Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2023/00028

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 сарын 02-ны өдрийн 138/ШШ2023/00544 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч *******т холбогдох 12,261,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө. Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2022 оны 4 сарын 28-нд 10,000,000 төгрөг, 5 сарын 03-нд 1,000,000 төгрөг, 5 сарын 06-нд 6,000,000 төгрөг, 5 сарын 11-нд 3,500,000 төгрөг, 5 сарын 16-нд 2,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг мал худалдан авна, эмчилгээнд явах боллоо, ах, дүү нарт яаралтай мөнгө хэрэг болсон гэх мэтээр чат бичээд зээлж авсан. Гэтэл тухайн зээлсэн мөнгөө өгөлгүй өдийг хүрлээ. Иймд хариуцагч *******ээс 22,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... 2022 оны 5 сарын 23-ны өдөр авсан 1,000,000 төгрөгийг хасаж, 21,500,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэжээ.

2. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар хариу тайлбартаа: Миний бие *******оос 2019 оны 4 сарын 15-нд чат бичин 3,000,000 төгрөг зээлж, 2019 оны 5 сарын 29-нд эргүүлэн төлсөн. Энэ мэтээр 2022 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 363,450,000 төгрөгийг зээлсэн. *******оос зээлсэн мөнгөөр иргэн Г-ээс зээлсэн зээлээ төлөн, тэр хүнээсээ буцаан зээлж *******оос зээлсэн мөнгөө төлөх байдлаар явдаг байсан бөгөөд 2019 оны 5 сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 сарын 09-ний өдрийг хүртэл нийт 378,306,700 төгрөгийг буцаан төлсөн. *******той утсаар холбогдон зээл хүссэн бөгөөд бичгээр гэрээ байгуулж, хүү тохирсон асуудал байхгүй. ...Дансны хуулгаа шүүж үзэхэд 14,856,700 төгрөгийг илүү төлсөн болохоо мэдсэн. *******той бичгээр гэрээ байгуулж хүү тохирсон удаа байхгүй учир энэ хүнээс зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн гэж үзэж байна. Иймд 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Мөн хуульд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой. Талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан, хүү өгөхөөр тохирсон зүйл байхгүй учир хүү яригдахгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талууд  аман хэлцэл хийсэн байдаг.  2022 оны 5 сарын 03-нд өгсөн 1,000,000 төгрөгөөс татгалзсан байна. Хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгаас нийт зээлсэн болон төлсөн мөнгөний дүн харагддаг. Эдгээр мөнгийг хүүтэй зээлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд 2022 оны 4 сарын 28-наас мөн оны 7 сарын 09-ний өдрийг хүртэл нийт 34,761,000 төгрөг төлсөн байна. 2022 оны 4 сарын 28-аас мөн оны 5 сарын 30-ны хооронд 30,558,000 төгрөгийг төлж, нэхэмжилж буй дүнгээс 8,081,000 төгрөгийг илүү төлсөн харагдаад байгаа юм. Тиймээс хариуцагч 21,500,000 төгрөгийг бүрэн төлж дууссан байна гэж бид үзэж байгаа. Нэхэмжлэгч сая зарим мөнгийг хадам дүүгийнхээ, ээжийнхээ, нагацынхаа нэрээр авсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Адилбишээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэж байна. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлдээ ...******* нь 2022 оны 4 сарын 28-ны өдрөөс 7 сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн дансанд нийт 34,761,000 төгрөг шилжүүлсэн. 4 сарын 29-нд 550,000 төгрөг, 5 сарын 02-нд 5,516,000 төгрөг, 5 сарын 05-нд 1,010,000 төгрөг, 5 сарын 10-нд 5,040,000 төгрөг, 5 сарын 12-нд 8,960,000 төгрөг, 5 сарын 13-нд 8,905,000 төгрөг, 5 сарын 30-нд 600,000 төгрөг буюу нэхэмжлэлд дурдсан хугацаанд 30,581,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлээс 8,081,000 төгрөгийг илүү төлсөн. 6 сарын 06-нд 1,000,000 төгрөг, 6 сарын 08-нд 770,000 төгрөг, 6 сарын 10-нд 350,000 төгрөг, 6 сарын 17-нд 1,000,000 төгрөг, 7 сарын 09-нд 1,060,000 төгрөг буюу нэхэмжлэлд дурдсан хугацаанаас хойш нэмж 4,180,000 төгрөгийг төлсөн байна. Үндсэн нэхэмжлэлд дурдсан 22,500,000 төгрөгөөс гадна нийт 12,261,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид илүү төлсөн байгаа нь талуудын харилцах дансны гүйлгээгээр нотлогдож байна. Иймд илүү төлсөн 12,261,000 төгрөгийг нэхэмжилсэн. ... Одоо сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,750,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан нийт 9,511,000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.

4. Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2022 оны 4 сарын 29-нд 550,000 төгрөг өгсөн нь 2022 оны 3 сарын 30-нд ээжийнхээ нэрээр 500,000 төгрөг зээлж авсныгаа хүүтэй нь буцааж төлсөн.  2022 оны 5 сарын 02-нд 5,516,000 төгрөг өгсөн нь 2022 оны 4 сарын 01-нд нагац эгч Оюунзулынхаа нэрээр зээлж авсан 5,000,000 төгрөгийг хүүтэй нь буцааж өгсөн.  2022 оны 5 сарын 05-нд 1,010,000 төгрөг өгсөн нь 2022 оны 5 сарын 03-ны өдөр маргааш эргүүлж өгнө гээд авсан 1,000,000 төгрөгөө өгсөн.  2022 оны 5 сарын 12-нд 8,960,000 төгрөг өгсөн нь 2022 оны 4 сарын 06-нд хадам дүүгийнхээ нэрээр зээлж авсан 8,000,000 төгрөгийг хүүтэй нь өгсөн.  2022 оны 5 сарын 13-нд 8,905,000 төгрөг өгсөн байгаа нь үдээс хойш буцааж өгнө гээд 8,900,000 төгрөгийг тухайн өдөр аваад, тэр өдрөө эргүүлж хийсэн мөнгө юм.  2022 оны 5 сарын 30-нд 600,000 төгрөг өгсөн нь одоо нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөгийн хүү гэж хийсэн мөнгө юм. Мөн 2022 оны 6 сарын 06-нд хүү гэж 1,000,000 төгрөг хийсэн. 2022 оны 6 сарын 08-нд 770,000 төгрөг өгсөн нь 2022 оны 5 сарын 31-нд Оюунзул эгчийнхээ нэрээр 750,000 төгрөг авч, 770,000 төгрөг болгож хийсэн мөнгө юм. 2022 оны 6 сарын 10-нд 350,000 төгрөг өгсөн нь 2022 оны 5 сарын 11-нд дүү *******ы нэрээр 3,500,000 төгрөг авч, тухайн мөнгөнийхөө хүү гэж хийсэн. 2022 оны 6 сарын 17-нд 1,000,000 төгрөг өгсөн байгаа нь хадам дүүгийнхээ нэрээр авахад нь би нөхрийнхөө данснаас явуулж, түүнийг буцааж өгсөн мөнгө юм. 2022 оны 7 сарын 09-нд 1,060,000 төгрөг өгсөн байгаа нь хамгийн сүүлд 2022 оны 6 сарын 21-нд 1,000,000 төгрөг авч, түүнийгээ 1,060,000 төгрөг болгож хийсэн мөнгө юм. Тиймээс би өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

5. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 сарын 02-ны өдрийн 138/ШШ2023/00544 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 21,500,000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос 4,111,000 /дөрвөн сая нэг зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******ид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,142 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 265,450 төгрөгийг гаргуулан *******т, нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 80,726 төгрөг, төсвийн орлогоос илүү төлсөн 16 төгрөгийг гаргуулан *******ид тус тус олгож,... шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэрийн уг заалт нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангаж 4,111,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэхдээ ... талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар ******* нь хүү авах эрхээ алдсан тул ... хүүнд төлсөн 4,111,000 төгрөгийг төлөх үүрэггүй гэж үзжээ. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүхээс үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх зохицуулалттай юм байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн дүнгээс шүүхээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн дүн нь тухайн үедээ талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрөөд үнийн дүнг тооцоод төлсөн дүн байгаа.

Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, тус тусдаа тохиролцсон, тусдаа зээлүүд /... ээжийнхээ, нагац эгч Оюунзулынхаа, хадам дүүгийнхээ нэрээр авсан зээлээ буцааж төлсөн/ эргэн төлөгдөж байгаа баримтууд л байсан. Талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрч, төлснийг буцаан гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэрийг эс зөвшөөрч байна.

1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь талд үндсэн шаардлагыг хангасан үндэслэлээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос 2022 оны 4 сарын 28-нд 10,000,000 төгрөг, 5 сарын 03-нд 1,000,000 төгрөг, 5 сарын 06-нд 6,000,000 төгрөг, 5 сарын 11-нд 3,500,000 төгрөг, 5 сарын 16-нд 2,000,000 төгрөг нийт 22,500,000 төгрөг зээлж 2022 оны 5 сарын 05-нд 1,000,000 төгрөгийг буцаан төлж 21,500,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. гэж дүгнэхдээ нотлох баримтуудыг хэт нэг талыг баримталж үнэлсэнтэй холбоотой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар мөнгө зээлсэн, зээлсэн мөнгийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд буцаан төлсөн баримт авагдсан. Анхан шатны шүүх зөвхөн дээрх төлсөн мөнгө нь нэхэмжилж байгаа мөнгөнд хамаарахгүй гэсэн баримтаар нотлогдоогүй тайлбараар нэхэмжлэлийг хангасан. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн төлсөн мөнгө, мөн илүү төлсөн мөнгө нь аль хугацаанд тооцогдох талаар ямар нэгэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байхад шүүх ямар нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь тодорхойгүй, шүүх нотлогдоогүй үйл баримтыг дур зоргын байдлаар нотлогдсон гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 34,761,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэлд дурдсан хугацааны зээлийн төлбөр биш гэдгийн нотолж, тогтоож чадаагүй, мөн илүү төлөгдсөн 13,261,000 төгрөгийг ямар нотлох баримтаар төлбөр биш гэж үзсэнээ үндэслэл бүхий тайлбарлаагүй атлаа хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарыг үнэлээгүй орхигдуулсанаас шүүх хэргийг тал бүрээс нь бодитой нотолж, тогтоогоогүй нь харагдана.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Шийдвэрийн 7-р талд ******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны зээлүүдээс төлөөгүй, өөр цаг хугацаанд зээлсэн мөнгөө төлсөн болох нь тогтоогдож байна. гэж дүгнэсэн. Хэрвээ өөр цаг хугацааны төлбөр гэдгийг анхан шатны шүүх тогтоосон бол аль хугацааны зээлийн төлбөр гэдгийг үндэслэл бүхий шийдвэртээ дурдах ёстой. Энэ нь талуудын мэтгэлцэх зарчмыг хангах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй шууд хамааралтай. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчийн төлсөн 34,761,000 төгрөг нь аль зээлүүдэд хамааралтай болохыг тогтоосон ганц ч санхүүгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, баримтыг аваагүй атлаа хэт хийсвэрээр нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үндсэн нэхэмжлэлийн 21,500,000 төгрөгөөс илүү төлөгдсөн 13,261,000 төгрөг юуны төлбөр болохыг ч мөн дүгнэж шийдвэрлээгүй орхигдуулсан.

3. Сөрөг нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүх 4,111,000 төгрөгийг хангаж, 8,150,000 төгрөгийг хангахгүй орхихдоо яагаад хангаагүй талаар нотлох баримт, хуульд үндэслэж огт тайлбарлаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн илүү төлсөн 13,261,000 төгрөгийг үгүйсгээгүй, яагаад илүү төлбөр авсан талаар сөрөг нэхэмжлэлийг няцаасан нотлох баримтын татгалзлаа огт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын ХААН банкны дансны хуулгаар 13,261,000 төгрөг илүү төлсөн нь хангалттай нотлогдсон үйл баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй байгаагаас хариуцагчийн эдийн засгийн эрх чөлөө дордож байна.

Сөрөг нэхэмжлэл нь дансаар тогтоогдсон илүү төлсөн хүүний гэх төлбөрөө нэхэмжилсэн ба шүүх хуульд зааснаар хүү төлөхөөр талууд тохиролцоогүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн. Гэтэл шүүх илүү төлсөн төлбөрийн 4,111,000 төгрөгийг хүү гэж үзэж үлдсэн 8,150,000 төгрөгийг зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хүү биш гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч илүү төлсөн 12,261,000 төгрөгийг аль зээлийн төлбөр болох талаар ямар ч тайлбар гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцаагаагүй байхад анхан шатны шүүх дээрх илүү төлсөн төлбөрийг ямар үндэслэлээр хариуцагчийн хууль ёсны эд хөрөнгө биш тул нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч нэгэнт баримтаар илүү төлсөн нь нотлогдож байхад анхан шатны шүүх хүү биш гэж үзсэн эсэх нь тодорхойгүй хэт ерөнхий байдлаар дүгнэж 8,150,000 төгрөгийг хангаагүй орхигдуулсан нь нотлох баримтыг шүүх тал бүрээс нь үнэлээгүй, нэг талыг баримталж, нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтыг байгаа мэтээр дүгнэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 21,500,000 төгрөг гаргуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ... ******* 2022 оны 4 сарын 28-ны өдрөөс 7 сарын 09-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчийн дансанд нийт 34,761,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн нэхэмжлэлд дурдсан 22,500,000 төгрөгөөс гадна илүү төлсөн 12,261,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба 2,750,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэгчээс 9,511,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн гэрээг амаар байгуулсан, нэхэмжлэгч нь 2022 оны 4 сарын 28, 5 сарын 03, 06, 11, 16-ны өдрүүдэд ХААН банкин дахь ******* тоот данснаас 5 удаагийн гүйлгээгээр нийт 22,500,000 төгрөгийг ХААН банкин дахь хариуцагчийн ******* тоот дансанд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй, хариуцагч нь ... зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү төлөх үндэслэлгүй, ... үндсэн нэхэмжлэлийн 22,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, ... илүү төлсөн мөнгөө нэхэмжилнэ. ... гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн талаар ... сөрөг нэхэмжлэлд бичсэн зээлүүд нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй. гэж тус тус маргажээ.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчид 22,500,000 төгрөг зээлдүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчид 34,761,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тэдгээрийн тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, нэхэмжлэгч *******ын ...хариуцагч нь 2022 оны 3 сарын 30-нд зээлсэн 500,000 төгрөгийг 4 сарын 29-нд 550,000 төгрөг, 2022 оны 4 сарын 01-нд зээлсэн 5,000,000 төгрөгийг 5 сарын 02-нд 5,516,000 төгрөг, 2022 оны 5 сарын 03-нд зээлсэн 1,000,000 төгрөгийг 5 сарын 05-нд 1,010,000 төгрөг, 2022 оны 3 сарын 04-нд зээлсэн 4,500,000 төгрөгийг 5 сарын 10-нд 5,040,000 төгрөг, 2022 оны 4 сарын 06-нд зээлсэн 8,000,000 төгрөгийг 5 сарын 12-нд 8,960,000 төгрөг, 2022 оны 5 сарын 13-нд зээлсэн 8,900,000 төгрөгийг тухайн өдөртөө 8,905,000 төгрөг, 2022 оны 6 сарын 01-нд зээлсэн 750,000 төгрөгийг 6 сарын 08-нд 770,000 төгрөг, 2022 оны 6 сарын 21-нд зээлсэн 1,000,000 төгрөгийг 7 сарын 09-нд 1,060,000 төгрөг болгож тус тус төлсөн. Мөн 2022 оны 5 сарын 30-нд 600,000 төгрөг, 6 сарын 06-нд 1,000,000 төгрөг, 6 сарын 10-нд 350,000 төгрөгийг хүүнд төлсөн. 2022 оны 6 сарын 17-нд 1,000,000 төгрөг өгсөн нь би нөхрийнхөө данснаас явуулж, түүнийг буцааж өгсөн мөнгө юм, сөрөг нэхэмжлэлд дурдсан зээлүүд нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй... гэж тайлбарласныг хариуцагч няцааж чадаагүй, мөн хариуцагч нь ... нэхэмжлэгчээс авсан зээлээ бүгдийг төлсөн гэсэн татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

7. Иймд анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг харьцуулан үзэж, хариуцагч 34,761,000 төгрөгийг төлөхдөө үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлүүдээс төлөөгүй, өөр цаг хугацаанд зээлсэн мөнгөө буцаан төлсөн гэж дүгнэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 21,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 12,261,000 төгрөгөөс хүүнд төлсөн гэх 4,111,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж хариуцагчид олгон, үлдэх 8,150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцсэн байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү авах эрхгүй байх бөгөөд хариуцагчийн хүүнд тооцож төлсөн 4,111,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 сарын 02-ны өдрийн 138/ШШ2023/00544 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,726 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 306,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Ц.ЭРДЭНЭЗУУ