Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 201/МА2023/00024

 

  *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 02-ны өдрийн 138/ШШ2023/0451 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******эд холбогдох,

Өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15, 2022 оны хаврын төл мал унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15, бүгд 27,295,000 төгрөгийн үнэ бүхий 185 толгой мал, автомашины үнээс 2,143,000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1,428,000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1,571,000 төгрөг,

мөн хүү *******д ногдох хэсэг болох адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24 , ямаа 12, борлон 15, 2022 оны хаврын төл мал болох унага 2, хурга 24, ишиг 15, бүгд 14,545,000 төгрөгийн үнэ бүхий 123 толгой мал, автомашины үнээс 2,143,000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс 1,428,000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс 1,571,000 төгрөг, 7,690,000 төгрөгийн үнэ бүхий таван ханатай хуучны гэр, модон авдар, зургийн хос жааз, хөлдөөгч, модон ор, телевизор, нарны зай, хөлдөөгчийн хамт, шүүгээ, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар буюу нийт 59,814,000 төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3, 520.4, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 530 дугаар зүйлийн 530.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх заалтуудыг үндэслэн хууль ёсны өвлөгчид бид өвлүүлэгчийн бүх өвлөгдөх эд хөрөнгөөс оногдвол зохих өвийн эд хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

...Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар талийгаачийн 6 хүүхэд нь хууль ёсны өвлөгчид мөн. Дээр нь 7 дахь өвлөгч нь талийгаач Д.Дархижав, ******* нарын өсгөсөн, тэдний асрамжид байсан хүү ******* юм. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00650 дугаар шийдвэрээр хүү *******г өвөө *******ын асрамжид байсан болохыг тогтоосон.

...Нэхэмжлэгч нь өв хүлээн авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан боловч маргаантай гэсэн шалтгаанаар бүгдэд нь өвлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй байгаа. Дээрх 7 өвлөгч талийгаач ******* гуайн хөрөнгийг хуульд заасны дагуу тэнцүү хувааж авах эрхтэй. Хариуцагчийн хариу тайлбараас харахад ...аав приус-20 автомашинаа хүү *******од гэрээсэлж үлдээсэн гэсэн байсан. Гэвч албан ёсны гэрээслэл огт байхгүй байна. Нэхэмжлэгч нь ...гэрээслэл, данс бүртгэл, дэвтэр нь байхгүй болчихсон, Батсүх, бусад ах эгч нар гаргаж өгөхгүй байна... гэж яриад байдаг. Тиймээс албан ёсоор улсын тоо бүртгэлд бүртгэгдсэн мал, автомашин, гэр, гэрийн эд хогшил, олох ёстой байсан орлого ашиг, төл, ноос ноолуурын үнэ зэргийг нэхэмжилсэн. Малын үнэлгээний тухайд *******ийн гаргасан үнэлгээн дээр хоёр тал аль аль нь маргаагүй. Зөвхөн өвлөх эрхтэй эсэх, малын тоон дээр маргадаг. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй мөртлөө одоо амьдарч байгаа байрны асуудлаар аав, ээжийн минь хашаа байшинг хуйвалдан үгүй хийж байр авсан гэх байдлаар маргаан үүсгээд байдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хөрөнгө гэдгээ нотлох баримтыг шүүхэд өгсөн байгаа. Тиймээс ******* нь талийгаачийн үлдээсэн өв хөрөнгөөс өөрт болон хүүдээ ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. гэжээ.

2. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нар хариу тайлбартаа:

Би энэ айлын том хүү, 1 эгч, 4 дүүтэй. Аав өнгөрөхөөсөө өмнө өөрөө захиж байсан ганц зүйл нь аавынх нь мал дотор ах дүү, найз нөхөд, үр хүүхдийн минь мал байгаа. Тэрийг нь өгөөд, үлдсэнийг нь дүү нартайгаа эн тэнцүү хувааж аваарай гэсэн. Үүний дагуу би айлын том хүү учраас энэ асуудалд оролцсон юм. Мөн манай хотонд бүх мал байсан учраас би малыг нь хуваарилж өгөхгүй бол болохгүй байсан. 2020 оны намраас аавын бие муудсан учраас би малчин аваад өөрийн 500 гаруй малаа тусад нь маллуулдаг байсан. Тэгээд үндсэндээ Бадамсүрэн, Батсүх, Батболд, аавын мал гээд нийт 1600, 1700 орчим малыг манай малчин хардаг байсан. Нэлээд хүнд жил болж олон мал үхэж үрэгдсэн. Бид өөрсдөө мал дээрээ очиж чаддаггүй байсан учраас ганц хүнээр харуулчихаад хороолоо, үрэгдүүллээ гэж хэлж болохгүй шүү дээ.

Аав ******* нь хүнд өвчнөөр өвчилж байгаад 2021 оны 01 сарын 27-ны өдөр насан эцэслэсэн. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор аав *******ын нэр дээр адуу 75, үхэр 41, хонь 350, ямаа 226, нийт 692 толгой мал тоологдсон байдаг. Энэ нийт малын тоон дотор ах дүү, найз нөхөд, үр хүүхдүүдийнх нь мал тоологдсон байсан.

...Аав минь биднийг 2021 оны 01 сарын 18, 19-нд дуудаж уулзсан нь үнэн. Түүнийг Бадамцэцэг үгүй гэж бодоод байх шиг байна. Тэр үед ахын дүүгийн ганц хийж чаддаг ажил нь Хорлоо эгчтэй маргалдаад, аавын минь хөрөнгөөс авах гээд байна гэсэн зарга хийгээд л явсан. Сүүлийн 10 гаруй хоног аав чамтай уулзаж, учирлаж юм яриагүй учир нь энэ шүү дээ. Зарим нэг нь уулзсан юм бол бичээд авахгүй яасан юм гэж байх шиг байна. Өтгөс буурлаа өнгөрөх гэж байхад та машинаа Болдод өгөх гэж байгаа бол энд гарын үсгээ зурчих гээд байж байх уу. Эсвэл дуу хураагуур бариад зогсож байх уу. 01 сарын 18, 19-нд биднийг цуглуулж уулзахдаа хүний 5, 10 мал байгаа, түүнийг нь өгөөрэй гэж хэлж захисан юм.

...Бид *******гаа манайд байдаггүй, манай хүн биш гэж хэлээгүй. Манай голомтын зээ мөн. *******д юм өгөхгүй гэж яриагүй. Гэрийн доторх эд хогшлоос өгнө. Харин хуульд гэрийг өгнө гэж заагаагүй байна.

...Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баталж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.3, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 2020 оны мал тооллогын баримтыг үндэслэн энэ жилийн төл 2, өнгөрсөн жилийн төл 3,  2 настай адуу 1, 4 настай адуу 4 буюу нийт 5,300,000 төгрөгийн үнэ бүхий 10 адуу,  энэ жилийн төл 20 буюу 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хонь, энэ жилийн төл 7, өнгөрсөн жилийн төл 5 буюу 495,000 төгрөгийн үнэ бүхий 12 ямаа болон ноолуурын үнийн ногдох хэсэг 727,143 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т, мөн *******д ногдох хэсэг  энэ жилийн төл 1, өнгөрсөн жилийн төл 3,  2 настай адуу 1, 4 настай адуу 3 буюу нийт 4,300,000 төгрөгийн үнэ бүхий 8 адуу, энэ жилийн төл 20, өнгөрсөн жилийн төл 11, 2 настай хонь 19 буюу 5,630,000 төгрөгийн үнэ бүхий 50 хонь, энэ жилийн төл 7, өнгөрсөн жилийн төл 9, 2 настай ямаа 16 буюу 3,095,000  төгрөгийн үнэ бүхий 32 ямаа болон 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 727,143 төгрөгийг тус тус гаргуулан хууль ёсны төлөөлөгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,539,714 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 455,910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, дутуу төлсөн 144,320 төгрөгийг *******ээс гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 264,321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШЗ2022/01680 дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,... шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан адил тэгш хуваарилах ёстой гэсэн заалтыг зөрчиж, энэ зарчмын эсрэг шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Аав маань амьд сэрүүн ахуйдаа малчны зээл, тэтгэврийн зээл дарах, эм тариа, хоол хүнс, үр хүүхдүүд, ач, зээ нартаа адуу 4, үхэр 11, хонь 53, ямаа 33 бүгд 101 толгой малын зарлага өөрөө шийдвэр гаргаж хийсэн байдаг. Үүнийг гэрч *******, Д.Бадралмаа, Д.Бадамсүрэн, *******, Д.Нэргүй мөн малчин Б.Болор-Эрдэнэ нар батлан мэдүүлсэн.

Дүү *******ийн нэхэмжлэлийн дагуу шүүхээс гаргасан шийдвэртэй танилцахад аав маань эм тариа, хоол хүнс огт хэрэглээгүй байж байгаад насан эцэслэсэн юм шиг харагдаж байна. Тэр ч бүү хэл үр хүүхдүүд бид нар нь буяны ажлыг нь ах дүү, найз нөхдийнх нь хандиваар өнгөрөөсөн болж байна. Өөрийнх нь өв хөрөнгө малаас гаргуулан өөрт нь зориулдаг монгол ёс заншил уламжлалын дагуу малаас нь борлуулж хэрэглэсэн байдаг. Аав маань малаа тусдаа малчнаар маллуулж байгаад 2020 оны 10 сараас эхлэн биеэ муудаж эхлэх үед манай суурьт авчирсан.

Миний хувьд аавын нэр дээр тоологдож байсан найз нөхөд, үр хүүхдүүд, ач, зээ нарынх нь нэртэй малыг эздэд нь хүлээлгэн өгөөд үлдсэн 230 хонь, 130 ямааг нь эгч, дүү нартайгаа эн тэнцүү хувааж авсан. *******ээс бусад 5 эгч, ах нар нь аавын суурьт өөрсдийнх нь болон найз нөхдийнх нь мал аавын нэр дээр тоологдож байсныг мэддэг учраас өв хувааж авахад маргаан үүсгээгүй байдаг. Мөн ямар үндэслэл, нотлох баримтаар аавын нэр дээр тоологдож маллагдаж байсан тавиул малыг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Аавын захиасыг үндэслэн *******д 2 адуу, 10 үхэр мөн адилхан өгч байсан. Тэгвэл энэ 12 толгой бод мал бид 6 өвлөгчид мөн хуваагдах ёстой болж байна.

Аавын малаас үлдсэн 230 хонь, 130 ямааг 6 өвлөгч хуваан авсан. Хэрэв *******д хөрөнгө хуваах бол өвлөгч тус бүрээс 5 хонь, 3 ямаа гаргуулж өгөх нь зүйтэй. Ноолуурын мөнгөнөөс 5 эгч, дүү, бэр нартаа 4.3 сая төгрөгөөр ээмэг авч өгсөн. Тэрнээс биш надад байхгүй, эзэн нь аваад явсан малыг миний хөрөнгөнд халдаж гаргуулна гэж шүүх тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн гаргасан тогтоол нь 2020 оны жилийн эцсээр тоологдсон 692 толгой малаас нь ямар ч зарлага хорогдол гараагүй гэж үзээд 7 хуваасан байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Учир нь *******, ******* нарт адуу 75, үхэр 41, хонь 350, ямаа 226 нийт 692 толгой малаас өв тооцоод бусад өвлөгч болох үлдсэн 5 хүнд үлдсэн 230 хонь, 130 ямаанаас өв тооцсон байхыг зөв үндэслэлтэй гэж байгаа нь хуульд заасан өвлөгч нар эн тэнцүү хувааж авах эрхийг зөрчсөн байна. Мөн гэрчүүдийн мэдүүлгийг харж үзэж уншиж тогтоохгүй нэхэмжлэгч талд илт давуу байдал олгож шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. гэжээ.

5. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч ******* гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна, анхан шатны шүүх адил тэгш хуваарилах ёстой гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна гэв.

6. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 6 хуудас тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж би үзэж байгаа гэв.

7. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага гарахдаа хууль зүйн үндэслэлүүдийг маш тодорхой дурдсан. ...Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан адуу 10, даага 3, үхэр 5, бяруу 2, хонь 50, төлөг 24 , ямаа 32, борлон 15 нийт 25,035,000 төгрөгийн үнэ бүхий 141 толгой мал, автомашины ногдох хэсэг 2,143,000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1,428,000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1,571,000 төгрөг, мөн өвлөгч *******гийн өвлөх эд хөрөнгө адуу 9, даага 2, хонь 20, төлөг 24, ямаа 12, борлон 15 нийт 12,835,000 төгрөгийн үнэ бүхий 82 толгой мал, автомашины ногдох хэсэг 2,143,000 төгрөг, 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1,428,000 төгрөг, 2022 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 1,571,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны хаврын төл мал болох унага 3, тугал 2, хурга 24, ишиг 15 нийт 2,260,000 төгрөгийн үнэ бүхий 44толгой мал гаргуулах, мөн өвлөгч *******д ногдох хөрөнгө болох 2022 оны хаврын төл мал болох унага 2, хурга 24, ишиг 15 нийт 1,710,000 төгрөгийн үнэ бүхий 41 толгой мал, таван ханатай хуучны гэр, модон авдар, зургийн хос жааз, хөлдөөгч, модон ор, телевизор, нарны зай, хөлдөөгчийн хамт, шүүгээ, мөнгөн хэрэглэлтэй эмээл, хазаар тус тус гаргуулах тухай нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 4. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд зохигчдын төрсөн эцэг Баатарын Доржхорол нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нас барсан,

-Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар *******ын нэр дээр Prius маркийн 7040 ДОА улсын дугаартай автомашин бүртгэлтэй,

-Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогоор ******* нь 692 толгой мал, 2021 оны тооллогоор ******* нь 1010 толгой мал тус тус тоолуулсан,

-Хариуцагч ******* нь 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч ******* болон түүний хүү *******д 2 адуу, 10 үхэр, 30 хонь, 20 ямаа буюу нийт 62 толгой мал өгсөн үйл баримтууд тогтоогдсон байна.

5. Анхан шатны шүүх *******ын төрсөн 6 хүүхэд болох Д.Бадралмаа, *******, Д.Бадамсүрэн, *******, Д.Нэргүй, ******* болон Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2022/00650 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн насанд хүрээгүй хүү *******г 2007 оны 2 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл өвөө Хэрээд овогт Баатарын Доржхоролын асрамжид амьдарч байсан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн түүний эд хөрөнгөөс *******г өвлөх эрхтэй гэж үзэж өвлүүлэгчийн эд хөрөнгийг хууль ёсны 7 өвлөгч адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

6. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.4 дэх хэсэгт зааснаар хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй бөгөөд хариуцагч ******* нь ... өвлүүлэгч эцэг *******ын захиасын дагуу таван ханатай гэр, гэрийн эд хогшил, автомашиныг дүү *******од өгсөн, мөн бусад хүмүүсийн тавиул малыг өгөөд, үлдсэн малаа ах, дүү нараараа хуваан авсан, ямар нэгэн маргаан гараагүй. ... гэж тайлбарлаж байгаа ч өвлүүлэгч гэрээслэл үлдээсэн гэдгийг баримтаар нотолж чадаагүй байна.

 7. Хэрэгт цугларсан бичгийн баримтаас *******ын нэр дээр 2020 оны жилийн эцсээр 692 толгой мал тоологдсон, түүнийг нас барснаас хойш 2021, 2022 онуудад хэдэн мал төллөсөн, хэдэн толгой мал бусдад шилжсэн, бэлэглэсэн, хүнсэнд хэрэглэсэн, худалдаж борлуулсан, үхэж хорогдсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх 692 толгой мал, 2011 оны ноолуурын үнэ 6,000,000 төгрөгөөс ажлын хөлс 910,000 төгрөгийг хасч, үлдэх 5,060,000 төгрөгийн ногдох хэсгийг өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах эд хөрөнгө гэж тогтоосон нь Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

8. Зохигч талууд малын үнэлгээний талаар маргаагүй тул Дорнод аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан Малын жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай үнэлгээг анхан шатны шүүх баримталсныг үгүйсгэх боломжгүй.

 9. Нийт 7,690,000 төгрөгийн үнэ бүхий гэр болон гэрийн эд хогшил, Prius-20 маркийн 7040 ДОА улсын дугаартай автомашин нь гэрч *******ын эзэмшил, ашиглалтад байгаа болох нь хариуцагч болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, 2021 онд 10,000,000 төгрөгийн, 2022 онд 11,000,000 төгрөгийн ноолуур худалдсан талаар нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байх тул хариуцагч *******ээс шаардах эрхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

10. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******ээс *******ын нэр дээр тоологдсон 2020 оны мал тооллогын баримтыг үндэслэн энэ жилийн төл 2, өнгөрсөн жилийн төл 3, 2 настай адуу 1, 4 настай адуу 4 буюу нийт 5,300,000 төгрөгийн үнэ бүхий 10 адуу, энэ жилийн төл 20 буюу 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хонь, энэ жилийн төл 7, өнгөрсөн жилийн төл 5 буюу 495,000 төгрөгийн үнэ бүхий 12 ямаа болон ноолуурын үнийн ногдох хэсэг 727,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т, мөн *******д ногдох хэсэг энэ жилийн төл 1, өнгөрсөн жилийн төл 3, 2 настай адуу 1, 4 настай адуу 3 буюу нийт 4,300,000 төгрөгийн үнэ бүхий 8 адуу, энэ жилийн төл 20, өнгөрсөн жилийн төл 11, 2 настай хонь 19 буюу 5,630,000 төгрөгийн үнэ бүхий 50 хонь, энэ жилийн төл 7, өнгөрсөн жилийн төл 9, 2 настай ямаа 16 буюу 3,095,000 төгрөгийн үнэ бүхий 32 ямаа болон 2021 оны ноолуурын үнээс ногдох хэсэг 727,143 төгрөгийг тус тус гаргуулан хууль ёсны төлөөлөгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгө болон мөнгийг нийт мөнгөн дүнгээр тооцон 38,539,714 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.3-т заасантай нийцжээ.

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 138/ШШ2023/000451 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,321 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ц.ЭРДЭНЭЗУУ