Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01736

 

 

 

 

 

 

 

   2023       09          11                                    210/МА2023/01736

 

 

Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/02805 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, түүний өмгөөлөгч Б.Б, Ч.Г, хариуцагч Д.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.Б- нь Т ББСБ ХХК-тай 14/41 тоот зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулж өөрийн өмч Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байр, 41а тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан 30,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, эргүүлэн төлсөн. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр барьцааны зүйлийн бүртгэлийг хялбарчлах зорилгоор 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14/41 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч уг зээлийг авснаасаа хойш зээл, тооцогдсон хүүгийн ямар нэгэн төлбөр төлөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сард хандсан боловч Д.Б- гадаад явсан тул шийдвэрлүүлэх боломжгүй болсон. 2022 оны 03 дугаар сард шүүхийн захирамжийн дагуу Д.Б-ийг эрэн сурвалжилж байсан цагдаагийн байгууллага түүнийг гадаадаас буцаж ирснийг мэдэгдсэн. Бид 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцоход хүү 205,632,000 төгрөг болон 25,387 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 41,126,400 төгрөг болон 5077 ам.доллар, үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр 327,758,400 төгрөг, 40,464 ам.доллар буюу ам.долларын ханшийг 3120 төгрөгөөр тооцоход 454,006,080 төгрөг болохоор байгааг хүлээн зөвшөөрч, үүний 50 хувийг төлбөрөөс чөлөөлөн 227,003,040 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлдэгч төлж барагдуулах, ийнхүү хэлэлцэн тохиролцсоноо эвлэрүүлэн зуучлах үйлчилгээгээр баталгаажуулахаар урьдчилан тохиролцож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Гэвч Д.Б- урьдчилан тохиролцсоноо эвлэрүүлэн зуучлалаар баталгаажуулахаас татгалзсан тул Д.Б-ээс 227,003,040 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байр, 41а тоот 2 өрөө орон сууцаар хангуулна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

            Миний бие Т ББСБ ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөг зээлж, уг зээлийн гэрээнд заасны дагуу манай нөхөр бүрэн төлж барагдуулсан. Нэмэлт гэрээнд манай нөхөр гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. 81,000,000 төгрөг болон 10,000 ам.долларыг би хүлээж аваагүй. Нэхэмжлэгч байгууллага нь хуурамч баримт бүрдүүлэн надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Манай нөхөр н.Б- нь нэхэмжлэгч компанийн захирал Нинаг таньдаг, эд нар хамтарч ажилладаг байсан. Намайг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эхнэр Нина дуудаж, зээлийн хүү өндөр болсон гэхээр нь очиж, гараар өргөдөл бичиж өгсөн. Би нөхөр н.Б-тай утсаар ярьж асуухад би авсан, зурчих гэж хэлсэн, танилын хүрээнд хийгдсэн, би нэг ч төгрөг хүлээж аваагүй, тохиролцооны журмаар надаар зуруулсан, мөнгөө хэдийд авсныг би мэдэхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дашдаваагийн Баярцэцэгээс 227,003,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26 дугаар байр, 41а тоот 2 өрөө орон сууцнаас хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,363,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 1,292,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх тул хариуцагч нь гэрээнд заасан үнийн дүнгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн байна. Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй төдийгүй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй болно.

4.б. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгчийн төлбөр төлөх үүрэг нь хариу үүрэг бөгөөд зээлдүүлэгч гэрээний дагуу зээлийн санхүүжилтийг бүрэн олгосноор буюу хуульд заасан “шилжүүлэх” үүргээ биелүүлсэн тохиолдолд зээлийг эргэн төлөх хариуцагчийн хариу үүрэг үүснэ. Гэтэл нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгийг хариуцагч миний бие хүлээж аваагүй, надыг хууран мэхэлж өмнө авсан буюу 2014 оны 03 сарын 18-ны өдөр холбогдох хуульд журмын дагуу өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа 30,000,000 төгрөгөөр үнэлүүлж авсан зээлийн өр төлбөртэй холбоотой нэмэлт гэрээ байгуулж, мөнгө хүлээж авсан эсэхээс үл хамааран заавал төлөх ёстой гэж дүгнэж, шийдвэрлэж байгааг хууль бус гэж үзэж байна.

4.в. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй буюу зээлийн гэрээнд заасан дүнг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэдгийг нотлох үүрэгтэй.

Миний байрыг 2014 онд 30,000,000 төгрөгөөр үнэлж байснаа 2017 онд 81,000,000 төгрөг, 10,000 ам.доллараар үнэлж зээл авсан гэж шаардаж байгаа нь үнэмшилгүй, бодит нөхцөлд нийцэхгүй байгаа нь хуурамч, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг нотолж байна. Үүнийг шүүх харгалзан үзэхгүй хэт нэг талын байр сууринаас хандаж, миний бие нэхэмжлэгчээс хүлээж аваагүй, хэрэглээгүй их хэмжээний өр төлбөр төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээг хуурч мэхэлж байгуулсан гэх гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шүүх хурал, сөрөг нэхэмжлэлд гаргаж байгаагүй. Ямар нэгэн хуурч мэхэлж хийсэн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй тул уг гомдол үндэслэлгүй байна. Гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг хүлээж аваагүй гэх гомдлын тухайд, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж, хүчин төгөлдөр гэрээ байгаа. Гэрээг хүчин төгөлдөр гэх асуудлаар талууд маргадаггүй. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гарын үсэг болох нь тогтоогдсон. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... зээлийг нөхөртэйгөө хамтарч авсан. Гэрээнд Д.Б- гарын үсэг зурсан гэж тайлбарладаг. Харин хэн зурсан нь мэдэгдэхгүй ордерыг гарын үсэг зурсан учраас Т ББСБ ХХК-д үлдсэн. Уг гарын үсгийг шинжлүүлэхэд Д.Б-ийн гарын үсэг биш байна гэж хариу гарсан боловч, нөхөр хүлээж авсан гэдэг дээр маргаан байдаггүй. 2017 онд дээрх зээлийн гэрээг хийснээс хойш буюу 2018 онд тухайн гэрээний үндсэн төлбөр болох 81,000,000 төгрөгийг, 10,000 ам.долларын үнийг төлнө, мөн зээлийн гэрээний хугацааг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч төлөөгүй. Энэ үйл явдлаар зээлийн гэрээний мөнгийг хүлээн авсан нь нотлогддог. Нэхэмжлэгч 2020 онд шүүхэд нэхэмжлэлээ гаргахад хариуцагч Монголд байхгүй байсан. Энэ талаар эрэн сурвалжилж байсан шүүгчийн захирамж нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Өмнө нь гаргаж өгөөгүйн улмаас шүүх хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүдийг хавсаргаж өгснөөр хөөн хэлэлцэх хугацааны асуудал шийдэгдсэн. Бусад үйл баримтыг дүгнэж шүүх шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 227,003,040 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “30,000,000 төгрөг зээлж, уг зээлийг бүрэн төлж барагдуулсан, 81,000,000 төгрөг болон 10,000 ам.долларыг хүлээж аваагүй тул төлөхгүй” гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч Т ББСБ ХХК-аас хариуцагч нь 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14/41 дугаар зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдэх, зээлийн барьцаанд хариуцагч Д.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015452 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны 41а тоотын 2 өрөө, 36,6 м.кв орон сууцыг барьцаалсан гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна./хх 5-6/

 

Мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өмнөх зээлийн гэрээгээр олгогдсон зээлийг төлж дуусгасныг эргүүлж олгох, зээлийн хугацааг өөрчлөх гэсэн агуулгатай зээлийн нэмэлт гэрээг байгуулж, Т ББСБ ХХК-аас Д.Б-т 81,000,000 төгрөг, 10,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, 4.0 хувийн хүүтэйгээр олгосон тухай зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна./хх 7/

 

4. Дээрх 2 гэрээний агуулгаас  үзвэл өмнөх буюу 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелэгдэж зээл, хүү бүрэн төлөгдөж дууссан эсэх, эсхүл өмнөх гэрээний үлдэгдэл төлбөл зохих дүнгээр тооцож, дараагийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт гэрээг байгуулсан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өмнө байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг үндэслэн дахин зээл олгосон гэрээ байгуулсан эсэх, эсхүл шинээр зээл олгосон гэх байдал тодорхой бус, нотлох  баримтгүй байхад  анхан шатны шүүхээс энэ талаар тодруулж, талуудыг  мэтгэлцүүлээгүй нь буруу болжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны нэмэлт гэрээний дагуу зээлийг бэлнээр олгосон гэх кассын баримт дээрх “зээл хүлээн авсан Д.Б-” гэх бичвэр нь хариуцагчийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна. Энэ тохиолдолд нөхцөлд уг зээлийн мөнгөн хөрөнгийг хэн хүлээн авсан нь тодорхой бус үлджээ.

 

Тодруулбал, хариуцагч нь “зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, нөхөр н.Б- нь авсан байж магадгүй, н.Н гэх этгээдтэй хамтран ажилладаг байсан, зээлийн мөнгийг ажилдаа хэрэглэсэн” гэх агуулга бүхий  тайлбар хийсэн байхад талуудаас уг этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эсэх талаар зохигчдод шүүхээс эрх үүргийг нь тайлбарлах замаар тодруулах ажиллагааг хийгээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд хэрэгт авагдаагүй байхад тухайн маргаантай хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь, дээрх зээлийн гэрээний өр авлагын талаар санхүүгийн тайландаа хэрхэн тусгаж, эрх бүхий байгууллагад хэрхэн тайлагнасан нь маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх тул энэ талаар тодруулах шаардлагатай.

 

6. Давж заалдах шатны нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагааг нөхөн гүйцэтгэх, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэж эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/02805 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,292,965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

  Ц.АЛТАНЦЭЦЭГ