Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01584

 

 

 

 

 

 

 

   2023       08          11                                    210/МА2023/01584

 

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02035 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Т-ид холбогдох,

44-34 УНБ улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.А-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч Ч.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ц.А- нь өрмийн машин буюу тээврийн хэрэгслийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орноос Монгол Улсын хилээр 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр оруулж ирсэн. Уг машины өмчлөгч эзэмшигч нь бол Ц.А- юм. Ц.А- 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ч.Т-той зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу гэрээг бичгээр байгуулж гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг гэрээнд зааснаар 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Ц.А-ын хувьд энэ зээлийн гэрээний баталгаа болгож барьцаалах зорилгоор маргаан бүхий тээврийн хэрэгслийг Ч.Т-ийн нэр дээр бүртгүүлсэн. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирээд эзэмшигчид түүний нэр бүртгэгдээгүй буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй байсан. Хариуцагчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд заасны 200,000,000 төгрөгийг, зээлийн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд заасан зээлийн хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлээгүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээ бичгээр байгуулна гэж заасан. Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна”. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Талуудын хооронд тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцаа хүчин төгөлдөр харилцаа гэж үзэхгүй. Иймд тухайн тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, 2022 онд прокурорын тогтоол гарч тухайн тогтоолоор энэ тээврийн хэрэгслийг битүүмжилнэ гэдэг байдлаар нэхэмжлэгчээс бодитоор гаргуулж одоогоор эзэмшил нь Ч.Т- дээр байгаа. Иймд тухайн тээврийн хэрэгслийг бодитоор гаргуулж, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Э.М- гэх хүнээс надад өрмийн ажлын санал тавьсан. Дорнод аймагт зөвшөөрөл бүх зүйл нь гарсан хамтарч ажиллая, намайг санхүүжилтээ гаргачих гэж хэлсэн. Э.М- бид хоёр Ц.А- гэдэг хүнтэй уулзаад ажлын талаар ярилцсан. Ц.А-, Э.М- хоёр надаас эхний ээлжид 200,000,000 төгрөг нэхсэн. Нийт 239,700,000 төгрөгийг Ц.А-, Э.М- хоёрт өгсөн. Ц.А- тухайн үед авснаа хүлээн зөвшөөрдөг. Би тухайн хамтарч ажиллаж байгаа ажлаас “хэдийд ямар ашиг авах талаар асуухад” Ц.А- “намайг чи мөнгөө өгчих, мөнгөнийхөө оронд өрмийн машиныг чи ав гээд, бид хоёр улсын бүртгэлийн машин шилжүүлдэг газар хамт очсон. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийх үү гэхэд өөрсдөө биеэрээ ирсэн учир шаардлагагүй гэсэн. Ц.А-оос хамтарч ажилласан ашгийн мөнгө хэдэнд яаж орж ирэхээр талаар ярилцаж мөнгө өгтөл мөнгө авсны дараа Ц.А-ын зан байдал өөрчлөгдсөн. Ц.А- гялс мөнгө өг гэсээр байгаад М- руу бүх мөнгийг шилжүүлсэн. Эхлээд 200,000,000 төгрөг дараа нь 39,700,000 төгрөг авсан. Жил хүлээсэн ямар ч мөнгө орж ирээгүй. Би Дорнод аймаг явж тухайн ажил байгаа газар очиход нэг манаач, дээр үеийн явдаггүй камаз машинууд байсан. Бид анхнаасаа зээлийн гэрээ гэж яриагүй, хамтран ажиллах талаар ярьсан. Тухайн хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулаад худалдах, худалдан авах гэрээгээ хийе гэж нотариат дээр очиход нэр дээрээ шилжүүлээд авсан учир худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй учир зээлийн гэрээ хийсэн. Би 2019 онд Э.М-, Ц.А- хоёрыг цагдаад өгсөн. Миний машиныг авч явчхаад олдохгүй байсан. Цагдаа, шүүхэд өгсний дараа намайг Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгсөн байна. Өөрөө ч надтай уулзаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 231.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан 44-34 УНБ улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.А-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч Ч.Т- нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.А-од зээлдүүлнэ хэмээн зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь хэрэгт авагдсан Ч.Т-оос Э.М-д шилжүүлсэн Голомт банкны шилжүүлгийн баримт, Э.М-гийн Голомт банк дахь №1105049770 тоот төгрөгийн дансны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуулга, гэрч Б-, Ч.Э- нарын мэдүүлэг тус тус тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний харилцаа Ц.А- болон Ч.Т- нарын хооронд үүсээгүй бөгөөд харин Ч.Т- болон Э.М- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг тус тус ноцтой зөрчиж Ч.Т-оос Э.М-д шилжүүлсэн эдгээр мөнгөн төлбөрийн үүргийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орноос худалдан авч Монгол Улсын хилээр оруулан ирсэн Ц.А-ын эзэмшил, өмчлөлийн XINFENG ҮТ600 маркийн өрмийн машинаар хангуулна хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу хариуцагч Ч.Т- нь нэхэмжлэгч Ц.А-од 200,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр гэрээ хийсэн тохиолдолд дээрх зээлийн хөрөнгийг зөвхөн Ц.А-од хүлээлгэн өгөх ёстой. Гэвч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг хэрэглээгүй байна. Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай этгээд болох Ч.Т- нь Ц.А-той зээлийн гэрээг бичгээр байгуулсан атлаа зээлийн мөнгө буюу хөрөнгийг зээлийн гэрээний оролцогч биш Э.М-д шилжүүлсэн байх боломжгүй юм.

Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн байх ёстой бөгөөд хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй буюу хамааралгүй этгээд байх ёстой. Гэвч гэрч гэх Э.М- нь 235,000,000 төгрөгийг өөрөө Ч.Т-оос зээл авсан буюу тухайн хэрэгт хамгийн их ашиг сонирхолтой хамааралтай этгээд бөгөөд Ц.А-од 200,000,000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй. Мөн гэрч Э.М- нь 200,000,000 төгрөгийг Ц.А-од бэлнээр болон шилжүүлсэн хэмээн мэдүүлдэг боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг буюу энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар ч баримтаар нотлогдоогүй бөгөөд түүний мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас зөрүүтэй байдаг.

4.б. Хариуцагч Ч.Т- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасны дагуу түүний эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан мэдүүлэг, тайлбар, гомдол нь бодит үнэнд нийцсэн байх ба энэ тохиолдолд шүүх түүний тайлбарыг баримтаар үнэлэх ёстой.

Гэвч Ч.Т- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад дээрх байдлаар зөрүүтэй тайлбар, гомдол, мэдүүлгүүдийг гаргаж байсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогддог.

Ч.Т- нь Ц.А- болон Э.М- нарт холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /Залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.М-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Э.М- нь хохирогч Ч.Т-ид Ц.А- нь БНХАУ-аас өрөмдлөгийн машин оруулж ирээд худаг ухаж 3 сарын хугацаанд 118,800 ам.доллар олох боломжтой байна, 150,000,000-200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ... нийт 235,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлд баримт тогтоогдож, Э.М-гийн гэм бурууг тогтоолгохоор хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №52 тоот захирамжаар шүүгдэгч нас барсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №216 дугаар магадлалаар дээрх захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр, Ч.Т- нь Э.М-д холбогдох эрүүгийн хэрэгт түүнийг 235,000,000 төгрөгөөр залилж хохироосон хэмээн мэдүүлдэг атлаа Ц.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 200,000,000 төгрөгийг Ц.А- зээлсэн тул өрмийн машиныг буцаан өгөхгүй хэмээн тайлбар гаргаж буй нь илтэд үндэслэлгүй байна.

Энэхүү эрүүгийн хэрэгт Ц.А- нь зөвхөн гэрчийн мэдүүлэг өгч байсан нь түүнийг Ч.Т-оос 200,000,000 төгрөгийг Э.М-гоор дамжуулан аваагүй болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Хэрэв хариуцагчийн тайлбар болон анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн Ц.А- нь 200,000,000 төгрөгийг Ч.Т-оос авсан нь тогтоогдсон бол энэхүү эрүүгийн хэргийг бүлэглэж үйлдсэн буюу хамтран оролцогчоор тогтоогдон шалгагдах ёстой байсан нь хэнд ч ойлгомжтой, илэрхий зүйл юм.

4.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэж, улмаар талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ” гэж заасныг зөрчсөн.

Тухайлбал, Ц.А- болон Ч.Т- нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан харилцаа үүсээгүй бөгөөд талуудын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ бичгээр огт байгуулагдаагүй.

            4.г. Дээр дурдсанчлан анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшилд үндэслэлгүйгээр үлдээн нэхэмжлэгч, түүний эрх залгамжлагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн тээврийн хэрэгслийг авч, уг тээврийн хэрэгслээр хөрөнгө оруулалт хийсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна. Уг хэрэг маргаан үүссэн цагаас эхэлж, хариуцагчийн зүгээс тээврийн хэрэгслийг барьцаалах зорилгоор өмчлөлдөө шилжүүлэн аваагүй. Барьцааны гэрээний харилцаанд хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо хийгдэж байгаагүй. Тухайн тээврийн хэрэгслийг Ц.А- нь БНХАУ-аас оруулан ирж, Ч.Т-ийн нэр дээр шилжүүлэхдээ барьцаалах зорилгоор шилжүүлээгүй. Тухайн тээврийн хэрэгслийг Ч.Т-ид шилжүүлэн, 200,000,000 төгрөгийг авч, тээврийн хэрэгслээр хөрөнгө оруулалт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Ч.Т-ид холбогдуулан 44-34 УНБ улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг Ц.А-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Ч.Т- нь зээлийн гэрээний зүйлийг Ц.А-од шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, түүнчлэн Ц.А-оос тээврийн хэрэгслийг шилжүүлэх үндэслэл болсон барьцааны гэрээ бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул барьцаа хөрөнгийг буцаан гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

2.б. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Ч.Т- нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Э.М-гоор дамжуулан Ц.А-той хамтран ажиллах зорилгоор 200,000,000 төгрөг өгсөн бөгөөд энэ мөнгөний баталгаа болгож тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Ч.Т-ийг бүртгүүлж, Ц.А- нь тээврийн хэрэгслийг өөрөө бодитоор эзэмшиж байсан. Ч.Т-оос авсан дээрх мөнгийг хүү, урамшууллын хамт буцаан төлөөгүй нөхцөлд тухайн тээврийн хэрэгслийг зарж мөнгө гаргаж авах боломжтой гэж баталгаа гаргасан” гэж тайлбарлан маргажээ.

 

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, мөн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

4. Ч.Т- нь Ц.А-той байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх боловч, уг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ч.Т-оос, хариуцагч Ц.А-од шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасантай нийцэхгүй байна. /1хх 12-13/

 

4.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч Ч.Э-, Д.Б-, нотариатч Ц.Сэржмядаг нарын мэдүүлгээр 200,000,000 төгрөгийг Ц.А- хүлээн авсныг үнэн зөв, эргэлзээгүй нотлогдсон гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал, гэрчүүд Э.М-гоос, Ц.А-од ямар зорилгоор, хэзээ, хэдэн төгрөгийг хүлээлгэн өгснийг эргэлзээгүй, үнэн зөвөөр нотолж, гэрчилсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн гэрч Ц.Сэржмядаг нь зээлийн гэрээг байгуулснаас хойш, нотариатчаар гэрчлүүлсэн тухайд мэдүүлсэн байна. /2хх 73-75, 81-85, 86-87/

 

4.б. Иймд хариуцагч Ч.Т- нь, нэхэмжлэгч Ц.А-той байгуулсан дээр дурдсан зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгснөө баримтаар нотлоогүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.

 

Тодруулбал, дээрх мөнгийг хариуцагч Ч.Т-оос гэрч Э.М-д шилжүүлэн өгсөн тухай мэдүүлдэг боловч тухайн 200,000,000 төгрөгийг Ц.А-од шилжүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс зээлдүүлэгч нь гуравдагч этгээдээр дамжуулан зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй. Талууд зээлийн гэрээг бичгээр үйлдэж хожим нотариатчаар гэрчлүүлсэн байгаа боловч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгсөн нь баримтаар тогтоогдоогүй учир, нэхэмжлэгч Ц.А-, хариуцагч Ч.Т- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Учир нь талуудын хооронд үндсэн гэрээний үүрэг үүсээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг тухайн хөрөнгөөр хангуулах нэмэлт үүрэг үүсэхгүй.

 

5. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ц.А-оос хариуцагч Ч.Т-ийн өмчлөлд шилжүүлэх бүртгүүлэхдээ тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтад техникийн нэрийг шилжүүлэхээр талууд гарын үсэг нь зурсан баримтыг үндэслэн талуудыг фидуцийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна./1хх 14, 247-250/

 

6. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг Дорнод аймагт худгийн өрөмдлөг хийхээр хамтран ажиллах санал тавьсан гэх боловч энэ байдал нь баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

7. Нэхэмжлэгч Ц.А- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2022/00203 дугаар тогтоолоор А.Одгэрэлийг эрх залгамжлагчаар тогтоосон байна.

 

7.а. Дээрх үндэслэлүүдээр 44-34 УНБ улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Одгэрэлийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ч.Т-ид даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Харин Ч.Т- нь Э.М-д шилжүүлсэн 200,000,000 төгрөгийн талаар холбогдох этгээдэд хандан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/02035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 44-34 УНБ улсын дугаартай XINFENG ҮТ600 маркийн өрмийн машиныг хариуцагч Ч.Т-ийн эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч А.Одгэрэлийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ч.Т-ид даалгасугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “ үлдээж, хариуцагч Ч.Т-оос 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Одгэрэлд олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ