Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00979

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 21 дүгээр байрны 20 тоотод оршин суух, Боржигон овгийн Шаравын Мөнгөнбатаас гаргасан

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“ “Эрдэнэт медикал” төв эмнэгийн захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, 3 дахь заалтаас төв эмнэлгийн захиралын орон тоонд сонгон шалгарууллалт явуулах заалтыг хүчингүй болгох, 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шарав овогтой Мөнгөнбат 2013 оны 7 дугаар  сарын 15-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд орж ЕМС-КЕМКО оношлогоо эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захиралын түр орлон гүйцэтэгчийн ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын А/306 тоот тушаал гарч ашиглалтын өмнөх захиргааг татан буулгаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Эрдэнэт Медикал” оношлогоо эмчилгээний тевийг байгуулсан. Мөн өдөр ерөнхий захирлын Б/210 тоот тушаалаар намайг 2014 оны сарын 21-ний өдрөөс “Эрдэнэт Медикал” оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилж хөдөлмөрийн гэрээг өөрчлөн байгуулсан байдаг. 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ерөнхий захирлын А/399 тоот тушаалаар “Эрдэнэт медикал” оношлогооны тевийг “Эрдэнэт медикал” төв эмнэлэг болгон еөрчлөн байгуулсан. Ийнхүү төв эмнэлэг болон өөрчлөн байгуулагдсан ч миний бие уг байгууллагын захирлын албан тушаалд ажилласаар байсан. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 14-ний едөр ерөнхий захирлын Б/952 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, түр хугацаагаар ажиллуулах тухай” тушаал гарч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн тушаалаар намайг өөрчлөн байгуулагдсан төв эмнэлгийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Миний бие энэхүү тушаалыг хууль бус, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өрөнхий захиралын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.Мөнгөнбат миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, Ш.Мөнгөнбат намайг “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын 3 дахь заалтаас төв эмнэлгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2014 оны 04 дүгээр сараас “Эрдэнэт медикал” оношлогооны төвийн захирлаар томилогдож, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тус төвийн дүрмийн дагуу “Эрдэнэт медикал” оношлогооны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангахын тулд өөрийн эрүүл мэндийн байдлыг үл харгалзан өвлийн хүйтэн, шөнийн харанхуйг үл харгалзан, ажлын цагаар нэг ч өдрийн чөлөө авалгүйгээр өөрийн бүхий л мэдлэг, туршлагыг дайчлан ханган ажиллаж ирсэн болно. Үүнд: “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээий төвийн барилга, гадаад, дотоод дэд бүтцийн дутуу гүйцэтгэлтэй ажлыг техникийн нөхцөлийн дагуу бүрэн дуусгавар болгох ажлыг зохион байгуулах. “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зохих гэрээний дагуу хүлээн авах, суурилуулах, турших ажлыг зохион байгуулах. Япон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг “Эрдэнэт медикал” оношлогооны эмчилгээний төвд нэвтрүүлэх. “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулах тусгай зөвшөөрлийг авах, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг ажиллуулах мэргэжлийн хяналтын байгууллагауудын дүгнэлтийг гаргуулах, эмнэлгийн эм, эмийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах тусгай зөвшөөрлүүдийг авах. Тус төвийн үйл ажиллагааг хариуцсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном нар нь “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийн барилгын агааржуулалтын системийн дутуу гүйцэтгэлтэй ажлыг хүлээн авах, төлбөрийг шилжүүлэх ажлыг яаравчилах “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвд Япон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж байгаа мэргэжлийн байгууллагуудын боловсруулж, санал болгосон гэрээний төслүүдээс татгалзах, зайлсхийх, хугацаа алдуулах байр сууринаас хандаж эдгээр албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавьж байгаа нь илт харагдаж, санал зөрчилдөх болсон. Үүнээс хойш “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийн менежмент хариуцсан орлогч захирал Япон улсын иргэн И.Ватанюкиг 2015 оны 05 дугаар сард ажлаас гэнэт халж, улмаар хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Батдэлгэр нар намайг удаа дараа ажлаа өгөхийг шаардах болсон. 2015 он 05 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Даваацэрэнгээр ахлуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлаас “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний менежментийн асуудлыг нэгдмэл болгон боловсруулж, танилцуулахыг хөгжлийн асуудал хариуцсан орлогч болон төвийн захирал болох миний биед үүргийг өгсөн. Үүнээс хойш миний бие Орлогч захирал Б.Намхайнямбуутай тус асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар 2 ч гэрээний төслийг хүргүүлсэн боловч ямарваа хариу өгөөгүй. Энэ хугацаанд Б.Намхайнямбуу нь албан томилолт, ээлжийн амралт авах хүсэлт зэрэг аливаа хүсэлтэнд ямар ч хариуг өгөхөө больсон. Эцэст нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодном намайг өрөөндөө дуудаж, ажлаа өг, албаны хэрэгцээнд хэрэглэж буй машинаа өнөөдөр хураалга гэхийн сацуу цагдаа, шүүхийн байгууллагаар шалгуулж ажлаас халах тушаалыг өнөөдөр гаргана гэж дарамталсан. Үүний дараа миний бие тавгүйтэж өөрийн харъяалалын дагуу эмнэлэгт үзүүлсэн. Тус өдрийн орой дуу цахилгаантай хүчтэй бороо орсны дараа төв дээр очиход Н.Даваадорж /одоогоор төвийн захиралаар томилогдсон/ гэгч нь төвийн ажилтануудтай уулзаад явж байсан. Гэсэн хэдий ч миний бие 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл өөрийн ажил үүргийг тасралтгүй гүйцэтгэж ирсэн. Тухайлбал эмнэлгийн үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх зорилгоор АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар, клиник эрхэлсэн орлогч Д.Даваадорж Нийгатагийн их сургуулийн ерөнхийлөгч профессор Такаши, ЭМСЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнүүдтэй ажил хэргийн уулзалтуудыг үргэлжүүлэн хийж, холбогдох тусгай зөвшөөрлийн авах ажлуудыг гүйцэтгэж ирсэн болно. Ийнхүү ажил үүргээ гүйцэтгэж байхад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Б/971 тоот тушаалаар ядаж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүй урьдчилан мэдэгдэлгүй ажлаас гэнэт халж, түүгээр ч зогсохгүй тушаалыг шуудангаар 8 сарын 20-ны өдөр хүргүүлсэн нь надад болон манай гэр бүлд хүнд цохилт болсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь дэлхийн шилдэг компанийн ямар ч ёс суртахуунгүй болохыг хүний нөөцийн талар ямархуу бодлогыг баримталж буйг ганц 2 удирдлагынхаа хэт ашиг сонирхолыг илүүд тавих болсноор харуулах болсонд туйлын харамсч байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгох, “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлын ажилд Ш.Мөнгөнбатыг эгүүлэн томилох, Миний бие Ш.Мөнгөнбат нь хавдрын дараах хуваарьт шинжилгээ, эмчилгээг өөрийн харъяаллын эмнэлэгт Улаанбаатар хотноо хийгэх үеэр ерөнхий захирлын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаал гэнт гарч, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хугацааг надад олгоогүй тул хүндэтгэх нөхцөлийг харгалзан үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат миний бие 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдөр “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлаас үндэслэлгүйгээр халагдаж одоо эрхэлсэн ажилгүй сэтгэл санааны болон эд материалын хохиролтой цалин хөлсгүй хохирч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дор дурьдсан шаардлагаар нэхэмжилж байна. Үүнд: 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс10 дугаар сарын 29-ны өдөр хүртэл сарын дундаж цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд шүүхээс шийдэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хариуцагч байгуулагаар төлүүлж, бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Шүүхэд нэхэмжлэл гаргасан Ш.Мөнгөнбатын эрхэлж байсан Эрдэнэт Медикал төв эмнэлгийн захирлын ажил, албан тушаал нь Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуугийн шууд харъяалан захирах ажил албан тушаал бөгөөд энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Ш.Мөнгөнбатыг ажиллах тухай 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 91/19 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.4 заалтаар түүнд олгох цалингийн хэмжээг тогтоож миний бие гарын үсэг зурсан энэхүү хөдөлмөрийн гэрээний зөвшөөрсөн гэсэн хэсэгт Б.Намхайнямбуу захирал гарын үсэг зурсан байдлаар тус тус тогтоогдож байна. Ш.Мөнгөнбат нь 2015.08.12-20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олгосон эмнэлгийн магадлагааг Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 10 сарын 09-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагын хамт хавсаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирүүлсэнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр миний бие шүүхээс 2015 оны 10 сарын 09-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагын хамт хүлээн авч Ш.Мөнгөнбатын шууд харъяалан удирддаг Б.Намхайнямбуу захиралд танилцуулсанаар Ш.Мөнгөнбатыг 2015 оны 08 сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдрүүдэд өвчтэй байсан, ажилдаа ирэх боломжгүй байсан талаар түүнийг ажлаас халагдсан 2015 оны 08 сарын 20-ны өдрөөс 1 сар гаруйн дараа “Эрдэнэт үйлдвэр” шүүхээр дамжуулан анх удаа мэдсэн. Ш.Мөнгөнбатын эмнэлгийн магадлагаа нь одоо ч өөрт нь эх хувиараа байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ирүүлээгүй байгаа болно. Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбаттай байгуулсан 2014 оны 4 сарын 14-ны өдрийн 37/19 тоот хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.8, дугаар заалтад “Ажилтан өвчилсөн тухай эмнэлгийн хуудсаа ажлын 3 хоногт эмнэлгийн хуудсыг ажилд орсноос хойш ажлын 5 хоногт багтаан ажил олгогчид хүргүүлэх, хэрэв хүргүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцон ажлаас халах шийтгэл ногдуулахаар заасан. Ажил олгогч Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нь нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатыг 2015 оны 08 сарын 12-оос 20-ны өдрүүдэд өвчтэй байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ талаар түүний туслах Н.Баттулга шүүхэд тодорхойлолт ирүүлсэн. Ш.Мөнгөнбат захирлаар нь ажиллаж удирдаж байсан төв эмнэлгийн хамт олондоо эмчилгээ эрхэлсэн орлогч хүний нөөцийн алба, жижүүр, харуулууддаа хэнд ч Улаанбаатар хотод өвчтэй тухайгаа мэдэгдээгүй байсныг эдгээр ажилтанууд хамт  олон нь шүүхэд нотолж баримт ирүүлсэн. Ш.Мөнгөнбат нь “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлаар 2014 оны 04 дүгээр сараас хойш 1 жил гаруй хугацаанд ажиллахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнууд нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам 5.2.8, 8.7.9, 8.9.3, 8.9.4, 8.8.13, заалтуудаар зохицуулсан “Ажилтан ажлаа хүндэтгэн үзэх шалтгаан түүний дотор өвчилсөн шалтгаанаар ажилдаа ирэх, ажил үүргээ хийх боломжгүй тухайгаа удирдлагадаа мэдэгдэх, эмнэлгийн чөлөө олгосон баримтуудыг удирдлагадаа танилцуулах үүрэгтэй” гэдгийг мэддэг, мэдэх ёстой удирдах албан тушаалтан билээ. “Эрдэнэт медикал” төв эмнэлэг нь харъяалалын хувьд Япон улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн гэрээгээр бүрэн шилжсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, харьяалан хүлээн авах зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байна. Ш.Мөнгөнбатын нэхэмжлэл нь шүүхийн харьяалал биш... гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Мөнгөнбат нь “Эрдэнэт медикал төв эмнэгийн захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, 3 дахь заалтаас төв эмнэлгийн захиралын орон тоонд сонгон шалгарууллалт явуулах заалтыг хүчингүй болгох, 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлж, бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат нь 2013-07-15-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяа EMC-KENKO оношлогоо эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захиралын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж, ерөнхий захиралын 2014-04-23-ны өдрийн А/306 тоот тушаалаар ашиглалтын өмнөх захиргааг татан буулгаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төв байгуулагдахад 2014-04-23-ны өдрийн ерөнхий захиралын Б/210 тоот тушаалаар 2014-04-21-ний өдрөөс эхлэн “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийн захиралаар томилогдон ажиллаж байгаад 2015-07-06-ны өдрийн А/399 тоот тушаалаар оношлогооны төвийг “Эрдэнэт медикал” төв эмнэлэг болгон өөрчлөн байгуулахад захиралын албан тушаалыг үргэлжлүүлэн ажиллаж байсан,

Мөн ерөнхий захиралын 2015-08-14-ний өдрийн Б/952 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний болон бусад ажилтнуудын ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтын дүн, дүгнэлт гарах хүртэл түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэж, ерөнхий захиралын 2015-08-19-ний өдрийн Б/971 дүгээр “Эрдэнэт Медикал” төв эмнэлгийн захиралын ажил, албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээр дурьдсан тушаалуудаар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...Ш.Мөнгөнбатыг 2015 оны 08 сарын 12-оос 20-ны өдрүүдэд өвчтэй байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ талаар түүний туслах Н.Баттулга шүүхэд тодорхойлолт ирүүлсэн. Ш.Мөнгөнбат захирлаар нь ажиллаж удирдаж байсан төв эмнэлгийн хамт олондоо эмчилгээ эрхэлсэн орлогч хүний нөөцийн алба, жижүүр, харуулууддаа хэнд ч Улаанбаатар хотод өвчтэй тухайгаа мэдэгдээгүй байсныг эдгээр ажилтанууд хамт  олон нь шүүхэд нотолж баримт ирүүлсэн. Ш.Мөнгөнбат нь ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам 5.2.8, 8.7.9, 8.9.3, 8.9.4, 8.8.13 заалтуудаар зохицуулсан үүргээ... мэддэг, мэдэх ёстой удирдах албан тушаалтан юм гэсэн байх ба, эдгээр заалтууд нь ажлаас халсан тушаалын үндэслэл болоогүй, хэргийн 90-93 дугаар хуудас баримтуудыг хэн бичсэн нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байгааг дурьдах нь зүйтэй.

Ш.Мөнгөнбатыг ажлаас чөлөөлсөн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын 2015-08-19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалд, Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий дүрмийн 12.11 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 70 дугаар зүйлийн 70.2, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтууд, компаний хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.9, 8.9.1 дэх заалтуудыг үндэслэн Ш.Мөнгөнбатыг 2015-08-10-ны өдөр 3 цаг, 11-ний өдөр 20 минут ажиллаж 12, 13, 14, 17, 18-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл заажээ.   

Тушаалд заасан дээрх үндэслэлүүд нотлогдоогүй гэж үзнэ. Тухайлбал хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1-д “хүндэтгэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” гэж заасан байх ба Ш.Мөнгөнбатыг 2015-08-10-ны өдөр 3 цаг, 11-ний өдөр 20 минут ажиллаж 12, 13, 14, 17, 18-ны өдрүүдэд хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх боломжгүй байна.   

Учир нь Ш.Мөнгөнбат нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд элэгний хорт хавдар өвчний учир тус төвийн хавдар судлалын кабинетын хяналтанд орж, 2015-08-12-ны өдөр тус эмнэлгийн халдварт өвчин судлалын кабинетад үзүүлж элэгний В болон Д вирус илэрч эмчилгээ шаардлагатай болсон талаарх тус төвийн даргын 2015.12.04-ний өдрийн 1/440 дугаартай албан бичиг /хэргийн 140 дүгээр хуудас/, Ш.Мөнгөнбатын хяналтын картууд /хэргийн 141-150 дугаар хуудас/, хэргийн 108 дугаар хуудас дахь эмнэлгийн магадлагаа зэргээр 2015 оны 08 дугаар сарын 12-ноос 20-ны өдрүүдэд шинжилгээ хийлгэж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдсон байна.   

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын Б/971 дугаар тушаалд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн байх ба үүнийгээ хариуцагч нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Б/971 дугаартай тушаал үндэслэлгүй байна.    

Харин нэхэмжлэгчийн, Б/971 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлж, бичилт хийлгүүлэх шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар бөгөөд бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлэх шаардлагагүй. Мөн Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх асуудал нь нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байсан тул хугацаа алдсан гэж үзэхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх шаардлагагүй, энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байх тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй.  

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захиралын 2015.08.14-ны өдрийн Б/952 дугаар тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтууд, мөн уг гэрээний 3 дахь заалтаас төв эмнэлгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрх тушаалын холбогдох заалтуудыг ямар үндэслэлээр, яагаад хүчингүй болгуулах гээд байгаа талаараа нотлоогүй болно.   

Иймд дээрх үндэслэлээр Ш.Мөнгөнбатыг “Эрдэнэт медикал” төв эмнэгийн захиралын ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, 3 дахь заалтаас төв эмнэлгийн захиралын орон тоонд сонгон шалгарууллалт явуулах заалтыг хүчингүй болгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч тайлбартаа “Эрдэнэт медикал” төв эмнэлэг нь харьяалалын хувьд Япон улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн гэрээгээр бүрэн шилжсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, харьяалан хүлээн авах зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй гэсэн байх ба энэ татгалзал нь нотлох баримтаар нотлогдоогүй, ажлаас чөлөөлсөн болон хөдөлмөрийн маргааныг үүсгэж буй тушаалуудыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал гаргасан байх тул энэ татгалзал хууль зүйн үндэслэлгүй. Мөн Ш.Мөнгөнбатын нэхэмжлэлийг шүүхийн харьяалал биш гэж маргаж байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдолоо гаргах эрхтэй”, 129.2-т “ажилтан ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн. Тэгвэл Ш.Мөнгөнбат нь ажилдаа эгүүлэн тогтоолгохоор анх нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцэж байх тул шүүхийн харьяалалын маргаан биш гэж үзэх боломжгүй байна.    

Ш.Мөнгөнбатын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг хэргийн 101 дүгээр хуудас дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2015-10-29-ний өдрийн цалингийн тодорхойлолтоор 3 сарын дундаж цалин 3 762 278 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 19-нөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тооцов. Үүнд: 3 762 278 : 21,5 = 174 990 төгрөг нь нэг өдрийн цалин. 10 сарыг х 3 762 278 төгрөгөөр үржүүлэхээр = 37 622 780 төгрөг болно. Үүн дээр ажлын 18 хоногийг, өдрийн цалин 174 990 төгрөгөөр үржүүлэхээр 3 149 814 төгрөг гарна, үүн дээр /3 149 814 төгрөг+37 622 780 = 40 772 594/ 10 сарын цалин 37 622 780 төгрөгийг нэмэхээр нийт 40 772 594 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Боржигон овогт Шаравын Мөнгөнбатыг “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 40 772 594 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулан Ш.Мөнгөнбатад олгож,

нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 дугаар тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг, мөн 3 дахь заалтаас төв эмнэлэгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтуудыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатын цалинтай тэнцэх нөхөх олговор 40 772 594 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар  хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 361 813 төгрөг гаргуулан Орхон аймгийн төрийн санд оруулсугай.

4.   Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА