Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0337

 

“Х” ХХК-ийн захирал Л.А-ы

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, М.Н, гуравдагч этгээд “Д О” ХХК-ийн захирал Д.Б-О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Д нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Д О” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн захирал Л.А-ы нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Д О” ХХК давж заалдах гомдолдоо: “...Дээрх шийдвэр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэг. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: “Захиргааны  ерөнхий хуулийн 43, 32 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүргийг захиргааны байгууллага зөрчсөн гэж үзэж байна” гэсэн дүгнэлт хийсэн бөгөөд ямар захиргааны актыг хэрхэн гаргахдаа хэнд мэдэгдэх ёстой байсан нь ойлгомжгүй байна.

Мөн Үндэслэх хэсэгт “... Засаг дарга А/400 захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “... хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “... хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д “33.1.11-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1 29.2 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус анхаарч үзэх ёстой байжээ” гэж үзээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан шийдвэр гаргажээ. Үүнээс Засаг даргын А/400 захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох аль  зүйл заалтыг хэрхэн зөрчсөн гэж шүүх үзээд, хүчингүй болгосон нь харагдахгүй байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн зориулалттай байна.

Уг захиргааны хэргийн хэргийн хүрээнд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай холбоотой маргаан огт үүсээгүй. Маргаан бүхий захиргааны акт нь манай “Д О” ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн доор байрлах, урьд нь эзэмшиж ирсэн газрыг хүчингүй болгох асуудал яригдаж байна. Шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаад хууль зөрчсөн буюу хууль бус байвал хүчингүй болгох үндэслэлээ тодорхой зааж өгөх ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг дурдсан боловч чухам аль заалтыг зөрчсөн гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. 

Хоёр. Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох зохицуулалттай. Маргаан бүхий газар нь “Х” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны явцад “Х” ХХК-ийн захирал Л.А-ы “...өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авахдаа газраа эзэмшиж аваагүй, урьд нь ч эзэмшиж байгаагүй гэсэн” мэдүүлэг зэргээс тодорхой тогтоогдсон байгаа.

Тухайлбал, шинжээчийн дүгнэлтэд “Х” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байгаагүй гэдэг нь “... Хэрлэн сумын Засаг даргын 1992 оны 13 тоот захирамжаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хивсний үйлдвэрийн урд талд “Х” ХХК-д 17 га газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ гэрчилгээ олгосон байна. Энэхүү газрын байршил нь одоогийн Үүрийнтуяа хотхоны чанх урд байрлалтай...” гэж огт өөр газрыг л эзэмшиж байсан, уг өөр байршилд байгаа газрын гэрчилгээ ашиглан маргаан бүхий газрын дээрх үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг өмчлөх эрхийн  гэрчилгээ гаргуулж авсан байна” тодорхой дүгнэсэн. Гэтэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч  “Х” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд огт дурдагдаагүй байдаг. Газар эзэмших эрх үүсээгүй байсан тул “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна.

Гурав. Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Шийдвэрийн Үндэслэх хэсэг “....”Х” ХХК нь Дорнод аймгийн засаг даргад холбогдуулан ... Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны ... А/400 дугаар захирамжаар хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ийн өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг хүлээн аваад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байгаа болно” гэж хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг Дорнод аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 599 тоот албан бичгээр мэдсэн. Уг албан бичгийг гарсан өдөр нь өөрөө хүлээж авсан гэдгээ шүүх хуралдааны явцад хэлсэн. Ийнхүү маргаан бүхий актыг мэдсэнээсээ хойш 3 сарын дараа иргэний хэргийн шүүхэд, 4 сарын дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хугацаа хэтрүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй, аль шүүхэд хандахаа мэдэхгүй байсан талаараа нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг. Ийнхүү нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн, хугацаа хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэт нэг талыг баримтлан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр захын зүүн хойд талд байрлах 4069 м.кв газрыг “Д О” ХХК-д “Албан контор, агуулахыг зориулалт”-аар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч уг А/400 дугаар захирамжийн 5 дахь заалтыг эс зөвшөөрч “хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган “... манай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилгын доорх ойролцоо эзэмшлийн газрыг “Д О” ХХК-д давхардуулан хууль бусаар эзэмшүүлсэн, хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа тус газар дээрх обьектыг судалж үзээгүй, газар дээр хийсэн хэмжилтүүд хоорондоо зөрүүтэй ... 1990 оны барилга угсралтын 3 дугаар ангийн бүртгэлд уг объект байсан ... өмч хувьчлалын гишүүдийн хуралдааны 83.1 хувийн саналаар 55.000 төгрөгөөр “Х” ХХК авч байсан, 1990 оноос эхлэн эзэмшээд 2005 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... “Х” ХХК 710 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2005 онд авсан байдаг боловч уг барилгын доорх газрыг эзэмшиж аваагүй, газрын кадастрын мэдээллийн сан, жижүүрлэлтийн зурагт тэмдэглэгдээгүй, тус складад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосныг газар, түүний хэвлийг эзэмших эрх олгосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй ... тухайн үед Өмч хувьчлалын комисс өмчийн баланс үнийн дүнг харсан эсэх нь мэдэгддэггүй, хүсэлт өргөдөлд нь үндэслэн газар эзэмшлийг тогтоож захирамж гаргаж газрыг эзэмшүүлсэн, ... объектыг бүрнээр нь зааж байсан ... баг гаргаж шинжээчийн дүгнэлт гаргасан ... аймгийн Засаг даргын захирамж хууль зөрчөөгүй ...” гэж, гуравдагч этгээд “Д О” ХХК “... Анх уг газрыг Хэрлэн сумын Засаг даргын 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийн 071400009 тоот гэрчилгээгээр 60 жилийн хугацаатай эзэмшиж, гэрээ байгуулан манай компанид эзэмшүүлсэн, хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасны үндсэн дээр манай компанид уг газрыг А/400 дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээг шинэчлэн эзэмшүүлсэн, уг захирамж хууль зөрчсөн зүйл байхгүй, ... анхнаасаа энэхүү объект манай компанийн объект байсан ... “Х” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй, ... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Х” ХХК-д А/400 дугаар захирамжийг мэдэгдсэнээс хойш иргэний хэргийн шүүхэд 4 сар, захиргааны хэргийн шүүхэд 5 сарын дараа нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл, маргааны үйл баримтуудын талаар дурдаж эцэст нь “... Захиргааны ерөнхий хуулийн 43, 32 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, холбогдох баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүргийг захиргааны байгууллага зөрчсөн ... хууль бус захирамж гаргасан ... Засаг даргын үйлдлийг зөвтгөх боломжгүй, төрийн захиргааны байгууллага буруутай үйл ажиллагаагаа зөвтгөх үйлдэл хийгээгүй ... аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг анхаарч үзэж ёстой байсан ... А/400 тоот захирамж /хавсралтын 5 дахь заалт/ нь хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй, утга агуулгын хувьд алдаатай, захирамжийг гаргах бодит нөхцөл байдал, зөрчлийг шалган тогтоогоогүй, захиргааны байгууллага газрын гэрчилгээ олгох ёстой боловч үүргээ биелүүлээгүй, ... чиг үүргийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулсан болох, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх, үүнтэй холбоотой баримт байхгүй ..., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй, хариуцагч шийдвэрийг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, ... акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь нотлогдож байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус, ойлгомжгүй, шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Тодруулбал, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэрт тусгах үүрэгтэй байтал анхан шатны шүүх маргааны үйл баримт болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тоочин бичиж, Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй, шийдвэр үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргаан бүхий захирамжийг хууль бус гэж үзэх болсон шалтгаан үндэслэлээ тайлбарлаагүй энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эдгээр алдаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Тухайлбал,  шүүх “... маргаан бүхий А/400 тоот захирамж /хавсралтын 5 дахь заалт/ нь хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй, хэрэглэвэл зохих ёстой хуулийг хэрэглээгүй, утга агуулгын хувьд алдаатай, захирамжийг гаргах бодит нөхцөл байдал, зөрчлийг шалган тогтоогоогүй, захиргааны байгууллага газрын гэрчилгээ олгох ёстой боловч үүргээ биелүүлээгүй, ... чиг үүргийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулсан болох, хууль бус эс үйлдэхүй гаргасан эсэх, үүнтэй холбоотой баримт байхгүй” гэж дүгнэсэн байх боловч хариуцагч захирамжийг гаргахдаа ямар хуулийн шаардлагад нийцүүлээгүй, аль хуулийн ямар заалтыг баримтлах ёстой байсан талаар заагаагүй, ямар шалтгааны улмаас утга агуулгын хувьд алдаатай болсон, ямар нөхцөл байдал, зөрчлийг шалгах ёстой байсан талаар огт тайлбарлаагүй, хариуцагчийн тэрхүү алдааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар шийдвэртээ тодорхой тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт Дорнод аймгийн Архивын тасгийн 2007 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 185 дугаар албан бичиг[1]-ээр “Д б” ХХК-д газар эзэмшүүлсэн тухай баримт байхгүй талаар мэдэгдсэн, “Д б” ХХК-д 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 56541 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон Хэрлэн сумын Засаг даргын захирамж нотлох баримтаар авагдаагүй зэргээс үзвэл гуравдагч этгээдийн газар эзэмшлийн асуудал тодорхой бус байхад шүүх тухайн байгууллагын архивын баримт бичигт үзлэг хийж, уг газрыг 1998 оноос өмнө эзэмшүүлсэн шийдвэр гаргасан эсэхийг тодруулаагүйгээс гадна “Д О” ХХК-д маргаан бүхий актаар газар эзэмшүүлэх үед хариуцагч ямар баримтад үндэслэснийг буюу “Д б” ХХК-ийн эзэмшиж байсан 56541 м.кв газартай холбоотой баримтыг цуглуулах, мөн Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн “Д О” ХХК-д 4069 м.кв газрын олгосон нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамж[2]-ийн хавсралтын 7-д заасан “Д О” ХХК-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 0.81 га газарт хамаарч байгаа эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Х” ХХК анх ямар шалтгаан үндэслэлийн улмаас маргаж буй газарт байрлах складыг эзэмшиж, ашиглах болсон, тус компани бусдаас эзэмшиж буй үл хөдлөх шилжүүлэн авсан эсэх зэрэг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаан бүхий газар түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг хэрхэн эзэмшиж ашиглаж, өмчилж ирсэн талаарх баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт анх өмч хувьчлалаар өмч эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүссэн байдлыг буюу үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх хэрхэн үүссэн шалтгаан үндэслэлийг, нэхэмжлэгч газар эзэмших талаар эрх бүхий этгээдэд хандаж байсан байдлыг, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэрхэн үүссэнийг, мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тус тус шалгаж, нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаж буй захиргааны актын улмаас хөндөгдсөн эсэх, маргаан бүхий актын холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгосноор нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт бий болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн маргаан бүхий захиргааны акт 2012 онд гарсан байхад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэл болгон дүгнэлт хийх боломжтой эсэхийг шүүх анхаарвал зохихыг тэмдэглэв.

Дээр дурдагдсан анхан шатны шүүхийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд засч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127/ШШ2019/0004 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Д О” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Ц.ЦОГТ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ 

 


[1] 1ХХ-15, 50, 51 дүгээр хуудас

[2] 1ХХ-ийн 9 дүгээр хуудас