Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ч-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч М.Ч , түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч М.Ч гийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор М.Ч-дхолбогдох эрүүгийн 18006078772166 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын Ч, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр......................... ........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

М.Ч  нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88 дугаар байрны урд талбайд иргэн Д.Мижиддоржтой маргалдаж цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Ч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б  овгийн М Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Ч г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Ч-дхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Ч гийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Д.Мижиддоржийн “...Би тэр залууг баруун гараараа нэг цохисон. Гэтэл байр луу татаж оруулаад бид хоёр ноцолдсон...” /хх 7-8/ гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнх-Оюуны “...Машины эзэн залууг харуул, Мижиддорж бас түүний дүү нь тал талаас нь өшиглөөд байсан...” /хх 52-53/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд гэрч Б.Дамдинсүрэн, н.Ишжамц, хохирогч Д.Мижиддорж нар нь бүлэглэн М.Ч-дхалдсан болон нь тогтоогдож байна. Энэ нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад буюу хохирогч, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байхад зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлж, цагаатгах талын баримтыг үнэлэхгүй орхигдуулсан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Мижиддорж, гэрч Б.Дамдинсүрэн, н.Ишжамц нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, М.Ч-дхүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж түүний зүүн нүдэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад улсын яллагч зөвхөн М.Ч гийн үйлдлийг шалгаж, бусад этгээдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг орхигдуулсан байдаг. Мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн дүгнэлтэд удаа дараа хэлсэн боловч энэ талаар шийтгэх тогтоолын агуулгыг танилцуулахдаа болон шийтгэх тогтоолдоо шүүх дүгнэхгүй, дурдахгүй өнгөрсөн нь бусдад ял завшуулах боломжийг олгож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, М.Ч гийн Д.Мижиддоржийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэж, маргасан бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх М.Ч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн боловч уг торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол дээрх биелэгдээгүй торгох ялыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй нь ямар хариуцлага хүлээсэн, хариуцлага хүлээхгүй нь ямар үр дагавар үүсэх талаар тусгаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар буюу шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих талаар нэмэлт заалт оруулах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч М.Ч  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг маргаан нь байрны хамгаалагч “Чи машинаа эндээс зайлуул” гэсэн. Би “Автомашин тавьж болохгүй гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байна, та өдөр намайг автомашинаа тавьж байхад хэлэхгүй яасан юм бэ” гэхэд намайг дуудаж хамгаалалтын байранд оруулж, бороохой гаргаж ирээд “Чи хаанахын хэн гэгч орж ирээд томроод байгаа юм, чи овог нэрээ бич, чи байрны оршин суугч мөн юм уу” гэж маргасан. Миний бие хамгаалагчид хандаж “Энд автомашин тавьж болохгүй гэсэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй байна. Үнэхээр тийм бол шөнө болсон байна, би автомашинаа хаана тавих юм бэ” гэж маргалдаад байж байхад Мижиддорж ирж, үүдэнд зогсож байхад намайг цохиж, зодоон болсон...” гэв. 

Шүүгдэгч М.Ч гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-дял оногдуулахдаа хэд хэдэн нөхцөл байдлуудыг орхигдуулж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт яллах болон цагаатгах талын нотлох баримт, ялангуяа өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтын үндэслэлүүдийг нотлох болон үгүйсгэх дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгчийн “аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан байж болзошгүй” гэсэн асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэргийн нөхцөл байдал гэрч болон хохирогч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтаар батлагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй. Зөвхөн яллах байр суурьтай хандсан. Үйл явдлын асуудал дээр камерын бичлэг байдаггүй. М.Ч гийн урагдсан цамцыг эд мөрийн баримтаар хурааж, бусад нотлох баримттай нийцүүлж үзээгүй.

Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан танхайрах зөрчил гарсан гэсэн байдлаар улсын яллагч тайлбарлалаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бол танхайрах зөрчилтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт эрүүгийн хэргийн материалд байх ёстой. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Мөн хувийн сэдэлттэй маргаан гэдэгт дүгнэлт хийгээгүй. Тухайн үед гэмт хэрэгт олон нийтийн газар үйлдэгдсэн талаар гэрч н.Янжмаа, н.Мөнх-Оюун нар орон сууцандаа байж байгаад гадаа зодоон болохоор нь гарч ирсэн гэдгээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан гэдгийг харуулж байна. Мөнх-Оюуны мэдүүлэгт “Ч-г гурван хамгаалагч залуу буланд шахаж, байшингийн гадна зодож байсан” гэсэн. Энэ асуудалд яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн. Эдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа учраас анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан учир өмгөөлөгч Мөнхзаяагийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.5 дугаар зүйлд тус тус зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

М.Ч  нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88 дугаар байрны гадаа иргэн Д.Мижиддоржтой маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Мижиддоржийн “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн орчим 30-35 орчим насны эрэгтэй хүн манай Цагаан хуаран хотхоны харуулын байранд харуултай муудалцаад дээрэлхээд байхаар нь би очоод нөгөө залуутай маргалдаж, цохих гэтэл харуулын байр руу татаж оруулаад бид хоёр ноцолдож байтал миний нүд рүү хатгах шиг болсон. Тэгээд л толгой эргээд сандал дээр суусан...” /хх 7-8/, “...30-35 орчим насны залуу аав шигээ хүнтэй маргалдаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би очоод “чи болиоч” гэж хэлтэл над руу томорч гуйлгачин гэж хараагаад доромжилсон. Би хэсэг харж зогссон. Тэгээд дахин “боль” гэж сануултал “Чамд ямар хамаатай юм бэ” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би харуулын байрны үүдэнд зогсож байгаад нуруу руу нь түлхсэн. Гэтэл намайг татаад манаачийн байр руу оруулаад миний цамцны малгайнаас дарж байгаад 2-3 удаа хэвлий тус газар өшиглөсөн. Тэгээд харуулууд салгаад гарч ирсэн чинь нөгөө залуу дээгүүр үсэрч гарч ирээд миний нүд хэсэгт өшиглөсөн...” /хх 10, 46/ гэх мэдүүлгүүд,

Хохирогчийн мэдүүлгийг нотолсон гэрч Б.Дамдинсүрэнгийн “...Энд машин тавиулахгүй, байрны оршин суугчдаас хэл ам гараад явган зорчигчийн явах замыг хааж машин тавиуллаа гээд байгаа гэдгийг хэлсэн. Тэгсэн “тэр хамаагүй, урд өмнө машин тавьж болоод байсан, тавина” гэж хэлсэн. Би тавиулахгүй гэдэг шаардлагыг тавьсан. Тэр машины залууг байрны оршин суугч мөн эсэхийг шалгахаар манаачийн байр руу дагуулж орсон ...Оршин суугчийн бүртгэлээс харах гэтэл “миний бүртгэлийн дэвтрийг харах шаардлагагүй” гэж гараараа түлхсэн. Тэгсэн гаднаас байрны оршин суугч Мижиддорж гэдэг залуу орж ирсэн. Мижиддорж тэр машины жолооч залууд хандан “чамд хүн шаардлага тавьж байна” гэхэд “чи юу гээд байгаа юм” гээд Мижиддоржтой барьцалдаж авсан. Тэр үед харуулын байранд машинаа тавина гэж маргасан залуу, түүний эхнэр, Мижиддоржийн дүү, байрны үйлчлэгч эмэгтэй нар байсан. Бид хамжиж тэр хоёрыг салгасан. Харуулын байрнаас эхлээд Мижиддорж, дараа нь тэр залуу гарсан. Мижиддоржийн араас гарсан залуу түүнийг араас нь барьж аваад газар унагаагаад нүүр рүү нь өшиглөхөд дагаж гарсан хүмүүс салгасан. Удалгүй Мижиддорж харуулын байр руу орж ирээд “миний нүүр рүү өшиглөчихлөө” гээд нүүр ам нь хөхрөөд хавдсан байдалтай орж ирсэн...”/хх 49/ гэсэн мэдүүлэг,  

гэрч Б.Янжмаагийн “...Харуулын байрны гадаа ирэхэд хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан. Мижиддорж ах нүд рүүгээ цохиулсан гээд бас хамарнаас нь цус гарсан байдалтай байсан ...Зодоон болж байхад байгаагүй. Аптекаас ирэхэд зодоон болсон гээд хэрүүл хийгээд зогсож байсан...” /хх 50-51/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Мөнх-Оюуны “...Янжмаатай эмийн сан яваад ирэхэд зодоон болсон гээд Мижиддоржийн нүүрнээс цус гарч байсан...” /хх 52-53/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Мижиддоржийн биед зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, субарахнойд зай, таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 11759 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ч  нь хохирогч Д.Мижиддоржийн биед “...зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, субарахнойд зай, таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн М.Ч-доногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний хохирлоо нөхөн төлсөн хувийн байдал, хохирогч Д.Мижиддоржийн “...М.Ч гээс эмчилгээний зардал 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулж авсан. Цаашид гомдол саналгүй...” гэсэн хүсэлт /хх 32/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон байна.

Прокурор “...шийтгэх тогтоолд торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцээгүй...” гэж  эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж зааснаас үзвэл шийтгэх тогтоолоор торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоосон бол энэхүү зохицуулалтыг хэрэглэх бөгөөд хэрэв шүүх хугацаа заагаагүй тохиолдолд ялыг эдлээгүйтэй холбоотой хууль зүйн үр дагаврыг мөн заах боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг”-т тусгавал зохих зүйлд уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хэрхэхийг заахыг хуульчлаагүй болно.

Шүүх шийдвэртээ торгох ялыг биелүүлэх хугацааг тусгайлан заагаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна...” гэж зааснаар торгох ялыг биелүүлэх журмыг зохицуулсан байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

Түүнчлэн, тогтоосон хугацаанд шүүхээс оногдуулсан ялыг биелүүлэхгүй тохиолдлыг хэрхэн шийдвэрлэх нь эрх бүхий байгууллагын хуульд зааснаар шийдвэрлэх ажиллагаа бөгөөд шийтгэх тогтоолд заагаагүйгээс уг шийтгэх тогтоол ойлгомжгүй болохгүй, биелүүлэхэд эргэлзээ үүсэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...гэрч Б.Дамдинсүрэн, н.Ишжамц, хохирогч Д.Мижиддорж нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, М.Ч-дхүч хэрэглэж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй, М.Ч гийн Д.Мижиддоржийн биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заажээ. М.Ч  нь харуулын байрнаас гарч явсан Д.Мижиддоржийн араас довдолж биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл биш байна.

Харин М.Ч гийн биед тухайн цаг хугацаанд халдсан үйл явдал болсон эсэхийг хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаас нягтлан үзэхэд:

гэрч Б.Одончимэг “...Харуулын байранд хамгаалагчтай маргаж байх үед нөгөө ээлжийн хүн бас орж ирээд нэмж маргаад яг гарах гэж байсан чинь үүднээс нэг гар орж ирээд манай хүнийг нүүрэн тус газар нь цохисон. Тэр хүнийг харахад сандал дээр унтаж байсан хүн байсан. Манай хүнийг малгайтай цамц өмссөн байхад малгайг нь доош дарсан харуул залуу тал талаас нь цохиод байсан. Ч нөгөө харуулыг гараараа барьсан байсан. Тэгээд нөгөө хүмүүсийг түлхээд харуулын байрнаас гарсан. Би сайн харсан, унтаж байхыг нь болон босож ирээд манай хүний нүүрэн тус газарт нь цохисон. Ч Мижиддоржийг харуулын байранд цохих зав болоогүй. Өөрөө цохиулсан. Гадаа манай хүн Мижиддоржийг цохиж өшиглөж байхыг би хараагүй...” /хх 42/ гэсэн мэдүүлэг,  

гэрч Б.Дамдинсүрэн “...Манаачийн байр руу дагуулж орсон ...Тэгсэн удалгүй гаднаас манай байрны Мижиддорж гэх залуу орж ирсэн. Мижиддорж тэр машины жолооч залууд хандан “чамд хүн шаардлага тавьж байна” гэхэд “чи юу гээд байгаа юм” гээд Мижиддоржтой барьцалдаж авсан. Тэгэхэд харуулын байранд машинаа тавина гэж маргасан залуу, түүний эхнэр, Мижиддоржийн дүү, байрны үйлчлэгч эмэгтэй нар байсан. Бид хамжиж тэр хоёрыг салгасан. Тэр хоёр харуулын байрнаас гарсан, эхлээд Мижиддорж гараад дараа нь тэр залуу гарсан. Мижиддоржийн араас гарсан залуу түүнийг араас нь барьж аваад газар унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн. Тэр хоёрыг дагаж гарсан хүмүүс салгасан ...Цагдаа гэх залуу тэр өдрийнхөө шөнө надтай уулзаад “таныг ажилгүй, амьдралгүй болгоно” гэхчлэн сонин зүйл хэлээд гарсан ...Бараг аав шигээ надад хэлсэн. Түүнд жаахан гомдсон...” /хх 48-49/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Мөнх-Оюун “...Би Янжмаатай эмийн сан яваад ирэхэд зодоон болсон гээд Мижиддорж нүүрнээс нь цус гарсан байсан ...Машины эзэн залууг харуул, Мижиддорж, бас түүний дүү нь тал талаас нь өшиглөөд байсан...” /хх 52/ гэсэн мэдүүлэг,

хохирогч Д.Мижиддорж “...Харуулын байранд харуултай муудалцаад дээрэлхээд байх шиг болохоор нь би очоод нөгөө залуутай маргалдаж би тэр залууг баруун гараараа нэг цохих гэтэл харуулын байр руу татаж оруулаад бид хоёр ноцолдож...” /хх 7-8/, “...Би  харуулын байрны үүдэнд зогсож байгаад нуруу руу нь түлхсэн...” /хх 10/, “...Чамд ямар хамаатай юм гэхээр нь би Ч-ийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Намайг харуулын байр руу оруулаад гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд салгаад гарч ирэхдээ...” /хх 46/,

шүүгдэгч М.Ч  уг үйл явдал болсон өдрийн маргааш буюу 9 сарын 27-ны өдөр гэрчээр “...Харуулын байр руу ороход ...Гаднаас энгийн хувцастай 40 орчим насны согтуу эрэгтэй орж ирээд зогсож байсан ...Тэгээд би “чи жигд шаардлага тавь, энэ хавийн архичиддаа хяналт тавьж чадахгүй байж” гэж хэлээд хаалгаар гарах гэтэл 40 орчим насны согтуу эрэгтэй гэнэт миний зүүн чамархай хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгэхээр нь би заамдах гээд цээж руу нь түлхэхэд хөлд нь юм тээглээд арагшаа уначихсан. Унахдаа миний малгайтай цамцны малгайнаас татаад хоолой боосон. Тэгтэл туранхай нь ирээд миний шилэн хүзүү рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд дахин цохих гэж байхад би тонгойход нөгөө махлаг 40 орчим насны эрэгтэй унаад босож ирж таараад цохиулчихсан юм. Дахин намайг цамцаар боож гурвуулаа тал талаас цохиж өшиглөсөн ба тухайн үед манай эхнэр хажууд байсан учраас намайг салгаж авсан. Тэгээд гарч гүйгээд дээгүүрээ өмссөн байсан малгайтай цамц, куртик, урагдсан майкаа тайлаад байж байхад туранхай эрэгтэй араас ирэхээр нь би нэг удаа цээж хэсэг рүү нь жийсэн, мөн гараа зангидаж байгаад нуруу болон цээж хэсэг рүү нь гурван удаа цохисон. Дахин эхнэр ирж салгаж авсан. Тэгтэл 40 орчим насны бүдүүн эрэгтэй нь “ална” гээд ирэхээр нь цээж хэсэг рүү нь нэг удаа жийхэд хагас суусан...” /хх 13/, дахин гэрчээр “...Хэсэг маргалдаж байгаад би харуулын байрнаас гарсан. Намайг гарах гэтэл үл таних 40 орчим насны том биетэй, согтуу эрэгтэй хүн ирээд миний зүүн талын чамархай хэсэгт нэг удаа цохисон. Би хойшоо унахдаа энгэрээс нь зуураад татчихсан. Гэтэл тэр залуу хамгаалагчийн байранд орж ирээд дахиад цохих гэтэл би цээж хэсэг рүү нь холдуулж түлхсэн. Гэтэл хойшоогоо суухдаа миний цамцнаас татаад хойшоо болгочихсон. Тэр үед миний хоолойд боолт орсон. Тухайн үед харуулын байранд байсан буусан ээлжийн хамгаалагч эрэгтэй хажуу талаас өшиглөхөөр нь би цааш холдуулж түлхээд нөгөөх үл таних эрэгтэйг мөн түлхтэл хажуу талаас хамгаалагч эрэгтэй баруун хөлийн шагай руу дахин нэг удаа өшиглөсөн. Тэр үед эхнэр болох Одончимэг хамгаалагчийг цааш нь түлхэж холдуулсан. Тэр үед буусан ээлжийн хамгаалагч дахин миний хүзүүнд 2 удаа цохисон. Тэр үед хамгаалагч залуу миний бүсэлхийнээс барьчихаад тавихгүй байхаар нь нуруун тус газар нь 2-3 удаа гараараа цохиж тавиулсан. Гэтэл 40 орчим насны эрэгтэй дахин гүйгээд ирэхэд цээж хэсэг рүү нь нэг удаа хөлөөрөө жийхэд, арагшаагаа хагас суучихсан. Тэгээд байрны үйлчлэгч эгч нар гарч ирээд болиулж салгасан. Тухайн үед эхнэр маань бас салгаж, намайг түлхээд аваад явсан...” /хх 16-17/, “...Намайг цохиж, өшиглөсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ...Тэр асуудал 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болсон. Гомдолтой гээд ч зөрчлийн хуулиар хоног нь өнгөрсөн болохоор ямар нэгэн хариуцлага тооцохгүй гэж бодоод гомдолгүй гэж байна. Тэгээд ч эрчүүд хоорондоо муудалцах юм байдаг ...Намайг шууд зүүн шанаа орчим цохиод авсан. Тэгээд тухайн үед уур хүрээд түүнийг өшиглөсөн. Түүний аль хэсэгт өшиглөснөө мэдээгүй. Мижиддорж хамгаалагчийн байранд намайг хамгаалагчтай маргаж байхад үүдэн дээр ирээд миний нүүр рүү цохисон. Би цохигдоод унахдаа Мижиддоржийн цамцнаас татаад байр руу оруулаад ирсэн. Дахиад над руу дайрахаар нь би хойш нь түлхэхэд хойшоогоо унасан ...Мижиддоржийн хөлд юм тээглээд хөл дээрээ бөгсөөрөө суусан. Унаж савж сүйд болоогүй. Энэ асуудал хамгаалагчийн байран дотор болсон...” /хх 40/, яллагдагчаар “...40 орчим насны согтуу эрэгтэй гэнэт миний зүүн чамархай хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон, ...Би унахдаа энгэрээс татсан, би тэнцвэрээ олоод буцаагаад цээж руу нь түлхэхэд хөлд нь юм тээглээд арагшаа уначихсан, унахдаа миний малгайтай цамцны малгайнаас татаад хоолой боосон. Тэгтэл туранхай нь миний шилэн хүзүү рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд дахин цохих гэж байхад нь би доош тонгойж таарахад нөгөө махлаг 40 орчим насны эрэгтэй Мижиддорж нь унаад босож, таараад цохиулчихсан юм. Дахин намайг цамцаар толгой боож гурвуулаа тал талаас цохиж, өшиглөсөн ба тухайн үед манай эхнэр хажууд байсан учраас намайг салгаж авсан...” /хх 57/, шүүгдэгчээр “...Байрнаас гарах гээд эргэхэд Д.Мижиддорж миний нүүрэн тус газар цохисон. Цохисны улмаас хойшоо тэнцвэр алдан унахад Мижиддоржийн энгэрээс зуурч хамгаалагчийн байр руу орж тэнцвэрээ авч хөл дээрээ тогтсон. Дахиад намайг цохих гэхээр нь түүнийг арагш түлхээд, Мижиддорж цамцнаас зуураад доош унасан. Ишжамц, Мижиддорж нар тал талаас хоёул намайг өшиглөж байсан. ...Эхнэр салгахад Ишдорж гэж хүнийг цааш түлхээд Мижиддоржоос яаж салснаа санахгүй байна. Дараагаар нь гадна талбай руу зугтаж гүйхэд араас Ишжамц гэх залуу хөөгөөд миний бүсэлхийнээс тэврээд унагаах гэж байсан...”/хх 101/ гэж тус тус мэдүүлсэн байх ба

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 1-ний 11710 дугаар “...Хэсэг газрын үзлэг: Зүүн чамархай хэсэгт 5х4 см талбайд овойж хавдсан, эмзэглэлтэй. Хүзүүний ар хэсэг эмзэглэлтэй. Баруун эгэм дотор хэсэгт 1.2х0.4см хүрэн улаан өнгийн цус хуралттай. Баруун хөл шагайн гадна хэсгээр эмзэглэлтэй, хаван хавдаргүй, үений хөдлөгөөн чөлөөтэй. ДҮГНЭЛТ: М.Ч -н биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...Гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 26/ гарсан байна.

Уг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд, М.Ч гийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй.

Мөн тухайн цаг хугацаанд үүргээ гүйцэтгэж байсан байрны харуул Б.Дамдинсүрэнгийн М.Ч-дтавьсан шаардлага, М.Ч  нарын хоорондын харилцаанаас эхлэлтэйгээр үүссэн М.Ч , Д.Мижиддорж, Б.Дамдинсүрэн болон түүнтэй хамт байсан гэрчүүдийн үйлдлийг М.Ч гийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгтэй хамт шалгаж шийдвэрлэх шаардлагагүй байна.

Шүүгдэгч М.Ч гийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч М.Ч гийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн давж заалдах гомдол, прокурор Ц.Гантулгабатын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ