Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2023/00018

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь даргалж,  шүүгч Г.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 131/ШШ2023/00071 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс олсон орлого 147.574.800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Баянхонгор аймгийн Номгон 1-р багт оршин суугч , Жаргалсайхан овогтой Найдандорж нь Пүрвээ овогтой Лхагвасүрэн, эхнэр Батсүрэн овогтой Насанжаргал нараас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 29 хүртэл хугацаанд нийт 290.830.800 төгрөгийн зээл авч нийт 418.585.600 төгрөгийг төлж 147.754.800 төгрөгийг илүү төлсөн байна. Иргэн ******* нь 2018 оны 04 сарын 18 өдөр 20.000.000 / хорин сая/ төгрөгийг 17 хоногийн хугацаатай 10%-ийн хүүтэй төлөх зээлийн гэрээ хийж *******ийн ХААН банкин дахь 5103046873 тоот дансаар олгож хүүгийн хамт төлүүлснээс хойш, 270.830.800 төгрөгт зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байна. *******, ******* нар нь *******той зээлийн гэрээ хийж байгаагүй нь Иргэний хуулийн 286.5-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ..Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.. гэж заасан хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулаагүй боловч авсан зээл бүрд хүү тооцсон нь буруу бөгөөд илүү төлсөн 147.754.800 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул буцаан гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 д зааснаар *******, ******* нараас *******ийн илүү төлсөн 147 754 800 /нэг зуун дөчин долоон сая долоон зуун тавин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж өгнө үү...

******* нь *******гээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 290.000.000 төгрөг зээлээд дор бүр нь буцааж төлсөөр нийт 433,585,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс 20,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ хийсэн ба тухайн зээлийн гэрээний хугацаанд хүүгийн хамт төлсөн. ******* нь 147,754,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж байна. Ийм учир нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад 2018 оны 12 сарын 13-ны өдөр бэлэн өгсөн гэх 21.000.000 төгрөгийг андуурч бичсэн байсан. Мөн 2019 оны 01 сард Лхагвасүрэнд өгсөн гэх 20.000.000 төгрөгийг давхардуулан бичсэн байгаа тул нийт 41.000.000 төгрөгөөс татгалзаж байна. Одоо Лхагвасүрэн, Насанжаргал нараас 106.754.800 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож болно. Хоёр жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа учир нь энэ мөнгө бол асар их мөнгө, мөнгө бол хөрвөх чадвартай эргэлтийн хөрөнгө учир ******* буцааж төлөхөд хохирох зүйл байхгүй гэж үзэж байна. Найдандоржоос дээрх мөнгөнүүдийг авахдаа олон хүний дансаар авсан, буцаан шилжүүлсэн байна. Энэ бүх хүмүүс бол *******гийн ах дүү, хамаатан садангийн хүмүүсийн данс байгаа юм. Найдандорж нь Лхагвасүрэнгийн хэлснээр л дээрх данснуудад мөнгө шилжүүлдэг, авдаг байсан. Лхагвасүрэн өөрөө тэгж хүсдэг байсан тул шилжүүлэхгүй гэх эрх бол байгаагүй. Шилжүүлсэн утга дээр нь Лхагвасүрэнгээс авсан мөнгө гэж бичиж шилжүүлж байсан. Энэ бүх мөнгийг авахдаа дандаа зээлж авдаг байсан гэж Найдандорж надад хэлсэн. Тэрнээс биш Лхагвасүрэнгийн хэлсэн шиг эд хөрөнгө худалдан авч зах зээлд үнэ хүргэж худалдан борлуулах, өөр зүйлд хөрөнгө оруулах зэргээр хамтран ажиллаж ашиг олж байсан зүйл байхгүй. Манай хүүхэд тухайн үедээ өөрт ашиггүй зүйл хийж байгааг ойлгоогүй, тухай бүр нь мөнгийг нь өсгөж өгч байсан болохоор Лхагвасүрэнд маш их ашигтай байсан. Миний хувьд ******* нь *******ийн туршлагагүй байдлыг далимдуулж их хэмжээний мөнгө хууль бус аргаар зээлийн гэрээний хүү гэж авсан гэж үзэж байна. Миний хувьд байгаа баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдож байгаа гэж үзэж байна. Энэ олон жилийн хугацаанд миний бие нь *******, ******* нарт хандаж илүү төлсөн мөнгөө буцаан гаргахыг хүсэж байсан ч тэд утсаа авахгүй, уулзахаас зайлсхийж, танд хамаагүй гэж байсан тул аргагүйн эрхэнд шүүхэд хандсан.. гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* надтай ******* нь танилцсан цагаасаа хуурай ах дүү болж гэр орноор орж гарч саяхныг хүртэл ойр дотно байж ирсэн. Танилцсан цагаас хойш надаас ойр ойрхон юм хийхээр богино хугацаатай мөнгө сар болон хоногоор, заримдаа хүүтэй, зарим үед хэдэн төгрөг өгчих, өгсөн мөнгөн дээр нь нэмээд тэд болгоод өгье гээд авдаг байсан. Эхэндээ би гэрээ, барьцаа шаарддаг байсан ч сүүлдээ итгэл төрөөд аман гэрээгээр тогтмол авч, өгч ирсэн. Би ч дотроо ах дүү шахуу болсноос гадна мэдээж надад ашигтай санал тавьж байгаа учраас гэрээ хийлгүй зуун хувь итгэлцэл, аман гэрээ тохиролцооны үндсэн дээр ашиг, хүүгээ амаар тохиролцоод авдаг өгдөг асуудал хэвийн үзэгдэл болсон. Удаа дараа мөнгө аваад сурсан байсан учир би ч өөрт мөнгө байхгүй үедээ хүмүүсээс хүртэл авч өгдөг байсан. Тэр үедээ ахаа хүү нь хэд ч байсан яахав гээд гуйсаар байгаад олуулаад аваад ажлаа бүтээдэг байсан. Намгийн сүүлд надад прадо-120 маркийн саарал өнгийн жип маркийн автомашин миний хүргэн дүүгийн нэр дээр шилжүүлэн барьцаалж мөнгө аваад одоог хүртэл хэдэн төгрөг дутуу байгаа. Тухайн автомашиныг авто машин эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуурамч бичиг баримт үйлдэн зарсныг би мэдсэн ч энэ нь эрүүгийн хариуцлага үүрэх хэрэг гэдгийг мэдэж байсан болохоор гай болоод яахав гээд чимээгүй хаясан. Одоо тэр асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуулийн дагуу арга хэмжээ авахуулах болно. Надаар дамжуулж танилцсан миний найзаас мөнгө зээлж аваад шүүх дээр маргаантай яваа сурагтай байсан. Хаа байсан 2018-2019 онд хэрэгцээтэй үедээ авч хэрэглэж ажлаа бүтээчхээд мөнгөндөө төлсөн хүү болон хуваасан ашгаа гэнэт санаж авах арга саам хайж байгаа нь аргаа ядсан арчаагүй арга гэж харагдаж байна. Тухайн үед санхүүгийн харилцаа нь цэвэр итгэлцэл, ах дүүгийн харилцаа, тохиролцоо дээр үндэслэж явдаг байсан тул ямар ч илүү авсан, хэн нэгнийг хохироосон асуудал байхгүй гэдэг нь цаг хугацааны хувьд илхэнээ харагдаж байна. Ахдаа баярлаж явдаг шүү гээд бараг шүтэх нь халаг байдаг байсан. ******* нь өөрөө нэхэмжлэх үндэслэлгүй, тийм нүүр байхгүй гэдгээ мэдэж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. *******оос гадна ээж нь болох С.Сарантуяа хүртэл надаар мөнгө олоод өгөөч зээлэх хүн байна уу зохицуулаад өгөөч гэж ярьдаг гуйдаг байсан. Би олж өгч байсан. Энэ байдлыг харахад санхүүгийн асуудалд оронгуутаа хаанаас яаж мөнгө авах вэ гэсэн арга саам хайж байгаа нь илт харагдаж байна. Нэхэмжлэл дээр дурдсан мөнгөн дүнг дэгсдүүлсэн гэж харж байна. Мөнгөн дүн хэд ч байлаа гэсэн хоёр хүн тохироод аль өнгөрсөн 4 жилийн өмнө ямар ч маргаангүй хохирох нь битгий хэл баярлалаа ахаа гээд дууссан тооцоог дахиж нягтлах шаардлага байхгүй. Хаан банкны дансны эзэмшигчийн талаар ирүүлсэн албан бичигтэй танилцсан. Зарим нь миний эгч, дүү хамаатан садан найз нөхөд байна лээ энэ бүхнийг би үгүйсгэхгүй. Гол нь *******ийн гуйлтаар мөнгө олоод өг гэхээр нь тухайн хүмүүсээр мөнгө олж өгч байсан. Зарим хүмүүсийг би мэдэхгүй. Тэр хүмүүстэй сүүлд нь өөрөө хувиараа харьцдаг болсон байсан. Зарим хүмүүстэй нь шүүх дээр маргаантай байгаа гэж ойлгосон. Миний хувьд *******ийн саналаар түүний бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж ашиг хүртэж байсныг хүлээн зөвшөөрнө, харин хүүтэй мөнгө зээлээд хүү авч байсан гэдгийг зөвшөөрөхгүй...гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 492 дугаар зүйлийн 492.2.1-дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний хүүнд үндэслэлгүйгээр төлсөн 106.754.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 691.724 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж,шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарантуяагийн тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... хариуцагч талын сонирхлыг дэмжиж нэг талыг барьсан шийдвэр гарсныг дараах үндэслэлээр тайлбарлаж гомдол гаргаж байна.

Үүнд:

Нэг: ******* нь 2018, 2019 онд *******гээс нийт 250,830,800 төгрөгийг авч, 392.585.600 төгрөгийг буцаан өгөхдөө 106.754.800 төгрөгийг *******д илүү өгсөн нь банкны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа. Ж. Найдандорж ******* нар нь мөнгө авч өгөхдөө ямар нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийж байгаагүй буцаан өгдөг байсан . Хоорондын тооцоо хийлгүйгээр өгч байсан. Харин сүүлд нь өгсөн мөнгөө банкны хуулгаар тооцоо хийхэд илүү мөнгө өгснөө мэдсэн.

Хоёр: Дээрх илүү төлсөн мөнгийг нотлох Шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулахаар Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж өгөөгүй.

Гурав: Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь : хэсгийн 4-ийн 4, 4-ийн.5, 4-ийн 6-д нэр бүхий хүмүүсээс авсан болон нэр бүхий хүмүүст өгсөн гэх хүмүүс нь ******* ******* нартай хамааралтай гэж үзэх боломжгүй байна гэжээ. Энэ нь П.Мөнх-Эрдэнэ, П.Алгирмаа Д.Саранцэцэг, Д.Солонго Т.Отгонбаатар нарт өгсөн мөнгийг ******* нэр дансыг өгч хийлгэдэг байсан.

Тухайлбал П Лхагвасүрэн нь 2018 оны 4 сарын 18 өдөр *******-д 20 сая төгрөгийг 10:о-ИЙН хүүтэй зээлэх зээлийн гэрээ хийсэн боловч энэ мөнгийг П.Мөнх-Эрдэнэ нэртэй ХААН банкин дахь 5247017858 данснаас

*******ийн ХААН банкин дахь 5103046873 дансанд шилжүүлж өгсөн байдаг нь баримтаар нотлогдож байна.

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн 4-ийн 7-д холбогдох нотлох баримт ирүүлээгүй гэснийг баримтаар хүргүүллээ. Найдандоржоос 2020 оны 04 сарын 29-ний өдөр *******ын 5225346584 дансаар өгсөн 5000 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 5249106677 дансаар өгсөн 6575000 төгрөгийн ХААН банкны  хуулгыг нотлох баримтаар өгөв.

Тав: Шүүгч Ч.Баярцэнгэл нь шүүх хуралдааныг 2023 оны 01 сарын 13-ны өдөр хийж шийдвэр гаргасан боловч , шүүгчийн захирамжийг 14 хоногт багтаан гаргаж өгөх хуультай байтал, уг шийдвэрийг авахаар С.Сарантуяа миний бие 14 хоногийн дотор 2 удаа , 02-р сарын 07-ны өдөр, нийтдээ 3 удаа авахаар очиход гараагүй байсаар 2023 оны 02 сарын 08 ны өдөр гарсныг тус өдөрт нь буюу шүүгчийн захирамж гарснаас 26 хоногийн дараа гаргасныг өөрийн биеэр хүлээн авлаа.

Иймд гомдлыг хүлээн авч Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь:

1. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сарантуяа нар нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн хүүнд илүү төлсөн 147 754 800 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдааны үед 41 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.         

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа *******ийн харилцах дансны хуулгыг үндэслэн тооцсоноос өөр нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, уг тооцоонд хариуцагч нараас өөр нэр бүхий олон хүний данснаас мөнгө авсан, өгсөн тооцоо багтаж байгаа, нэг удаагийн 20 сая төгрөгийн зээлийн гэрээнээс өөрөөр ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, тухайн үедээ ямар гэрээ хэлцлээр мөнгө авч өгөлцөж байсан нь тодорхойгүй, маргаантай үйл баримтад анхан шатны шүүхээс дансны хуулга дахь  бүх шилжүүлэг нь хариуцагч ******* түүний эхнэр ******* нартай хамааралтай гэж үзэх боломжгүй, нэр бүхий  хүмүүстэй  нэхэмжлэгч нь хариуцагч нарын хүсэлтээр харилцаж байсан гэж дүгнэх боломжгүй,  ******* нь дандаа хүүтэй мөнгө зээлсэн зээлийн гэрээ хийж байсан гэж дүгнэх боломжгүй, тухайн үедээ хийгдээд дуусгавар болсон хэлцэл гэж  үндэслэлтэй  дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж үзлээ.

5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан итгэлцлийн үндсэн дээр аман хэлцлүүд хийж хоорондоо мөнгө авч, өгөлцөхдөө нэхэмжлэгч нь хариуцагчид илүү мөнгө шилжүүлсэн  байлаа ч энэ нь тухайн үед талууд бие биенийхээ хүсэл зоригийг харилцан хүлээн зөвшөөрч хүү төлөх, ашиг хуваах гэх мэт хэлбэрээр хийгдсэн байх боломжтой ба нэгэнт хүлээн зөвшөөрснөөр илүү шилжүүлсэн гэх мөнгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буцаан гаргуулах боломжгүй юм. 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

7. Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2023/00071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар нэхэмжлэгчийн   давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691724 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ