Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/0001

 

      “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн

Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт

      холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

            Даргалагч, шүүгч:                     Ц.Цогт

            Шүүгчид:                                    Х.Батсүрэн

                                                               Д.Мөнхтуяа

                                                               П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч Танхимын тэргүүн:       Ч.Тунгалаг

            Нарийн бичгийн дарга:              Т.Даваажаргал

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2021/0026 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 500 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 326 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Г нарыг /цахимаар/ оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч “Т” ХХК-иас хариуцагч Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1 Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар тушаалаар “Эрсдэлд суурилсан татварын хяналт, шалгалтын 2020 онд хамруулах төлөвлөгөөний нэгтгэл”, “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”-ыг тус тус баталж, уг жагсаалтад “Т” ХХК хамаарч, 2016-2019 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахаар тогтоосон.

2.2 “Т” ХХК-ийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон усны төлбөрийг бүрэн зөв ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр 73,330,956.46 төгрөгийн нөхөн татвар, 21,999,286.94 төгрөгийн торгууль, 12,447,886.17 төгрөгийн алданги, нийт 107,778,129.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.

2.3 Нэхэмжлэгч компаниас “... үл хөдлөх эд хөрөнгийн болон усны төлбөр, татвараа хуульд заасан хугацаанд төлж ирсэн, ашиглагдах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгөнд татвар ногдуулж төлөх боломжгүй, усны төлбөрийг энергийн тарифаар тооцож төлөх ёстой, нөхөн төлбөрийн актад хүчингүй болсон 2018 оны Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуульд байхгүй 11.19 дүгээр зүйлийн 1-ийн “1.2” гэсэн заалтыг баримталсан тул нөхөн төлбөрийн акт хууль бус...” гэж маргасан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2021/0026 дугаар шийдвэрээр: 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар орсон өөрчлөлт/, 74 дүгээр зүйлтийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх заалт/, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 107,778,129.57 төгрөгийн төлбөрөөс 69,076,258.90 төгрөгийг хасаж багасган, 38,701,870.67 төгрөгийн төлбөрийг хэвээр шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 500 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 118ШШ20210026 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 79 дүгээр зүйлийн 79.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг баримтлан Завхан аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900029 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, хоёр дахь заалтыг “2. Нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж, гуравдахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...-д зааснаар шинжээчийн зардал 1680000 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-иас гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд (Төрийн сан дахь 10090012005 данс) олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Хяналтын гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүх магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:

6.1 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүх байгалийн нөөц ашигласны төлбөрийг энергийн тарифаар тооцож олгох нь зүйтэй байна гэж үзээд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс 2021 оны 333 дугаар магадлалаар “...анхан шатны шүүхээс ус ашигласны төлбөрийг нийт орлогоос бус энергийн тарифаар тодорхойлохоор байна” гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцээд шийдвэр, магадлалын байгалийн нөөц ашигласны төлбөр болох усны төлбөртэй хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх ижил төстэй хоёр хэргийг хоёр ондоо шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэснийг зөрчсөн.

6.2 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ижил төрлийн буюу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг өөрөөр тайлбарлан зөрүүтэй хэрэглэсэн.

7. Хариуцагч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдлыг үгүйсгэж, магадлалыг хэвээр үлдээлгэхээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч компани зөвхөн уснаас л ашиг олдог компани юм. Уснаас олсон борлуулалтын орлогоо өөрсдийн дансанд хийдэггүй, А” ХХК-ийн дансанд хийж, буцааж авдаг учраас бүх орлогоос тооцох ёстой гэж үзэж байна. Өмнөх шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

9. Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Д, Б.Г нарын үйлдсэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 09200900029 дүгээр актаар, 2016-2019 онуудад данс бүртгэлд 2,856,678,744.00 төгрөгөөр үнэлэгдсэн 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй; 2016-2019 онд 1,123,817,680.00 төгрөгийн борлуулалтын орлогод ус ашигласны төлбөрийг ногдуулж төлөөгүй гэх зөрчилд Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг үндэслэн “Т” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги нийт 107,778,129.57 төгрөгийн төлбөр ногдуулсан, нэхэмжлэгчээс уг актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх, нэхэмжлэлийн “үл хөдлөх эд хөрөнгө”-ийн албан татвартай холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн, шийдвэр, магадлалын тус хэсэгт нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргаагүй тул актын энэ хэсгийг хяналтын шатны шүүхээс хянаж дүгнэхгүй.

10. Нэхэмжлэгч “Т” ХХК нь цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, хуваарилах үйл ажиллагааны хүрээнд усны урсацыг ашиглан усан цахилгаан станцын үйлдвэрлэл явуулдгийн хувьд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1-д заасны дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийг “үйлдвэрлэл”-ийн зориулалтаар ашигласан усанд ногдуулж төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно: 10.1.1.усан цахилгаан станц, ... зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь усны төлбөрийг ус ашиглаж үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлогоос тооцож төлөхөөр байна.

11. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22-т “...“тариф” гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг” ойлгохыг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх”-ээр заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 298 дугаар тогтоолоор “Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны чадал болон энергийн тариф тооцох аргачлал”-ыг баталсан, уг аргачлалд “чадлын тариф” гэж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөрийг; “энергийн тариф” гэж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны кВт.ц бүрт төлөх үнийг ойлгоно гэж тус тус тодорхойлсноос үзэхэд чадлын тариф нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д тусгайлан заасан нөхцөл болох “үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлого” гэдэгт хамаарахгүй байна.

12. Энэ тохиолдолд, чадлын тарифаар тооцсон орлого нь ус ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний борлуулалтын орлого биш, харин чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөр буюу “А” ТӨХК-иас хүлээн авсан цахилгаан бэлэн байлгасны дэмжлэг /орлого/ байх тул чадлын тарифыг борлуулалтын орлогын үзүүлэлт болгон авч үзэж, орлогод тооцож усны төлбөр төлөх үндэслэлгүй, энэ маргааныг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Эрчим хүчний тухай хуулиудад заасан тухайн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэргийг буруу шийдвэрлэжээ.

13. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтэд холбогдуулж хийсэн, тухайлбал “... мэдлэг, чадвар бүхий этгээд биш байх тул, шинжээчийн дүгнэлтийн энэ хэсгийг шууд эргэлзээгүй баримт гэж үзэхгүй” гэх, “... зөв тогтоосон баримт гэж үзэх боломжгүй, ... үнэлээгүй нь буруу” гэх зэрэг өөрийн дүгнэлтийг үгүйсгэсэн шинжтэй, зөрчилтэй дүгнэлт хийж, улмаар үүнийгээ үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасанд нийцэхгүй байна.

14. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үндэслэлд холбогдуулж, 2016-2019 онд ус ашиглан явуулсан эрчим хүчний үйлдвэрлэл, үйлчилгээнээс олсон борлуулалтын орлогод ногдуулсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээг “тооцооллын” хувьд дүгнэлт гаргуулахаар шинжээчийг томилсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчөөгүй, шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг зөвхөн шинжээчийн дүгнэлтээр хязгаарлаагүй байхад, дээрх дүгнэлтээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу.

15. Давж заалдах шатны шүүх нь “чадлын тарифт усны төлбөр ногдуулахгүй” гэж дүгнэж, шийдвэрлэсэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, мөн хариуцагчид холбогдох захиргааны хэргийн талаар гарсан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 118/ШШ2021/0019 дүгээр шийдвэрийг хянаад үндэслэлтэй, зөв гэж дүгнэж, уг шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2021/0333 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн атлаа ижил төрлийн маргаантай энэ хэрэгт эсрэг дүгнэлт хийснээс үзвэл, нэг маргааны зүйлийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзнэ.

16. Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 500 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 118/ШШ2021/0026 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                      Х.БАТСҮРЭН

                                                                       Д.МӨНХТУЯА

                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Ч.ТУНГАЛАГ