Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00834

 

 

Б.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00089 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Гүнбилэгт холбогдох,

1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Л.Гүнбилэгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Гүнбилэгтэй 2016 оны 05 дугаар сард онлайн интернет худалдааны сайт бүтээн хамтран ажиллахаар тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1 800 000 төгрөг Л.Гүнбилэгийн дансанд бэлнээр хийсэн. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гэрээ байгуулалгүй хамтран ажилласаар ирсэн. Уг хугацаанд Л.Гүнбилэгт хамтын эзэмшлийн данс нээх хүсэлт удаа дараа гаргаж байсан ч үйл ажиллагааны хөрөнгийг зөвхөн өөрийн дансаар явуулж байсан, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тайлан тооцоо гаргаж өгөхийг хүссэн ч мөн гаргаж өгөөгүй учир 1 800 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Л.Гүнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Гүнбилэг миний бие нь 2016 оны 05 дугаар сарын эхнээс Б.Эрдэнэтогтохтой хамтран БНХАУлсаас хувцас, өргөн хэрэглээний бараа захиалгаар оруулж ирж худалдан, олсон ашгаа хуваалцахаар тохиролцсон. Дээрх ажлын хүрээнд захиалгын site /цахим хуудас/ нээж ажиллуулахын тулд ОХУ-аас онлайн худалдааны тусгай ОТ Соmmerce программыг худалдан авахад зориулж 1 800 000 төгрөгийг Б.Эрдэнэтогтох, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга зэрэг бусад зардлыг миний бие гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингээд цахим сайтын орчуулга, засвар зэрэг ажлыг өдөр шөнөгүй хийсээр, бараа захиалгаа аваад 2 cap болж ажил жигдэрч эхлээд байхад 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой Б.Эрдэнэтогтох архи үнэртүүлсэн байдалтай ирж "ажиллахаа болилоо, миний өгсөн мөнгийг гаргаж өг" гэх зүйл ярьсан. Б.Эрдэнэтогтох нь тэр шөнөдөө цахим сайтын бүх нэвтрэх эрх, нууц үгийг сольж, ашиглаж болохооргүйгээр болгосон байсан бөгөөд захиалгын мөнгө орж ирдэг дансыг ч надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн өөрийн дансаар сольсон байсан. Үүний улмаас бараа захиалгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ямар ч боломжгүй болсон. Иймд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дахин БНХАУлсаас 1 980 000 орчим төгрөгийн үнэ бүхий программ авч, холбогдох орчуулга, засварын ажлуудыг хийсээр 2016 оны 08 дугаар сарын эхээр захиалгын сайтаа нээн ажиллуулж байна. 

Б.Эрдэнэтогтохын хувьд хүн шиг ирээд ярилцаад мөнгө төгрөг хэрэгтэй байна цаашид хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн бол оруулсан мөнгийг нь гаргаад өгч болох байсан. Гэвч өөрөө энэ үйлдлээрээ намайг төдийгүй маш олон хүнийг мөнгө санхүү, цаг хугацаагаар хохироосон тул би алдагдал, хохирлоо тооцож сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй. Нэгэнт би тэр программыг ашиглаагүй, ашиглах ч боломжгүй байх бөгөөд программыг ашиглах, захиран зарцуулах бодит эрх нь өнөөдрийг хүртэл Б.Эрдэнэтогтоход өөрт нь байгаа тул түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00089 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Л.Гүнбилэгээс 1 800 000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэтогтоход олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжид 43 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гүнбилэгээс 43 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтоход олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00089 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 476.1 гэсний дараа 205.1 гэж нэмж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Гүнбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2 шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг хэрэглэсэн нь буруу бөгөөд хуулийн тус заалт нь ерөнхий заалт юм. Гэрээнээс татгалзах нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг үүсгэдэг тул урт хугацаатай гэрээнд гэрээнээс татгалзах зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбоотой үүсэх эрх зүйн үр дагаврыг заасан бөгөөд бид хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон тул хуулийн тус заалтын дагуу бидний бизнесээс үлдсэн хөрөнгө, ашгийг тооцон гаргаж, өөрсдийн эзлэх хувиар хувь тэнцүүлэн авах эрхтэй юм. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд бидний үлдэх хөрөнгөөс 1 800 000 төгрөг шаардах эрхтэй болохоо нотлоогүй. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т зааснаар хамтран ажиллах гэрээний дагуу талууд хамтран ажиллагаанаас бий болох ашиг, алдагдал, хариуцлагын өөрсдийн хураамж, оруулсан хөрөнгөд ногдох хувиар хамтран хариуцах юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдлын талаар тодруулж, дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Хариуцагч Л.Гүнбилэгээс хамтран ажиллах зорилгоор оруулсан хураамж 1 800 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэгч Б.Эдэнэтогтохын нэхэмжлэл хамтран ажиллах гэрээнээс гарах агуулгатай байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг тус тус гаргажээ.

Зохигчдын тайлбараас үзвэл онлайн интернет худалдааны сайт нээж, худалдааны үйл ажиллагаа хамтран эрхлэхээр тохирсон, уг хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон үйл баримтыг маргаагүй байна.

 Хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болох бөгөөд зохигчид нь хамтын үйл ажиллагааны зорилго, оруулах хураамжийн хэмжээг тохирсон, гэрээний нөхцлийг маргаагүй байх тул гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг тохироогүй байна. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн  479.1-д “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох 1 800 000 төгрөгийн хураамжийг оруулах, хариуцагч Л.Гүнбилэг ажлын байр тохижуулах, барааны захиалга авах ажлыг хариуцан, ОХУ-аас онлайн худалдааны тусгай программ худалдан авсан, бусдаас захиалга авсан хамтын үйл ажиллагаа явагдсаныг шүүх анхаараагүй байна. Зохигчид нь программ худалдан авсан байх боловч сайтын эзэмшигч нь хэн байх талаар хоорондоо маргаж, ОХУ-ын талтай харилцаж байсан баримтууд хэрэгт авагджээ. ОХУ-ын талаас хоорондоо маргаанаа шийдвэрлэж, хариу өгөхийг хүссэн мэдээллийг нэхэмжлэгч, хариуцагч нарт илгээж байжээ.

Харин хэргийн баримтаар, худалдан авсан уг сайтыг зохигчдын аль нэг нь эзэмшсэн эсэх, эсвэл хэн нь ч эзэмшээгүй бол программ худалдан авсан мөнгийг буцааж авсан эсэх, эсвэл программыг ашиглаж чадаагүйд гэрээний талууд буруутай эсэх, хамтын үйл ажиллагааны ашиг, алдагдал байгаа эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигчид хүлээдэг болно.

Хэргийн үйл баримтаас үзвэл талууд хамтын үйл ажиллагаа явуулахаас өмнө бус,  үйл ажиллагаа явуулсны дараа гэрээнээс гарах маргаан гарсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлгүй байжээ. Хамтран ажиллах гэрээний дагуу талууд хамтын үйл ажиллагааг явуулсан бол үйл ажиллагаанаас орох ашиг, алдагдлыг хэн аль нь хариуцах тул гэрээг дүгнэхгүйгээр гэрээнээс гарах маргааныг шийдвэрлэх боломжгүй талаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4, 479.5, 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т заасан зохицуулалтад тусгасан  байна. 

Иймд хариуцагчийн хяналтын гомдлоос нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хэсгийг хангах үндэслэлгүй, харин хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй гэх гомдлыг хангах боломжтой тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00089 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА