт гэрээний 1.6.1б-д заасны дагуу 2022 оны 01 сарын 13-ны өдрөөс 2022 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх нийт 265 хоногт алданги 141,049,173 төгрөг, захиалагчийн 2022 оны 10 сарын 05-ны өдөр төлсөн 500,000,000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 564,522,057 төгрөгт 2022 оны 10 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл нийт 46 хоногийн алданги 12,984,007 төгрөг, захиалагчийн 2022 оны 11 сарын 22-ны өдөр төлсөн 64,522,056 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 500,000,000 төгрөгт 2022 оны 11 сарын 23-аас 2022 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл 2 хоногт 500,000 төгрөгийн алдангийг тус тус тооцсон. Гүйцэтгэгчийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн ажлын гүйцэтгэлийн актаар захиалагчийн төлөх ёстой 200,101,380 төгрөгийг 2022 оны 06 сарын 18-ны өдрөөс 2023 оны 04 сарын 21-ний өдөр хүртэл 306 хоногоор алданги тооцон 30,615,511 төгрөг болсон ба дээрх гэрээний дагуу захиалагч талаас авах нийт алдангийн дүн 2023 оны 04 сарын 21-ний байдлаар 185,148,691 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн төлбөр 764,623,437 төгрөгөөс хариуцагч талын шүүхийн шатанд төлсөн 564,522,057 төгрөгийг хасаж, нийт 385,250,071 төгрөгийг С ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Тус компани У ХНН-тэй 2021 оны 08 сарын 30-ны өдөр Дугаар *** тоот Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын Дархан2-Шарын гол хоорондын замын 11 дүгээр км-ийн зохицуулалттай гарам, Дархан2 өртөөний Э ХК-ийн хамгаалалтгүй авто гарам, Дархан2 өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч компанид 1,986,909,208 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 596,072,762 төгрөгийг 2021 оны 09 сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Тус төслийн санхүүжилт нь Е банкнаас БНХАУ уруу, БНХАУ-аас Монгол Улс руу хөрөнгө оруулалт гэж ороод тэндээсээ Зам, тээврийн хөгжлийн яам руу гэж дамжин явсаар яамнаас манай компани руу 2022 оны 08 сард орсон. Тухайн зам улсын чанартай зам учраас зөвхөн У ХНН-ээр хийлгэсэн ажил биш, маш их хэмжээний өртөг зардал олон байгууллага компаниудын ажил гүйцэтгэл байсан тул бид эхнээс нь хөрөнгийг хуваарилж явсаар 2022 оны 10 сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөгийг У ХНН-т шилжүүлсэн. Ингээд мөн дараагийн хөрөнгө оруулалтыг хүлээж байх зуур нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан тул 2022 оны 11 сарын 22-ны өдөр 64,522,056 төгрөг, 2022 оны 11 сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөг, нийт 1,660,594,818 төгрөг буюу дээрх гэрээний бүрэн төлбөрийг өгч барагдуулсан байна. Мөн тус гэрээний нийт ажлыг гүйцэтгэж дууссаны дараа 200,101,380 төгрөгийн замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэл зэрэг нэмэлт ажлуудыг хийхийг хүссэн хүсэлтээ А ХХК-д гаргаж өгсний дагуу хяналтын үүрэг гүйцэтгэгчээс бидэнд захидал ирүүлж, бид нэмэлт ажил гүйцэтгэхийг нь зөвшөөрсөн боловч тухайн ажлыг Зам, тээврийн яамаар батлуулаагүй анхнаасаа гэрээнд тусгагдаагүй ажил байсан тул бид өнөөдрийг хүртэл энэ ажлыг батлуулж санхүүжилт авахаар хөөцөлдөж байна. Хэдийгээр гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил, батлагдаагүй гүйцэтгэл болохоор бид аль болох гүйцэтгэлийг нь олж өгөхөөр хичээж байгаа боловч ямар нэгэн шалтгаанаар шийдэж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Манай компани нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 154,459,497 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгч нь анхнаасаа гэрээнд байгаагүй төлбөр төлөх талаар анзын заалтыг өөрсдөө хуурамчаар үйлдэж хавсаргасан тул энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж оролцоно гэжээ.

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч У ХНН-ээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнд заагдаагүй алданги нэхэмжилсэн байсан тул бид гайхаж гэрээгээ шалгатал гэрээний 3-р хуудас болон 7-р хуудсыг сольж өөр заалтуудыг нэмсэн болохыг мэдсэн. Ингэж гэрээний хуудас, заалтыг солихдоо өөрт ашигтай байхаар буюу үндсэн гэрээнд байгаагүй төлбөртэй холбоотой анзыг оруулан өөрчилсөн ба энэ хуудсан дээр өөрсдөө гарын үсэг зурсан, харин компанийн захирлын гарын үсэг, тамга тус гэрээнд байхгүй. Иймд бид гэрээг сольж, хуурамчаар үйлдсэнийг шүүхээр нотлуулж, гэрээний 1.6.7b заалтыг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн У ХНН-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний ажил хүлээлгэж өгөх хугацаа нь 2021 оны 09 сарын 30-ны өдөр 100 хувь дуусах ёстой байсан бөгөөд гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлж 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ийнхүү хүлээлгэж өгсөн ажлын нийт өртөг нь 1,660,594,819 төгрөг болсон. Манай компани алдангийг бодохдоо дээрх 1,660,594,819 төгрөгөөс тооцсон ба хамгийн сүүлд хуваарьт заасан хоногоос тооцоход гэрээний 1.6.7а-д заасан хугацаа хэтэрсэн хоног 81 хоног буюу 67,254,090 төгрөг болж байна. Иймд алданги 67,254,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гэрээний 1.6.7b дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсон байх нөхцөлтэй буюу ажил үүргээ харилцан тохиролцсон талаар маргаан байхгүй, иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэх үйл баримт нотлогдож байна. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт талууд гэрээ байгуулж гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэрээ байгуулсан нь нэгэнт хүчин төгөлдөрт тооцогдож байгаа тохиолдолд хугацаа хэтрүүлснээс болж алданги төлөх тухай гэрээний 1.6.7а, 1.6.7b заалтууд 2 талд үүрэг үүсгэж байгаа. Энэ заалтын дагуу алданги шаардаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 317,471,077 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХНН-т олгож, нэхэмжлэлээс 67,778,994 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У ХНН-т холбогдуулан гаргасан хариуцагч С ХХК-ийн гэрээний 1.6.7b заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, алдангид 67,254,090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4,753,365 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 564,500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,745,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХНН-т олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх шийдвэрийнхээ 6-р талд ...Гэрээ ёсоор 2021 оны 09 сарын 30-ны өдөр дуусахаар байсан хэдий ч гэрээнд заагдсан ажлыг 2021 оны 12 сарын 23-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй... гэж дүгнэн 67,254,090 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Яагаад гэрээний аль нэг тал болж, үүрэг хүлээгээгүй Ч ХХК-ийг У ХНН болон С ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд оролцуулан нотлох баримтгүйгээр дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байгаа бөгөөд шүүх тус алдангийг хангахаас татгалзахдаа С ХХК нь гэрээний 1.6.7а-д зааснаар алданги шаардах эрхтэй боловч У ХНН үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын 5-р багцын тендерт шалгарсан ерөнхий гүйцэтгэгч Ч ХХК-ийн хийх ёстой ажлаас шалтгаалсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах нь зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүх зөвхөн нэг талын эрх ашгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2.Шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6.1 дахь заалтыг авч үзсэн атлаа ажил гүйцэтгэж дууссан хугацааг 2021 оны 12 сарын 23-ны өдөр гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Гэрээний 1.6.1 дэх заалтад дурдсан алданги тооцох хугацааг 2021 оны 12 сарын 23-ны өдөр гэж үзсэн нь буруу бөгөөд У ХНН нь 200,101,380 төгрөгийн ажлыг 2022 оны 05 сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн болно. Энэ талаар нэхэмжлэгч бүх баримтаа шүүхэд гарган өгч тайлбар хийснийг шүүх хүлээн авч үндсэн гэрээнд багтсан ажил байна гэж үзсэн. Гэтэл гэрээнд 200,101,380 төгрөгийн ажлыг оруулсан атлаа алдангийг 2022 оны 01 сарын 07-ны өдрөөс бүх ажил хийгдсэн гэж үзэн тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв алданги тооцох бол 2022 оны 05 сарын 31-ний өдөр сүүлчийн ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 14 хоногийн дараа буюу 2022 оны 06 сарын 14-ний өдрөөс алданги тооцож эхлэх ба энэхүү алданги нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл 1,264,623,436 төгрөгөөс 0,05 хувир тооцож 111 хоног 63,231,172 төгрөг, үүн дээр 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл 764,623,436 төгрөгөөс 0,05 хувиар тооцож 25 өдрийн алданги 9,557,800 төгрөгийг нэмж, нийт 72,788,972 төгрөг байх ёстой байтал үүнийг буруу тооцоолон гаргасан байх тул шүүхийн шийдвэрийн алданги 117,369,697 төгрөгтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь гэрээний эрх зүйн харилцаагаар зохицуулсан харилцаа Дархан-Уул аймаг дахь Э ХК-ийн гарам, дулааны цахилгаан станцын гарам, Шарийн голын 11-ийн гарам нийт 3 гармын ажил байгаа. Эдгээр ажлыг 2021 оны 12 сарын 23-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш 2022 оны 01 сарын 07-ны өдөр төлбөрийн үүргээ С ХХК-д төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Тухайн төлбөр тооцоог бүрэн авсан болох нь Зам, тээвэр хөгжлийн яамны албан бичиг, А ХХК-ийн хариу албан бичгээр бүрэн нотлогдоно. Хариуцагч байгууллага давж заалдах гомдолдоо төсвийн ажилд хэмнэлт гарсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь ***  банк, ***  банкнаас авч буй зээлийг Монгол Улсын Засгийн газар авдаг. Санхүүжилтийн 5-р багцад С ХХК нь У ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр байгаа. Төсөл бичихдээ үүнийг татвар хураамжтай бичиж, нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг учраас 120,000,000 төгрөгийг хариуцагч олж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шатанд төлбөрүүдийг төлж, анхан шатны шүүхээс үндсэн төлбөрөөс дутуу төлбөр, алданги гаргуулж шийдвэрлэсэн нь зөв. 200,000,000 төгрөгийн нэмэлт ажил хийсэн гэж байгаа нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн 102-р километрт кабел нэмж татах, Дархан-Уул өртөөний 230-р км-ийн зам дээр хашаа барих тусдаа хийгдсэн ажил юм. Ажил гүйцэтгэх гэрээний ажил хугацаандаа дуусаагүй асуудал яригдаж байгаа бол хариуцагч байгууллагын хийх ёстой ажлууд хугацаандаа хийгдээгүйгээс үүдэн 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл хугацааг сунгасан. Иймд давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар өмгөөлөл явагдаж байгаа болохоос хэргийн нотлох баримт, зүйлчлэлийн талаар талуудын хооронд мэтгэлцээн байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч У ХНН нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 200,101,380 төгрөг, алданги 185,148,691 төгрөг, нийт 385,250,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний 1.6.7.b заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, алданги 67,254,090 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1-2, 72-74, 151-153, 2хх 22-24/

 

3.   Талууд 2021 оны 08 сарын 30-ны өдөр *** тоот Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын Дархан-2-Шарын гол хоорондын замын 11 дүгээр км-ийн зохицуулалттай гарам, Дархан-2 өртөөний Эрэл ХК-ийн хамгаалалтгүй авто гарам, Дархан-2 өртөөний ДЦС-ын хамгаалалтгүй төмөр замын авто гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр У ХНН нь гэрээний хавсралтад заасан ажлуудыг хийж гүйцэтгэх, С ХХК нь ажлын хөлс 1,986,909,208 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 92-109/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Ажил гүйцэтгэгч У ХНН нь Шарын гол төмөр замын 11-р км-ийн гармын зам, гармын байгууламжид УЗП, ПАШ суурилуулах, жижүүрийн байр шинээр барих, зарлан мэдээлэх, камержуулах, цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажил, мөн Дархан-2 өртөөний Э ХК-ийн зам, дохиололтой гармаар тоноглох, цахилгаан хангамж, зарлан мэдээлэх, гэрэлтүүлгийн ажил, мөн Гол замын Дархан-2 өртөөний ДЦС-ын 5-р зуут дахь Зам, гэрэлтүүлэг, зарлан мэдээлэх ажил зэргийг тус тус 2021 оны 12 сарын 01-ний өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн, улмаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны 2021 оны 12 сарын 23-ны өдрийн *** тоот Төмөр зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай дүгнэлт-ээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг ашиглалтад хүлээн авсан, /1хх 29-30, 31-32, 33-34, 35-38/

4.2.Захиалагчаас 2021 оны 09 сарын 30-ны өдөр 596,072,762 төгрөг, 2022 оны 10 сарын 05-ны өдөр 500,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдөр 64,522,056 төгрөг, 2022 оны 11 сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөг, нийт 1,660,594,818 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлсөн. /1хх 27, 75, 77, 78, 79/

 

5.   Иймд гэрээний үнэ 1,986,909,208 төгрөгөөс талуудын харилцан тохиролцсоны дагуу НӨАТ 126,213,009 төгрөгийг хасч, үлдэх 1,860,696,199 төгрөгийг төлөхөөс захиалагч нь нийт 1,660,594,818 төгрөгийг төлсөн тул үлдэх 200,101,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

6.   Талууд 2021 оны 08 сарын 30-ны өдрийн *** тоот гэрээний 1.6.1.а-д Урьдчилгаа төлбөр нь гэрээний үнийн дүнгийн 30 /гуч/ хувь байх ба гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн дагуу гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 14 хоногт шилжүүлнэ гэж, 1.6.1.b-д Үлдсэн ажлын төлбөрийг гэрээгээр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бүх ажлыг бүрэн дуусгаж, хийгдсэн ажлын гүйцэтгэл баримтыг захиалагч болон хяналтын зөвлөх компаниар баталгаажуулсны дараа 14 хоногт шилжүүлнэ гэж ажлын хөлс төлөх нөхцөлийг тохиролцсон, мөн гэрээний 1.6.7.а-д Туслан гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээгээр захиалагч талд алданги төлнө гэж, 1.6.7.b-д Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж үүргээ гүйцэтгээгүй тал алданги төлөх нөхцөлийг тохиролцсон байна. /1хх 92-102/

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн байх ба гэрээний 1.6.7.b-д заасан алдангийн тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд тус тус гаргаж өгсөн гэрээнүүд нь хоорондоо зөрүүгүй байхаас гадна гэрээний 3-р нүүрний зүүн доод буланд захиалагчийг төлөөлж гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй гэх нөхцөл байдал нь уг гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. /1хх 10-14, 18, 92-102/

Дээр дурдсан гэрээний 3-р нүүрт зөвхөн анзын асуудлыг зохицуулаагүй буюу үүнээс гадна ажлын чанар, ажил гүйцэтгэх газар, хөдөлмөрийн аюулгүй байдал, хавсралт зэргийн асуудлыг зохицуулсан байна. /1хх 94/

Түүнчлэн, хариуцагч нь гэрээний 1.6.7.b буюу алдангийн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж маргах атлаа гэрээний 1.6.7.а-д заасныг үндэслэн алданги шаардаж байгаа нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй болжээ.

Иймд гэрээний 1.6.7.b заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, улмаар энэ талаарх хариуцагчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.   Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 30-ны өдрийн *** тоот гэрээний 1.6.7.b-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлсөн огноо, төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа зэргийг харгалзан алдангийг зөв тооцоолсон байх боловч анхан шатны шүүх хариуцагчаас 117,369,697 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдоогүй тул уг дүнг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ. /2хх 25/

Монгол Улсын Зам, Тээврийн хөгжлийн яамны 2022 оны 09 сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичигт Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих төсөл-ийн Багц 1-5, 28,84 км авто замын гүйцэтгэгч С компани нь 2022 оны 09 сарын байдлаар зам, барилгын ажлын гүйцэтгэлээр санхүүжилтээ бүрэн авсан бөгөөд хүлээгдэж буй санхүүжилтийн үлдэгдэл байхгүй тухай дурдсан байгааг тэмдэглэх нь зүйтэй. /1хх 44/

 

8.   Хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 30-ны өдрийн ОГ/21/193 тоот гэрээний 1.6.7.а-д зааснаар нэхэмжлэгчээс алданги шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зохицуулжээ.

Ажил гүйцэтгэгч У ХНН нь ажлын үр дүнг 2021 оны 09 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч 2021 оны 12 сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн нь Ч ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлаас шалтгаалсан тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. /1хх 39, 192-193, 194-195, 200-201, 202-203/

Иймд У ХНН-ээс 67,254,090 төгрөгийн алданги гаргуулах тухай С ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 858,216 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР