Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01800

 

 

 

 

 

 

 

   2023       09          25                                    210/МА2023/01800

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/02161 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.М-д холбогдох,

Гуравдагч этгээд М ХХК,

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч С.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-тай 400 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 120,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн нэхэмжлэгч С.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М ХХК-тай 400 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 85-17 УН улсын дугаартай, HHKHZB11TE0000477арлын дугаартай, шар өнгөтэй, Hyundai R480LC-9S маркийн эксковаторыг барьцаалсан болно. Нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрөөс хоёр сарын төлбөр болох 12,000,000 төгрөгийг төлж байсан боловч зээлийн төлбөр төлөлтөд тодорхой хэмжээний саад учирсан байна. М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г-ын нөхөр Ч.М- нь барьцааны хөрөнгийг сольж өгөхийг шаардсан бөгөөд түүний шаардлагын дагуу нэхэмжлэгч С.Б- нь иргэн Г.Г-той 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, М ХХК-ийн барьцаалсан эксковаторыг 368,000,000 төгрөгөөр тооцон, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил /17012/ Их Монгол улс гудамж, 129 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр арилжсан байна. Г.Г-той арилжааны гэрээ байгуулсны дараа хариуцагч Ч.М- нь тухайн 3 өрөө орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэх, М ХХК-ийн зээлийг хаахыг хүчээр тулгаж дарамтлах болсон. Орон сууцыг зах зээлийн бодит үнээс бага буюу орон сууцны зах зээлийн үнэлгээ 368,000,000 төгрөг байхад нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл үнийн дүн болох 170,925,000 төгрөгт тааруулан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 170,925,000 төгрөгийг Ч.М-д төлсөн нөхцөлд буцааж өөрийн нэр дээр шилжүүлэн авч болох тухай амаар ярьж тохирсон. Нэхэмжлэгч нь мөнгөний хэрэг болсон учир өөрийн өмчлөлийн эксковатороо М ХХК-д барьцаалсан болохоос орон сууц болгон хэлбэрийг нь өөрчлөөд Ч.М-д худалдах санаа анхнаасаа байгаагүй. Тэрээр Ч.М-ийн шахалтаар аргагүйн эрхэнд эксковатороо 3 өрөө орон сууцаар арилжиж, барьцаагаа солих гэсэн боловч өөрийнх нь нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол М ХХК-ийн зээлийг хаахгүй, иргэн Г.Г-ийн нэр дээр эксковаторыг шилжүүлэхгүй гэсэн учир орон сууцаа буцааж авна гэсэн аман тохироогоор хариуцагч Ч.М-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Дараа нь байраа барьцаанд тавиад мөнгийг чинь төлье гэтэл би худалдаад авчихсан гээд зөвшөөрөөгүй. Уг нь орон сууцыг буцаан худалдан авах гэсэн нөхцөлийг гэрээнд тусгах байсан юм билээ. Нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр арилжиж авсан 3 өрөө орон сууцаа Ч.М-д зарах гэсэн санаа зорилго агуулаагүй, М ХХК-ийн зээлийн барьцаагаа солих зорилготой хийгдсэн учир энэхүү гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 129 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Б-г тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Ч.М- өнөөдрийн байдлаар С.Б-гийн 170,925,000 төгрөгийн зээлийг өөрөөсөө гаргаж төлчихөөд байрыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр авчихаад захиран зарцуулж чадахгүй өнөөдрийг хүртэл хохироод явж байгаа. Энэ байр худалдах, худалдан авах гэрээгээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нотариат орж байгуулсан. М ХХК-аас зээл аваад зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орсон учраас экскаватороо борлуулах гэсэн. Экскаватороо байраар солиод С.Б- гараараа хүсэлт бичээд М ХХК-д өгсөн. Хүмүүс тухайн эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр ч үнэлэх боломжтой. Зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч өөрөө экскаватороо 200,000,000 төгрөгөөр түргэн борлогдоно гэсэн. М ХХК-аас 3 сарын хугацаатай зээл авсан. Зээл нь 3 сарын хугацаа хэтэрсэн алданги тооцож эхэлсэн. Анх зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээ байгуулж байсан. Буцаан худалдан авах үүрэгтэй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа. Анх С.Б-тэй ямар тохироо хийсэн талаар 2 гэрч мэдэхгүй. Сүүлд орон сууц хүлээлгэн өгснийхөө дараа 2 гэрчээ дагуулан очсон. Гэрчийн мэдүүлэг үндэслэл муутай байна. Орон сууц хүлээлгэн өгснийх нь дараа үнэтэй байраа бага үнээр өгсөн байх гэсэн үндэслэлээр дагуулан очсон байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

С.Б- нь М ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 400 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Манай талаас шаардах хуудаснууд өгч байсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоног тутамд 10,000,000 төгрөгийг төлнө. Барьцаа хөрөнгөөр хохирлыг барагдуулна гэх мэт хүсэлтүүдийг өгч байсан. 05 дугаар сарын 04-ний өдөр зээлээ төлж чадахгүй байгаа учраас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 129 дүгээр байрны 0 тоот хаягт байрлалтай миний өмчлөлийн орон сууцыг авч миний зээлийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн. Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр барьцааг чөлөөлөөд С.Б-, Ч.М-тэй арилжааны гэрээ хийсэн байсан тул Ч.М- зээлийн төлбөрийг төлснөөр зээлийг хаасан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн хариуцагч Ч.М-д холбогдуулан гаргасан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,082,775 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 673,530 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч орон сууцны үнийг худалдагч буюу нэхэмжлэгчид төлөөгүй, харин нэхэмжлэгчийн гуравдагч этгээд М ХХК-д төлөх ёстой байсан зээлийн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Маргаан бүхий орон сууцны үнийг гуравдагч этгээдэд төлснийг худалдагч буюу нэхэмжлэгчид төлсөн гэж үзэхгүй.

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууц хариуцагчийн нэр дээр шилжсэний дараа нэхэмжлэгчийн эгч гэрч С.Б- нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчтай ажил дээр нь очиж уулзсан.

Гэрч С.Б-ийн “миний дүү алдаа хийсэн”, “Мөнхтөр хэлсэндээ хүрээгүй”, “Үл хөдлөх хөрөнгийг өөр газар барьцаанд тавих талаар тохиролцсон” гэх зэрэг мэдүүлэг, гэрч Г.А-ын “Банканд орон сууцаа тавихаар болсон. Тэр талаар ярилцахаар уулзсан” гэх мэдүүлэг өгсөн. Гэрчүүдэд хууль сануулж мэдүүлэг авч байгаа учир нэхэмжлэгчийг төлөөлөн хариуцагчтай уулзсан тухай мэдүүлж буй гэрчүүдийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах талаар хүсэл зорилготой байсан гэдгийг нотолно.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.3-т “Хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасан “нэн даруй” гэдгийг тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн хугацаанд гэж ойлгоно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон, орон сууц худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан, үл хөдлөх хөрөнгө хариуцагчийн өмчлөлд шилжсэний дараа хариуцагчтай очиж уулзсан болохыг гэрчүүд мэдүүлснээс үзвэл нэхэмжлэгч төөрөгдсөн болохоо даруй мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг түр хугацаагаар хариуцагчийн нэр дээр шилжүүлж, боломжтой болонгуутаа буцааж авах талаар хариуцагчтай амаар тохирсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд энэ хэлцлийнхээ дагуу орон сууцаа буцааж авна гэсэн итгэл үнэмшилтэй байсныг гарын үсэг зурахдаа хэлцлийн агуулгыг эргэцүүлж бодоогүй гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг орон зай, цаг хугацаа, харилцан хамаарлын хүрээнд дүгнээгүй гэж үзэж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэж үзэх байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ..

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах шатны шүүхэд гомдлын үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ярих ёстой байтал нотлох баримтад огт байхгүй хэрэгт байхгүй зүйлийг ярьж байгаа нь давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Ч.М- 170,000,000 төгрөгөө 3 жилийн хугацаанд орон сууцаа захиран зарцуулах эрхгүйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр орон сууц нь битүүмжлэгдсэн байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Ч.М-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

2.1. С.Б- нь М ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 120,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд 85-17 УН улсын дугаартай, ННКНZB11ТЕ0000477 арлын дугаартай, шар өнгөтэй Нuyndai R480LC-9S маркийн экскаваторыг барьцаалсан болох нь зээл болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

        /1хх8-11/

 

2.2. Дээр дурдсан барьцаа хөрөнгийг М ХХК нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу барьцаанаас чөлөөлж улмаар С.Б- нь, Г.Г-той 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээгээр М ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан 368,000,000 төгрөгийн үнэ бүхий 85-17УН улсын дугаартай, Нuyndai R480LC-9S маркийн экскаваторыг, 368,000,000 төгрөгийн үнэ бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206069031 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их монгол улс гудамж, 129 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар сольж арилжин, хэн аль нь өмчлөлдөө хөрөнгийг шилжүүлсэн болох нь улсын бүртгэлийн ерөнхий газрын дэлгэрэнгүй лавлагаа, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогджээ.

          /1хх13-14, 120/

 

2.3. Нэхэмжлэгч С.Б- нь зээлийн төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд М ХХК-д “зээлийн төлбөр 172,135,000 төгрөг байна, дээрх зээлээ төлж чадахгүй байгаа учир Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж 129 байрны 0 тоот хаягт байршилтай, миний өмчлөлийн орон сууцыг авч миний зээлийг хааж өгч тусална уу” гэсэн өргөдлийг гаргасан байна. /1хх49/

 

            3. Гуравдагч этгээд М ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд нэхэмжлэгч С.Б-гээс 2020 оны 03 дугаар сарын 30, 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зээлийн төлбөрийг шаардаж шаардах хуудсыг хүргүүлж байжээ./1хх 38, 44-45/

 

3.1. Гуравдагч этгээд М ХХК-аас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн төлбөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр нь 170,925,000 төгрөг байгаа талаар бичгээр тодорхойлсон байх ба, мөн “нэхэмжлэгч С.Б- нь зээлийн төлбөртөө дээрх 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасныг тус компани зөвшөөрч,  нөхөр Ч овогтой М-д шилжүүлэн өгсөн, Ч.М- нь С.Б-гийн өмнөөс 170,925,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж дуусгасан” гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж, улмаар хариуцагч С.Б- 170,925,000 төгрөгийг бэлнээр төлсөн тухай 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын ордер зэрэг баримтуудыг ирүүлсэн байх тул зээлийн төлбөрийг хариуцагч Ч.М- төлснийг, зээлдэгч буюу нэхэмжлэгч С.Б- төлсөн гэж үзэхгүй гэсэн гомдлыг хангахгүй./1хх 21, 141, 222/

 

Учир нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээр түүний зээлийн төлбөр дуусгавар болсон талаар гуравдагч этгээд тайлбараа баримтын хамт ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байх бөгөөд гуравдагч этгээд нь уг орон сууцыг хариуцагчид санал болгосноор нэхэмжлэгч нь хариуцагчтай уг орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийж, нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч төлсөн байна. Иймд хариуцагч дарамталж орон сууц худалдах худалдан авах гэрээг хийсэн, эсхүл буцаан худалдан авах зорилготой уг гэрээг хийсэн гэсэн тайлбарууд нь нотлох баримтгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 

4.1. Учир нь, нэхэмжлэгчийг “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан  үндэслэл тогтоогдохгүй байх тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч талаас, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний агуулгыг эндүүрсэн буюу хүсэл зоригоо илэрхийлэхдээ утга санааг бүрэн ойлголгүйгээр үр дагаврын талаар төөрөгдсөн гэж үзэхгүй.

 

4.2. Тухайн орон сууцыг нэхэмжлэгч нь иргэн Г.Г-оос 368,000,000 төгрөгт тооцон арилжааны гэрээгээр авсан гэх боловч, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 30,000,000 төгрөгөөр худалдан авсан гэрээг бүртгүүлж, харин хариуцагч С.Б-д 170,925,000 төгрөгөөр худалдсан тухай баримтууд хэрэгт авагджээ.

  /1хх 13-14, 118, 126/

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн орон сууцны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилсон байх бөгөөд шинжээч 306,105,000 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн байна./1хх 236-2хх 10/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Иймд уг гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж байгуулаагүй гэх нөхцөл байдал байгаа талаар нэхэмжлэгч талаас баримтаар нотлоогүй тул гэрээний үнийн талаар нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.

 

4.3. Иймд маргаан бүхий орон сууцыг түр хугацаагаар хариуцагчийн нэр дээр шилжүүлж, боломжтой болонгуутаа буцааж авах талаар хариуцагчтай амаар тохиролцсон гэх нөхцөл байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу гэрээгээр өгсөн авсан зүйлээ буцаах тухай шаардлага гэж үзэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсгийг хасч, найруулгын хувьд өөрчлөлт оруулж, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад шинжээчийн ажлын хөлс нь улсын төсөвт бус, “Вендо” ХХК-д төлөгдсөн талаар зөвтгөсөн өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/02161 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ч.М-д холбогдуулан гаргасан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч С.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 673,530 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд 673,530 төгрөгийг “Вендо” ХХК-д төлсөн болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,082,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ