Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0338

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Б.А, түүний өмгөөлөгч Т.М-Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0259 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Б-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0259 дүгээр шийдвэрээр: Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.6, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-аас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсгийг хүчингүйд тооцуулж, “Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдолдоо: “... 1. Хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 3 гишүүн оролцсон гэж шүүх үзсэн.

Гэтэл уг асуудлыг 2 гишүүн шийдвэрлэсэн ба нэг гишүүн уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцоогүй, санал өгөөгүй. Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 буюу “хуралдаанд гишүүдийн олонхи ирснээр хүчинтэйд тооцогдоно” гэсэн заалт хангагдаагүй гэж үзнэ. Хариуцагч нь Д.Э гишүүнийг хуралдаанд оролцсон, шалтгаангүй хуралдааныг орхин гарсан тул эсрэг санал өгсөнд тооцсон гэдэг ба хуульд ийм зохицуулалт байхгүй.

Нөгөө талаар хэлэлцэх асуудалд Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн асуудал байхгүй байсан тул хуралдааныг орхин гарах гэсэн ойлголт байхгүй. Хуралдааныг орхин гарна гэдэг нь товлосон асуудлаа хэлэлцэх тохиолдолд яригдах ойлголт болно.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг хуралдааны өмнө гишүүдэд тараахад Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн тухай материал тараагдаагүй болох нь хуралдааны явцыг бэхжүүлсэн аудио бичлэгт “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” асуудлыг илтгэгчээс хэлэлцүүлэх үед Д.Э гишүүний зүгээс “байхгүй зүйл яриад байгаа юм биш үү”, “хоёр материалын аль нь юм бэ” гэж ярьж лавлаж буйгаас харагддаг.

Мөн шүүх Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдааны дэгээ зөрчсөнийг тогтоож дүгнээгүй байдаг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгийн 2.10, 2.11-д “хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, холбогдох бусад материалыг... хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргүүлнэ, гишүүд ... материалтай бүрэн танилцаж, саналаа бэлтгэнэ” гэсэн байхад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааныг өмнөх өдөр нь буюу 01 дүгээр сарын 31-ний өдрийн даргын тушаалаар товлон зарласан байдаг. Мөн дэгийн 3.7-д “Зөвлөлийн гишүүн зөвхөн “зөвшөөрсөн”, “татгалзсан” гэсэн хоёр саналын аль нэгийг гаргана” гэж заасан ба гишүүн хоёр саналын аль нэгийг гаргаагүй байна.

2. Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.6 заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хуулийн 15.2-шийдвэрийн хүчинтэй байдал /5 гишүүний дор хаяж 3-ын саналаар/

Хуулийн 15.6-хуралдааны хүчинтэй байдал /гишүүдийн 3 ба дээш оролцсоноор/

Хариуцагчийн ойлгож буй хуралдааны хүчинтэй байдлын заалтаар шийдвэрийн хүчинтэй байдлыг ойлговол /3-аас 2-ын/ хоёр заалтыг тусдаа заах шаардлага байхгүй.

Хуулийн 15.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол батална” гэсэн нь санамсаргүй зохицуулалт /өнгөц тайлбарт дурдаад өнгөрөх/ биш юм. Эрх хэмжээний асуудал гэдэг нь зөвхөн нэг удаагийн хурал дээрх асуудал биш ба хуулийн 15.6-д “гишүүдийн олонхи ирснээр хүчинтэйд тооцох ба хуралдааныг нээлттэй явуулж, гишүүдийн санал хураалт илээр явагдана” гэсэн нь тухайн хуралдаанд хэрэгжих процесс байна.

Эдгээр заалтыг холбож ойлговол хуралдааныг 3 гишүүнтэй хийж болно, энэ  тохиолдолд 3 гишүүний санал нэг байж асуудлыг шийдвэрлэгдсэнд тооцож, тогтоол батална гэж байгаа билээ. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөл -Үндсэн хуулийн байгууллага, шийдвэр нь нийтийн эрх ашгийг хөнддөг, гишүүдийн тоо цөөхөн, хатуу тогтоогдсон байдагтай холбож үздэг.

Нөгөө талаар, хуралд оролцсон гишүүдийн олонхоор асуудлыг шийдэх бол энэ тухай хуульд тодорхой заасан байдаг. /Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6, Монгол улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Компанийн тухай хуулийн 80.6, 63.5 гэх мэт, нийтийн эрх зүйд ч, хувийн эрх зүйд ч/

Иймд хариуцагчийн хуралд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэр гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

З. Шүүх дээрх тогтоол С.Б-ын эрх ашгийг хөндөөгүй гэж шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Хуралдаанд хэлэлцүүлж нэр дэвшигч 4 хүний дундаас нэгийг сонгон авч, Ерөнхийлөгчид уламжилсан тогтоол гаргаж буй нь яаж нэр дэвшигчийн эрх ашгийг хөндөхгүй байх билээ, харин ч яагаад уламжилж буй хүнийг сонгох болов, өөрөөр хэлбэл Б.А сонгогдох болсон үндэслэлийг шүүх тодруулж шалгах байсан. Тогтоол болон хуралдааны тэмдэглэлд энэ үндэслэлийн талаар юу ч тусгагдаагүй. Энэ нь тогтоолын хүчин төгөлдөр бус байдлыг илтгэх нэг үзүүлэлт мөн юм. Миний хувьд сонгон шалгаруулалтын оноогоор 1-т жагсдаг билээ.

Шүүх тогтоол Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээнд нийцсэн гэж шийдвэрийн нэг үндэслэлийг заахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүнд орсон өөрчлөлтийг үндэслэл болгосон ба Их хурлын Тамгын газраас хууль хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл зэргийг шаардан авсан байх боловч энэ талаарх хэрэгт цугларсан баримтыг нэхэмжлэгч миний бие үзэж танилцаагүй.

Ийнхүү би хэргийн материалтай бүрэн танилцаагүй, миний мэтгэлцэх эрхийг хангаагүй. Шүүх хуралдаан дээр ямар ямар нотлох баримтыг шинжлэн судалсан нь тодорхойгүй, тэмдэглэлээс харагдахгүй байна.

Шүүх анхнаасаа “нэг гишүүн хурал орхиж гарсан, 3 гишүүн асуудлыг шийдвэрлэсэн” гэсэн таамагт хөтлөгдсөн байсан. Нэг гишүүн хурал орхиж гарсан нь ямар шалтгаантай байсан, товлоогүй асуудлыг хэлэлцсэн байж болох зэргийг шалгахыг зориогүй. Хүсэлт гаргаад байхад хэрэгт ач холбогдол бүхий гэрчийг асуух, гишүүдэд хуралдааны өмнө тараасан хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг гаргуулах хүсэлтийг хангаагүй. Дээрх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход, тухайлбал, хуралдааны дэгийг хэрхэн баримталсан, цаашлаад шийдвэрийн хүчинтэй байдлыг дүгнэхэд чухал ач холбогдолтой зүйл гэж би үзэж байсан болно.

Нэгэнт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны хэсэг хүчинтэй бус /2 гишүүнтэйгээр хуралдаж/ болж, уг хуралдаанаас 10 дугаар тогтоолыг хууль болон хуралдааны дэг зөрчиж гаргасан нь тогтоогдсон боловч шүүх дээрх алдааны улмаас нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгон, миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Шүүхийн захиргааны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Б “... шүүгч би Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд нэр дэвшин өрсөлдөж, улмаар Мэргэшлийн хороо, Хуульчдын холбооны дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдтэй хийсэн ярилцлагын дүнгүүд гарснаар нийт нэр дэвшигчдийн дотроос онооны байдлаар нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний  хоёр гишүүн нь албан тушаалаасаа чөлөөлөгдөж, гурван гишүүн үлдээд байсан үед буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажиллаж байсан 3 гишүүний нэг нь нэр дэвшигчийг тодруулах хуралдаанд тодорхой шалтгаанаар оролцоогүй, саналаа өгөөгүй байхад хоёр гишүүн хуралдаж асуудлыг шийдвэрлэсэн тул хуралдаан хүчинтэйд тооцогдож чадахгүй, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.6-д заасныг зөрчсөн ...” гэх үндэслэлээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд томилогдох нэр дэвшигчийн нэрийг тодруулах хэсгийг хүчингүйд тооцож, уг хуралдаанаас гарсан 10 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.6 дахь хэсгийн зохицуулалт нь гишүүдийн олонх буюу таван гишүүний гурав ба түүнээс дээшхи нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцох хуралдаан хүчинтэйд тооцогдох бүрэлдэхүүнтэй нөхцөлд хуульд заасан бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах эрхтэйг нэг мөр зохицуулсан.  Ерөнхий зөвлөлийн хуралдаан ирцийн шаардлага хангагдсан тул дэгийн дагуу эхэлсэн, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх явцад Д.Э гишүүн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах талаар санал гаргасан уг саналын томъёоллоор гишүүд санал хураалт явуулахад дэмжигдээгүй, улмаар санал гаргасан гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан. Зөвлөлийн хуралдааны дэгийн 3.7-д заасны дагуу зөвлөлийн гишүүн санал өгөхөөс түдгэлзэх эрхгүй,  ... зөвлөлийн хуралдаан нэгэнт эхэлсэн, ирцийн шаардлага хангагдсан, нэг гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааны дэг зөрчиж, хуралдааныг орхин гарсан нь хурлын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй тул тухайн гишүүний саналыг татгалзсанаар тооцож асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн ...” гэх тайлбарыг, гуравдагч этгээд Б.А  “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцож, олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн, 10 дугаар тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэл байхгүй, хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Д.Э гишүүн горимын санал гаргаж, уг саналын талаар хэлэлцэж санал хураагаад санал дэмжигдээгүй, өөрөө хурлыг орхиж гарсан, гарч явсан нь хуралдааны үйл ажиллагааг үгүйсгэх, хуралдааныг хойшлуулах үр дагавар болохгүй, хуульд олонх нь шийдэхээр зохицуулсан ...” гэх тайлбарыг тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүх “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалд саналын эрхтэй нэг гишүүн санал хэлээгүй, уг асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй нь тухайн хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй ... тухайн өдрийн хуралдаан нь хуульд заасан ирцтэйгээр эхэлсэн, мөн хуульд заасан ирцтэйгээр дууссан ... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 дугаар тогтоол нь захиргааны илт хууль бус актын шинжийг агуулаагүй, хариуцагч байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, ... асуудлыг хэлэлцэхэд оролцохгүйгээ илэрхийлж хуралдааныг орхин гарсан гишүүнийг тухайн асуудлаар эсрэг саналтайд тооцсонд хариуцагчийг буруутгах боломжгүй ...” гэх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу дарга, дөрвөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан боловч тухайн үед буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний үед хоёр гишүүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, гурван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсантай хэргийн оролцогчид маргаагүй.

Хэрэгт авагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоол[1]-ын 2 дахь заалтаас үзвэл 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар 1. Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийг бүртгэх, 2. Шүүгч томилолтоор ажиллуулах, 3. Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, 4. Шүүгчийг шилжүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, 5. Бусад асуудал /“Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилох тухай”, “Шүүхийн тамгын газар байгуулах” тухай/ нийт таван асуудал хэлэлцэхээр тогтоож баталжээ.  

Мөн хэрэгт авагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл[2]-ээс үзвэл дээрх таван асуудлыг хэлэлцэхээр гишүүд 100 хувийн саналаар баталсан, хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжилсэн, хуралдааны явцад Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх шатанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Э “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 84 дүгээр тушаал гарч байх үед Улсын дээд шүүхэд сул орон тоо байсан. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал өөр болсон байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан О.З-ийн Дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэргээсэн. Дээд шүүхийн 25 орон тоон дээр одоогийн байдлаар 24 шүүгч байгаа, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу Улсын дээд шүүхээс бичиг авах хэрэгтэй байна. Мөн 5 гишүүнтэйгээ болж байгаад асуудлыг шийдэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхийг түр хугацаанд хойшлуулах санал гаргасан, уг асуудлыг хэлэлцэх эсэх талаар гишүүд санал хурааж хоёр гишүүн хэлэлцэхээр санал гаргаснаар асуудлыг хэлэлцэхээр тогтсон болох нь тогтоогдож байна.

Улмаар гишүүн Д.Э “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэхэд оролцохгүй, харин бусад асуудалд оролцоно” гэж тайлбарлан хуралдааныг орхин гарснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүн үлдэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэнийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан болсон” хэмээн үзэх хууль зүйн боломжгүй.

Учир нь, Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх ...”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид “Хуралдаан” гэх/ байна”, 15.2-т “Ерөнхий зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг энэ хуулийн 15.1-д заасан хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол батална”, 15.6-д “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд тооцох бөгөөд хуралдааныг нээлттэй явуулж, гишүүдийн санал хураалт илээр явагдана” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүн бүрдэхээр байх бөгөөд зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг зөвхөн хуралдаанаар хэлэлцэхээр, хуралдаан нээлттэй явагдахаар, мөн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гарган батлахаар, харин хуралдаан хүчинтэй байх нөхцөлийг “гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн” /оролцсон/ байх гэж тодорхой заасан байна.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны явцад гишүүн Д.Э “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй” гэдгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарч явснаар Шүүхийн ерөнхий зөвлөл уг асуудлаар хуралдаан хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад үлдсэн гишүүд хуралдаж асуудлыг хэлэлцэж, “Б-ын А-г Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай” саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх”-ээр шийдвэрлэж, тогтоол гаргасныг дээр дурдсан “Хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох” хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоол[3]-оор шинэчлэн баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг”[4]-ийн 3.7-д “зөвлөлийн гишүүн хэлэлцсэн асуудлаар “татгалзсан”, эсхүл “зөвшөөрсөн” саналыг л зөвхөн гаргах” гэж журамласныг тухайн хуралдаанд оролцсон хэдий ч гишүүн хуралдааны дундаас гарч явсан бол “татгалзсан” санал гаргасан гэж үзэх буюу “хуралдааны хүчинтэй байдлыг зохицуулсан зохицуулалт” хэмээн дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “... Шүүхийн ерөнхий зөвлөл тухайн өдрийн хуралдааныг хийхээс өмнө хэлэлцэх асуудлыг зөвлөлийн гишүүдэд танилцуулаагүй байсан ...” гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлтэй байна.

Тодруулбал, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэг”-ийн 2.10-д “Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, холбогдох бусад материалыг олшруулан битүүмжилж цаасан болон цахим хэлбэрээр уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар хүргүүлсэн байна” гэж заажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нэг өдрийн өмнө буюу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14 дүгээр тушаалаар баталсан, хариуцагчаас хэлэлцэх асуудлыг зөвлөлийн гишүүдэд урьдчилан танилцуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөл “хэлэлцэх асуудлын дараалал холбогдох бусад материалыг олшруулан битүүмжилж цаасан болон цахим хэлбэрээр асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд танилцуулахаар хүргүүлсэн байх”-аар заасан дэгээ зөрчиж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх асуудлыг “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан”-аас хойш нэг хоногийн дараа хэлэлцсэн нь дээр дурдсан журмын зохицуулалтад нийцээгүй, энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцсэн хэсэг, маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзэх нэг үндэслэл болж байна.

Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчид нэр дэвшигчийг сонгох болсон үндэслэлийг шийдвэртээ зайлшгүй тусгасан байхыг үүрэг болгож хуульчлаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хэргийн материалтай танилцах боломжийг хязгаарлаагүй, нэхэмжлэгч шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг гишүүн хуралдаан орхин гарсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, орхин гарсан шалтгааныг тодруулах нь хэрэгт ач холбогдолгүй байх тул нэхэмжлэгчийн “... шүүх Б.А сонгогдох болсон үндэслэлийг тодруулж шалгах байсан. Тогтоол, хуралдааны тэмдэглэлд үндэслэл тусгагдаагүй нь тогтоолын хүчин төгөлдөр бус байдлыг илтгэх нэг үзүүлэлт юм, ... хэргийн материалтай бүрэн танилцаагүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй нэг гишүүн хурал орхиж гарсныг шалгаагүй ... гэрч асуугаагүй ... “ гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байсныг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хэсэг, маргаан бүхий тогтоол хууль бус, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Их хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 10 тогтоол болон уг хуралдааны холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

 


[1] ХХ-ийн 46 дугаар хуудас

[2] ХХ-ийн 100-111 дүгээр хуудас

[3] ХХ-ийн 52 дугаар хуудас

[4] ХХ-ийн 53-58 дугаар хуудас