Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 213/МА2023/00021

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

*******, ******* нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2023/00440 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 69,336,547 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч Э.Гэрэлмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Зээлдэгч ******* ******* нар нь 2021 оны 08 дугаар сарын 19 өдөр иргэн *******оос 82/128 тоот зээлийн гэрээнд өөрийн эзэмшлийн 300 м.кв талбайтай, зоорины давхрын үл хөдлөхийг барьцаалан 40,000,000 төгрөгийг сарын 3.9%-н хүүтэй 12 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж Хаан банкны 5247101660 тоот дансаар дамжуулан зээлийг бүтэн дүнгээр шилжүүлэн авсан болно. Зээлийн гэрээний хавсралт 1 дагуу зээлийг 2022 оны 08 дугаар сарын 19 өдөр төлж дуусгах байсан боловч хугацаа хэтрэн зээл төлөлтөө хийхгүй байгаа тул 82/128 тоот гэрээний Үндсэн зээлийн үлдэгдэл 40,000,000 төгрөг , хүү 29,336,547.95 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 14 өдрийн байдлаар нийт 69,336,547.95 төгрөгийн төлбөрийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү.

... Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ******* нь надаас 40,000,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь өмнө нь манай байгууллагаас 2 удаа зээл авч байсан. Тус зээлээ Судар Капитал гэх манай харьяаны байгууллагаас авч байсан. Өмнө нь авсан 2 зээлээ хугацаанд нь төлж дуусгаж байсан. Сүүлд 40,000,000 төгрөг авахдаа зээлийн мэдээллийн санд оруулахгүйгээр зээл олгоод өгөөч яагаад гэвэл дараа нь банкнаас зээл авахаар давхар зээлтэй харагдаад байгаа учраас банкнаас зээл авах боломжийг хаагаад байна. Иймээс надад иргэний нөхцөлөөр зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Түүний дагуу 82/128 дугаар гэрээг иргэн хооронд байгуулаад Баянхонгор аймаг дахь улсын бүртгэлийн хэлтэст 2 үл хөдлөх хөрөнгө барьцаалуулаад тус зээлийг олгосон. Сөрөг нэхэмжлэл дээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар бичсэн байна. Миний зүгээс нэмэгдүүлсэн хүүг огт бодоогүй. 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 572 хоногийн хүү бодогдсон байгаа. Өдрийн хүү 51.288 төгрөг болж байсан. Нийт хүү нь 29,336,547 төгрөг болж байгаа.Үүн дээр нэмэгдүүлсэн хүү бодсон зүйл огт байхгүй. Хариуцагч ******* нь надтай байнга утсаар холбогдож байсан. Энэ хугацаанд миний тэвчээр алдарч ...зээлийн хугацаа дууссан байна, зээлээ төлөөрэй гэж хэлээд олон сар хүлээлээ, та байж бай гэсээр байгаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө, одоо шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй боллоо... гэж хэлээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хандсан. Тус өдрөөс зээлийн гэрээний хүү тооцох хугацаа зогссон байгаа. Зээлдэгч ******* нь 40.000.000 төгрөг зээлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй байгаа. Хариуцагч талаас зээлийн гэрээний олон заалтын талаар ярьж байна. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээнд дээр хийсэн байгаа учраас зарим заалтуудыг нь засварлаагүй гэрээг байгуулсан байгаа байх. Хэдэн төгрөгийн хүү, яаж төлөхөө мэдэхгүй гарын үсэг зурсан гэдэг зүйлийг ярьж байна. Тийм зүйл огт байхгүй. Хариуцагч нар нь өмнө нь манайхаас зээл авч байсан. Хэдэн төгрөгийг хэзээ, яаж төлөх графикаа зээлдэгч нар мэдэж байгаа. Санхүүгийн ямар ч мэдлэггүй хүмүүсийг хөдөөгөөс дуудаж ирүүлээд гэрээ байгуулсан юм шиг зүйлийг ярилаа. Тийм зүйл байхгүй. Манай зүгээс хуулийн дагуу алданги анз нэмж тооцсон зүйл байхгүй. Барьцаа хөрөнгийг албадан борлуулах гээд хууль бус зүйл хийсэн юм байхгүй. Зөвхөн үндсэн зээл 40.000.000 төгрөг, шүүхэд хандах хүртэл хугацааны хүүг нь төлүүлэх хүсэл, сонирхолтой байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулаад гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үеийн хүүг тооцсон. Ингэхдээ гэрээний хугацааг бичгээр сунгасан зүйл байхгүй... гэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Бид Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлийг үндэслэн хийгдсэн иргэд хоорондын зээлийн гэрээ гэж ойлгож тухайн үед гарын үсэг зурсан. Шүүхэд өгсөн зээлийн гэрээг уншаад хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний гол нөхцөл нь гэрээний 3.10 дахь хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 24 дүгээр үйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хэтэрсэн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Гэрээний 9 дэх хэсэгт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран, зарцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны гэрээнд заасан журмаар борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар заасан.

Иймд бидний хувьд 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 82/128 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Ганзориг нь бид хоёртой иргэн хүнээрээ зээлийн гэрээ байгуулсан, бид хоёр банк болон зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс мөнгө аваагүй болно. Бидний хувьд авсан 40,000,000 төгрөгөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд биднийг ноцтой төөрөгдөлд оруулж хууль зөрчиж хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

... Хариуцагч нар нь зээлж авсан 40,000,000 төгрөгөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Үндэслэл нь зээлийн гэрээнд Иргэний хуулийн 281-285, мөн хуулийн 451-453 дугаар зүйл нь хоорондоо ялгагдах зохицуулалт гэж үзэж байгаа. 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 82/128 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Учир нь зээлийн гэрээний онцлог нь иргэд хооронд байгуулдаг. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлийг баримтлах боломжтой. Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд мөнгөн зээлийг банк эсвэл эрх бүхий байгууллага олгоно гэж заасан. Зээлийн гэрээгээр хүү нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, анз авахгүй, харин зээлийн гэрээгээр анз авах эрхтэй гэх мэт нарийн зохицуулалтаараа хоорондоо онцлог ялгаатай. Иргэний хуулийн 286 дугаар зүйл нь барьцаалан зээлдэх газраас зээл олгож байгаа тохиолдолд хамаарна гэж заасан учраас сөрөг нэхэмжлэл гаргаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хуулиар хориглох гэдэг нь зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг тогтоосон заалтыг хуулийн хорио гэж ойлгоно гэж Иргэний хуульд тайлбарласан. Өөрөөр хэлбэл та хэрвээ зээлийн гэрээ байгуулж байгаа бол зөвхөн гэрээндээ Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлийг баримтлах ёстой. Гэтэл зээлийн гэрээнд Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг гэрээний гол нөхцөл болгож заасан байгаа тул энэ нь хуулиар хориглосон, зарчмын хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа учраас хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн. Хоёр гэрээг хооронд нь хольж хийж байгаа нь зээлдүүлэгч өөрөө зээлдэгчийн мөнгөний боломжгүй байдлыг далимдуулан өөртөө ашиг олох зорилготой хийсэн гэрээ байна гэж үзэж байгаа. Хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж хийсэн гэх үндэслэлээр тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн авсан бүх зүйлээ буцааж төлөх онцлогтой байдаг учир хариуцагч нь 40.000.000 төгрөгөө төлөхөө хүлээн зөвшөөрөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний хүү, төлбөр 58,720,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,616,547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар 2021 оны 08 сарын 19 ний өдрийн 82/128 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 504,633 төгрөг, хариуцагч нараас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 451,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нараас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г үндэслэн үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 29 336 547 ,95 төгрөг нийт 69 336 547 ,95 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нар Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлийг үндэслэж хийгдсэн иргэд хоорондын зээлийн гэрээ гэж ойлгож тухайн үед гарын үсэг зурсан. Шүүхэд өгсөн зээлийн гэрээг уншаад хүлээн зөвшөөрөхгүй байна харин авсан 40 000 000 төгрөгөө төлнө гэдэг.

Учир нь Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлээр зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний гол нөхцөл уг гэрээний 3.10 дахь хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр, тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 , 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө.

Гэрээний 9 дэх заалт : гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга : нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах , үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцааны гэрээнд заасан журмаар борлуулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар заасан байна.

Иймд хариуцагч нар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 82/128 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл буюу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зохицуулалтаар зээлийн гэрээг байгуулан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүүгээр тооцож Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр, тооцоо зээлийн үйл ажилла. ааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3,24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэм биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд зээлийн хүү, нэмгэгдүүлсэн хүүг төлнө гэх үндэслэлээр 69 336 547 ,95 төгрөг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй Ганзориг нь бид хоёртой иргэн хүнээрээ зээлийн гэрээ байгуулсан бид хоёр банк болон зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс мөнгө аваагүй гэдэг.

Хууль буруу хэрэглэсэн талаар

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үндсэн хэрэглээ нь иргэд гэрээний үндсэн хэрэглээ нь иргэд хоорондын мөнгөн зээлийн гэрээ юм, харин 451, 453 дугаар зүйлд мөнгөн зээлийг банк, эсхүл олгох эрх бүхийн хуулийн этгээдээс олгох тохиолдолд хэрэглэх илүү нарийвчилсан заалт бөгөөд ялгаатай зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэгч Ганзориг нь зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдэл тогтоосон заалтыг зөрчиж нэмэгдүүлсэн хүү шаардсан хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээнд тусгаж байгаа нь хуулийн этгээдээс зээлийн үйл ажиллагаа явуулахад баримтлах хуулийг хэм хэмжээг хэрэгжүүлэн зээлийн гэрээ-ээр халхавчлан өөрт ашигтай байдлыг бий болгож зээлдэгч буюу хариуцагч нарын хэрэгцээ шаардлагыг ашиглан энэ байдлыг өөрт ашигтай байдлаар гэрээ байгуулж эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгч ******* нь хариуцагч нартай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2023/00440 дугаартай шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69 336 547 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах, зээлийн хүүд 10 616 547 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзлээ..

4. Учир нь гэрээгээр талууд нь иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй ба уг гэрээгээр зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлж буй мөнгөн дүн, хүү, хугацааг харилцан тохиролцсон, өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 40 сая төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан нь тодорхой, мөн хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна. Мөн нэхэмжлэгч талаас банк бус санхүүгийн байгууллагаас олгодог зээлийн гэрээний загварыг ашиглан засварлах замаар гэрээг үйлдэхдээ уг гэрээнд банкны зээл болон банк эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зүйл заалт орхигдсон болохыг тайлбарласан, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх, гэрээний үүргийг цаг тухайд нь хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулах зэрэг нь зээлийн гэрээний гол нөхцөл биш, нэхэмжлэгч дээрх зүйл заалтуудыг үндэслэн нэмэгдүүлсэн хүү, алданги, барьцааны зүйлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

5. Анхан шатны шүүхээс гэрээг зөв тайлбарлаж талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ нь бүхэлдээ хууль зөрчөөгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханах үндэслэлгүй гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

7. Хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 521750 / 451550+70200/ төгрөг төлсөн ба давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд үндсэн зээлийн 40 сая төгрөгийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байгаа тул илүү төлсөн 290000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2023/00440 дүгээр шийдвэрийг хэвэр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451550+70200=521,750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 290000 төгрөгийг төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж, хариуцагч *******, ******* нарт шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧ Ч.ЭНХТӨР

ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ