Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

А.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Нямсүрэн,

хохирогч Ч.Сугарбаян,

ялтан А.Цэнд-Аюуш /онлайнаар/, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2015250000978 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Адъяагийн Цэнд-Аюуш, 1993 оны 2 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 31-51 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:УУ93022519/;

А.Цэнд-Аюуш нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар болон давтан үйлдлээр:

-О.Одгэрэлээр дамжуулан Т.Ариунбатаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр “Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 загварын гар утас авч өгнө” гэж 3 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 1.380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “нэмж 10 ширхэг гар утас захиалж болно” гэж 10 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөгийг,

-2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын их дэлгүүрийн орчим Ө.Мяасүрэнгээс “13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 загварын гар утас худалдан авна” гэж залилан мэхлэж авахыг завдсан,

-Ж.Баасансүрэнгээс 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 загварын гар утас хямдхан оруулж ирнэ” гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Банк бус санхүүгийн байгууллагад байр барьцаалаад буцаан өгнө” гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “байр барьцаанд тавихад хамтран эзэмшигч болох эмээгээс зөвшөөрөл авна” гэж 3.000.000 төгрөг буюу нийт 13.000.000 төгрөгийг,

-Ч.Цэндээхүүгээс 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 1.500.000 төгрөгийг,

-Х.Бямбажаргалаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “мөнгөний хэрэг гарлаа, ажил хийгээд төлнө” гэж 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмж “мөнгөний хэрэг байна” гэж 1.300.000 төгрөг буюу нийт 2.800.000 төгрөгийг,

            -Б.Бат-Ууганаас 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бишрэлт худалдааны төвийн орчим “айфоне-6 загварын гар утас хямдхан зарна” гэж 1.000.000 төгрөг, 5 хоногийн дараа “мөнгө дутаад байна” гэж 120.000 төгрөг буюу нийт 1.120.000 төгрөгийг,

            -М.Намхайд өөрийгөө Алтангэрэл гэж танилцуулан “Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт ажилладаг, манай ах замын цагдаагийн газарт ажилладаг, хурандаа цолтой, жолооны үнэмлэх сэргээж өгнө” гэж улмаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим 800.000 төгрөгийг,

            -2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 56 дугаар байрны гадна “айфоне-6 загварын гар утасны код гаргаж өгнө” гэж Б.Билгүүний 1.300.000 төгрөгийн гар утсыг,

            -2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас зарж борлуулдаг Ч.Сугарбаянд “өөрийгөө Хууль сахиулах их сургуулийг төгссөн, удахгүй цагдаад ажилд орох гэж байгаа” гэж итгэл төрүүлэн 1 ширхэг айфоне-6, 2 ширхэг айфоне-6 плас загварын гар утаснуудыг зээлээр авахдаа гэрээ хийж, гэрээгээр халхавчлан 5.400.000 төгрөгийг,

            -2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас засварладаг иргэн Г.Гал-Арилдийд “манай ах Япон улсаас машин оруулж ирдэг” гэж итгэл төрүүлэн “гааль дээр цагаан “Тоёота Приус 20” загварын машин бууж байна, 7.000.000 төгрөгөөр зарж борлуулна” гэж хуурч мэхлэх аргаар 4.500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 50.200.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: А.Цэнд-Аюушийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар А.Цэнд-Аюушид холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Ө.Мяасүрэнгээс 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 загварын утас худалдан авна гэж залилан мэхлэж авахыг завдсан гэх үйлдлийг, О.Одгэрэлээр дамжуулан Т.Ариунбатаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр “Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 загварын гар утас авч өгнө” гэж 3 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 1.380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “нэмж 10 ширхэг гар утас захиалж болно” гэж 10 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөг залилсан гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож, прокуророос А.Цэнд-Аюушид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, А.Цэнд-Аюушийг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар А.Цэнд-Аюушийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Цэнд-Аюушид оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар А.Цэнд-Аюушийн цагдан хоригдсон 140 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Цэнд-Аюушаас 30.420.000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Баасансүрэнд 13.000.000 төгрөгийг, хохирогч Х.Бямбажаргалд 2.800.000 төгрөгийг, хохирогч Ч.Цэндээхүүд 1.500.000 төгрөгийг, хохирогч Ч.Сугарбаянд 5.400.000 төгрөгийг, хохирогч Г.Гал-Арилдийд 4.500.000 төгрөгийг, хохирогч Б.Билгүүнд 1.300.000 төгрөгийг, хохирогч М.Намхайд 800.000 төгрөгийг, хохирогч Б.Бат-Ууганд 1.120.000 төгрөгийг тус тус олгож, А.Цэнд-Аюушид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан А.Цэнд-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч гэх Ж.Баасансүрэнтэй дотно найз нөхөд учир бэлэн мөнгө авч, өгөлцөж байгаад нийт 6.000.000 төгрөг болсон. Үүнээс 2.500.000 төгрөгийг нь түүнд буцааж өгсөн. Ж.Баасансүрэн үлдэгдэл 3.500.000 төгрөгөө ойр ойрхон нэхээд байхаар нь хугацааг хойшлуулах журмаар мөнгөн хүүг нь өндөр болгоод өгье гэж удаа дараа утсаар мессеж бичсэнийг нотлох баримт болгон 13.000.000 төгрөг болгож байгаад гомдол гаргаж байна. Ж.Баасансүрэн бид хоёр найз нөхөд учир хуулийн дагуу баримт үйлдээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэн, мөнгөн дүнг хууль бус нотлох баримтаар баталгаажуулан үлдэгдэл болох 3.500.000 төгрөгийг ихэсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Хохирогч Г.Гал-Арилдий, Ч.Сугарбаян нарын үндсэн хохирол 9.900.000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 29, 6 дугаар сарын 11-нд тус тус зээлдэж авсан байсан тул “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж өгнө үү...” гэв.

Ялтан А.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Цэнд-Аюуш нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ч.Сугарбаянаас 5.400.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Гал-Арилдийгаас 4.500.000 төгрөг залилан авсан гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо барагдуулна гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд илэрхийлсээр байхад 2015 онд Улсын Их Хурлаас баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг анхан шатны шүүхээс хэрэглээгүйгээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон. А.Цэнд-Аюуш нь хохирогч Ж.Баасансүрэнгээс нийт 6.000.000 төгрөг авч, улмаар эргүүлээд 2.500.000 төгрөгийг буцааж өгсөн гэдэг. Хохирогч Ж.Баасансүрэн нь А.Цэнд-Аюушид 13.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй байхад зөвхөн хохирогчийн үгээр хохирлын хэмжээг 13.000.000 төгрөгөөр тогтоосон. А.Цэнд-Аюуш нь хохирогч Ж.Баасансүрэнд 2015 оны 8 дугаар сард 1.000.000 төгрөг буцааж өгсөн нь хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад 13.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Баасансүрэнд олгуулахаар тогтоол гаргасан...” гэв.

Прокурор А.Нямсүрэн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2 үйлдлийн хувьд А.Цэнд-Аюуш нь О.Одгэрэл, Ж.Баасансүрэн, Б.Уянга нараар дамжуулан Америкаас гар утас захиалаагүй, захиалахгүй мөртлөө захиалах талаар худал хэлж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө олж авах санаа зорилго агуулж, түүнд чиглэсэн идэвхитэй үйлдлүүд хийсний улмаас бусдад хохирол учирсан, хохирол учруулахыг завдсан болох нь хангалттай тогтоогдсон. Хохирогч Т.Ариунбат, сэжигтэн О.Одгэрэл, Ж.Баасансүрэн, Б.Уянга, хохирогч Ө.Мяасүрэн нарын мэдүүлгүүдээр нотлогддог. А.Цэнд-Аюуш нь бусдыг залилан мэхлэх санаа зорилгоо хэрэгжүүлж эхлэхдээ Т.Ариунбатыг хохироох санаа зорилго агуулаагүй боловч О.Одгэрэл нартай холбогдон гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхэлснээр Т.Ариунбатыг залилах болсон нь тодорхой болсон. Мөрдөн байцаалтын шатанд О.Одгэрэл, Б.Уянга, Ж.Баасансүрэн нарыг А.Цэнд-Аюуштай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд холбогдуулан шалгасан боловч А.Цэнд-Аюуш нь тэдгээрийг мөн хуурч мэхэлсэн болох нь тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд харин шүүхээс А.Цэнд-Аюушид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. А.Цэнд-Аюушид холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн хойд талд автомашинд Ө.Мяасүрэнгээс 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 загварын гар утас худалдан авна гэж залилан мэхлэж авахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл болох 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирлыг арилгасан, хохирогчид эд хөрөнгийн хохирол бодитоор учраагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь хохирлыг арилгасан, эс арилгаснаас үл хамааран гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан санаатай үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг бөгөөд хохирол төлсөн, хохирлыг арилгасан асуудал нь түүнд ялыг ялгамжтай оногдуулахад хэрэглэдэг юм. А.Цэнд-Аюуш нь бусдыг санаатайгаар залилан мэхлэх үйлдлээ хэрэгжүүлж байхад хохирогч Ө.Мяасүрэнгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгч, улмаар цагдаагийн байгууллагын ажилтнууд гар утсыг хураан авч, хохирогчид буцаан олгосон. Уг цагдаагийн байгууллагын ажилтнууд гэмт үйлдлийг таслан зогсоосон учир хохирогч эд хөрөнгөө хүлээн авсан болох нь шууд харагддаг. Дээрх нөхцөл байдлуудаас А.Цэнд-Аюуш нь эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хохирлыг арилгасан, хохирогчид эд хөрөнгийн хохирол бодитоор учраагүй гэж үзэх боломжгүй буюу шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн. Харин А.Цэнд-Аюуш нь Ө.Мяасүрэнг залилсан гэмт үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу гэмт хэрэг үйлдэхээр завдсан байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Ч.Сугарбаян тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гомдолтой байна. Хохирлоо авмаар байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            А.Цэнд-Аюуш нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар:

-Ж.Баасансүрэнгээс 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 загварын гар утас хямдхан оруулж ирнэ” гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Банк бус санхүүгийн байгууллагад байр барьцаалаад буцаан өгнө” гэж 5.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “байр барьцаанд тавихад хамтран эзэмшигч болох эмээгээс зөвшөөрөл авна” гэж 3.000.000 төгрөг буюу нийт 13.000.000 төгрөгийг,

-Ч.Цэндээхүүгээс 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 1.500.000 төгрөгийг,

-Х.Бямбажаргалаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “мөнгөний хэрэг гарлаа, ажил хийгээд төлнө” гэж 1.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмж “мөнгөний хэрэг байна” гэж 1.300.000 төгрөг буюу нийт 2.800.000 төгрөгийг,

            -Б.Бат-Ууганаас 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бишрэлт худалдааны төвийн үүдэнд “айфоне-6 загварын гар утас хямдхан зарна” гэж 1.000.000 төгрөг, 5 хоногийн дараа “мөнгө дутаад байна” гэж 120.000 төгрөг буюу нийт 1.120.000 төгрөгийг,

            -М.Намхайд “өөрийгөө Алтангэрэл” гэж танилцуулан “Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт ажилладаг, манай ах замын цагдаагийн газарт ажилладаг, хурандаа цолтой, жолооны үнэмлэх сэргээж өгнө” гэж улмаар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн орчим 800.000 төгрөгийг,

            -2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 56 дугаар байрны гадаа “айфоне-6 загварын гар утасны код гаргаж өгнө” гэж Б.Билгүүний 1.300.000 төгрөгийн гар утсыг,

            -2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас зарж борлуулдаг Ч.Сугарбаянд “өөрийгөө Хууль сахиулах их сургуулийг төгссөн, удахгүй цагдаад ажилд орох гэж байгаа” гэж итгэл төрүүлэн 1 ширхэг айфоне-6, 2 ширхэг айфоне-6 плас загварын гар утаснуудыг зээлээр авахдаа гэрээ хийж, гэрээгээр халхавчлан 5.400.000 төгрөгийг,

            -2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дээр гар утас засварладаг иргэн Г.Гал-Арилдийд “манай ах Япон улсаас машин оруулж ирдэг” гэж итгэл төрүүлэн “гааль дээр цагаан “Тоёота Приус 20” загварын машин бууж байна, 7.000.000 төгрөгөөр зарж борлуулна” гэж хуурч мэхлэх аргаар 4.500.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 30.420.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Ж.Баасансүрэнгийн: “...2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7 ширхэг гар утас, нэг утсыг 700.000 төгрөгөөр захиалахаар болж 5.000.000 төгрөг бэлнээр манай ажлын гадаа болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс таурын гадаа мөнгө өгсөн. Дараа нь гар утас 4 сард ирэх ёстой байсан ирэлгүй 5 сард ирсэн боловч код нь тайлагдахгүй байгаа, тийм учраас буцааж явуулаад, янзлаж авчирна гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд 2015 оны 7 дугаар сарын дундуур А.Цэнд-Аюуш утас ирэхгүй болчихлоо, ...нэмж 5.000.000 төгрөг зээлчих, нийлүүлээд 15.000.000 төгрөг надад өгнө гэсэн. Тэгээд А.Цэнд-Аюуш тухайн үед байрны бичиг баримт барьчихсан Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 40.000.000 төгрөгийн зээл авна, надад 15.000.000 төгрөг өгнө гэж хэлж байсан. 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байраа 40.000.000 төгрөгт тавихаар болчихлоо, эмээ байрыг хамтран эзэмшдэг, зөвшөөрөл авахад 3.000.000 төгрөг хэрэгтэй байна, маргааш барьцаанд тавьчих юм чинь найзаас чинь авсан 3.000.000 төгрөгийг 4.000.000 төгрөг болгоод өгье гэсэн. Би найзаасаа 3.000.000 төгрөг зээлж А.Цэнд-Аюушид өгсөн...” /1-р хх-ийн 142-143/,

хохирогч Х.Бямбажаргалын: “...Би А.Цэнд-Аюуштай 10 жилийн найз нартайгаа явж байгаад танилцсан юм. Тэгсэн чинь 2015 оны 12 дугаар сарын 11-нд өдрийн 0,5 хувийн хүүтэйгээр 1.500.000 төгрөг зээлээч гэхээр нь зөвшөөрөөд зээлсэн. Тэгээд 10 хоногийн дараа дахиад 1.300.000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Нэг ч төгрөгийн зээл төлөөгүй байсан бөгөөд нэмээд зээлчих мөнгөний хэрэг байна гэж гуйсан юм. Тэгээд би нийт 2.800.000 төгрөгийг өгсөн бөгөөд эхний 1.500.000 төгрөг дээрээ нотариатаар гэрээ байгуулсан. Үлдэгдэл 1.300.000 төгрөгийг 300.000 төгрөгөөр аваад дараа нь 700.000 төгрөгөөр аваад дахиад 300.000 төгрөгөөр зээлж авсан. Тэгээд надад нэг ч төгрөгийн хүү өгөлгүй алга болчихсон юм. Иргэний үнэмлэхний хаягаар нь очиход тэр хаяг дээрээ ийм хүн байдаггүй, дандаа хүмүүс хайж ирдэг юм гэж хэлсэн. Тэгээд л залилуулсан болохоо мэдсэн. Надаас мөнгө зээлэхдээ мөнгөний хэрэг гараад байна зээлчих гэж хэлсэн бөгөөд ажил хийж байгаа учраас ажлаа хийгээд мөнгийг чинь төлчихнө гэж гуйсан юм...” /1-р хх-ийн 160/,

хохирогч Ч.Цэндээхүүгийн: “...2015 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх, яг өдрийг нь санахгүй байна. Зар дээр диплом гаргана гэсэн зар байна гээд манай найз Оюунбат надад утасны дугаар өгсөн. Би уг дугаараар нь холбогдож ярихад диплом гаргаж өгч болно гэж хэлсэн бөгөөд өөрийгөө А.Цэнд-Аюуш гэж танилцуулсан. ...Тэгээд би уулзаад “диплом яаж гаргаж өгөх юм бэ” гэхэд “кредит цагийг нь нөхөөд, таньдаг хүнээрээ яриулаад диплом гаргаж өгч болно” гэж хэлсэн. Тэгээд би нотариат орж гэрээ байгуулаад 1.500.000 төгрөгийг сарын хугацаатайгаар өдрийн 0.5 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж баримт үйлдсэн...” /1-р хх-ийн 162/,

хохирогч Ч.Сугарбаянгийн: “...Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел гар утасны худалдааны төв дотор найз Г.Гал-Арилдийгийн хамт гар утас зарж борлуулдаг юм. 2015 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна. Г.Гал-Арилдий бид хоёрт, тэнд гар утас хувиараа зарж борлуулдаг байсан Чимгээ гэх эмэгтэй нь А.Цэнд-Аюуш гэж залууг танилцуупж байсан юм. Тэгээд А.Цэнд-Аюуш буюу өөрийгөө Аюуш гэж танилцуулсан залуу, “би саяхан Хууль сахиулахын их сургуулийг төгссөн, удахгүй цагдаад ажилд орох гэж байна” гээд цагдаагийн тэмдэг харуулж байсан юм. Ингээд А.Цэнд-Аюуш нь “би ах, ээж хоёртоо бэлэг болгож, гар утас авч өгмөөр байна, сүүлийн загварын ямар гар утас байна санал болгооч” гэсний дагуу Айфоне 6 эс болон Айфоне 6 эс плас загварын гар утаснуудыг сонирхуулахад А.Цэнд-Аюуш нь “хайрцаг савтай нь авна шүү” гэж хэлээд “2 ширхэг Айфоне 6 эс плас, 1 ширхэг Айфоне 6 эс загварын гар утаснуудыг, нийтэд нь 6 сая төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлээд “би одоогоор мөнгөгүй байна, 1 сарын хугацаанд мөнгийг өгч болох уу би найдвартай хүн байгаа юм, хоёулаа өгсөн авснаа гэрчлээд гэрээ” хийе гэж гуйсан юм. Ингээд түүний гадаад дүр төрх байдал, ярьж байгаа зүйлийг сонсоод найдвартай хүн байна гэж бодсон юм. Тэгээд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Төв шуудангийн ард талд байх нэг нотариатын газарт гар утас зээлээр өгсөн талаар хэлцэл байгуулсан. Ингээд надаас гар утас аваад явсны дараа хэд хэдэн удаа бид 2 дээр ирж сонин сайхан ярилцаж байсан, тэр үед Г.Гал-Арилдий “Приүс 20” загварын тээврийн хэрэгсэл худалдаж авах гэж байсан юм. Тэр яриаг нь А.Цэнд-Аюуш нь сонсоод “манай ах Япон улсаас машин оруулж ирж, зарж борлуулдаг юм, удахгүй “Приүс 20”-ууд орж ирнэ, та хоёрт хямдхан зарж болно” гэж байсан. Ингээд Г.Гал-Арилдийгаас хүртэл машин авч өгнө гэж хэлээд мөнгө авсан. Ингээд мөнгө төлбөрийн асуудлаа А.Цэнд-Аюуш нь шийдэж чадахгүй байснаа надад “одоо та хоёрт өгөх мөнгө байхгүй байна, тийм болохоор мөнгөний оронд газар өгье” гэж хэлээд Хандгайт руу дагуулж яваад 1 газар харуулаад “энэ газрыг өгье” гэж хэлсэн. Тэгснээ дахиад алга болчихсон. А.Цэнд-Аюуш нь “3-н ширхэг гар утас хэрэгтэй байна, ээж, ах 2-тоо бэлэг болгож гар утас өгөх гэсэн юм бас өөртөө гар утас худалдаж авч байна” гэж хэлсэн. Би 6 сая төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 100/,

            хохирогч Г.Гал-Арилдий: “...Би Аюушид өөрийгөө Галаа гэж танилцуулсан. Тэгээд А.Цэнд-Аюуш гар утас худалдаж авмаар байна, сүүлийн үеийн загвартай гар утас гэсний дагуу өөрийн найз Сугараатай танилцуулж өгсөн юм. А.Цэнд-Аюуш нь Сугараас сүүлийн загварын гар утас зээлээр авмаар байна гэж гуйсаар байгаад 3 ширхэг Айфоне 6 эс болон Айфоне 6 эс плас загварын гар утсыг зээлээр авахаар болсон. А.Цэнд-Аюуш өөрийгөө Хууль сахиулахын их сургуулийг энэ жил төгссөн, цагдаад ажилд орж байгаа гэж цагдаагийн тэмдэг үзүүлж харуулсан. Тэгээд ч өмссөн хувцас нь албаны костюм өмсчихсөн, найдвартай залуу харагдаж байсан. ...Ингээд хэлцэл хийснээс хойш А.Цэнд-Аюуш нь хэд хэдэн удаа ажил дээр ирээд ярьж хөөрдөг байсан. Тэр үед би “Приүс 20” загварын тээврийн хэрэгсэл худалдаж авах гээд хайж байсан. Энэ талаар А.Цэнд-Аюуш нь хажууд сонсоод зогсож байснаа “манай ах Япон улсаас машин оруулж ирдэг компанид ажилладаг юм, удахгүй хэдэн машин ирж байгаа, 14 хоногийн дараа Монголд бууна” гэж ярьсан юм. Тэгэхээр нь би таньдаг хүн юм чинь гээд машины талаар ярилцахад “танд би хямдхан аваад өгч чадна шүү дээ” гэж хэлээд “Приүс 20” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийн танилцуулгыг үзүүлээд “ийм машин болж байна уу” гэхээр нь “болно” гэсэн юм. Тэгээд уг цагаан “Приүс 20”-ыг 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр машины мөнгө хэрэгтэй байна гэж хэлсээр байгаад орой 20 цагийн үед, би мобайл банкаар дамжуулан А.Цэнд-Аюушийн өгсөн хаан банкны дансанд эхлээд 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд А.Цэнд-Аюуш “та нэг мөсөн 7.000.000 төгрөгөө шилжүүлээч” гэхээр нь “би машинаа харж үзээд авахаар бол үлдэгдэл мөнгөө найдвартай өгнө” гэхэд зөвшөөрсөн. Тэгээд удалгүй 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр А.Цэнд-Аюуш нь “машин ирж байна, гааль дээр байна, мөнгө хэрэгтэй байна” гэсний дагуу 500.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Ингээд Сугартай гэрээ хийж, гар утасны мөнгийг төлж барагдуулах хугацаа нь дуусч, нөгөө машин тэрэгний асуудал ч худлаа болж, А.Цэнд-Аюуш нь алга болчихсон байж байгаад нэг өдөр ирээд “би мөнгийг чинь өгч чадахгүй байна, одоо та нар цагдаад гомдол гаргах юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүлээж авахгүй. Тэгэхээр би та нарт мөнгөний оронд газар өгье” гэж хэлээд Хандгайтын тэнд 3-н газар үзүүлчихээд тэгээд л алга болчихсон...” /2-p хх-ийн 103/,

хохирогч М.Намхайгийн: “...2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр найз Бургаагийн төрсөн өдрийн арга хэмжээний үеэр Аагий буюу Алтангэрэл гэх залуутай танилцсан. Тухайн үед өөрийгөө Алтангэрэл гэж танилцуулсан залуу “би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн ажилтан” гэж хэлсэн. Тухайн үед би Алтангэрэлд “жолооны эрхээ саяхан хасуулчихсан, эрх сэргээлгээд өгөх боломж байна уу” гэтэл тэрээр “манай ах Замын цагдаагийн газарт ажилладаг, хурандаа цолтой хүн, наад асуудлыг чинь шийдэж өгөх боломжтой, мөнгөө бэлдээд байж байгаарай” гэж л хэлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Алтангэрэл рүү яриад “жолооны эрх сэргээлгэх асуудал юу болсон бэ, шийдэж чадах уу” гэтэл тэрээр би гэртээ байна, чи Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв дээр хүрч ирээд надтай уулзчих, 3 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний лавлагаа, 800.000 төгрөг аваад ир” гэж хэлсэн. Тухайн өдрөө 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв дээр Алтангэрэлтэй уулзаад Голомт банкнаас 800.000 төгрөгийг авсан. Тэгээд тус АТМ/automated teller machine/-ийн хажууд Алтангэрэлд мөнгөө өгөх гэтэл тэрээр 2-уулаа гаръя, гадагшаа гарч байгаад мөнгийг чинь авъя гэж хэлээд гарсан. Ингээд үйлчилгээний төвийн хажуу талд Алтангэрэлд 800.000 төгрөгийг өгсөн. Алтангэрэл нь 14 хоногийн дараа чиний жолооны эрх сэргээд үнэмлэх чинь гарна гэж хэлсэн. 2016 оны сүүлээр Алтангэрэл рүү залгахад хариу өгөхгүй байхаар нь мессеж бичтэл үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа, наадмын өмнө эрх чинь сэргээгдэнэ, санаа зоволтгүй гэсэн. 2016 оны 7 дугаар сарын 10-ны үеэр Алтангэрэлийн утас руу залгахад хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь “чамд итгэхгүй байна, 800.000 төгрөгөө авъя” гэж мессеж бичтэл “чи юу яриад байгаа юм бэ, үнэмлэхийг чинь гаргаж өгөх хүнтэй яриадахъя, гараагүй бол мөнгөө аваарай” гэж хэлсэн. Сүүлдээ гар утсандаа хариу өгөхөө больсон. Ингээд би түүнийг худлаа ярьсан, намайг залилсан байна гэдгийг мэдсэн. Хүмүүсээс сонсоод байхад тэр залуу өөрийгөө Алтангэрэл гэж худлаа хэлсэн байна лээ...” /2-р хх-ийн 146-147/,

хохирогч Б.Бат-Ууганы: “...2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр манай байрны хүүхэд “гар утас хямдхан зарах хүн байна, би мөнгөний боломжгүй болоод авч чадахгүй байна, та авах уу” гэж асуухад “би авъя” гэж хэлээд гар утас зарах гэж байгаа хүний дугаарыг нь аваад залгахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Бишрэлт худалдааны төвийн үүдэнд А.Цэнд-Аюуш гэх хүнтэй уулзаад гар утас худалдаж авахаар болоод бэлнээр 1.000.000 төгрөг өгөөд маргааш нь гар утсаа авахаар болоод салсан. Тэгээд 5 хоногийн дараа над руу залгаад “Хаан банкны данс руу мөнгө хийчих, мөнгө дутаад байна” гэсэн. Тэгээд би 120.000 төгрөг шилжүүлсэн. А.Цэнд-Аюуш маргааш, маргааш гэж худлаа ярьж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Айфоне 6 эс загварын 2 ширхэг гар утсыг нийт 1.200.000 төгрөгөөр тохиролцож, бэлнээр 1.000.000 төгрөг өгөөд, данс руу нь 120.000 төгрөг, нийт 1.120.000 төгрөг өгсөн. Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 дугаар давхарт эрүүгийн шинжээчээр ажилладаг, надад теди дээр гар утас зардаг хүн хэрэг бүтээж өгсөн учраас мөнгө өгч байхаар 3 ширхэг Айфоне 6 эс загварын гар утас өгч байгаа юм. Би өөрөө нэг гар утсыг нь бариад нөгөө хоёрыг нь хямд зарж байгаа гэсэн...” /2-р хх-ийн 172-173/,

“...дарханд баривчилгаа хийж байна, шүүх хурал дээр байна, байцаалт авч байна, цагдан хорих байранд явж байна гэх мэтээр худлаа хэлж эхэлсэн, ингээд би цагдаад гомдол гаргаж шалгуулахаар болсон. Тэгтэл битгий өргөдөл өгөөрэй, одоо яг болох гэж байна гэж удаа дараа худлаа ярьсан...” /2-р хх-ийн 174/,

гэрч Т.Гүн-Ирвэдийн: “...2016 оны 6 дугаар сарын 1, 2-ны үед санагдаж байна, ганцаараа 29 дүгээр байрны гадна сууж байхад үл таних, өөрийгөө Аюуш гэсэн залуу ирээд “би энд амьдардаг, цагдаад ажилладаг юм” гээд цагдаагийн тэмдэг харуулж байсан юм. Тэгээд би “Теди” гар утасны худалдааны төв дээр 1 залуугийн хэргийг шийдэж өгсөн чинь надад 3 ширхэг Айфоне 6 эс загварын гар утас өгнө гэж байна, надад мөнгөний бололцоо хүрэхгүй байна, 500.000 төгрөг надад өгөх юм бол нэг гар утсыг нь өгье” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь мөнгө байхгүй гэхэд авчихмаар хүн байвал намайг холбоод өгөөч гээд надад утасны дугаараа өгсөн. ...Б.Бат-Ууган ахтай байрны гадаа таараад юм яриад сууж байхдаа Аюуш гэж цагдаагийн талаар хэлээд гар утас зарна гэж байсан гэж ярихад Батука ах “би гар утас авах гээд сонирхоод байгаа, ярьдаг юм билүү” гээд Аюуш цагдаагийн гар утасны дугаарыг надаас авсан юм...” /2-р хх-ийн 175/,

гэрч Ж.Долгорсүрэнгийн: “...Бид хоёр 2014 оны 4 билүү 5 дугаар сараас эхлэн хамтарч ажиллаж байгаа юм аа. Гэтэл нэг удаа бараа захих мөнгөө өөр нэг хүнд Америк улсаас айфоне-6 загварын гар утас захиж авчруулна хэмээн мөнгөө өгсөн гэж хэлсэн. Тэр утас нь бараг тал хувийн ашигтай, үндсэн дүн нь нугараад ашиг болж орж ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь юун хүн юм бэ гэхэд манай найзын ах нь Америк улсад байдаг. Каргогоор явуулаад Улаанбаатарт авч ирээд Теди дээр бөөний үнээр нь зарчихна гээд их амархан зүйл ярьсан юм. Юун хүнд яагаад өгчихсөн юм бэ гээд л өнгөрсөн. Тэгээд баримт байна уу гэхэд угаасаа найдвартай, удахгүй утас ирнэ гэж хэлсэн. Тэгээд гар утас ирэх хугацаа нь болсон боловч утас нь ирэхгүй байхаар нь яасан бэ гэхэд янз бүрийн шалтаг тоочоод хэлээд байсан. Тэгснээ сүүл рүүгээ Улаанбаатар хотод ирчихсэн байгаа, утас худалдаж авах ченж нь мөнгөө бэлдэж бай гээд л худлаа яриад хоног хугацаа л өнгөрөөд байсан. Тэгж сунжирч явсаар байгаад баяр болсон гээд л маш олон асуудал болсон боловч огт шийдэгдэж өгөхгүй байгаад байсан. Тэгээд бүүр сүүлдээ яасан бэ гэхэд удахгүй 7 хоног, 14 хоногийн дараа гээд л байснаа 2015 оны 8 дугаар сард манай гэрт хүн орж ирээд мөнгө төгрөг нэхээд бөөн асуудал болохоор нь яасан юм бэ гэж Баасансүрэнгээс тодруулахад өөр бусад хүмүүсээс мөнгө аваад А.Цэнд-Аюуш гэх залууд өгчихсөн байсан гэж хэлсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ гэхэд анх авсан 5.000.000 төгрөг дээрээ нэмээд 5.000.000 төгрөг өгчихвөл 15.000.000 төгрөг болгоод байраа барьцаалаад зээл авахаараа өгчихнө гэж гуйсаар байгаад аваад явчихсан. Мөн барьцаалах гэж байгаа байр нь хамтран эзэмшигчтэй юм байна, байрыг барьцаалахын тулд хамтран эзэмшигч хүнд нь 3.000.000 төгрөгийг өгөөд л болчих гээд байна гэж гуйж байгаад, мөн 3.000.000 төгрөгийг хүнээс зээлүүлж авчихаад мөн л өгөөд залилуулчихсан гэдгээ хэлсэн бөгөөд манай нөхөр Гарамдагва А.Цэнд-Аюуш гэгч бандитай уулзах үед би танай дүүгийн мөнгийг 24 сая төгрөг болгоод өгчихье, манай ах наймаа хийдэг, бараа авчирч бөөндөж зардаг, тэр мөнгөнөөс нь аваад өгчихнө гэж гуйж байгаад ямар нэгэн бичиг хийлгэж өгөөгүй явчихсан юм билээ. Бид нар тэрэнд нь итгээд А.Цэнд-Аюушийн эгч гэх хүнтэй нь утсаар ярьж байсан. Сүүлдээ нөгөө А.Цэнд-Аюушийн бэр эгч гэх хүн нь би нөхрөөсөө наад асуудлаас чинь болоод салчихсан, одоо надад хамаагүй гэж хэлсэн байгаа юм. Тэгээд дахиад А.Цэнд-Аюушийг хайсан боловч олдохгүй алдчихсан...” /1-p хх-ийн 171-172/,

гэрч Н.Маралмаагийн: “...Ж.Баасансүрэнтэй хамт ирж мөнгө авсан хүн нь /зургийг харсан/ А.Цэнд-Аюуш мөн байна, царай нь ижилхэн байна...” /2-р хх-ийн 9/,

гэрч Д.Гарамдагва: “...2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би мөнгөө хүнд алдсан, та уулзаад өгөөч гэж над руу ярьсан. А.Цэнд-Аюуш гэгчтэй уулзахад 13.000.000 төгрөгийг Ж.Баасансүрэнгээс авсан нь үнэн гэж өөрөө хэлсэн. Та надад 10 хоногийн хугацаа өгвөл би 24.000.000 төгрөг болгоод буцаагаад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл ар гэрийнхэнтэй чинь холбогдож ярина гэж хэлэхэд ахаасаа айгаад байна, харин манай бэр эгчтэй ярьчих гээд Чулууны Нарантуяа гэх хүнтэй яриулсан. Тэгэхэд тэр хүн надтай ярихдаа А.Цэнд-Аюушийн ах нь Төв аймаг явчихсан байгаа, бараагаа зарах гээд явчихсан юм. Ирэхээр нь ахтай нь яриад хохирлыг чинь барагдуулъя гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоног эгч гэх хүнтэй нь холбогдож байгаад эгч нь утсаа авахгүй болчихоод А.Цэнд-Аюуш ч утсаа авахгүй болоод сураг тасарсан юм...” /1-p хх-ийн 175/,

гэрч А.Ариунзаяагийн: “...А.Цэнд-Аюуш гэгчийг сайн мэдэхгүй. Аагий гэдгээр нь л мэднэ. Аагийд мөнгө зээлэх гэж байгаа гэдгээр нь таньж мэддэг болсон юм. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дэлгүүртээ бараа худалдаж авна гээд надаас 2.500.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд 1 сарын дараа 10 хувийн хүүтэйгээр өгнө гэж хэлж авсан юм. 1 сарын дараа нь би мөнгөө авъя гэхэд найзад нь мөнгө чинь байгаа буцаагаад өгчихнө, одоо өгнө гэж хэлсэн. Тэгснээ дараахан нь Аагийд би мөнгө зээлээд их болгоод авчихна, удаахгүй буцаагаад Аагий мөнгө өгөхөөр нь би чамд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хүлээгээд байсан чинь мөнгөө өгөхгүй байсан ба А.Цэнд-Аюуш мөнгөө өгөхгүй байна гэж л хэлээд байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Ж.Баасансүрэнг мөнгө авчихаад өгөхгүй гэж байна өргөдөл бичиж өгсөн. Гэтэл Баасансүрэн нь цагдаад шалгагдаж байхдаа надтай нотариатын газарт орж хэлцэл байгуулсан...” /1-p хх-ийн 176-177/,

гэрч Б.Анхтуяагийн: “...2015 оны 3 дугаар сард А.Цэнд-Аюуш нь надаас 2.000.000 төгрөгийг зээлсэн байсан, ингээд дээр дурдсан мөнгийг миний дансанд А.Цэнд-Аюуш хийсэн, ерөнхийдөө өрөө буцааж авсан юм. Хэний данснаас над руу мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна, мөнгө хийсэн шүү гэж хэлсэн, дансаа үзэхэд мөнгө орсон байсан. /2-р хавтас 198/,

гэрч Ч.Наранцэцэгийн: “...Манай найз Оюунбилэг нь хороололд нэг паб ажлуулж байсан. Тэгэхэд Оюунбилэгийн эгчийнх нь хүүхэд гээд А.Цэнд-Аюуш нь ирдэг байсан юм. Тэр үед А.Цэнд-Аюуш нь би хүнд өртэй юм, та энэ хүнтэй яриад 3 хоногийн дараа мөнгийг чинь өгчихнө гэж хэлээд өгөөч гэсэн юм. Миний 9978-1274 дугаарын утас руу А.Цэнд-Аюушаас мөнгө авах авлагатай хүн байна гэж залгаад танай дүү чинь надад мөнгө өгөх ёстой юм, янз бүрийн юм яриад худлаа яриад яваад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би А.Цэнд-Аюушийн хэлсний дагуу эгч нь байна гэж хэлээд 3 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэж хэлээд утсаа тасалсан. 3 хоногийн дараа нөгөө хүн нь над руу залгаад байхаар нь утсаа аваагүй. А.Цэнд-Аюуш нь надаас гуйгаад байсан юм...” /2-p хх-ийн 7/,

            гэрч П.Мөнхбаярын: “...Би Цэнд-Аюушид цагдаагийн дүрэмт хувцас өгөөгүй. 2015 оны 6 дугаар сард төв зам хаачихсан өдөр надтай А.Цэнд-Аюуш уулзалдаад Айфоне 6 плас зарах гэсэн юм, авах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь юун гар утас юм бэ гэж асуухад 3 ширхэг гар утас байгаа. 2 ширхэг гар утсыг нь хүнд өрөндөө өгнө, энэ гар утсыг зарах гэж байна гэж хэлсэн. Тэгээд л би зарах гэж байгаа гар утсыг чинь хүнээс асууя гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Айфоне 6 плас утсаа ломбарданд тавьсан чинь хугацаа нь дуусах гээд байна, хямдхан ч хамаагүй зараад өгчих гэж гуйсан. Тэгэхээр нь фэйсбүүк дээр зар тавьсан чинь нэг хүн авъя гээд ярихаар нь А.Цэнд-Аюушийн дугаарыг өгчихөөд фэйсбүүк дээрээс зараа устгасан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн гар утаснуудыг хүнд өгсөн эсэхийг нь мэдэхгүй. Би А.Цэнд-Аюуштай хамт паб ажиллуулж байгаагүй, хамтран ажилласан асуудал огт байхгүй...” /1-р хх-ийн 178-179/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 66/, төлбөр барагдуулах гэрээ /1-р хх-ийн 181/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 101, 121/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхээс А.Цэнд-Аюушид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ял эдлэх дэглэм нь ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, хохирлыг зөв тооцжээ.

Давж заалдах гомдол, эсэргүүцлийн тухайд:

Ялтан А.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар нь “А.Цэнд-Аюуш нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ч.Сугарбаянаас 5.400.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Гал-Арилдийгаас 4.500.000 төгрөг залилан авсан гэмт хэргүүдийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулахыг хүсч давж заалдах гомдол, прокурор А.Нямсүрэн “хохирогч Т.Ариунбат, Ө.Мяасүрэн нарыг залилан мэхлэсэн 2 удаагийн үйлдлийг шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон” талаар эсэргүүцэл тус тус гаргажээ.

Ялтан А.Цэнд-Аюуш нь О.Одгэрэлээр дамжуулан Т.Ариунбатаас 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр “Америкийн нэгдсэн улсаас айфоне-6 загварын гар утас авч өгнө” гэж 3 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 1.380.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “нэмж 10 ширхэг гар утас захиалж болно” гэж 10 ширхэг гар утасны урьдчилгаа мөнгө 4.600.000 төгрөг буюу нийт 5.980.000 төгрөг залилан мэхлэж авсан гэх үйлдлийн хувьд А.Цэнд-Аюуш, Т.Ариунбат нар нь бие биенээ таньдаггүй, утас худалдах талаар харилцан ярилцаж байгаагүй бөгөөд О.Одгэрэл нь хямд утас авч зуучлан ашиг олох зорилгоор А.Цэнд-Аюуштай холбогдож байсан болох нь тогтоогддог.

 Мөн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын их дэлгүүрийн орчим А.Цэнд-Аюуш Ө.Мяасүрэнгээс 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг айфоне-6 загварын гар утас худалдан авна гэж залилан мэхлэж авахыг завдсан гэх үйлдэлд хохирогч Ө.Мяасүрэн нь анх хохирогчоор биш, уг хэрэгт гэрчээр /хх-34-35/ хохирол учраагүй гэсэн мэдүүлэг өгч байсан бөгөөд дээрх үйлдлүүдийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан боловч гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг болох нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг баримтлан дээрх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 Прокурор нь яллах дүгнэлтдээ бусдад учирсан нийт хохирол “50.200.000” төгрөгийг “50.2000.000” гэж техникийн алдаа гаргаж, буруу бичсэн байх боловч анхан шатны шүүх зөвтгөж, хохирлыг зөв тооцож хэргийг шийдвэрлэжээ.

А.Цэнд-Аюуш нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдад нийт 30.420.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлджээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд  хоёр буюу түүнээс дээш удаа давтан үйлдсэн гэмт хэргийг цаг хугацааны хувьд зааглаж, хэсэгчлэн өршөөлд хамруулах хуулийн зохицуулалт байхгүй, харин өөр өөр цаг хугацаанд үйлдсэн давтан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилсний дараа уг зүйл, хэсэг нь өршөөлд хамрагдах эсэхийг шийдвэрлэхээр зохицуулагджээ.

А.Цэнд-Аюушийн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийн сүүлчийн үйлдлүүд нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны 24 цаг 00 минутаас хойш 2016 оны 6 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн ялтны өмгөөлөгч Н.Намжилцогт нь “хохирогч Ж.Баасансүрэнд А.Цэнд-Аюушийн өгсөн 1.000.000 төгрөгийг анхан шатны шүүхээс тогтоосон 13.000.000 төгрөгийн хохирлоос хасч тооцох”-ыг хүсчээ.

Хохирогч Ж.Баасансүрэн нь ялтан А.Цэнд-Аюушаас 1.000.000 төгрөг буцааж авсан гэж мэдүүлдэг /1-р хх-ийн 142/ боловч 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “...13.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ. Буцааж авсан 1.000.000 төгрөг нь энэ хохиролтой хамааралгүй ...” /3-р хх-ийн 64/ болохыг мэдүүлсэн тул анхан шатны шүүхээс Ж.Баасансүрэнд гаргуулахаар заасан 13.000.000 төгрөгийн хохирлын үнийн дүнд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Иймд ялтан А.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР                                                          

                        ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        

                                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ