Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00146

 

 

                                     Ш.Мөнгөнбатын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Эрдэнэт медикал” төв эмнэлэгийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, 3 дахь заалтаас төв эмнэлгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгох, 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг төлүүлж, бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шарав овогтой Мөнгөнбат 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд орж ЕМС-КЕМКО оношлогоо эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захирлын түр орлон гүйцэтгэгчийн ажил үүргийг гүйцэтгэхээр хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн. 2015 оны 8 дугаар сарын 14-ний едөр ерөнхий захирлын Б/952 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, түр хугацаагаар ажиллуулах тухай” тушаал гарч надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн тушаалаар намайг өөрчлөн байгуулагдсан төв эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Миний бие энэхүү тушаалыг хууль бус, иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг үндэслэн шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна. Үүнд: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өрөнхий захирлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тоот тушаалын Ш.Мөнгөнбат миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, Ш.Мөнгөнбат намайг “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлын албан тушаалд эргүүлэн томилох Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрий- Б/952 тоот тушаалын 3 дахь заалтаас төв эмнэлгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгох, “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлын ажилд Ш.Мөнгөнбатыг эгүүлэн томилох, Миний бие Ш.Мөнгөнбат нь хавдрын дараах хуваарьт шинжилгээ, эмчилгээг өөрийн харъяаллын эмнэлэгт Улаанбаатар хотноо хийгэх үеэр ерөнхий захирлын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаал гэнт гарч, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хугацааг надад олгоогүй тул хүндэтгэх нөхцөлийг харгалзан үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү.

Нэхэмжпэгч Ш.Мөнгөнбат миний бие 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдөр “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлаас үндэслэлгүйгээр халагдаж одоо эрхэлсэн ажилгүй сэтгэл санааны болон эд материалын хохиролтой цалин хөлсгүй хохирч байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас дор дурьдсан шаардлагаар нэхэмжилж байна. Үүнд: 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс10 дугаар сарын 29-ны өдөр хүртэл сарын дундаж цалин хөлсөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд шүүхээс шийдэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг тооцуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг хариуцагч байгуулагаар төлүүлж, бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Мөнгөнбат нь 2015.08.12-20-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс олгосон эмнэлгийн магадлагааг Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 10 сарын 09-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагын хамт хавсаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирүүлснийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр миний бие шүүхээс 2015 оны 10 сарын 09-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагын хамт хүлээн авч Ш.Мөнгөнбатын шууд харъяалан удирддаг Б.Намхайнямбуу захиралд танилцуулсанаар Ш.Мөнгөнбатыг 2015 оны 08 сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 сарын 20-ны өдрүүдэд өвчтэй байсан, ажилдаа ирэх боломжгүй байсан талаар түүнийг ажлаас халагдсан 2015 оны 08 сарын 20-ны өдрөөс 1 сар гаруйн дараа “Эрдэнэт-үйлдвэр" шүүхээр дамжуулан анх удаа мэдсэн. Ш.Мөнгөнбатын эмнэлгийн магадлагаа нь одоо ч өөрт нь эх хувиараа байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ирүүлээгүй байгаа болно. Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбаттай байгуулсан 2014 оны 4 сарын 14-ны өдрийн 37/19 тоот хөдөлмөрийн гэрээни/ 4.1, 4.2, 4.2.8, дугаар заалтад “Ажилтан өвчилсөн тухай эмнэлгийн хуудсаа ажлын 3 хоногт, эмнэлгийн хуудсыг ажилд орсноос хойш ажлын 5 хоногт багтаан ажил олгогчид хүргүүлэх, хэрэв хүргүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцон ажлаас халах шийтгэл ногдуулахаар заасан. Ажил олгогч Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нь нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатыг 2015 оны 08 сарын 12-оос 20-ны өдрүүдэд өвчтэй байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ талаар түүний туслах Н.Баттулга шүүхэд тодорхойлолт ирүүлсэн. Ш.Мөнгөнбат захирлаар нь ажиллаж удирдаж байсан төв эмнэлгийн хамт олондоо эмчилгээ эрхэлсэн орлогч хүний нөөцийн алба, жижүүр, харуулууддаа хэнд ч Улаанбаатар хотод өвчтэй тухайгаа мэдэгдээгүй байсныг эдгээр ажилтнууд хамт олон нь шүүхэд нотолж, баримт ирүүлсэн. Ш.Мөнгөнбат нь “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захирлаар 2014 оны 04 дүгээр сараас хойш 1 жил гаруй хугацаанд ажиллахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилтнууд нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам 5.2.8, 8.7.9, 8.9.3, 8.9.4, 8.8.13, заалтуудаар зохицуулсан “Ажилтан ажлаа хүндэтгэн үзэх шалтгаан түүний дотор өвчилсөн шалтгаанаар ажилдаа ирэх, ажил үүргээ хийх боломжгүй тухайгаа удирдлагадаа мэдэгдэх, эмнэлгийн чөлөө олгосон баримтуудыг удирдлагадаа танилцуулах үүрэгтэй” гэдгийг мэддэг, мэдэх ёстой удирдах албан тушаалтан билээ. “Эрдэнэт медикал төв эмнэлэг нь харъяаллын хувьд Япон улсын хөрөнгө оруулалттай “Медипас” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн гэрээгээр бүрэн шилжсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, харьяалан хүлээн авах зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байна. Ш.Мөнгөнбатын нэхэмжлэл нь шүүхийн харьяалал биш... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Боржигон овогт Шаравын Мөнгөнбатыг “Эрдэнэт медикал” төв эмнэлгийн захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 40 772 594 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас гаргуулан Ш.Мөнгөнбатад олгож, нэхэмжлэлээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн    Б/952 дугаар тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг, мөн 3 дахь заалтаас төв эмнэлгийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах заалтуудыг хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатын цалинтай тэнцэх нөхөх олговор 40 772 594 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсьн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 361 813 төгрөг гаргуулан Орхон аймгийн төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/952 тушаалаар Ш.Мөнгөнбатыг Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын ажлаас чөлөөлж мөн өдрөөс түр хугацаагаар ажиллуулсан. Энэхүү тушаалаар Ш.Мөнгөнбатыг өөр ажилд буруу шилжүүлээгүй, ажлаас халаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхэд гомдлоо гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гаргасан удаа дараагийн тайлбар, мэдүүлгийг шүүх харгалзан үзэж үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Монгол улсын Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/2098 дугаартай албан бичиг /х.х-ийн 84-р хуудас/ манай компанид ирсний дагуу Эрдэнэт медикал төв эмнэлгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай болсон. Ш.Мөнгөнбатыг ажлаас чөлөөлөөд эргээд тэр ажилд нь томилсон байхад тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ш.Мөнгөнбат нь 2015 оны 8 дугаар сарын 12, 13, 14, 17, 18-ны өдрүүдэд ажил тасалж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргаж компанийн зүгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх зөрчил нь Эрдэнэт медикал төв эмнэлгийн харуулын үүрэг гүйцэтгэсэн /х.х-ийн 90-93 дугаар хуудас/ Бат-Эрдэнэ, Дарьсүрэн, Төрболд нарын тодорхойлолт болон холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон. Дээрх тодорхойлолтууд нь эх хувиараа /нотлох баримтын шаардлага хангасан/ хэрэгт авагдсан байхад шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “хэргийн 90-93 дугаар хуудас баримтуудыг хэн бичсэн нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байгааг дурьдах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Мөнгөнбат нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д зааснаар “өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа мэдэгдэх” үүрэгтэй. Ш.Мөнгөнбат нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй ба өвчтэй тухайгаа өөрийн харъяаны албан тушаалтан болон шууд удирдлагадаа мэдэгдээгүй ба өвчтэй байсан тухай баримтаа ирүүлээгүй, шүүхэд л гаргаж өгсөн байдаг.

Ш.Мөнгөнбат Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 тоот “ажлаас халах” тухай тушаалыг 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шууданчаас хүлээн авсан атлаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гомдол гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлж 1 сар 18 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Мөнгөнбатын зүгээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх нотлох баримт нь /Эмнэлгийн магадлагаа х.х-ийн 27-р хуудас/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт байсан. Нэхэмжлэгч Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 тушаалын хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж ажилд нь эгүүлэн томилж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Мөнгөнбат нь “Эрдэнэт Медикал” төв эмнэлэгийн захирлын ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 08-р сарын 14-ний өдрийн Б/592 тоот тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцласан болон түр хугацаагаар томилсон заалтуудыг хүчингүй болгох, 3 дахь заалтаас төв эмнэлэгийн захирлын орон тоонд  сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгуулах, 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/971 тоот тушаалыг хүчингүй болгох, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллага “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн захирлын 2015 оны 08 сарын 19-ний өдрийн Б/971 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатыг Компанийн тухай хуулийн 84-р зүйлийн 84.4.1, компанийн дүрмийн 12.11 заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1, 6-р зүйлийн 6.2, 131-р зүйлийн 131.1.1, 131.1.3 заалтууд , хөдөлмөрийн дотоод журмын 4-р зүйлийн 4.1.5, 6-р зүйлийн 6.1, 6.3, 8-р зүйлийн 8.1, 8.9, 8.9.1 дэх заалтуудыг үндэслэн ажлын өдрүүдэд (8-р сарын 10-18-ны) хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр “Эрдэнэт Медикал” төв эмнэлэгийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлжээ. Шүүх хариуцагч “Эрдэнэт үйлдвэр ” ХХК-ийн захирлын тушаалд заасан үндэслэлүүд нотлогдоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатыг “Эрдэнэт Медикал” төв эмнэлэгийн захирлын ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар, мөн “Эрдэнэт үйлдвэр”  ХХК-н захирлын 2015 оны 08 сарын 14-ний өдрийн Б/952 дугаар тушаалын Ш.Мөнгөнбатын хөдөлмөрийн гэрээг цуцалсан болон түр хугацаагаар томилсон заалтууд, мөн тушаалын 3 дахь заалтын төв эмнэлэгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах заалтыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ш.Мөнгөнбатыг 2015 оны 08 сарын 10-ны өдөр 3 цаг, 11-ний өдөр 20 минут ажиллаж 2015 оны 08-р сарын 12,13,14,17,18-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь буруу байна. Учир нь байгууллагын захиргааны ажил тасалсан гэх өдрүүдэд нэхэмжлэгч Мөнгөнбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод шинжилгээ эмчилгээ хийлгэж байсан болох нь хэрэгт авагдсан эмнэлэгийн магадлагаа, Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан бичиг, хяналтын карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Биеийн эрүүл мэндийн байдлаас болж эмнэлэгийн хяналтанд орж шинжилгээ оношлогоо хийлгэж байсныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчил тус бүр тогтоогдсон байх ба түүнд заавал шийтгэл оногдуулсан байхыг шаардахгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн зохих заалтыг баримтлах ёстой ба захирлын тушаалд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын зөрчилд оногдуулах шийтгэлийн төрлийг зохицуулсан заалтыг баримталсан нь эрх зүйн хувьд үндэслэл муутай, хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд хариуцагч байгууллагын давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 979 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361.813 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

                                                             ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.УРАНЧИМЭГ