Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 117

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                            

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч М.Ч, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Мөнхбаатарын Чойсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0787 72166 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Ч, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамж, 15 тоотод албан ёсны хаягтай, одоо Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 88в-67 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч М.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88 дугаар байрны урд тайлбайд иргэн Д.Мижиддоржтой маргалдаж цохисны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны орой өөрийн эхнэр Одончимэгийн хамт дэлгүүр орохоор гарч явсан. Тухайн өдөр 15 цагийн үед зогсоол дээр машинаа байрлуулсан байсан. Гэтэл цаанаас гэнэт хамгаалагч гарч ирээд энд машин тавихгүй, машинаа холдуул гэж хэлээд маргалдсан. Би хамгаалагчид “Би өдөр энэ шаардлагаа тавихгүй яасан юм бэ харанхуй болсон байна, машинаа тавих өөр зай алга байна, машинаа авах боломжгүй” гэж хэлсэн. Дараагаар нь хамгаалагч хамгаалалтын байрандаа оруулж ирээд бороохойгоо над руу чичэлж цаас гаргаж “овог нэрээ бич, хэн орж ирээд олон юм яриад байгаа юм” гэсэн. Хажуунаас ээлжийн хамгаалагч Ишжамц гэдэг хүн надтай маргалдсан. Би Д.Мижиддоржтой ерөөсөө маргалдаагүй. Хамгаалагчтай маргалдан эхнэр больцгоо гэж шаардлага тавиад байрнаас гарах гээд эргэхэд Д.Мижиддорж миний нүүрэн тус газарт цохьсон. Цохисоны улмаас хойшоо тэнцвэр алдан унахад Д.Мижиддоржийн энгэрээс зуурж хамгаалагчийн байр руу орон тэнцвэрээ аван хөл дээрээ тогтсон. Дахиад намайг цохих гэхээр нь түүнийг арагш түлхээд Мижиддорж миний цамцнаас зуураад доош унасан. Ишжамц, Мижиддорж нар тал талаас хоёул намайг өшиглөж байсан. Өшиглөж байх явцад эхнэр салгахад би Ишдорж гэх хүнийг цааш нь түлхээд Мижиддоржоос яаж салсанаа санахгүй байна. Дараа гадна талбай руу зугтаж гүйхэд араас Ишжамц гэх залуу хөөгөөд миний бүсэлхийнээс тэврээд унагаах гэж байсан. Тухайн үед Мижиддорж над руу довтлон дайрахад би биеэ хамгаалах үйлдэл хийсэн. Мижиддоржтой маргалдсан асуудал бол байхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Д.Мижиддорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “би байрныхаа гадаа сууж байтал үл таних залуу байрны харуултай муудалцаж байсан. Тэгэхээр нь би хэсэг сонсоод сууж байснаа очоод хартал 30-35 орчим залуу аав шигээ хүнтэй муудаад хэл амаар доромжлоод байсан. Би хэсэг харж зогссон. Тэгээд дахин “боль” гэж сануултал “чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. ... Гэтэл намайг татаад манаачийн байр руу оруулаад миний цамцны малгайнаас дарж байгаад 2-3 удаа хэвлий тус газар өшиглөсөн. Тэгээд харуулууд салгаад гарч ирсэн чинь нөгөө залуу дээгүүр үсэрч гарч ирээд миний нүд хэсэгт өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Мижиддорж тэр машины жолооч буюу цагдаа гэх залууд хандан “чамд хүн шаардлага тавьж байна. Чи юу гээд байгаа юм бэ” гээд тэр залуу Мижиддоржтой барьцалдаж авсан. Мижиддоржийн араас гарсан залуу түүнийг араас нь барьж аваад газар унагаагаад нүүр рүү өшиглөсөн. Тэр хоёрын дагаж гарсан хүмүүс дахиад салгасан, удалгүй Мижиддорж харуулын байр руу орж ирээд “Миний нүүр рүү өшиглөчихлөө” гээд нүүр ам нь хөхрөөд хавдсан байдалтай орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/

Гэрч Б.Янжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...зодоон болж байна гэж хэлсэн харуулын байрны гадаа ирэхэд хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан. Мижиддорж ах нүд рүүгээ цохиулсан гээд бас хамарнаас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/

Гэрч Д.Мөнх-Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...цаанаас Мижиддорж согтуу ирээд цохиулчихсан гээд цус нь гоожсон байсан. ...Би Янжмаатай эмийн сан яваад ирэхэд зодоон болсон гээд Мижиддоржийн нүүрнээс нь цус гарч байсан. Яг хаанаас нь гарч байсныг тодорхой мэдэхгүй байна. Нүдний дээхэн хөмсөг хавьцаа л харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11759 дугаартай дүгнэлт:

  1. Д.Мижиддоржийн биед зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, субарахнойд зай, таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 23 дугаар хуудас/ М.Ч-ийн гаргасан өргөдөл /хх 2-3 дугаар хуудас/, хохирогч Д.Мижиддоржийн мэдүүлэг /хх 7-8 дугаар хуудас/, хохирогч Д.Мижиддоржийн дахин өгсөн мэдүүлэг /хх 10 дугаар хуудас/, Д.Мижиддоржийн гаргасан өргөдөл /хх 32 дугаар хуудас/, дуудан ирүүлэх хуудас /хх 58 дугаар хуудас/, хохирлын талаарх баримтууд /хх-59-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88 дугаар байрны урд тайлбайд иргэн Д.Мижиддоржтой маргалдаж цохисны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Д.Мижиддоржийн: “...30-35 орчим залуу аав шигээ хүнтэй муудаад хэл амаар доромжлоод байсан. Би хэсэг харж зогссон. Тэгээд дахин “боль” гэж сануултал “чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. ... Гэтэл намайг татаад манаачийн байр руу оруулаад миний цамцны малгайнаас дарж байгаад 2-3 удаа хэвлий тус газар өшиглөсөн. Тэгээд харуулууд салгаад гарч ирсэн чинь нөгөө залуу дээгүүр үсэрч гарч ирээд миний нүд хэсэгт өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Дамдинсүрэнгийн: ”...Мижиддорж тэр машины жолооч буюу цагдаа гэх залууд хандан “чамд хүн шаардлага тавьж байна. Чи юу гээд байгаа юм бэ” гээд тэр залуу Мижиддоржтой барьцалдаж авсан. Мижиддоржийн араас гарсан залуу түүнийг араас нь барьж аваад газар унагаагаад нүүр рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Янжмаагийн: ”...Мижиддорж ах нүд рүүгээ цохиулсан гээд бас хамарнаас нь цус гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Мижиддорж нь хохирол төлбөрт 3 сая төгрөгийг авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-32-р тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ч нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шүүхэд санал болгосон ба шүүх шүүгдэгчид хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Ч-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР