Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01661

 

 

 

 

 

 

 

   2023       08          25                                    210/МА2023/01661

 

 

Л.С-, Ч.У-, Л.О-, Л.ОБ- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01680 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.С-, Ч.У-, Л.О-, Л.ОБ- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ШШГЕГ-т холбогдох,

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.А-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Л.ОБ-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.А-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаартай тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Юмжирмаагийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23060055/09 дугаартай төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан бөгөөд түүнд хуульд заасан эрхийн дагуу гомдол гаргасан. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн дарга, хурандаа С.Г-ын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/289 дугаартай албан бичгийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хуульд заасан эрхийн дагуу гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.А-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаартай тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу нэг сар орчим хугацааны дараа хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх шат дараалсан үйл ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дараах байдлаар ноцтой зөрчсөн. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Юмжирмаагийн 2023 оны 03 дугаар сар 01-ний өдрийн 23060055/09 дугаартай төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлах боловч 59.1, 59.2, 59.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүд тодорхойлоогүй байна.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар хорих ангийн дарга, хурандаа С.Г-ын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/289 дугаартай албан бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан ахлах шийдвэр гүйцэтгэгч биш бөгөөд өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлж хуулийн ноцтой алдаа гаргажээ.

Батлан даагч нарын шүүхийн шийдвэрт заасан үүрэг үүсэх хугацаа эхлээгүй үүрэг үүсээгүй байхад үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар байх зарчмыг баримтална гэж хязгаарлах, энэрэнгүй, шуурхай тодорхойлсон бөгөөд мөн 5 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэлийг Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж тодорхойлсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шийдвэрийг зөрчиж албадлагын арга хэмжээ авах нь үндэслэлгүйгээр хэрэгжүүлсэн хууль бус ажиллагаа болно.

Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 7384 дугаартай тогтоолыг хүчингүй болгож бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “...төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх болон бусад үүрэг хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно” гэж заасныг үндэслэн хуваарийн дагуу хариуцагч тал төлбөрийг төлөөгүй. Тус шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/Ш32022/00690 дугаар захирамж, мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дүгээр захирамжаар Ч ХХК, Л.О-, Ч.У-, Л.О-, Л.С-, Л.ОБ- нараас 3,110,972,650 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж төлбөр төлөгч нарт гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэж, түдгэлзүүлэх саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5, 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7684 дугаар тогтоолоор гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч Л.О-, Л.О-, Л.С-, Л.ОБ- нар Ч ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид бөгөөд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэлд энэ талаар тусгаж мэдэгдсэн. Мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 134/ШШ2020/00024 дугаар захирамжаар Ч ХХК-аас 146,220,674 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр биелэгдээгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд төлбөр төлөгч Л.О-, Л.С-, Л.ОБ-, Ч.У- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ШШГЕГ-т холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.А-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.О-, Л.ОБ-, Ч.У-, Л.С- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Л.ОБ-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.б. Ч ХХК нь Голомт банкинд төлөх төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс үүдэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагааг хуулийн дагуу эхлүүлэх үндэслэлтэй маргаагүй. Өөрөөр хэлбэл, тус албадан гүйцэтгэх үйл ажиллагаа нь эвлэрлийн гэрээнд заасан, шүүгчийн гүйцэтгэх хуудсын дагуу байх ёстой. Учир нь төлбөр төлөх хуваарийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэх үндэслэл боловч эвлэрлийн гэрээний бусад заалтуудыг бүхэлд нь үгүйсгэх, хүчингүй болгох боломжгүй. Эвлэрлийн гэрээнд хуваарийг зөрчсөн тохиолдол хүлээх хариуцлага үүрэг нь тодорхой тусгасан. Голомт банк, Ч ХХК-ийн хоорондын эвлэрлийн гэрээ, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 134/ШШ2022/00091 дугаартай захирамжид тодорхой тохиролцсон буюу хуваарьт хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхой заасан. Гэтэл шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээний заалтуудын дагуу албадлагын арга хэмжээ авах байтал батлан, даагч, барьцааны гэрээний үүргээр төлбөр төлөгчөөр оролцсон иргэдийн үүргээс давуулан эрх хязгаарласан гэж үзэж байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална” гэж тодорхойлсон бөгөөд мөн 5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэлийг “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж тодорхойлсон. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрх буюу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 7684 дугаартай шийдвэрээр хязгаарлагдсан гадаад зорчих эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Л.С-, Ч.У-, Л.О-, Л.ОБ- нар нь хариуцагч ШШГЕГ-т холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.А-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дугаар шүүгчийн захирамжаар Ч ХХК, Л.О-, Ч.У-, Л.О-, Л.С-, Л.ОБ- нар нь  3,168,900,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тодорхой хуваарийн дагуу “Голомт банк” ХК-д төлөх, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталжээ. /хх 19-25/

 

2.а. Төлбөр төлөгч нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу мөн өдөр 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

  /хх 16-18,26/

 

3. Нэхэмжлэгч Л.С-, Ч.У-, Л.О-, Л.ОБ- нарт “Голомт банк” ХК-д шүүхийн шийдвэр гарснаас хойш нийт 3,110,972,650 төгрөг гаргуулах тухай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.5-д зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, тэдгээрийг дуудан ирүүлэх зэрэг ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн байна./хх 27-39/

 

3.а. Мөн хариуцагч нь төлбөр төлөгч нарыг хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байгаа тул тэдгээрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч нарт мэдэгдэж, улмаар Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 7684 дугаар тогтоолоор төлбөр төлөгч нарыг гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна. /хх45, 64/

 

4. Төлбөр төлөгч нарыг шүүхийн шийдвэрийг биелүүлж удаа дараа төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн байх ба төлбөр төлөгч нар төлбөрийг төлөөгүй тул тэдгээрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэж заасантай нийцжээ.

 

4.а. Иймд төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн 7684 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй  талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж заасан байна.

 

5.а. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 134/ШШ2022/00091 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагч Голомт банкны гаргасан хүсэлтийг үндэслэн, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 134/ШЗ2022/00690 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу 134/ГХ2022/00120 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд уг захирамж нь төлбөр төлөгч нар эвлэрлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчсөн учраас албадан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн агуулгатай байна.

 

5.б. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар хуваарийн дагуу төлбөр төлөхгүй байгаа үндэслэлээр хариуцагч талаас шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан мэдэгдлүүдээр тогтоогдож байх бөгөөд уг төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээр дурдсанчлан төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг хязгаарласан арга хэмжээ авагдсан байна.

 

5.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “...эсхүл төлбөр төлөгчид тогтмол хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх болон бусад үүрэг хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно” гэж заасан тул төлбөр төлөх эцсийн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан гэх гомдол үндэслэлгүй.

 

6. Иймд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтыг буруу хэрэглэснийг өөрчилж зөвтгөнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Л.ОБ-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2023/01680 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “59 дүгээр зүйлийн 59.1.1” гэснийг “122 дугаар зүйлийн 122.5” гэж, өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.ОБ-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ