Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:116/2018/0004/З

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Х.Эрдэнэтуяа, Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х Т”ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдох

            Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А-, өмгөөлөгч З.Н, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Д-, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн М.Н-, иргэдийн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х Т”ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хэрлэн сум 6 дугаар багийн нутаг дэвсгэр хивсний үйлдвэрийн урд /хуучнаар/ шүр захын зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилгыг 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн улсын бүртгэлийн V-0614003858 дугаартай, №000109497 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэйгээр манай компанид хууль ёсоор олгосон.

Гэтэл өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилгын доорх газрыг 2012 оны А/400 тоот захирамжаар, мөн захирамжийн хавсралтын 5-д заасан 4069м2 газрын эзэмшигчээр “Дорнод Онон” ХХК-д хамруулж хууль бусаар эзэмшүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн 3 дугаар заалтанд “Дорнод Онон” ХХК-ны эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч, газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Д-т зөвшөөрсүгэй гэж заасан байхад манай компанид мэдэгдэлгүйгээр “Дорнод Онон” ХХК нь манай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөний доорх, ойролцоо эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилдээ уг захирамжаар оруулан тооцсон байна.

Иймд аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамжийн хавсралт 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Дорнод аймгийн Чойбалсан хотын “Шүр” захын зүүн хойно тоосгон агуулахтай бөгөөд уг агуулахын өмчлөгч болохоо 2005 онд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, банкнаас зээл авдаг байсан. 2017 онд банкнаас зээл авах гэтэл эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс гадна газар эзэмших эрхийн гэрчилгээ шаардлагатай гэсэн тул газар эзэмших асуудлаар аймгийн газрын албанд хандсан. Тэгэхэд тухайн агуулахын газрыг “Дорнод Онон” ХХК-д аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжаар эзэмшүүлсэн гэсэн хариу өгсөн. Энэ тухай мэдээд шүүхэд хандсан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

            Тухайн обьект нь оросууд байх үед ашиглагдаж байсан, олон хаалгатай том агуулах бөгөөд баруун болон зүүн талын хэсэг нь “Дорнод Онон” ХХК-ийнх, голын хэсэг нь манай компанийн өмчлөлийнх юм. Ийм байхад “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Б- нь тухайн обьектын газрыг бүхэлд нь эзэмших эрх авсан нь хууль бус байна. Аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжийн 3 дахь заалтад, “Дорнод Онон ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгөх”-ийг заасан тул үүний дагуу нягталж, шалгах ёстой байсан гэж үзэж байна.

            Манай компани өмнө нь тухайн агуулах байрлах газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, уг газрыг эзэмших эрх аваагүй байсан. Газар эзэмших хүсэлтээ хэдийд ч гаргах эрхтэй гэж бодож байна.

            Иймд тоосгон агуулахын газрыг бүхэлд нь “Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Уг заалтыг хүчингүй болгосноор манай компани өөрийн агуулахын доорх болон орчны газрыг эзэмших боломжтой болно гэж үзэж байна” гэв.         

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай холбогдуулан, нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулья гэхгүйгээр, зөвхөн өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн доорх болон орчны газрыг эзэмшүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх санал гаргамаар байна. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх эрх олгогдоогүй, гуравдагч этгээдийн эрх хөндөгдөх үндэслэлээр эвлэрэх боломжгүй байгаа тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээр байлгая. Өмнө шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо, захиргааны актыг хууль бус гэж үзэх болсон шалтгаан, үндэслэлээ тайлбарлаагүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй, мөн зарим нотлох баримтыг бүрдүүлээгүй байна гэж  дүгнэсэн.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь уг агуулахыг 1992 оноос эхлэн эзэмшиж ашиглаж ирсэн, хойд талд нь вагон ирж зогсоод ачаа буулгадаг, урт том склад байсан, эд нар зүүн баруун хоёр талаас нь орж, юм хадгалж, агуулахын зориулалтаар ашигладаг байсан. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс өмнө, 7 жилийн өмнө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан байсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд, тухайн агуулах нь нэхэмжлэгчийн өмч гэдгээр явсан байгаа.

“Дорнод барилга” ХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээ нь 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон гэрчилгээнд 56541 м2 гэж байдаг бол үүнийг аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжаар 6 хэсэгт салгаж олгосныг нэмж үзэхэд 57921 м2 болдог. Үүнд 1380 м2-ын зөрүү гарч байна. Нэхэмжлэгчийн хувьд 710 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн газраа л авна гэсэн хүсэлтэй байгаа.

Маргаан бүхий захирамжийг гаргахдаа тухайн газар дээрх барилга байгууламжийн өмчлөгч нь хэн хэн болох, агуулахын хэмжээ, заагийг тогтоох ажиллагаа хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-, М.Н- нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжпэлдээ Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр хивсний үйлдвэрийн урд /хуучнаар/ шүр захын зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилгын доорх газрыг аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжаар “Дорнод Онон” ХХК-д хууль бусаар олгосон гэж дурдсан бөгөөд тус асуудлын хүрээнд газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага буюу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас лавлагаа тайлбар мэдээлэл авахад “Х Т”ХХК нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий үл хөдлөхийн гэрчилгээг 2005 онд авсан боловч уг барилгын доорх газрыг эзэмшиж аваагүй учраас газрын кадастрын мэдээллийн сан, жижүүрлэлтийн зурагт тэмдэглэгдээгүй гэж дурдсан байна.

“Хөх тугт" ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 710 м2 талбай бүхий складын үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-0611003858 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон бөгөөд энэ нь газар түүний хэвлийг эзэмших эрх олгосон эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй.

Тухайн газрын асуудлыг зохицуулсан салбарын хууль буюу Газрын тухай хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тусгайлан зохицуулж, тус хуулийн 34.1 дэх заалтад газрын асуудал хариуцсан мэргэжпийн байгууллага буюу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр буюу захирамжийг үндэслэн тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэдэг. Мөн тус компанид газар эзэмших эрх олгосон эрх бүхий Засаг даргын шийдвэр байхгүй болох нь аймгийн архивын тасгийн лавлагаа, мэдээллээс харагддаг.

Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А- нь Шүр захын зүүн хойд талд байрлах агуулахын зориулалттай барилгын газраа эзэмших эрх аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс хэн нэгний эзэмшилд байгаагүй газрыг  аймгийн Засаг дарга “Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлсэн байна. Үүнтэй хэргийн оролцогч нарын хэн нь ч маргадаггүй.

Нэхэмжлэгч “Х Т”болон гуравдагч этгээд “Дорнод Онон” компаниуд нь тухайн газарт хоёулаа үл хөдлөх хөрөнгөтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байдаг. Эдгээр компаниуд энэ асуудлаар хоорондоо маргаантай байгаа тул маргаан нь шийдвэрлэгдсэний дараа газрын асуудлыг нь шийдвэрлэж болно гэсэн байр суурьтай байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь гуравдагч этгээдэд олгосон 4069 м2 газрыг хүчингүй болгуулах тухай байгаа, үүнд нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд хамааралгүй газрууд ч байгааг шүүх анхаарна уу” гэв.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөх тугт, Дорнод Онон ХХК-иудын үл хөдлөх хөрөнгийн маргаан нь шийдвэрлэгдвэл үүнийг үндэслэн газрынх нь ялгаа заагийг гаргаж өгч болно.

Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трест нь 1990-1992 онд тарж бутрахдаа дур дураараа бичиг баримтуудаа авч, хуваагдсан байдаг. Үүнээс болж хожим нь олон маргаан гарсныг сонсож дуулж байсан.

Энэ хэрэгт 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх анхаарна уу. Нэхэмжлэгч нь 2012 оны байдлаар газраа эзэмших талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй байдаг. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхгүй.

Хоёр компани хоорондоо хэлэлцэж тохироод эвлэрээд ирвэл газрын асуудлыг нь шийдвэрлэж өгөх боломжтой” гэв.

Гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-ийн захирал Д.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай компани хүсэлт гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны А/400 тоот захирамжаар манай "Дорнод-Онон” ХХК-ийн ззэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээгээ авсан.

Анх уг газрыг Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар, газар эзэмших эрхийн 071400009 тоот гэрчилгээтэйгээр эзэмшиж байсан.

Хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хүсэлт гаргасны үндсэн дээр манай компанид уг газрыг эзэмшүүлсэн бөгөөд үүнд хууль бус зүйл байхгүй.

Захирамжийн дагуу газар эзэмшсэнээс хойш хуульд заасны дагуу газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварыг тухай бүр тасралтгүй төлсөн.

Газар эзэмших гэрээнд заасан үүргээ хуулийн дагуу биелүүлсээр байна.

“Х Т”компани дээр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэргийн материалтай танилцах явцдаа олж мэдлээ. Дээрхи хөрөнгө манай компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд одоо хүртэл байдаг, анх 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр "Дорнод барилга” ХК-ийн нэр дээр нэр бүхий 6 объектын гэрчилгээ гарсан бөгөөд 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээгээр 1209 м.кв “Тоосгон агуулах”-ын зориулалттайгаар манай “Дорнод-Онон” ХХК-д олгосон. /2005 “Дорнод барилга” ХК-ийн хувьцааг 100 хувь худалдаж авснаар “Дорнод Онон” ХХК-д нэгтгэсэн бөгөөд холбогдох баримтуудыг хэргийн явцад гаргаж өгнө.

Харин “Х Т”ХХК үл хөдлөхийн гэрчилгээтэй гэдгийг хэргийн материалаас олж мэдсэн бөгөөд компани хуулийн дагуу шилжүүлээгүй тул уг компанийн эзэмшиж байгаа 2005 оны гэрчилгээг хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын тухайд манай компани зохих журмаар эзэмшиж байгаа тул аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

“Х Т”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

     Иргэдийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Гуравдагч этгээд “Дорнод Онон” компанид эзэмшүүлсэн 4069 м2 газраас нэхэмжлэгч “Х Т”компанийн 710 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А- нь Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжаар “Дорнод Онон” ХХК-ийн эзэмшил газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохоор шийдвэрлэж, эдгээр газруудын байршил, хэмжээ, зориулалт, газар эзэмшүүлэх хугацаа, хүчингүйд тооцох акт зэргийг захирамжийн хавсралтад тусгасан ба нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А- нь уг хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаан бүхий захирамжийн хавсралтын уг 5 дахь заалтад, “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Дорнод худалдаа” ХК-ийн “Шүр” захын зүүн хойд талд байршилтай, албан контор, агуулахын зориулалттай, 4069 м2 хэмжээтэй газар, эзэмшүүлэх хугацаа 15 жил” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь, уг 4069 м2 талбай бүхий газар дээр “Х Т”ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох агуулахын барилга мөн байрладаг байхад газрыг бүхэлд нь гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлснээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж тайлбарлаж байна.

 Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамж, түүний хавсралтын 5 дахь заалт болон тухайн газрын байршлын кадастрын зураг[1] зэргээс үзэхэд, гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлсэн 4069 м2 газар дээр үргэлжилсэн урт барилга обьект байрладаг нь тогтоогдож байгаа ба тухайн барилга нь социализмын үед Дорнод аймагт оросын барилгын байгууллага ажиллаж байх үед ашиглагдаж байсан,  баруун талын хэсэгт 2 давхар конторын зориулалттай, түүнээс залгаад 4 том хаалгатай, хойно болон урд талдаа ачаа ачих, буулгах тавцан бүхий, агуулахын зориулалттай тоосгон барилга, мөн зүүн талд нь залгаад “шифр”-эн гэх агуулах /агуулахын нийт  урт 109.5 м/ байгаа нь шүүхээс хийсэн үзлэг[2] болон хэрэгт цугларсан бусанд нотлох баримтаар тогтоогдсон болно. Уг обьектын дунд хэсэгт байгаа, ногоон цэнхэр өнгөөр будсан хэсэг нь “Х Т”ХХК-ийн өмчлөлийн агуулах гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дугаар захирамжийн 3 дахь заалтад “Дорнод Онон” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээ, байршил, заагийг тогтоон өгч, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Д.Д-/-т зөвшөөрсүгэй” гэж заасныг хэрэгжүүлээгүй, тухайн захирамжийг манай компанид мэдэгдээгүй” гэж   тайлбарлаж байгаа нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл биш байна.

Нэхэмжлэгч нь Шүр захын зүүн хойд талд байрладаг тоосгон агуулахын хэсгийг 1990-ээд оноос эхлэн эзэмшсэн, өмчлөх эрхээ 2005 онд улсын бүртгэлд бүртгүүлж, 000109497 тоот гэрчилгээ авсан, харин тухайн барилгын доорх болон орчны газрыг эзэмших эрх аваагүй байсан, тухайн обьектын газар эзэмших асуудлаар захиргааны байгууллагад 2017 оны 10 дугаар сард хандсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт нь 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Тухайн цаг хугацаанд, нэхэмжлэгч “Х Т”ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000109497 тоот гэрчилгээтэй барилга обьектын газраа эзэмших хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаагүй байсан, нөгөөтэйгүүр гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК нь тухайн барилга обьект буюу Шүр захын зүүн хойд талд байрлах тоосгон агуулахын  өмчлөгч болохоо /109.5 м урттай, нийт 2288.34 м2 талбай бүхий агуулахыг бүхэлд нь өмчилдөг гэж/  2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд  бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд[3]-ийг авсан байсан байна. Маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн цаг хугацаанд нөхцөл байдал ийм байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан,  А/400 дугаар захирамжийг гаргахдаа “нэхэмжлэгч “Х Т”ХХК-д мэдэгдээгүй, нягталж шалгаагүй” гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гуравдагч этгээд "“Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлсэн 4069 м2 газрыг бүхэлд нь хүчингүй болгуулахгүйгээр зөвхөн өөрийн үл хөдлөх хөрөнгөд хамаарах газрыг эзэмших гэсэн санал, хүсэлт гаргасан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгоогүйгээс гадна тухайн эвлэрлээс гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх учраас шүүх эвлэрлийг батлах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй.

Мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч “Хөх тугт”, гуравдагч этгээд “Дорнод Онон” ХХК”-иуд нь хоёулаа тухайн обьектын өмчлөх эрхийн гэрчилгээтэй бөгөөд өмчлөлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсэн тохиолдолд түүнийг нь үндэслэн “Дорнод Онон” ХХК-д эзэмшүүлсэн 4069 м2 газрын асуудлыг өөрчлөн шийдвэрлэх боломжтой гэж тайлбарласан ба өмчлөгч тогтоох маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг; “Х Т”ХХК-ийг 710 м2 талбайтай агуулахын өмчлөгчөөр бүртгэсэн 2005 оны бүртгэл болон улсын бүртгэлийн 000109497 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг[4] захиргааны хэргийн анхан шатны өөр шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн захирал Л.А-ы гаргасан, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.БАЛЖМАА

 

                                ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭТУЯА

 

                                ШҮҮГЧ                                                Б.БАЯРЦОГТ

 


[1] 1 дүгээр хавтаст хэрэг 14 дүгээр тал

[2] 2 дугаар хавтаст хэрэг, 100-105 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэрэг, 232-233, 235 дугаар тал, 2 дугаар хавтаст хэрэг, 102, 113 дугаар тал

[4] “Дорнод Онон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг