Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 213/МА2023/00020

 

 

*******гийн нэхэмжлэлтэй Оточ мандал өрхийн

эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2023/00412 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Цэрэнпил шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

 Миний бие ******* нь тус өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн сувилагчаар түр томилогдон ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. Ажиллах байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэнэт 2023 оны 01 дүгээр сараас эхлэн Баянхонгор сумын Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ******* ...чи лаборант мэргэжилтэй учир чамайг хүүхдийн сувилагчаар ажиллуулахгүй, иймд эрүүл мэндийн шалтгаантай гээд өргөдлөө өгчих би ажлаас чөлөөлсөн тушаалыг чинь гаргачихъя гэж хэлсэн. Би ...анх ажилд авахдаа ийм асуудал ярьж байгаагүй шүү дээ гэхэд, ...чи ажлаас гарахгүй бол нийт авсан цалинг чинь Мэргэжлийн хяналтын газраас буцааж төлүүлнэ, ажлаа хурдан өг гэж хэлэх болсон. Удаа дараалан намайг өргөдлөө өг гэж шахах болсон. Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй тул 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 5 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, түүнчлэн удирдлагаас намайг мэргэжил дээшлүүлэх талаар огт сургаагүй, энэ боломжийг олгоогүй, өөр сувилагчийг сургасан. Иймд тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул намайг Баянхонгор сумын Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагчаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу 4,078,611 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү....

... Би анх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр уг эрүүл мэндийн төвд түр ажлын байранд ажилд орсон. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Намайг 2021 оны 12 сараас эхлэн эрх бүхий албан тушаалтан ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж эхэлсэн. н.Алтанхуяг эмчийг ажлаас гарсны дараа л намайг ажлаас гаргахыг шаардсан. Намайг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь лицензийн шалгалт өгөөгүй эсхүл өвчний учир ажлаас чөлөөлөгдөхийг шахаж шаардсан. Намайг үүнийг ойлгохгүй байгаа бол аав ээжийгээ дагуулж ир гэж хэлсэн. Намайг ажлаас чөлөөлөгдөхдөө өвчний учир гэх үндэслэлээр өөрөө ажлаасаа чөлөөлөгд гэж хэлсэн. Би сурах боломжгүй гэж хэлсэн зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэмээ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Манай өрхийн эрүүл мэндийн төв *******г анх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар ажилд авч улмаар 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 33 тоот тушаалаар хүүхдийн сувилагчийн үндсэн ажилтнаар томилсон. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу сувилахуйн тусгай зөвшөөрөлгүй байсан учраас түүнийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тушаалаар 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Анх манай өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 9 дүгээр сард хүүхдийн үзлэг хариуцдаг н.Алтанхуяг эмчийн сувилагч өндөр насны тэтгэвэрт гарч сувилагчийн хэрэгцээ шаардлага үүссэн. Ковид-19 халдварт өвчин дэгдсэн үе байсан учраас сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байсан тул их эмч н.Алтанхуягийг дуудан ...та өөрийнхөө хамт ажиллах мэргэжлийн сувилагчийг судалж байгаарай гэж хэлж байсан. Ингээд н.Алтанхуяг эмч сувилагч оллоо эмчээ энэ хүн бас лаборант юм байна гэхээр нь олзуурхан *******г анх ажилд авсан. Тухайн үед ковид-19 халдварт өвчин дэгдсэн үе байсан учраас түүний бичиг баримтыг сайн шалгаагүй авсан бөгөөд сувилахуйн лицензтэй, мөн лаборант гэж ойлгож ажилд авсан. Манай Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төв Баянхонгор сумын 1, 4, 10 дугаар багуудыг хариуцдаг бөгөөд аймгийн төвийн хамгийн их ачаалалтай өрхийн эрүүл мэндийн төв гэдэг утгаараа нэг сувилагч байхгүй бол тэр чинээгээрээ бусад ажилтнуудад ачаалал маш их нэмэгддэг. 2020, 2021 онуудад ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалт хийгдэж, тархалт ихтэй байсан учраас түүнийг даган эрүүл мэндийн байгууллагууд маш их ачаалалтай ажиллаж байсан тул тухайн онуудад Эрүүл мэндийн байгууллагын хяналт үнэлгээ хийгдээгүй болно. 2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/104 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн хяналт үнэлгээгээр лаборант мэргэжилтэй *******г хүүхдийн сувилагчаар ажиллуулсан зөрчил манай өрхийн эрүүл мэндийн төвөөс илэрсэн. Энэ талаар *******д хэлж сувилахуйн лицензгүй байгаа учраас ажлаас чөлөөлнө, манай өрхийн эрүүл мэндийн төвд лаборант гэж орон тоо, бүтэц зохион байгуулалтын хувьд байдаггүй учраас чамайг лаборантаар ажиллуулах боломжгүй байна, эсвэл сувилахуйн лицензтэй болоод ирвэл ажиллуулах боломжтой талаар хэлсэн. Мөн чи өөрөө хүсэлтээ өгөх боломжтой талаар удаа дараа зааж зөвлөж байсан. Эрүүл мэндийн газраас дээрх зөрчлөө арилгах талаар албан шаардлага манай өрхийн эрүүл мэндийн төвд ирсний дагуу бид хуулийн дагуу мэдэгдлээ өгч *******г 1 сарын дараа ажлаас нь чөлөөлсөн. ******* нь сувилахуйн лицензтэй бол бид түүнийг ажлаас нь чөлөөлөх шаардлага байхгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байгаа учраас *******г хүүхдийн сувилагчийн ажилд эгүүлэн авах боломжгүй байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны МNS5292:2011 стандартад зааснаар 2023 оны бүтэц зохион байгуулалт, орон тоог баталсан бөгөөд үүнд хүүхдийн сувилагч гэсэн орон тоо манайд байхгүй. Тус стандартад заахдаа ч хүүхдийн сувилагч гэж заагаагүй байгаа. ******* нь нэхэмжлэлд дурдахдаа ямар нэг сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй гэжээ. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ******* нь ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэхийг шалгахад ******* нь ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа юм байна. Энэ утгаараа ******* чөлөөлөгдсөн шийдвэрээ хүлээн зөвшөөрсөн...

... Манай өрхийн эрүүл мэндийн төв нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******г сувилагчаар түр ажилд авсан. Энэ үед ковид-19 тархалтын үе байсан учраас сонгон шалгаруулалт хийх боломжгүй байсан. н.Алтанхуяг эмчийн сувилагч тэтгэвэртээ гарсан тэр үед нь эрүүл мэндийн төвийн даргаас н.Алтанхуяг эмчийг сувилагч ажилд авах талаараа хэлсэн юм байна лээ. н.Алтанхуяг эмч нь эрүүл мэндийн төвийн даргад нэг сувилагч ажилд оруулахаар боллоо. Харин тэр сувилагч нь лаборант мэргэжилтэй байсан. Тэгэхээр нь манай байгууллага лаборант мэргэжилтэй учраас манай байгууллагад тохирох юм байна гэж бодоод ажиллуулахаар болсон. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******г хүүхдийн сувилагчаар үндсэн ажилтнаар ажиллуулсан. Манай эрүүл мэндийн төвд 2020, 2021 онуудад ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шалгалт ирээгүй. 2022 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн төвөөс шалгалт ирж *******г сувилахуйн лицензгүй, сувилахуйн сургууль төгсөөгүй гэдгийг илрүүлсэн. Эрүүл мэндийн газраас энэхүү зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэх тухай албан бичиг ирсэн. Тэгээд *******г ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан. ******* нь надад боломж олгож, сургаагүй гэж байна. ******* эмч, ахлах сувилагч нар *******г дуудан уулзаж сувилахуйн сургуульд явах, тухайн цаг хугацаанд түр хүн ажиллуулж байя гэж хэлсэн. Тэгтэл 2-3 жил сурах боломжгүй гэж хэлсэн. Тиймээс түүнийг ажлаас чөлөөлөхөөр болсон. Нэхэмжлэгч ******* нь намайг сургахаар явуулаагүй, харин өөр хүнийг сургахаар явуулсан гэж байна. Гэтэл Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс өөр хүн сургахаар явуулсан зүйл байхгүй. *******г сувилахуйн лицензгүй гэдэг талаарх зөрчил илэрсний дараа энэ талаар мэдэгдсэн байна. Тэгээд сувилагчаар сурах талаар хэлэхэд ******* нь боломжгүй гэсэн. Тэгээд уг мэдэгдэх хуудсаа гаргаж, дуудан танилцуулахад хүлээн авах боломжгүй гэж гарын үсэг зураагүй байдаг. Үүний талаарх хурал хийж ******* эмч *******гаас санал хүсэлт байна уу гэж асуухад санал хүсэлт байхгүй гэсэн байна. Уг хурлын тэмдэглэлд ******* танилцаж гарын үсэг зурсан байдаг гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянхонгор аймгийн төвлөрсөн төсвийн 100030000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******гийн тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Ажил олгогч намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасан үндэслэлийг баримталсан . Тухайн заалт нь Ажилтан мэргэжил , мэргэжлийн ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж мэргэжил, мэргэшлийн түвшин ур чадвар ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байх ёстой талаар хуульд тусгасан байна.

Анх намайг 2020 онд ажилд орсноос хойш би мэргэжлийн хувьд алдаа дутагдал огт гаргаж байгаагүй бөгөөд намайг анх ажилд авахдаа мэргэжлийн хувьд таарч тохирохгүй гэж огт надад хэлж байгаагүй билээ.

Үүнээс хойш чиний мэргэжил болохгүй байна гэж огт хэлээгүй бөгөөд хамтран ажиллаж байсан эмчийг ажлаас гарснаас хойш намайг ажлаас гар гэж шахах болсон. Түүнчлэн чи сувилагчийн сургуульд сур, мэргэжлийн хувьд таарахгүй байна гэж нэг ч удаа өмнө нь хэлээгүй байж 2023 оны 1 сараас эхлэн ажлаа өг шүүх цагдаагаар явахгүйгээр шууд өөрөө өргөдлөө өг гэх мэтчилэн шахах болсон.

Миний хувьд одоо 31 нидель буюу 7 сар гарантай жирэмсэн бөгөөд тухайн цаг хугацаанд намайг ажлаас чөлөөлөхөд би жирэмсэн байсан.

Намайг ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчоос намайг жирэмсэн эсэх талаар огт анхаараагүй. Тэдний зүгээс надад тавьсан шаардлага нь чи өвчтэй гээд өргөдлөө өг. Би чамайг халчихаар шүүх цагдаа гээд бөөн ядаргаа болно л гэж хэлснээс намайг миний нийгмийн асуудалд огт анхаарал тавиагүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ингэхдээ намайг мэргэжил өөр учир мэргэжил дээшлүүлэх гэсэн ойлголт байхгүй тул ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй гэсэн байна. Үүнийг миний хувьд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6 д заасан болон аж ахуй нэгr татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэх насны хүүхэдтэй эх ганц бие эцгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн байдаг байна.

Мөн би ажилдаа алдаа дутагдал 1 удаа гаргасан бол намайг ажилдаа тэнцэхгүй гэж үзэх байх. Гэтэл анхнаасаа болно гэж ажилд авчхаад одоо ийм үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа юм.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 131/Ш32023/00412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү хэмээн энэхүү гомдлоо гаргаж байна. гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргалджээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5. Учир нь нэхэмжлэгч ******* нь лаборант мэргэжилтэй, сувилахуйн тусгай зөвшөөрөлгүй байхад тухайн эрүүл мэндийн төвд хүүхдийн сувилагчийн ажилд авсан, энэ алдаа нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын шалгалтаар илэрсэн, Эрүүл мэндийн газрын удаа дараагийн шаардлагын дагуу өрхийн эрүүл мэндийн төв нь хуульд заасны дагуу бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 1 сарын дараа ажлаас чөлөөлсөн ийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Өрхийн эрүүл мэндийн төв нь *******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлийн 80.1.2-д зааснаар чөлөөлсөн. Энэ нь хэдийгээр ******* нь гүйцэтгэж буй ажилдаа тэнцэхгүй талаар ямар нэгэн албан ёсны дүгнэлт гараагүй ч зөвхөн мэргэжлийн хувьд тэнцэхгүй, тухайн ажилд томилогдох сувилахуйн тусгай зөвшөөрөл байхгүй учраас түүнийг тухайн хүүхдийн сувилагчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байгаагийн илэрхийлэл болжээ. Мөн ажлаас чөлөөлөгдөх асуудал яригдаж байх үед нэхэмжлэгч нь өөрийгөө жирэмсэн болохыг ажил олгогчид мэдэгдээгүй, ажил олгогч нь мэдээгүй байна.

7. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүдийг буруутгах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж тэмдэгтийн хураамжийг буцаан гаргуулсан байхад давж заалдах гомдол гаргахад нь дахин тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 131/ШШ2023/00412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянхонгор аймгийн төвлөрсөн төсвийн 100030000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР

ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ