Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01583

 

 

 

 

 

 

 

   2023       08          11                                    210/МА2023/01583

 

 

ЭЖЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01327 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЭЖЖ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Б-т холбогдох,

211,346,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Н.Б- нь ҮК ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан ба тус компанийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах газар дээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор ЭЖЖ ХХК болон иргэн Н.Б- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ҮК ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 2.4-т заасны дагуу худалдагч тал эрхийн доголдолгүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад төрлийн өр төлбөргүй, санхүүгийн аливаа асуудалгүй хувьцааны эрхийг худалдан авагч талд 100 хувь хүлээлгэн өгснөөр ЭЖЖ ХХК хувьцааны төлбөрийг 100 хувь төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Энэхүү гэрээгээр худалдагч тал ҮК ХХК-ийн ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах аялал жуулчлалын зориулалттай 3 га газрын төлбөрийг зохих ёсоор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч худалдагч Н.Б-ийн зүгээс гэрээний төлбөрийг бүрэн төлсний дараа тус газрын төлбөрийг төлөх боломжтой байгаагаа илэрхийлсэн тул бид түүний амлалтад итгээд төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 100 хувь төлсөн. Гэвч газрын төлбөрийг 2011 оноос хойш огт төлөөгүй байсан ба ЭЖЖ ХХК нь түүний ҮК ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа төлөх ёстой байсан төлбөрийг алдангийн хамт 211,346,785 төгрөгийг Хан-Уул дүүргийн газрын албанд төлсөн тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.4 дэх заалт болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөрчин эрхийн доголдолтой буюу бусдын өмнө өр төлбөр хүлээсэн компанийн эрхийг шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд Н.Б- нь 2019 оны 08 дугаар сар хүртэл ҮК ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч байсны хувьд дээр дурдсан төлбөрийг бүрэн хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн этгээд байсан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан. Иймд иргэн Н.Б-ээс газрын төлбөрт төлсөн 211,346,785 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримтгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд газрын төлбөрийг ҮК ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан. Гэвч тус баримт нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн баримт байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сард Н.Б-ийн хувьд тус компанийн хувьцаа эзэмшигч биш болсон байсан. Н.Б- нь 2013 оноос 2018 оны хооронд тухайн компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2019 онд ЭЖЖ ХХК-д өөрийн 100 хувийн хувьцаагаа шилжүүлэн худалдсан. Н.Б- нь 2010 онд газар эзэмшиж, ашиглах эрхтэй байсан, үүний дагуу аялал жуулчлалын цогцолборын дэд бүтцийг бий болгож, хашаа барьж, зураг төслийг хийж, тодорхой хөрөнгө оруулалт хийсэн байсан боловч яг бодитоор ажил болгож үйл ажиллагаагаа явуулаагүй. 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон захирамжийн дагуу гэрчилгээ олгогдсон, гэрчилгээнд үндэслээд гэрээ байгуулахыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгоод, мөн газрын албанд төлбөрийг төлөөд явах ёстой байсан. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд газрын төлбөр төлөгч хэн бэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Б- гэдэг хүн газрын гэрээ байгуулсан байна уу, газрын төлбөрийг шаардсан байна уу, газрын төлбөр төлөгдсөн байна уу гэдэг асуудлуудыг тодорхой болгох үүднээс эрх бүхий байгууллагууд руу шүүхийн журмаар маш олон удаа баримт гаргуулахаар шаардсан. Гэвч дээрх баримтууд ирээгүй тул нэхэмжлэгч талын газрын төлбөр төлсөн гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үндэслэл болохгүй байна. Хариуцагч Н.Б- нь ҮК ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа тухайн компаниа газар ашиглах эрхтэй байсан, эрхийн хугацаа нь 2018 онд дууссан. 2018 онд газар эзэмших, ашиглах гэрээгээ сунгуулах гээд хөөцөлдсөн боловч гурвалсан гэрээ байгуулагдаагүй тохиолдолд эрхийг нь сунгаж өгөхгүй гэх хариуг өгсөн. Дээрх асуудлыг шийдэх боломжгүй байсан тул төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хаяхгүйн тулд өөр хүнд худалдахаар “Ремакс” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай гэрээ байгуулсан. Үүний дагуу 2019 оны 02 дугаар сард ЭЖЖ ХХК-ийн захирал Н.Г- ирж уулзсан. Анх зуучлалын гэрээгээр төслийн үнийг 1.9 тэрбум төгрөгөөр худалдах байсан боловч газрыг ашиглах эрхийг сунгах гэж 3 сарын хугацаанд хөөцөлдсөн боловч бүтээгүй. Энэ үед Н.Г- нь бидэнд газрыг арай хямд үнээр худалдаж авъя, өөрсдөө газрын эрхийг сунгуулаад цаашид үйл ажиллагаагаа явуулъя гэх саналыг тавьсан. Үүний дагуу 1.9 тэрбум байсан үнийн дүнг 1.1 тэрбум төгрөг болгож бууруулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед Н.Г- нь 50 хувийг урьдчилж төлөөд, газрын асуудлаа шийдсэний дараа 50 хувийг шилжүүлье гэх саналыг тавьсан. Ийнхүү 5 дугаар сард 500,000,000 төгрөгийг урьдчилж шилжүүлээд компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсны дараа 7 дугаар сард 394 дүгээр захирамж гарч, газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан. Газар ашиглах эрх сунгагдаад ямар ч асуудалгүй болсон учир 8 дугаар сард үлдэгдэл төлбөрөө өгч, 100 хувийн хувьцааг бүрэн худалдаж авсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтыг харахад тухайн үед төлбөрийг төлөлгүйгээр гурвалсан гэрээ байгуулж, газар ашиглах эрхийг сунгасан гэж харагдаж байна. Хэрэв ямар нэгэн асуудалтай гэдгийг ойлгож байсан бол нэхэмжлэгч 8 дугаар сард үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байсан. Нэхэмжлэгч тал нь өөрсдөө хариуцна гэж анх тохиролцож гэрээ байгуулж, үнийн дүнг буулгаж авсан. Гэтэл одоо өөрсдөө ашигтай байдал үүсгэж, төлбөр мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шударга бус байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Б-ээс газрын төлбөрт төлсөн 211,346,785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭЖЖ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,214,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,214,683 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭЖЖ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд шаардлагаа тайлбарлахдаа Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд заасан “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх” гэсний дагуу төлсөн төлбөр шаардаж байна гэх ба мөн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдагчийн өмнөөс төлсөн төлбөрөө шаардаж байгаа гэх зэргээр шаардлагын үндэслэл тодорхойгүй, энэ байдлаар нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй тодорхойгүй байхад нэг талын тайлбарт үндэслэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгж хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн болно.

4.в. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг үнэлэх” ажиллагааг зохих ёсоор бодитоор, эргэлзээгүйгээр. тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй.

4.г. Нэхэмжлэгч тал газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг өөрөө хариуцаж эрхээ сунгуулах гэрчилгээ гаргуулах үйлдэл хийгдсэнээр тухайн асуудлаар газрын төлбөр төлөх гурвалсан гэрээг Тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаа болон Хан Уул дүүргийн газрын албатай байгуулсан байгаа ба үүгээр газрын төлбөр төлөх эрх, үүрэг худалдан авагчид үүсч, үүний дагуу тус ЭЖЖ ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах гэрчилгээ сунгуулснаа үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2020/140 тоот гэрээг байгуулан газрыг ашиглаж байгаа ба энэ үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын байдлаар компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргээ шилжүүлсэн иргэн Н.Б- ийнхүү эрх, үүргээ шилжүүлснээс хойш байгуулагдсан энэ тушаал, гэрээг үндэслэн улмаар 2012-2019 оны төлбөр төлөх үндэслэл болохгүй болно.

4.д. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүгчийн захирамж удаа дараа гарч маргаан бүхий үйл баримттай холбоотой хэрэгт хамаарах нотлох баримтуудыг холбогдох этгээд нараас буюу Байгаль орчин аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан Уул дүүргийн Газрын албанаас шаардсан, энэ дагуу зарим нотлох баримтууд ирүүлээгүйн зэрэгцээ мөн ирсэн нотлох баримтуудад Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 268 тоот Албан бичгийг ҮК ХХК-д хандаж ирүүлсэн байх бөгөөд тус бичигт “ ... БОАЖ Сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалаар Нүхтийн аманд байрлах ашиглах зөвшөөрөл бүхий 3 га газрын эрхийг цуцалж хүчингүй болгосон ...” гэсэн байх ба мөн хамт ирүүлсэн нотлох баримт болох 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаартай Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал ирсэн хамт ирсэн байдаг. Тушаалд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6 дахь заалтыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бусад газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай” гэсэн тушаал ирсэн нь нотлох баримтаар тус тус хэрэгт авагдсан.

Өөрөөр хэлбэл тухайн газарт Дэд бүтэц хийгдсэн тул ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх зүйл заалтад хамаарахгүй ба харин газрын төлбөрөө төлөөгүй гэж хүчингүй болгосон гэж үзэхээр байхад, ийнхүү баримт нотолгоонуудыг шүүх нэг бүрчлэн бодитой үнэлж дүгнээгүй болно.

Түүнчлэн, дээр дурдсанчлан илт зөрүүтэй үнийн дүнгүүд бүхий тооцоо нийлсэн акт, мөнгө төлсөн гэх баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр шүүх шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага нь тодорхой биш, нотолгоогүй, хариуцагч хариуцах үндэслэлгүй байхын зэрэгцээ, шүүх эргэлзээ бүхий нотлох баримтуудыг илэрхий буруу үнэлж дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, мөн нотлох баримтууд тус бүрийг бодитой, үнэн зөв үнэлж дүгнээгүй, буруу үнэлж дүгнэснээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу зөвтгөн шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Уг тохиролцооны дагуу хариуцагчид 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газрын төлбөрөө төлөх хүсэлтийг явуулсан. Тухайн хүсэлтийг явуулсны дараа ҮК ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н.Б- “уг гэрээг байгуулсан өдрөөс өмнөх хугацааны тухайн байгууллагад хамаарах өр төлбөрийн асуудлыг худалдагч тал хариуцахаар заасан. Гэрээний заалтыг баталгаажуулан гэрээг байгуулахаас өмнө үүссэн өр төлбөр, татварын асуудлыг Н.Б- миний бие хариуцна” гэх албан бичгээр хариу ирүүлсэн. Харин ҮК ХХК-ийг үүргээ биелүүлж, татвараа төлсний дараа, манай зүгээс үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нь “санхүүгийн боломжгүй байгаа учраас танай байгууллага төлбөрөө шилжүүлчих, би газрын асуудлынхаа тооцоог нийлж, төлбөрөө төлье” гэх албан бичгийг өгсөн. Уг албан бичгийн дагуу манай байгууллагын зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Гэтэл Н.Б- нь газрын төлбөрийг төлөөгүй учраас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин албан бичиг явуулсан. Тухайн албан бичгийг явуулан боловч газрын төлбөр төлөгдөөгүй. Манай зүгээс 1,100,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн газрын төлбөрийг төлөөгүйгээс болж манай байгууллагын төслийн үйл ажиллагаа зогсох асуудал яригдсан. Уг асуудлын улмаас ЭЖЖ ХХК нь Н.Б-ийн өмнөөс төлбөрийг төлсөн. Мөн 2012 оноос хойш хэд хэдэн төгрөг төлөгдөөгүй талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ЭЖЖ ХХК нь хариуцагч Н.Б-т холбогдуулан газрын төлбөрт төлсөн 211,346,785 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. ҮК ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н.Б-, ЭЖЖ ХХК нар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр ҮК ХХК-ийн 100 хувийн хувьцааны эрхийг болон тус компанийн эзэмшилд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Энхтайваны аманд орших 2.99 га газрын эрхийг хэрэгжүүлэх төсөл, дэд бүтцийн хамт нийт 1,150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар  харилцан тохиролцжээ./1хх 6-10/

 

2.а. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

3. Талууд дээрх гэрээний дагуу компанийн хувьцааны эрх болон газрын эрхийг худалдагч талд шилжүүлж, худалдагч нь гэрээний үнэ төлсөн үйл баримтад маргаангүй байна.

 

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ “худалдагч Н.Б- нь гэрээний 2.4 дэх заалтад тохиролцсоны дагуу 2012 оноос 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрийг эрх бүхий этгээд болох Газрын албанд төлөх үүргээ биелүүлээгүй, худалдан авагч ЭЖЖ ХХК-аас 211,346,785 төгрөгийг газрын төлбөрт төлсөн учир хохирлоо Н.Б-ээс гаргуулна” гэж тайлбарласан байна.  

 

4.а. Хариуцагчийн хувьд “нэхэмжлэгч тал өөрсдөө хариуцна гэж анх тохиролцож гэрээ байгуулж, газар худалдах үнийн дүнг буулгаж авсан тул зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээр татгалзаж, талууд маргажээ.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 2.4-т “худалдагч нь... бусдад өгөх өр төлбөрийг 100 хувь шийдэн, санхүүгийн аливаа өр төлбөр зөрчилгүйгээр хүлээлгэн өгөх” талаар харилцан тохиролцсон байна. /1хх 7/

 

5.а. ҮК ХХК 2012 оноос хойш 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байсан болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн газрын төлбөрийн нэхэмжлэх, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16/2943 дугаар албан тоотоор ирүүлсэн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт” зэргээр тус тус нотлогджээ./1хх 13, 62-63/

 

5.б. Мөн нэхэмжлэгч талаас хариуцагчид хандан газрын төлбөрийг төлөх талаар нэхэмжилж байсан, хариуцагч нь холбогдох өр төлбөрийг хариуцан төлөхөөр зөвшөөрч байсан тухай баримтууд хэрэгт авагдсан байна./1хх 11-12, 81/

 

5.в. Нэхэмжлэгч ЭЖЖ ХХК нь ҮК ХХК-ийн 2012 оноос 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх газрын төлбөр болох 211,316,780 төгрөгийг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд төлсөн үйл баримтыг зохигчийн тайлбар, Хас банкны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн баримт, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16/2943 дугаар албан тоот зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь газрын төлбөрийг нэхэмжлэгчээс төлөхөөр тохиролцон гэрээний үнийг бууруулан авсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Н.Б-ээс газрын төлбөрт төлсөн 211,318,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭЖЖ ХХК-д гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/01327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,214,683 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ