Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 61

 

                         Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Багахүү, Э.Ганбат, А.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаар магадлалтай, Э.Б-д холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Багахүү, А.Ууганбаяр нарын гаргасан гомдол болон прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Э-н Б-.

Э.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто машины гражид Г.Г-ийн хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн; 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Б-г 3 жил 5 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Багахүү, А.Ууганбаяр нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Энэ удаа эрхэм шүүгч та бүхэнд бичиж байгаа “тайлбар-хүсэлт” нь “гэм буруу”-гийн талаар маргаж буй зүйл огт биш юм. харин эл хэргийг шалгах-хянах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон заалтуудыг ноцтой зөрчиж, хууль бусаар хураан авсан нотлох баримт, ажиллагааг хасуулах тухай өмгөөлөгч нарынхаа гомдол, хүсэлтийг дэмжиж ийнхүү бичиж байна.

Хоригдож байх хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал доройтож 2020.08.06-ны өдрөөс бүтэн 1 сарын хугацаанд эмч нарын заасан эмчилгээг цагдан хорих байранд хийлгэсэн боловч хорих ангийн нөхцөлөөс шалтгаалж эмчилгээ ямар ч үр дүнгүй болж, хүндэрсэн.

Үүнээс хойш 2020.09.09-нөөс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нарийн мэргэжлийн эмчийн шийдвэрээр нийт 5 удаа эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шийдвэр гарч 2020.10.21-ний өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна.

Өмгөөлөгч нарын гомдлын дагуу хэргийг хэлэлцэхдээ хохирогчийг гэмтээсэн гэх хутганы бодит хэмжээс нь хохирогчид үүссэн хэвлийн хөндий нэвтэрч 2 ширхэг нарийн гэдэс хатгагдаж цоорч, чацархайн уг болон арын гялтан хальс хатгагдсан нийт 4 төрлийн гэмтлийн “хэлбэр, хэмжээтэй” хэрхэн харьцаж байгааг, шинжээч эмч Гэрэлмаагийн тодорхойлж, тааж мэдүүлсэн, прокурор Оюунтуяагийн үнэлсэн, хэмжилт хийх эрхгүй шинжээч гэх мэргэжилтэн Ганзориг болон мөрдөгч асан Эрдэнэням нарын Улсын Ерөнхий прокурорын газрын даргын албан даалгаврыг санаатай дутуу гүйцэтгэж, хутганы үзүүрийг бус иш хэсэг түүнээс урагш 9 см-т- 3.2 см өргөн, 5 см-т-2.8 см өргөн гэж хэмжиж, үзүүр хэсэг түүнээс хойш 4.5 см зайг огт хэмжээгүй.

Улсын ерөнхий прокурорын газрын дарга О.Алтангэрэлийн хэлснээр хохирогчийг гэмтээсэн хутга энэ биш гэсэн, 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр гар хурууны хээ, биологийн ул мөр, цусны толбо илрээгүй, арчиж цэвэрлэсэн ул мөргүй нь тогтоогдсон. Хохирогч Г.Г-ийн 2020.08.06-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлгийг оруулахгүйгээр, түүний өмнө нь буюу прокурорын шатанд өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлгүүдээр болон бусад 7 гэрчүүдийн мөрдөн байцаалт шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр Э.Б- тухайн хутгыг хэрэг болохын өмнө, тухайн цаг мөчид, түүнээс хойш огт барьж байгаагүй болохыг баталгаажуулсан.

Хохирогч гэмтсэн тухайн цаг үед 2 удаа 2 хар хутга мөрдөгч нар хоёр өөр цагт хурааж авсан, хохирогчийн биед үүссэн шарх 2 см-аас 1.2-.1.5 см өргөн буюу 3.2-3.5 см өргөн хутганы бодит хэмжээг хэмжилт хийсэн хэмжээнүүд болон хэмжээгүй хийсэн 2 см шархыг үүсгэж болох “Хүний биеийн анагаахын шинжлэх ухаан практик жишээнд” үндэслэсэн, 1-1.5 см өргөн хэсэг, шинжээч Гэрэлмаагийн мэдрүүлснээр, мөрдөгч Эрдэнэням, шинжээч гэх мэргэжилтэн Ганзориг нарын хэмжилт хийж тэмдэглэсэн актанд гарын үсэг зураагүй, 8 см, 3.2 см өргөн хэсгүүд нь “хохирогчид үүссэн гэмтэл” 2 см, өнгөн шархыг үүсгэх боломжгүй гэх хэсэг хохирогчийн биед үүссэн 2 см шархыг үүсгэх боломжтой гэх /2.5 см/ өргөн хэсэг нь хутганы үзүүрээс хойш 2.8 см байх хэсэг, хагалгаа хийсэн эмч Сундуйн мэдүүлснээр хохирогчид үүссэн 4 төрлийн гэмтэл нь туранхай хүний хувьд багадаа 10 см хэвлийн хөндий нэвтэрч байж дээрх гэмтэл үүснэ гэх хэмжээг нарийн хэмжиж тавьсан зураглалыг тус бүр буюу Дээд шүүхийн шүүх хуралдааныг шүүх 5 шүүгч нарт нэг нэг хувь нийт 5 хувийг үйлдэж үүгээр хүргүүлж байна. /хавсралт 1,2,3,4,5/

Жич: Хохирогчид үүссэн гэмтэл нь:

1. Хэвлийн хөндий нэвтэрсэн, хэвлийн гадна талд үүссэн шархны хэмжээ 2 см, хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр,

2. 2 ширхэг нарийн гэдэс хатгагдаж цоорсон,

3. Чацархайн уг хатгадсан,

4. Арын гялтан хальс хатгагдсан гэх. Уг гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоосон 2 см үүссэн гэж дүгнэлт гаргасан шинжээч Гэрэлмаа нь “хайч, шилний хагархай, хурц үзүүртэй төмөр, өөр бусад зүйлээр үүсгэх боломжтой” гэж ...мэдүүлсэн.

Хутганы хэмжээ нь:

1. Үзүүрээс иш хүртэл 18.5 см, иш 11 см

2. Үзүүрээс 1 см-т-1.5 см өргөн, 2 см-т-2 см өргөн, 2.8 см-т-2.5 см өргөн, 4.5 см-т-2.8 см өргөн, 9.5 болон 10 см-т-3.2 см өргөн, үүнээс хойш 3.5 см өргөн болно. /Хэмжээг өмгөөлөгч Т.Багахүүгийн хамт 12 дугаар сард мөрдөгч нарт хүсэлт гаргаж, түүний дагуу өгсөн зөвшөөрлөөр хэмжсэн болно./

Хүний бие, тэр дундаа хэвлийн хөндийг хатгаж, хутгаар цоолсон шарх огт агшдаггүй юм байна. Харин уналт тэлдэг тухай мэдээлэл нь маш тодорхой байдаг байна.

Миний бие нь урьд өмнө нь гаргаж байсан санал гомдолдоо хуулийн дагуу шалгаад, тухайн үед болсон үйл явдлыг үнэнээр тогтоогоод өгөөч гэж гаргаж байсан. Мөн анхан шатны шүүхийн 280 дугаар тогтоолыг Монгол төрийн нэрийн өмнөөс гаргаж байгаа тул төр түүхээ шүтэж явдаг, түүний хувьд хүндэтгэн хүлээн авч, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчийг гомдол саналгүй болгосон.

Үүнээс гадна миний бие өнгөрсөн, одоо, болж буй бүхэнд зөвхөн өөрийгөө буруутган, энэ ч утгаараа үеийн залуус, дүү нараа алдаж, эндэхээс нь өмнө анзаарч сэрэмжлээсэй гэж ирээдүйн хуульч, хууль, шүүхийн засаглалыг авч явах хүмүүсийг бэлтгэхэд өөрийн чадах зүйлээ хийж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, алсын хараа 2050 зорилтуудад нийцүүлж, хараат бус иргэн төвтэй шүүх засаглал бий болгох зорилтуудын хүрээнд ... “хүний эрх, хуульчийн ёс зүй” сэдэвт эрдэм шинжилгээний улсын уралдааныг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газруудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, төслийн санал тэдэнд хүргүүлж, иргэний үүргээ гүйцэтгэж байгаа, мөн энэ бүхэн дуусахаар тогтмол “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” архинд хүчтэй донтож яваа хүмүүст тогтмол лекц уншиж байхаар “шинэ Эрдэнэт 2040” төсөл бичсэн. Иймд дээрх 3 сэдвийн хүрээнд дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн байдал нь шоронгийн нөхцөлд улам доройтох учир, харгалзан үзэж,

2. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг болон миний үйлдсэн “хутга гэмтлийн харьцаа”-г харьцуулан үзэж,

3. Шүүгчид тус бүрт хүргүүлж буй “зураглал”-ыг минь нягталж шийдвэрээ гаргаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.

Би жаахан 2 хүүдээ очихын тул өөрийн хамгийн сүүлийн боломжийг ашиглаж үүнийг эрхэм шүүгч та бүхэнд хүргүүллээ. Шийдвэр бүхэн хуульд яв цав нийцсэн байг” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ...үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ... хэтэрхий нэг талыг барьсан, зөвхөн хохирогч Г.Г-ийн мэдүүлгийг бусад нотлох баримтаас илүү үнэлээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байх тул дараах гомдлыг гаргасан.

Хохирогч Г.Г-ийг хэвлий тус газар нь хутгаар хатгаж ... хүнд зэргийн гэмтэл учруулсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд “хутгаар хатгасан гэх шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байвал...” гэсэнтэй нийцээгүй. Тодруулбал, хутганд хийсэн үзлэг, хутганд биологийн сорьц илрээгүй нь шинжилгээгээр “хутганд бохирлогдсон зүйлгүй” гэх байдал тогтоогдсон. Энэ хутгаар хохирогчийг гэмтээсэн байх боломжгүй.

Давж заалдах шатны шүүх гэрч Г.Г- нь “Э.Б- хутгалсан” гэх тууштай мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэлт хийж байгаа нь “хутгаар хатгасан” гэх үйл баримтыг нотлогдон тогтоогдлоо гэж үзэх боломжгүй, хийсвэр дүгнэлт юм.

Шүүгдэгч Э.Б-г хохирогч Г.Г-ийн биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хутга буюу зэвсэг хэрэглээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж давж заалдах шатны шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Хохирогч Г.Г- нь шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогчид учирсан шарх гэмтэл нь эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар үүсгэгдсэн байх боломжтой” гэснийг шүүх үнэлж, хохирогчийн тууштай мэдүүлэг гэдгээр Э.Б-г буруутгаж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт дүгнэлт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг анхан шатны шүүх зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “...Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хаасан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь бодит байдалтай нийцээгүй.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хохирогч “хутгаар хатгагдсан” гэдэг байдал нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Өмгөөлөгч миний бие шүүгдэгч Э.Б-гийн гэм буруутай, гэм буруугүй эсэх талаар гомдол гаргаагүй бөгөөд зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ажиллагаанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн шийдвэр гаргуулахаар гомдол гаргаж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимд шүүх, прокурор, мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд энэхүү зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд түүний гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож, хууль зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.

2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймгийн цагдаагийн албан хаагчид хэргийн газар үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй бөгөөд тус ажиллагааг хуульд нийцүүлэхээр арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл тус өдөр хоёр удаа хэргийн газарт үзлэг явуулж эд зүйл хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, эд зүйл хураан авах ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт мэдэгдээгүй, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөл хүсээгүй байх бөгөөд үүнээс улбаалан прокурор дээрх мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт тус тус зааснаар мөрдөгч эд зүйл хураан авах ажиллагааг явуулахдаа прокурорын зөвшөөрлөөр явуулах ёстой бөгөөд хойшлуулшгүй тохиолдолд дээрх ажиллагааг явуулахад, мөн тус хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хураан авах ажиллагааг, 23.3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар хэргийн газарт тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулах ёстой байсан буюу 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө хэргийн газарт тээврийн хэрэгсэлд үзлэг хийх хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа прокурорт мэдэгдэж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, түүнээс эд мөрийн баримт хураан авсан ажиллагаагаа 24 цагийн дотор хүчинтэйд тооцуулах зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл огт хуульд заасан журмыг баримтлалгүйгээр, эргэлзээ хардлага төрүүлэхүйц байдлаар ажилласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хууль заасан журмын дагуу олж авсан баримтыг нотлох баримтад тооцох бөгөөд харин хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй. Тус хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, эд зүйл хураан авч бэхжүүлж буй үйлдэл нь дээрх байдлаар хууль бус арга тул мөрдөгч нь хуулиар хориглосон ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна /ЭХХШТХ-ийн 16.1.4, 16.1.6, 16.1.7/. Иймд 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнө цагдаагийн албан хаагч Э.Ууганбаяр, П.Бат-Эрдэнэ нар нь хэн нэгнээс ямар ч мэдүүлэг аваагүй, ямар эд зүйлээр хохирогчийг гэмтээсэн болохыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа огт явуулаагүй үедээ шууд хутгаар хутгалсан гэж хутга /хутга эсэх нь одоо ч эргэлзээтэй зүйлийг/ хураан авсан тухай баримт /1-хх-06/, 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хутга хураан авсан баримт /1-хх-10/, хууль зөрчиж хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1-хх-20/, 3 сарын дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин хэргийн газраас хурц ирмэгтэй бусдыг гэмтээх боломжтой эд зүйлүүдийг хураан авсан тэмдэглэл /2-хх-70/ зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасны дагуу хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч би тус эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дээрх хууль бус ажиллагаагаар цугларсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болсон. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд дээрх хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрөлгүйгээр олон удаа хэргийн газар, тээврийн хэрэгсэлд үзлэг явуулж, эд зүйл хураан авч байгаа нь уг нотлох баримт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл мөн эсэхэд шууд эргэлзээ төрөх бөгөөд ямар учраас, яагаад хууль заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тухайн ажиллагаагаа хүчинтэйд тооцуулаагүй болох нь ойлгомжгүй хэвээр байсаар байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг бүрэн илрүүлж, шударгаар ял оногдуулах байтал Э.Б-г зэвсэг хэрэглэн бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэсэн хирнээ хэргийн газраас хууль бусаар, хууль зөрчиж авсан хутгыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байна гэж шууд дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцэхгүй байна.

Аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журам, арга, хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэхээс бус хуульд заагаагүй “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг журам” гэх ерөнхий агуулгатай үгээр хууль бус ажиллагааг зөвтгөж болохгүй юм. Хэрвээ хутгыг хуульд заасан журмыг зөрчиж хураан авсан ажиллагааг хүчингүйд тооцсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсэх юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ноцтой зөрчсөн байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тус шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Э.Б-д холбогдох хэрэгт хохирогч Г.Г-ийн биед учирсан ... шархыг хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хутгаар үүсгэсэн байх боломжтой эсэх асуудал нотлогдохгүй, эргэлзээтэй хэвээр үлдсэн.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт клиникийн эмч Сандуй 2 мэдүүлэг өгч Г-ийн биед учирсан шархны гүн чацархайн угт хүрсэн гэдгийг нотолсон. Энэ нь чацархайн зөвхөн өнгөн хэсгийн гэмтэл биш чацархайн уг, суурь хүртэл үйлчилж хүрсэн гэмтэл гэдгийг нотолсон.

Эмч Сандуй энэхүү чацархайн уг хүргэх зайг мөрдөн байцаалтын шатанд 10 см гэж тодорхой мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...чацархайн уг хүртэлх гэмтсэнийг шүүхэд тайлбарлах боломжгүй шинжээч эмч тайлбарлах байх...” хэмээн мэдүүлж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ дэмжээгүй.

Хэрэгт шинжээчийн 387, 967 дугаартай дүгнэлт зэрэг 2 дүгнэлт хохирогч Г.Г-ийн биед учирсан шархтай холбоотойгоор гарсан. Дээрх 2 дүгнэлтэд хоёуланд нь нарийн гэдэс, чацархайг гэмтээсэн үйл баримтыг нотолсноос чацархайн уг хүртэл гэмтсэн талаар дурдаагүй.

Өөрөөр хэлбэл клиникийн эмч Сандуйгийн мэдүүлдэг “чацархайн уг хүртэл гэмтсэн шарх байсан” гэх үйл баримт шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдаагүй.

Шинжээч эмч Гэрэлмаа хэвлийн хөндийн талаар эмч Сандуйгийн өгсөн мэдүүлгийг үгүйсгээгүй бөгөөд хэвлийн хөндийн нэвтрэх зайг “...хэвлийн урд хана, арьс, арьсан доорх ислэг, булчин, гялтан хальс гэсэн давхаргаас бүрдэнэ. Энэ давхаргын зузаан нь тухайн хүн хир тарган туранхай булчингийн хөгжил хир зэргээс хамаарч нимгэн зузаан янз бүр байна. Өвчний түүхэнд хэвлийн урд хэсэгт хүйсний баруун дээхэн 1,5-2 см хэмжээтэй хутганы шархтай байна гэсэн бөгөөд уг шарх хэвлийг нэвтэрсэн байсан”. Хохирогчид үүссэн шархыг надад үзүүлсэн хутганы 2,8 см хэсгээр үүссэн байх боломжтой...” гэж мэдүүлсэн.

Харин тухайн үед Г-т хагалгаа хийсэн эмч Сандуй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Гэрэлмаа шинжээчийн мэдүүлэгт дурдсан хэвлийн хөндий нэвтрэх давхаргуудыг тоочиж Г-ийн биед учирсан шархыг тойруугаар 10 см-ээс дээш гүнд үүсгэсэн шарх гэдгийг мэдүүлсэн.

Дээрхээс Г-ийн биед учирсан 2 см-ийн өргөнтэй шархны гүний хэмжээг шинжээч Гэрэлмаа 2,8 см гэж клиникийн эмч Сандуй 10 см-аас дээш гэж зөрүүтэй тодорхойлсон нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хутгаар энэхүү шарх үүсгэгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлсэн.

Сандуйгийн мэдүүлгийг үнэлж, хутганы хэмжээтэй харьцуулж харвал Г-ийн биед эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар үүсгэгдэх шархны хэмжээ 3,5-4 см байхаар, харин шинжээч эмч Гэрэлмаагийн мэдүүлгийг үнэлж харвал Г-ийн биед хутгаар үүсгэгдэх шархны хэмжээ 2 см, гүн нь 2,8 см бол хамгийн цаад зах нь хэзээ ч чацархайн уг хүрэхгүй гэмтэл учрах байсан.

Түүнчлэн хүний арьсанд учирсан урагдал нь эмч Сандуйгийн мэдүүлгээр тэлэх бол шинжээч эмч Гэрэлмаагийн мэдүүлгээр агших байдлаар мөн л эргэлзээтэй байдал үүссэн.

Дээрх нөхцөл байдлууд нь Г-ийн биед учирсан шархыг хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан хутгаар үүсгэсэн эсэхэд бодит эргэлзээ төрүүлж байна.

Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг огт анхаараагүй бөгөөд шийтгэх тогтоолд “...чацархайд хатгагдсан шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна” хэмээн хутгаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг үгүйсгэх, эргэлзээтэй байдал үүсгэсэн чацархайн уг хүртэл гэмтээсэн зай, хутганаас биологийн ул мөр илрээгүй зэрэг үйл баримтуудыг огт үнэлээгүй. Энэ нь гэмт хэргийг хутгаар үйлдсэн гэх үйл баримтад хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой үйл баримтууд эргэлзээтэй, бүрэн нотлогдоогүй байхад гэм буруугийн талаар шүүх дүгнэлт гаргасныг харуулж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2, 1.4, 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд заасан хянаж, нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй прокурорын яллах дүгнэлтэд үндэслэн Э.Б-гийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн.

Түүнчлэн Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6, 7, 13-т заасныг тус тус зөрчиж авсан “...Буян-Өлзий байцаагч хэн хутгалсан юм бэ? гэж надаас асуусан. Би мэдэхгүй гэсэн. Гэтэл байцаагч за тэгвэл мэдэхгүй, санахгүй байна гээд хэлчихье гэсэн. Засаад өгчихөд болдог юм аа гэсэн. Чи эрүүлжүүлэхээс гармаар байгаа биз дээ” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судалсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн.

Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлуудыг Э.Б-д ашигтайгаар тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э.Б-д холбогдох хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Л.Оюунтуяа бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүхээс Э.Б-д ял шийтгэл оногдуулахдаа түүнийг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа ямар үндэслэлээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж байгаа талаараа огт дурдаагүйн зэрэгцээ, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж буй хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, хор уршгийг арилгах зэрэг хүсэл зоригоо илэрхийлж байгаа байдлыг ойлгоно.

Гэтэл шүүгдэгч Э.Б- нь мөрдөн байцаалтын шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа огт хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагчтай мэтгэлцэж оролцсон болох нь шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гаргаж байсан хүсэлт гомдол, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байтал шүүх үндэслэлгүйгээр түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гол үндэслэл нь хүндрүүлж буй нөхцөл байдал буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэсэн зүйлчлэлийн хувьд хохирогчид гэмтэл учруулсан зэвсэг, хэрэгсэл хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хураан аваагүй. Э.Б- нь хохирогчид гэмтэл учруулаагүй гэдэг дээр маргаагүй, гагцхүү нотлох ажиллагаа хуульд заасан журмын дагуу авагдаагүй байж надад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хэргийг зүйлчилж байгааг зөвшөөрөхгүй байна гэсэн байр суурьтай байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн ажиллагаа нь бусад нотлох баримтуудтай тохирч байгаа. Хохирогчийн биед учирсан гэмтлийн хэлбэр, хэмжээ нь хураан авсан гэх хутганы хэлбэр, хэмжээ, урт зэрэг нөхцөл байдлуудтай зөрдөг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, Э.Б-гийн эрүүл мэндийн байдал, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн буюу торгуулийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ авах зохицуулалттай. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх болон хяналтын журмаар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлаж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Багахүү, А.Ууганбаяр нарын гаргасан гомдол болон прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баян-Өндөр хотхоны 15 дугаар байрны авто машины гражид Г.Г-ийн хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах нууц ажиллагаанаас бусад хууль заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг мөрдөгч бие даан явуулах эрхтэй байдаг бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч хэн аль нь эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, улмаар шүүгдэгч Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-д ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг үндэслэл, журам, түүний зорилго, холбогдох хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хяналтын шатны шүүхэд хэлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...”-ийг хэрэглэх үндэслэл бүрдсэн эсэх талаар огт дүгнэлт хийлгүй, зөвхөн мөн хуулийн 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ийг дурдан ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд үүнд давж заалдах шатны шүүх ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх, торгох ялаар солих...” агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, прокурорын бичсэн “...анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” тухай эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Багахүү, А.Ууганбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                          С.БАТДЭЛГЭР

                          Ч.ХОСБАЯР

                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН